2006-01-07

Өөртөө итгэлгүй болсон үед унших ном

Кацүтоши Касамаки гэдэг хүний бүтээл, ийм нэртэй ном өнөөдөр худалдаж авлаа. Өөртөө итгэлгүй байгаадаа биш, ер нь сургамжтай санагдсан болохоор нь авчихлаа. Түүнээс гадна "50 things to learn at the office for yourself", "The practical management school" хэмээх хоёр ном худалдаж авсан.
"Яагаад өөрийгөө хөгжүүлэхгүй байна вэ?" хэмээх эхний бүлгээс нь сонирхуулъя.

1. Өөрийгөө хэт дөвийлгөөд байна уу?
Урлагийн ертөнцөд хэн нэгнийг сүйтгэхийн тулд түүнд "цаасан малгай" өмсгө хэмээдэг. Хичнээн авъяастай, мундаг хүн байсан ч хичээл зүтгэл гаргахгүй бол ахиж дэвшихгүйгээр барахгүй тэр өндөр түвшнээ удаан хадгалж чадахгүй билээ. Нэгэн алдартай төгөлдөр хуурч "Нэг өдөр бэлтгэл хийхгүй бол өөрөө анзаардаг, 3 өдөр алгасвал багш маань анзаардаг, харин 7 хоног бэлтгэлээ таслахад л үзэгчид анзаардаг" учраас өдөр болгон бэлтгэл хийдгээ дурьджээ...
...Хүний чадварыг эргэн тойрны хүмүүс л үнэлэх эрхтэй. Хичнээн өөрийгөө мундаг гэж бодож байсан ч мундаг биш л байдаг. Дэргэдэх хүмүүс нь "Тэр ямар мундаг гээч" гэж хэлж байгаа цагт л тэр жинхэнэ мундаг хүн.
"Би энэ компанийг авч яваа", "би байхгүй бол манай компани яах бол?" хэмээн боддог хүн байж болох юм. Гэтэл нэг ажилтан нь гарснаас болж бүхэл бүтэн компани сүйрнэ гэж барагтай л бол үгүй билээ...
2. Өөрийгөө хөгжүүлэхийн хэрэгцээ шаардлагыг мэдрэхгүй байна уу?
Хүмүүс бид ном уншихаа болих гурван шалтгаан бий гэлцдэг.
Эхнийх нь сургуулиа төгсөхөд, дараах нь гэр бүл зохиоход, эцэст нь дарга болоход.
Үнэндээ эдгээр нь улам их унших, өөрийгөө хөгжүүлэх шалтгаан болох ёстой билээ. Өөрийгөө цаг тутам хөгжүүлэхгүй бол нэг л өдөр өөрийгөө ямар их хоцрогдсоноо мэдрэх болно. Гэхдээ тэр өдөр таны хувьд тун азтай өдөр байх нь зайлшгүй. Учир нь тэр өдрөөс хойш та өөрийгөө хөгжүүлэхээр шийдэх байх гэж найдаж байна. Ер нь хэзээ ч эхэлсэн оройтохгүй хэдий ч тэр цагт та ямар их цагийг үр дүнгүй өнгөрүүлснээ бодоод харамсаад ч барахгүй билээ.
3. Одоогийн байгаа байдал чинь ямар ч асуудалгүй юу?
Хүмүүс өөрийн одоогийн байдлаа тогтмол хугацаанд нягталж байх хэрэгтэй. Амьдрал гэдэг зах хязгааргүй ойтой л адил. Би зөв зүг рүү явж байна гэж бодож байтал огт өөр зүг рүү явчихсан байх нь ердийн үзэгдэл. Энэ нь өөрийгөө хөгжүүлэхээс гадна эрүүл мэндийн хувьд ч хамаатай. Би эрүүл байна гэж бодоод явж байтал нэг л өдөр өвчин хууч илрэх боломжтой шүү дээ. "Эрүүл биед саруул ухаан" гэдэг болохоор эрүүл мэндээ ч гэсэн тогтмол хугацаанд шалгаж байгаарай.
4. Ажил, сургуулиасаа болоод завгүй байна уу?
"Өөрийгөө хөгжүүлэх ямар ч завгүй, толгой өөд татах завгүй их ажил байна", "гэртээ унтах л гэж харьдаг" гэх мэт яриа нэлээд сонсогддог ч үнэхээр тийм юм болов уу?
Үнэндээ байдал эсрэгээрээ. "Ажлыг завгүй хүнд даатга", "завгүй байх тусмаа хүн их ажил амжуулдаг" гэлцдэг шүү дээ. Хэрэв дарга чинь нэг ажил хий гэж тушаавал өөдөөс нь "би завгүй ээ" гээд зогсч байвал "Чи амралтын өдөр ч гэсэн ажиллаж байгаа юу?, унтах ч завгүй байгаа юу?" хэмээн уурлах биз. Гэтэл өөрийнхөө төлөө хичээллэж, ном уншихад цаг гаргахгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ажил, ажил гэж гүйсээр байтал амьдралдаа амжилт гаргахгүй. "Ажил, хичээл, өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэнд, гэр орон" гэсэн зүйлсийн харьцааг тун сайн зохицуулах хэрэгтэй.

No comments: