2006-03-11

"У" юу, "Ү" юү, аль нь вэ хө?

Үнэг гэхэд ордог Ү үсэг. 7 настай балчир жаал цагаан толгойн баяраараа ийн уянгалуулан уншиж, эцэг эх, багшдаа уншиж бичиж сурснаа тайлагнадаг. Та ч гэсэн ямар нэг үсгийн дүрд хувирч, шүлгээ уншаад өөрийгөө том болчихсон мэтээр бодож л байсан биз.
Гадаад үгийг кирилл үсэг рүү буулгахдаа бид социалист нийгмийн үеэс орос "ах нараасаа" "будаа идэж" иржээ. Жишээ нь, Гонконг, Сеул гэж бичдэг байснаа, зах зээлийн буянаар "хөрөнгөтөн нийгэм"-тэй шадарласныхаа хүчинд Хонконг, Сөүл гэж бичдэг болжээ. Үүнтэй адилхан жишээ Гитлер (Хитлер), Гамильтон (Хамильтон), Эйлер (Ойлер) гээд захаасаа аваад бий. Эйлер гэж бичиж заншсан бид түүгээрээ дуудаад, гадныхантай нэвтрэлцэхгүй байна. Үүнтэй холбогдуулж хэлэхэд, орос ах нарын "будаа" биднийг дэлхийтэй хөл нийлүүлэн алхахаас чангаагаад байна. Математикт Коши-Щварцын тэнцэтгэл биш хэмээх алдартай теорем байдаг. Гэтэл бид орос сургалтаар Коши-Буняковскийн тэнцэтгэл биш гэж хэлж, заалгаж заншжээ. Монголчуудын бид мундаг, бид анхдагч, бид... бид... хэмээн өөрсөддөө хамааруулах дуртай "өвчин" оросуудад бас байдгийн илрэл энэ. Эсвэл тэдний үндсэрхэг үзлийн сүүдэр нь ч юм уу? Ямартай ч дэлхийтэй ойлголцохын тулд дэлхийтэй адил нэр томъёо хэрэглэж сурмаар байна. Та ч гэсэн тэгж бодож байгаа байх.

Тэгвэл та бүхэнд орос хэлэнд байдаггүй Ү үсгээ бид нар бага хэрэглэж "хэлмэгдүүлээд" байгаа юм биш биз гэдэг асуулт тавья.
Өнөөдөр бид У, Ү үсгээ зөв ялгаж хэрэглэж байна уу? Монгол хүмүүс байж юу гэж алдаж байдаг юм гэж та уцаарлаж магад, гэхдээ жаахан тэвчээд цааш нь уншаарай.
Японд ирээд үүнийг анх анзаарсан юм. Япон хэлэнд у үсэг байдаггүй, харин ү үсэг бий. Фүжи уул, Сүмоо, сүши, самүрай гээд Японы нэрийн хуудас болсон олон зүйл нь латин үсгээр Fuji, Sumo, sushi, samurai гэх мэтээр бичигддэг. Тэд ч яахав, нэгэнт ү үсэггүй хойно ингэж бичих нь зөв байлгүй яахав. Харин бид ү үсэг байсаар байтал оросуудтай адил Фужи, Сумо, Суши, Самурай гэх мэтээр бичих нь юуны учир вэ?
Манай сургуулийн нэрийг ч угтаа дуудлага ёсоор нь бол Хитоцүбаши гэж бичих ёстой байтал Хитоцубаши гэж бичигдсэн байх тохиолдол олон. Адаглаад л бид Сүзүки санг Сузуки сан гэж бичиж, түүгээрээ дуудаж, мурий хазгай хэлтэй болж харагдаж байна.
Сумо гэхэд о үсэг орсон байгаа юм чинь эр үг, тиймээс у гэж бичих нь зөв гэх хүн гарч магад. Гэтэл энэ маань гадаад үг шүү дээ. Япончууд монгол хэлний дүрэмд тохируулан үгээ зохиосон байж таарахгүй. Бид л тэдний дуудлагад тохируулан бичих ёстой гэж бодох юм.

Ихэнх гадаад хэлэнд ижил эгшгийг давхардуулан хэрэглэх нь төдийлөн харагддаггүй. Тэгвэл монгол хэл маань урт эгшиг гэдэг сайхан зүйлтэй. Тийм болоод ч тэр үү, бид богино бичигдсэн эгшгийг богиноор л дуудах гээд байдаг улс. Вашингтон, Токио, Осака гэж бичсэн байхад гадаад хэл мэдэхгүй монгол хүн яаж дуудах вэ? Бичсэн дагуу нь л уншина. Гэтэл үнэндээ Ваашингтон, Тоокёо, Оосака гэж дуудагддаг үгнүүд.

Энэ мэтчилэн, орчин цагийн бичгийн монгол хэл маань гадаад үг, нэр томъёонд хайнга хандаж, "бэлэнчлэх сэтгэлгээ"-гээр хандаж хуулбарлаж ирсэн билээ. Зөв бичдэг хүн зөв сэтгэдэг. Иймийн учир энэхүү бичлэгийг тэрлэлээ. Хэрхэхийг бултаараа шийдэх буй заа.

6 comments:

Togi said...

Сумо, Фужи гэх мэт "у"-гаар бичдэг нь оросын кириллд "ү" үсэг байхгүйгээс орж ирсэн гэдгийг бодсон удаа байхгүй юм байна. Санаа өглөө, цаашид анхаармаар юм байна.

nyamaa said...

тун дажгүй болсон байна шүү. нэг юм хэлээд байгаа нь ойлгогдож байна. Улам үргэлжлүүлээрэй

gobi said...

Бичсэн санаатай санал нийлж байна. Гэхдээ энэ ч их маргаантай асуудал даа. Жишээ нь: компьютерт хэрэглэгддэг thread гэдэг үгийг дуудлагаа бодолцвол криллээр бичихдээ "трэд" гэж бичих байх, гэтэл орос хэлнээс орж ирээд хэрэглээд хэвшчихсэн үг олон л доо. Жишээ нь: функц гэдэг үг бол оросоор адилхан боловч Англиар function гэсэн шал ондоо байгаагаас бид "фанкшин" гэж бичилтэй биш болдог.

Misheel said...

ene 2 usegnii talaar urd yoroosoo bodoj bgaagui yum bna shuu. Sonirholtoi niitlel bolson bna.

timur said...

delhiitei niitsej baigaa ni ene gej ulamjlalaa ulandaa gishgej bolohgui shuu dee. kirilleer hichneen duudlagiig ni duuraigaad negent uur bichig yum chini yag buulgah bolomjgui. tegeheer gadaad ugnuud deer neg bichlegiig ingej bichie gej togtood, ter bichlegiig olon ulsad yaj duuddagiig ni davhar togtoogood yavahad boloh bh gej bodoj bna. negent togtchihson yumiig uurchlulguigeer zuvhun "ingej duudna" gedgiig ni bainga durdaj zasaj zalruulj baival ayandaa togtoh bh. jichee ni, Eiler gedgiig france hel medehgui hun "oiler" gej unshdag gedgiig ni medeh heregtei boldog, Stephen gedgiig "stiven" gej heldeg, stevenson gedgiig anglid "stivenson", hollandad "steevenson" gej heldeg geh met.

timur said...

yur ni orost yaj bichij baina teriig duuraihad buruutah yum bhgui gej bodoj bna. zarim zuil deer medeej uurchluh yum blgui yahav.