2009-02-27

Хямралын хачирхалтай нөлөө

1. Эмэгтэйчүүд урт юбка өмсөж эхэлнэ.
Эдийн засаг хямрахад хүмүүс консервативаар сэтгэж, аливаа юманд хаширлаж ханддаг болдог. Үүний илрэл нь эмэгтэйчүүдийн юбка. Мини юбка нүдний гэм болно.

2. Шилдэг боловсон хүчнүүд төрийн албанд орно.
Хувийн хэвшлийнхэн хэзээ ч цомхотголд өртөж болно. Харин төрийн албаны орон тоо харьцангуй тогтвортой байдаг тул боловсрол мэдлэгтэй залуус төрийн албыг сонирхож эхэлдэг.

3. Хүмүүс тэтгэвэртээ суухыг үл хүснэ.
Тэтгэвэрийн мөнгө нь амьдралд хүрэлцэхгүй гэж бодох тул тэтгэвэрийн насанд хүрсэн ч ажлаасаа гарахыг хүсэхгүй хүн олширно. Үүний үр дүнд ажлын байрны хомсдол улам нэмэгдэж, эдийн засаг чөтгөрийн тойрогт ордог.

4. Авлига ихэсдэг.
Пүүс компаниудын хүлээж авах ажлын захиалга багасдаг учраас улсын төсвийн мөнгөөр хийх ажлуудыг ямар ч үнээр хамаагүй авч хийхийг хүснэ.

5. Цэргийн алба хаах хүсэлтэй залуус олширно.
Эдийн засаг хямарч байх хооронд цэргийн алба хаагаад авбал ганц хоёр жил хоол ундандаа санаа зовохгүй амар хялбар амьдарч болох нь ойлгомжтой.

6. Хүлэмжийн хийн ялгарал багасч, цэлмэг өдрийн тоо нэмэгдэнэ.
Бараа бүтээгдэхүүнүүдийн борлуулалт муудсанаас үйлдвэрүүд хэсэг хугацаанд үйлдвэрлэлээ зогсоож буй.

7. Шашин шүтэгсдийн тоо нэмэгдэнэ.
Тогтворгүй байдал зэрэг нь далдын хүчинд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.

8. Хувийн сургуульд элсэгчдийн тоо буурна.
Болсон болоогүй хувийн сургуульд элсч байснаас ажил хийж орлого олон, гэр орондоо нэмэр болохыг эрмэлзэнэ.

9. Гадаадад суралцах, аялах хүний тоо буурна.
1-рт дурьдсанчлан хүмүүс консерватив хандлагатай болдог. Иймээс даяаршлыг үл таашаагчид олшрох бөгөөд энэ нь гадаадад суралцагч, жуулчдын тоог бууруулдаг.

2009-02-17

Японы сангийн сайдын "мансуурсан" хэвлэлийн бага хурал


Японы сангийн сайд Накагава Ромд болсон G7-гийн сангийн сайд нарын уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр хөгөө тарив.
Эх орондоо эргэж ирмэгц сөрөг хүчин түүнийг огцруулах шаардлага тавих нь тодорхой болмогц өөрөө огцрох бодолтой байгаагаа зарласан.
Уг нь бол мориноосоо унадаг монгол даргатай адилхан, ер нь бол идээний дээдийг шаггүй хүртчихдэг хүн гэгддэг боловч Ромд чухал ажилтай очсон болохоороо ханиадаа хүндрүүлэхгүйн тулд ханиадны эмийг давхарлаж уусан юм билээ. Үдийн зоогийн үеэр франц хоол идсэн тул вино байсан, гэхдээ хундага тулгаад, уруулаа л хүргэсэн гэх. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ханиадны эм бага зэрэг алкохолтой холилдоход л хүнийг ийм нойрмог, мансуурсан байдалтай болгох чадалтай юм байна.
Хэдий тийм байсан ч Японы нэр хүндийг нэлээд унагаж орхисон сайд эрүүл мэндээ хянаж чадаагүй, улс эх орондоо төвөг учрууллаа гэдэг шалтгаанаар огцрох болж байна.

Монголд харин дарга мориноос унаснаа "Бүх монголчууд мориноосоо унадаг учраас дарга ч унах эрхтэй" гэж цайруулсан бол Японд дарга "ханиад ч хүрч болдоггүй" гэдэг нь энэ буюу.

2009-02-03

Мориноосоо унадаг монгол дарга

Ерөнхий сайд С.Баяр мориноосоо унаж, нуруугаа бэртээн хэвтрийн дэглэмд орсон тухай мэдээ өнөөдөр нүдэнд өртөв.
Өмнө нь ЮүТүбээр ерөнхийлөгч Н.Энхбаярын мориноос унаж буйг харуулсан бичлэг үзэж байсан юм байна. Тэгэхээр чинь манай дарга нар морь унах, мориноос унах хоббитой юм уу даа гэж бодогдмоор...
Гэтэл үүнийг чинь гадаадын дарга нар ойлгохгүй л дээ. Яагаад гэвэл тэд нар мориноос унах нь битгий хэл машинаасаа унаж үзээгүй улс. Ижил мөрнөөр нутагтай, монгол цустай, Үлэмжийн удмын хүү Кирсан Монголд айлчилж байгаа тулдаа байдлыг ойлгож байгаа байх. Халимагаас өөр орны удирдагч манайд айлчилж ирсэн байхад манай ерөнхий сайд мориноосоо унасан гэсэн шалтгаанаар уулзалтаа "тасалбал", тайлбарлаж ойлгуулах гэж хөөрхөн зүдрэх л байсан байх.

Тэр морь нь ч гэж морь. Том даргын унаа байж, номхон зогсч байгаад унуулчихгүй. Аягүй л бол манай даргыг дөчин мянгатад төрж өссөн, морь малаас хол, хотын сэхээтэн айлын хүүхэд гэдгийг туслахууд нь урьдчилж тэр моринд хэлээгүй дээ.

Дарга минь бас даанч яав даа, Хандгайтад цанаар гулгаж яваад шууд өмссөн хувцастайгаа очоод морь (мориноос) уначих гэж... Ажлын албаныхан нь юу хийж байдаг улс вэ! Ерөнхий сайд чинь ганцхан өдөрт мааш олооон ажил амжуулж байдаг, тэр болгонд нь тохирсон хувцсыг нь бэлдэж өгөх үүрэгтэй баймаар, ядаж л манай ерөнхий сайд чинь "өрх толгойлсон ганц бие эр хүн" шүү дээ.

Эмээл нь ч гэж эмээл... Том дарга юм чинь том гуталтай байна гэж мэддэггүй юм байх даа, дөрөөнд нь хөөрхий гутал нь багтаагүй гэж байна шүү дээ.

За за дэмийрэх ч яахав, хүн шоолж байж өөрөө дэншанаасаа* унах вий...

* Дэнша - цахилгаан тэрэг гэсэн утга бүхий жийбэн үг.

Хэнд мэдээлэл байна, түүнд эрх мэдэл бий

Сонингоор ялаа, улс төрч хоёрыг алж болдог.

Тэртээ 19-р зуунд Натан Ротшильд өөрийн бий болгосон мэдээллийн сүлжээгээ ашиглан, Ватерлоогийн тулалдаанд Наполеоны арми ялагдсан болохыг бусдаас түрүүлж мэдмэгцээ өөрийн эзэмшиж байсан хувьцаагаа Лондонгийн хөрөнгийн биржээр зарж эхэлсэн гэдэг. Түүнийг өөрийн гэсэн сүлжээтэй гэдгийг мэдэх хүмүүс Наполеон ялснаас зайлахгүй хэмээн сэтгэж, дагалдан баясч хамаг хувьцаагаа зарж, үнэ нь навс унамагц хөрөнгийн бирж хаахаас өмнөхөн Натан буцаагаад бүгдийг нь худалдаад авчихсан. Ингээд тэр өөрийн хөрөнгөө ганцхан өдрийн дотор 2500 дахин өсгөж чадсан, үүнээс хойш зуу гаруй жилийн турш Ротшильдийн удмынхан Европын банк санхүүгийн салбарт ноёрхсон нь түүхэн үнэн билээ.

Өнгөрсөн зуунд компанийн баялаг нь хүн, мөнгө, эд зүйлс гэж хэлдэг байсан бол одоо дээрээс нь мэдээллийг оруулж хэлэх нь элбэг болсон байна.

Социалист нийгмийн үед ард түмний мэдээлэл олох эрх чөлөөг хаан боогдуулснаараа эрх баригчид эрх мэдлээ хадгалж үлддэг байсан.

Энэ бүхэн мэдээллийн хүч чадлыг илтгэж буй хэрэг. Ямар сайндаа л сонин хэвлэлийг "Дөрөв дэх засаглал" гэж нэрлэж байхав. Хамаг мэдээлэл тэнд цуглардаг учраас тэд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалтай эн зэрэгцэн улс орны амьдралд нөлөөлж чаддаг байлаа.

Харин интернэт хөгжсөнөөр мэдээллийг хэн хүссэн нь хялбархан олж авах боломжтой болоод буй хэдий ч үүнтэй холбоотой янз бүрийн асуудлууд ургаж гарсаар байна.

Нэгэн жишээ, Телевиз сонин хэвлэлүүд амархан худалдагдаж буй нь ард түмэнд муугаар нөлөөлж байна. Үнэхээр хийж бүтээе гэсэн сэтгэлтэй сайхан залуусыг мөнгөтэй луухгарууд архинд дуртай нэг сэтгүүлчийн дотрыг халаагаад л захиалгат нийтлэл бичүүлэн, "чигчий хуруугаараа няслан" унагана. Саяхны хэдэн өдрийн "Сүү" компанийн эсрэг чиглэсэн хурц үзүүртэй зүү ч үүний тод жишээ.

Нэгэн жишээ, Монголын сайтууд гишүүдийн бүртгэлээ компаниудад зараад байх шиг ээ. Уг нь хальт харахад хувийн нууцлалыг хамгаална энэ тэр гэсэн заалтууд байх шиг байгаан. Гэхдээ л "Хэн биднийг хэлэхэв" гэсэн шиг янз бүрийн компаниудад мэйл хаяг гэх мэт мэдээллийг нь зардаг, худалдаж авсан компаниуд нь "Мэйл маркетинг" гэдэг хээнцэр нэрээр халхавчлан ямар ч ёс суртахуунгүй зүйл хийж байна.
Угтаа мэйл маркетинг нь тухайн мэйлийг хүлээн авагч өөрөө нөхцлийг хүлээн зөвшөөрч, мэйл хаягаа өгсөн тохиолдолд л мэдээлэл илгээх байдлаар хэрэгждэг. Гэтэл миний мэйл хаягаар л гэхэд нэр бүхий хэдэн компаниас байнга л сурталчилгаа бүхий мэйл ирэх болов. Ядаж Гүүгл ах шиг миний юунд дуртайг мэдсэнийхээ дараа сурталчилгаа ирүүлэх хэрэгтэй ш д. Миний огт сонирхдоггүй сэдвээр, эсвэл намайг эмэгтэй гэж андуурсан гэмээр, эсвэл мөнгөө үрж ядсан баян хүн байгаа юм шиг мэйлнүүд л ирэх юм.

За за үг олдож, үхэр холдлоо. Хэт нуршаад байгаа тул энд хүрээд түр завсарлая.