2005-12-12

2005 оны "канжи"

Японд жил бүрийн төгсгөлд тухайн жилийг тодотгох ханз үсгийг тодруулдаг уламжлалтай. 2005 оны "канжи" (ханз үсэг)-гаар хайр гэсэн утга бүхий "愛 (ai)" хэмээх ханз сонгогджээ.

Үүнд, энэ онд Айчи мужид хагас жилийн турш зохиогдсон ЭКСПО үзэсгэлэнгийн нэр болох 愛・地球博 (ai-chikyu-haku), мөн эрхэмсэг гүнж Саяако нөхөрт гарсан, түүнчлэн Мияазато Ай (гольф), Фүкүхара Ай (ширээний теннис), Оотомо Ай (волейбол) зэрэг тамирчдын амжилт нөлөө үзүүлсэн бололтой. Ойрын хэдэн жил ийм халуун дулаан үг оны онцлох ханзаар бараг тодроогүй юм.

"Сүүлийн 10 жил япончуудын нүдээр" буюу жилийн онцлох ханзууд:
2005 - ai (хайр).
2004 - wazawai (гамшиг). Япон болон дэлхий дахинд байгалийн гамшиг олон тохиолдсон.
2003 - tora (бар). Японы бэйсболын төв лигийн Hanshin Tigers баг 18 жилийн өмнөх амжилтаа давтан, лигтээ түрүүлсэн (Хашаад баярлалаа :D).
2002 - kaeru (харих). Японоос Умард Солонгост хулгайлагдаад байсан 5 иргэн нь 20 гаруй жилийн дараа эх орондоо эргэж ирсэн.
2001 - tatakau (байлдах, тулалдах). Америкт террорист халдлага гарч, Афганистанд дайны гал дүрэлзсэн.
2000 - kin (алт). Олимпийн жил байсан.
1999 - sue (адаг, сүүл). Нэгэн мянган шувтарч, шинэ мянган эхэлсэн.
1998 - doku (хор). Хирошима хотын нэгэн бяцхан хоолны газрын эзэн эмэгтэй үйлчлүүлэгчдийнхээ хоолонд хор хийснээс болж хэд хэдэн хүн хорвоог орхисон дуулиант явдал гарчээ.
1997 - taoreru (унах, "дампуурах" гэдэг үгэнд ордог). Томоохон үнэт цаасны компаниудын нэг болох "Ямаичи шоокэн" компани дампуурсан нь эдийн засаг нь зогсонги байдалд орсон байсан тус улсын иргэдэд энэ үсгийг сонгоход нөлөөлжээ.
1996 - shoku, taberu (хоол, идэх). Японд О-157 вирусаар үүсгэгддэг хоолны хордлогын тохиолдол олон тоогоор илэрсэн жил байжээ.
1995 - furuu (чичрэх, "газар хөдлөлт" гэдэг үгэнд ордог). 1995 онд Кобэ, Осака хавьд хүчтэй газар хөдлөлт болж, 5000 гаруй хүн амь үрэгдсэн гэдэг.

Харин таны хувьд өнгөрч буй 2005 оныг нэг үгээр илэрхийл гэвэл ямар үгийг сонгох вэ?

Өөртөө хэлэх хэдэн үг

Цаг хугацаа бүхнийг өөрчлөх чадалтай ажээ. Өөрийгөө сүүлийн хэдэн жилд ямар их өөрчлөгдсөнөө гайхаад барахгүй юм. Дунд сургуулийн сурагч байхдаа хичээлээ огт тасалдаггүй, "тоо бодохоор толгой сэргэдэг" хүүхэд байлаа. Монголд оюутан байхдаа Япон руу л явахаар болчихвол бүх юм болно, бүтнэ гэсэн шиг хичээлээ огт хийлгүй, 3 жилийг дэмий шахуу өнгөрөөжээ. Энэ хооронд миний өнөөх хичээл номонд дуртай зан чанар алга болсон мэт...
Санаа зовоох асуудал их гарч ирээд, ирээдүйн тухай, хувийн амьдралынхаа тухай хэтэрхий их бодоод байгаа юм болов уу, эсвэл сонирхол татах өөр юм (компьютер л гэж таамаглахаас) гарч ирснээс болоод хичээлдээ анхаарлаа хандуулж чадахаа больчихсон юм болов уу? Сүүлийн хэдэн сар оюутан хүнийхээ үүргийг бараг биелүүлсэнгүй, хичээлээ хичнээн ч удаа таслав, хичээлийг чухалд тооцохоо ч больж. Өнөөдөр математикийн нэг хичээлийн рефератаа хийхээр суусан боловч "тоо бодохоор толгой сэргэх" биш, харин ч нойр хүрдэг болсноо ажаад өөртөө ямар их уур хүрэв ээ.
Энэ янзаараа байвал сурлага маань муудах шинжтэй дэг ээ. Хэцүү гэдгийг нь мэдэж байгаа ч, бага дээр нь өөрийгөө засч авах хэрэгтэй...
4-хөн өдөр хичээлдээ яваад амралт эхлэх гэж байна, тэр болтол 3 реферат, даалгавар өгөх ёстой болохоор хүчилж байгаад хийхээс өөр арга алга. Харин...

2006 оны хичээл эхлэх хүртэл өөрийгөө хичээлд дуртай болгож өөрчлөх хэрэгтэй шүү. Тэгээд номын санд сайн сууж байхаар шийдлээ.

2005-12-07

Хайрын арал - Эношима

Асуулт самбарын "Юмыг үзүүлж, нүдийг тайлуулъя" гэсэн өвөрмөц нэртэй тэмцээнд оролцохоор бичсэн 2 эссе-гээ тавив. Таалалд тань нийцэх болтугай.

ХАЙРЫН АРАЛ ЭНОШИМА


Нарита нисэх онгоцны буудалд буунгуутаа ачаагаа буудалдаа орхиод хаа нэгэн үзэсгэлэнтэй газар луу аялмаар байна уу? Тэгвэл танд “Хайрын арал” Эношимаг санал болгож байна. Тоокёо өртөөнөөс 1160 йен төлөөд галт тэргээр цаг орчим явахад л мөрөөдлийн аралд хүрнэ. Мэдээж арал руу шууд галт тэрэг яваад оччихгүй, арлын ойролцоох Эношима хэмээх өртөөнд буугаад тэндээсээ алхана. Бяцхан арал маань Хоншү аралтай Эношима Бэнтэн хэмээх гүүрээр холбогдсон байдаг. Хамгийн эхлээд таны нүдэнд он цагийн уртад элэгдэж хуучирсан нэгэн зэс хаалга харагдах вий. Тэр хаалгаар ороод баруун талын нарийхан замаар орж явбал Сагами булангийн ус цэнхэрлэн харагдах нэгэн өндөрлөг бий. Энд амьдардаг байсан таван толгойтой луу арал дээр бууж ирсэн тэнгэрийн дагинад дурлан эцэстээ бие биедээ сэтгэлтэй болон аз жаргалтай амьдран суусан “Тэнгэрийн дагина, таван толгойт луу хоёр” хэмээх домгийн үйл явдал энд өрнөдөг. Энэхүү толгой дээр нэгэн хонх байх бөгөөд уг хонхыг хамтдаа дуугаргасан хос хэзээ ч салахгүйгээр холбогддог домогтой. Тийм ч болохоор Эношимаг хайрын арал хэмээн нэрийддэг (ганцхан би ч ингэж нэрлэдэг байж болох юм, гэхдээ энэ аралд очсон хэн бүхэн хайртай хүнээ боддог нь гарцаагүй билээ).
Хосуудын хонхноос цаашаа арваад минут алхахад “Хадан эрэг” хэмээх газар хүрнэ. Энэ нь 1923 онд Тоокёо хавьд болсон том газар хөдлөлтөөр далайгаас ил гарч ирсэн асга хадаар дүүрэн эрэг бөгөөд загасчлах хоббитой хүмүүсээр дүүрэн өнждөг. Түүнчлэн хадны завсрын уснаас бяцхан сам хорхой, дунгуудыг ч харах боломжтой тул бяцхан жаалуудын ирэх дуртай газар бөлгөө.

Хадан эргийн ойролцоо “Эношима Иваяа” хэмээх агуй байрлана. Уг агуй нь өмнө нь хад нурах аюултайн улмаас хүн орохыг хориглодог байсан хэдий ч 1993 онд засвар хийснээр хүн нэвтрэх боломжтой болжээ. Харамсалтай нь агуйд ороход том хүн 500, хүүхэд 200 йен төлдөг.

Эдгээрийг сонирхсоны дараа буцаж ирсэн замаараа хэсэг явахад нэг зам салж гарч ирнэ. Энэ нь Эношима гэрэлт цамхагт хүргэдэг зам юм. Дөнгөж 2003 онд Эношима Төмөр Замын Компанийн 100 жилийн ойд зориулан босгосон, далайн түвшнээс дээш 119.6 метр өндөр уг цамхгаас эргэн тойрны байдал тун үзэсгэлэнтэй харагдана. Цэлмэг өдөр бол Фүжи уулнаас эхлээд Изү хойг, Оошима арал гэх мэт 200 км алсад орших газрууд хүртэл харагддаг юм. Сагами буланд наран шингэх үес, далайд уусах наран авхайн үзэсгэлэн гоог үгээр хэлж баршгүй. Цамхгийн орой дээр гарах нь том хүн 300, хүүхэд 150 йений төлбөртэй. Гэхдээ уг цамхаг нь “Эношима Самуэл Коккинг цэцэрлэгт хүрээлэн дотор байрладаг бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд ороход том хүн 200, хүүхэд 100 йен төлдөг. Хуучин Эношимагийн ургамлын цэцэрлэгт хүрээлэнг 2003 онд бүрэн шинэчлэн Мэйжи эриний худалдаачин Самуэл Коккингийн алдраар нэрийдсэн уг цэцэрлэгт хүрээлэнд бяцхан Майами гэсэн хэсгээс эхлээд төрөл бүрийн ургамалыг сонирхох боломжтой.

Буцаж шатаар уруудан арлыг нэг бүтэн тойроод ирэхэд “Улаан хаалга” үдэж гаргана. Ер нь арал дээр байгаа 2 хаалга нь Эношима сүмийн хаалганууд гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ. Энд зочилсон хосууд Эношима сүмийн бурханд хувь заяа, ирээдүйгээ даатган, аз жаргалыг зөгнөн бурхнаас хүсэх хүсэлтээ модон хавтан дээр бичиж үлдээдэг уламжлалтай.

Арлын гол гол зүйлсийг үзчихлээ, одоо далайн эргээр жаахан алхвал арлын үзүүрт эртний Японы загасчдын тосгон тэр чигээрээ хадгалагдан үлдсэн байхтай тааралдаж, тэнд амрангаа хөнгөн зууш хүртэх боломжтой. Цүнамигаас хамгаалах нарийхан далан дээгүүр алхах нь ч бас торгон мэдрэмжийг тань хөглөх вий. Мөн энэ хавьд байх дарвуулт завинаас хөлөглөн далайн усанд хэсэгхэн хугацаах өнгөрүүлэх боломж ч бий.

Буцах замдаа далайн эргийн элсэн дээр давалгаа харж амсхийнгээ хайртай хүнтэйгээ эргийн элсээр зүрхэн хэлбэртэй “усан онгоц” урлах ч боломжтой шүү дээ.
Хамгийн гол нь энэ хавьд элээ, тагтаа, цахлай, болжмор элбэгтэй тул ил задгай хоол унд идэхдээ шүүрүүлэхээс сэргийлээрэй.

Ийнхүү байгалийн үзэсгэлэн, Японы түүх соёлын дурсгал хосолсон нэгэн газраар таныг газарчиллаа. Хайртай хүнтэйгээ заавал нэг удаа зочлон “Хосуудын хонх”-ыг дуугарган, ирээдүйн аз жаргалаа тэгшитгээрэй гэж эцэст нь хүсье.

Их хотын чимээ шуугианаас хэсэгхэн зуур ч болтугай холдон, иймэрхүү газраар аялах нь юугаар ч сольшгүй аз жаргал болохыг бид бүгд хэлүүлэлтгүй мэдэх билээ. Нэг өдрийг ийнхүү хайрын арлаар алхаж өнгөрүүлсний орой, хайртаа зүүдэлж хоноход маргааш нь сэтгэл тэнэгэр “шоудах” боломжтой шүү дээ.


Эношима төмөр замын Эношима өртөө


Эношима арлын байдал, Эношима Бэнтэн гүүрэн дээрээс


Эношима арлын газрын зураг


Зэс хаалга


Эношима гэрэлт цамхгаас. Далайд тусах нарны тусгал хүртэл хайр сэтгэлийг санагдуулам...


Эношима Майами Бич


Эношима ургамлын цэцэрлэгт хүрээлэнд


Самуэл Кокклингийн цэцэрлэгт хүрээлэн


Эношима Хадан эргийн загасчид


Эношима Иваяагийн хаалга


Эношима сүм дэх хайрт хосуудын хүслээ бичсэн модон хавтангууд


Улаан хаалга. "Баяртай, дахин ирээрэй"


Далайн эрэг дэх зүрхэн хэлбэрт "онгоц"


2005.11.25

Япон орон

ЯПОН ОРОН


Япон улсыг анх зорьж буй монголчууд маань тэнгэр баганадсан барилга, гудамж дүүрэн хүн, техник технологиор нь төсөөлөх нь бий. Гэтэл Япон нь ЮНЕСКО-гийн “Дэлхийн өв”-д бүртэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар 3 (Якүшима, Шираками Санчи, Ширэтоко) байдгаараа аль хэдийн онгон байгалиараа бахархах дуртай бидний эх орныг даван гарчээ. Манай нутагт “Дэлхийн өв” дөнгөж хоёрхон байдаг (Увс нуурын ай сав, Орхоны хөндий) билээ. Мэдээж эртний түүхт энэ улсад Хирошимагийн цөмийн дэлбэрэлтийн дурсгалын хүрээлэн, Алтан сүм зэрэг “Соёлын өв” олон бий.

Япон орныг хэрэн сүлжсэн төмөр замаар нь аялахад Монгол шиг цэлийсэн тал харагдахгүй, зай завсаргүй үргэлжлэх барилга байшин, тариан талбай, эсвэл зах хязгааргүй далай нүдний өмнүүр өнгөрнө. Нийслэл Тоокёо, усан боомт Ёкохама, бизнесийн төв болох Оосака, эртний нийслэл Кёото, энэ жил ЭКСПО зохиогдсон Нагоя болон Хирошима, Фүкүока зэрэг 12 хотод тус бүр саяас дээш хүн оршин сууна. Монголын газар нутгийн дөнгөж дөрөвний нэгтэй тэнцэх жижигхэн, тэгсэн мөртлөө ихэнх хувийг нь өтгөн шигүү ой бүхий өндөр уулс эзлэх арлууд дээр 120 гаруй сая хүн чихцэлдэн амьдардаг болохоор арга ч үгүй биз ээ.

Газрын зураг тольдвол хойноос урагшаа сунан тогтсон Хоккайдо, Хоншү, Шикокү, Кюүшү хэмээх 4 том арал болон Окинава зэрэг олон тооны жижиг арлаас бүрдсэн нь харагдана. Хоккайдо арал нь мал аж ахуй, газар тариалан хосолсон, уур амьсгалаараа ч манай Монголтой ойролцоо. Үүнийг бичигч миний бие Хоккайдогийн Китами хэмээх хотод очиж үзэх завшаан тохиолдож байсан билээ. Айнү хэмээх үндэстэн эртнээс нааш оршин суудаг байсны тэмдэг болох айнү хэлээр нэрлэгдсэн газрууд Хоккайдод олон бий. Харин уг үндэстэн нь япончуудад сүрхий уусч, хэл соёл нь мартагдахад хүрээд байгаа бололтой. Хоккайдо арлын засаг захиргааны төв нь Саппоро хот. Энд 1972 онд өвлийн олимп зохиогдож байсан түүхтэй. Арлын хамгийн өмнөд хэсэгт байх Хакодатэ хотын шөнийн гэрэл нь Азидаа хамгийн үзэсгэлэнтэй гэлцэх нь бий. Хоккайдо, Хоншү арлыг далайн түвшнээс доош ойролцоогоор 150 метрийн доор байрлах 53.85 км урт Сэйкан туннелиэр холбогддог. Энэ туннель нь инженер барилгын нэгэн гайхамшигт бүтээл хэмээн нэрлэгдэх эрхтэй билээ.

Хоншү аралд нь ихэнх том хотууд нь байрлана. Арлын төв хэсгээр сунан тогтсон өндөр уулсын нөлөөгөөр Сибирийн хүйтэн агаар Номхон далайн эрэг хавь руу нэвтрэх нь ховор. Тийм болохоор ижил өргөрөгт оршдог хэрнээ Япон тэнгисийн эрэг хавийн газрууд нь өвөлдөө хүйтэн, цас их унадаг бол, Номхон далайн эрэг хавийн газрууд нь арай дулаан, цас багатай байх жишээтэй. Ерөнхийдөө Нагоя хавиар баруун Япон, зүүн Япон хэмээн хуваагддаг бөгөөд хүмүүсийнх нь хэл яриа нь өөрчлөгдөөд ирэхийг Тоокёо, Оосака хоёрын хооронд галт тэргээр зорчихдоо ажиглаж болно. Хараад байхал япончууд монголчуудаас илүү нутгархаг үзэлтэй юм шиг ээ, хүнтэй танилцахад заавал нутгийг нь асууна. Тэгээд тэр жижигхэн газар нь 47 мужид хуваагддаг гээд бодохоор ёстой л “жалга довны үзэлтнүүд” байгаа биз. Гэхдээ тэдний биднээс ялгаатай нь япон хүн гэсэн сэтгэлээр, нутаг нуга харгалзахгүй хамтран ажиллаж, сэтгэлээсээ зүтгэж, амжилтанд хүрэх чадвартай байдагт оршино. Энэ ч чанар нь тэднийг дэлхийн 2-р дайны үнс нурмаас өндийж, хүчирхэг гүрэн болоход нь нөлөөлсөн биз ээ.

Уулархаг энэ орны бэлгэ тэмдэг гэж хэлж болохуйц нэгэн уул бол хэн бүхний мэдэх Фүжи уул юм. Далайн түвшнээс дээш 3374 метр өндөр уг уул бараг 200 км холоос ч алсад сүндэрлэн харагддаг, мөн хаанаас нь ч харсан адилхан хэлбэртэй тэгш хэмтэй гээд л олон зүйлээрээ алдартай.

Осакагаас урагшаа аялж үзээгүй болохоор Кюүшү, Шикокү болон Окинавагийн талаар бичих боломжгүй нь. Харин Окинавад очиж үзсэн хүмүүс Японы бусад хэсгээсээ огт өөр хэмээн хэлэлцдэг юм билээ.

Улс орны өнгө төрх нийслэлээсээ харагддаг гэлцдэг. Тэгвэл 20 сая хүн амтай, нийслэл Тоокёо нь үнэхээр л их хөлийн газар билээ. Тоокёо орчмын төмөр замын сүлжээгээр East Japan Railways хэмээх ганцхан компанийг нь л авч үзэхэд өдөртөө 20 сая гаруй хүн үйлчлүүлж, Шинжүкү өртөөг 2 сая зорчигч ашигладаг гэсэн баримт бий. Тоокёо өртөөний орчим нь төрийн байгууллага болон томоохон компаниудын барилгаар дүүрэн. Харин залуусын хувьд, Шинжүкү, Шибүя дүүргүүд нь ёстой л “диваажин” гэж хэлэхэд болно. Тэнд хоногийн 24 цаг амьдрал буцалж байдаг. Залуусын шөнийн “шоудалт”-ын үр дүнд үүрээр хог новшинд дарагдаж үлдэх дүүрэг нь 5 цагт галт тэрэг хөдөлж, хүмүүс ажил сургуульдаа яарах цагт аль хэдийн цэвэр цэмцгэр байдалдаа буцаж орсон байдаг. Акихабара хэмээх газар электрон барааны дэлгүүрүүдийг цуглуулснаараа алдартай. Японд очсон гадныхан тэндээс заавал нэг электрон бараа худалдан авч харьдаг гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн диско баруудаар дүүрэн Роппонги дүүрэгт орой үдшийн цагаар есөн хэлийн амьтан холхин, япон охидыг хөтөлсөн хар, цагаан арьстнууд хөлхөлдөнө. Харин өдрийн цагаар аль ч дүүрэгт нь костюм пиджак өмсөж, зангиа зүүн цэмцийсэн албан хаагчид юунд ч юм яаран, мөргөж унагачих шахам зөрөн өнгөрнө. 333 метр өндөр Tokyo Tower-аас цэлмэг өдөр бол Тоокёо хот тэр чигээрээ, мөн далай, тэр ч байтугай алдарт Фүжи уул хүртэл харагддаг.

Дөнгөж ирчихээд Шибүя орж үзэхэд тэр олон хүний дундуур алхахад тун төвөгтэй санагдаж, ёстой л “Харийн нутаг давчдаад байна, харсан зүгтээ гүймээр байна” хэмээх дууны бадаг санаанд орж билээ. Одоо ч дасаад, япончуудын л нэгэн адил ямар нэг юманд яаран, тэдний дундуур сурамгай сүлжин алхлах болсон доо. Гэхдээ захын дүүргүүд нь харьцангуй нам гүм. Дээрх өгүүлбэрт гарч буй “яаран алхалж буй би” бол хаа нэг хотын төв орох үеийн л миний төрх юм. Ердийн үедээ хотын төвөөс галт тэргээр цаг орчим явж хүрдэг захын дүүрэгтээ дугуйгаар сургууль, гэр хоёрын хооронд яван өдөр хоногийг өнгөрөөдөг юм.
Япон орон, түүнд оршин сууж буй жирийн нэгэн оюутны нүдээр харахад ийм бөлгөө.

2005.11.25

2005-12-06

Замбараагүй бодрол...

Удаан уулзсангүй шүү.
1. Шарласан навчис, тэсгим хүйтэн жавар, хэмнэл алдагдсан амьдрал, цагийг нь тулгасан даалгавар, завгүй "амралтын" өдрүүд, хорхог, ганцаардал, саарал өдрүүд... "Сураггүй алга болсон" нэг сарын өнгө ийм байлаа. Авууштай нэг зүйл нь их сургуульд суралцах үлдсэн 2 жилдээ юуг шамдан суралцах, юугаар мэргэшихээ шийдсэн явдал байлаа.

2. Сүүлийн хэдэн өдөр Мобикомын хөрөнгө оруулагч гэдгээр нь монголчууд мэдэх KDDI корпорацийн захирал Инамори Казүогийн "Амжилтанд дурлахуй (成功への情熱)" хэмээх номыг оройд уншиж байна. Номоо зээлүүлсэн Тулгад сэнпайдаа талархлаа илэрхийлье. Иймэрхүү төрлийн номнууд уншихаар нэг л шинэ эрч хүч авах шиг болж, амьдралаас урьд нь олж хараагүй байсан зүйлс харагдаж, ер нь л өөртэйгээ их ярилцдаг болох юм.

3. Ганцаараа байдаг хүн чинь өөрийгөө аль болох завгүй байлгах гэж оролдоод янз бүрийн олон нийтийн ажил, оюутны холбоо гэж гүйсээр байтал би гэж хэн бэ гэдгээ мэдэхээ больжээ. Ядрах ч шиг... Гэхдээ олон нийтийн ажил хийснээр олж авч байгаа дадлага туршлага маань лекцнээс сурсан зүйлсээс их ч байж магад. Тийм болохоор "хүний төлөө" олон нийтийн ажил нь над шиг залуу хүмүүст "миний төлөө" ажил болж таарч байна.

4. Хичээл дээр "Weblog ang SNS (Social Network Service)" гэсэн илтгэл саяхан тавьсан. Вэблог буюу товчоор блог бий болсноор шинэ төрлийн бизнес цэцэглэх болжээ. Улмаар SNS бий болсон нь энэ төрлийн бизнесийн боломжийг бүр ч нэмэгдүүлж байна. Монголчууд ихээр байдаг SNS-д Hi5 орно. SNS нь гишүүдээ ижил төстэй байдлаар нь ангилан (хобби, сонирхол, хэл яриа, гарал үүсэл, амьдардаг газар, нас хүйс гэх мэт байж болох бараг л бүх төрлөөр) групп, бүлгүүдэд хуваах боломжтой байдаг нь бизнесийнхээ "бай" болох хүмүүсийг олоход улам төвөггүй болгож байна.

5. LOHAS. Энэ үгийг хэзээ нэгэн цагт дуулж байсан уу? Үгүй бол интернэтэд хайгаад үзээрэй. Байгаль орчинд ээлтэй, "стиль"-тэй, эрүүл мэндэд сайн, өвөрмөц бараа бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хүмүүс буюу LOHAS-уудын тоо хөгжилтэй орнуудад улам бүр өссөөр л байна. Гялгар уутнаас татгалзаж, дэлгүүр явахдаа даавуун тор барьдаг нь LOHAS-чууд, спортоор хичээллэн, эрүүл мэнддээ анхаардаг нь LOHAS-чууд... Илүү ихийг мэдэхийг хүсвэл өөрөө хайгаарай.

6. Сониноос ажил олгогчид шинэ ажилтнаа
a. Бусадтай харьцах чадвар
b. Өөртэйгээ тэмцэх чадвар
c. Асуудлыг шийдвэрлэх чадвар
гэсэн шалгуурыг эн тэргүүнд харгалзаж сонгодог болох нь батлагджээ.

7. Сүүлийн нэг жилд Японд "хит" болсон бараа бүтээгдэхүүний нэрсийг саяхан зарлав. Apple корпорацийн i-Pod, "Cool biz" хэмээх түлхүүр үг, интернэтээр үнэт цаасны гүйлгээ хийх данс, Айчид зохиогдсон ЭКСПО үзэсгэлэн, HDD Recorder, шингэн кристал, хавтгай дэлгэц бүхий телевизор гээд л энэ жагсаалт үргэлжилнэ.

За, за, ёстой жинхэнэ замбараагүй бодлууд хөвөрч байна. Үүгээр өндөрлөе.