2007-02-03

Ирээдүйн Монголын зураглал

2037 оны 1-р сар. Цасан будрах өвлийн нэг өглөө. Яармагийн дэнж дэх орон сууцны хороололд байх байрнаасаа Дорж өвгөн гарч ирлээ. Уг хорооллыг 30 жилийн өмнө гэр хороолол байсан суурин дээр барьсан бөгөөд "Чингис Хаан" нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хотын төв хэсэг рүү явах замд хотынхоо өнгө үзэмжийг илтгэн сүндэрлэх бөлгөө. Гэр хороолол, цахилгаан станц, хуучин машинаас болж хотыг бүрхэх утаа гамшгийн хэмжээнд хүрч, ялангуяа өвөл цагт амьсгалахад ч бэрх болдог байсныг санахад хоолой хорсох шиг санагдана. Гэхдээ Доржийг бага байхад болдог шиг тэсгэм хүйтэн өвөл Монгол оронд айлчлан ирэхээ больсныг өнөөдөр тэр малгай бээлийгүй явж буйгаас харахад илт.

Тэрээр Япон явж түнштэйгээ ажил хэргийн уулзалт хийгээд ирж буй хүү Болдыгоо тосохоор онгоцны буудал руу эртлэн гарч буй нь энэ. 20 жилийн өмнө Монгол улс газрын хэвлий дэх хамаг баялгаа шавхчихаад, засаг төрийн мулгуу бодлогын харгайгаар бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн амдаа тарааж өгөх мөнгөгүйн дээр шилжилтийн үед тавьсан өр нь нэхэгдэж дампуурахын ирмэгт ирээд байх үед Японд сургууль төгсч мэргэжил эзэмшсэн хүү нь мэдээлэл харилцааны технологи гэдгээс өөр үг амнаасаа унагахаа больж, өдөр шөнөгүй махран ажилласны үр дүнд байгуулсан компанийнх нь ажилтнууд компьютер гээч эдийн урд өдөржин сууж байгаад л мөнгийг хүүдийлдэг болсон билээ. Монгол улс маань ч арай дампуурчихсангүй, 7 жилийн өмнө гадаад өргүй болж, энэ жилээс улсын төсөв ашигтай гарч эхэлдэг болж буй. Чухамдаа Монголын эдийн засаг Болд шиг л хүмүүс дээр тогтож байх шиг санагдаж хүүгээрээ бахархах сэтгэл төрнө.

Доржийнх гучин жилийн өмнө даржин амьдралтай айл байлаа. Эхнэртэйгээ хоёул төсвийн байгууллагад ажиллаад авдаг цалин нь ганц хүүгээ арай өлсгөчихгүйхэн шиг л амьдруулдаг байлаа. Дорж дээд боловсролтой хэдий ч, "овсгоогүй" хүн болохоор зах зээл гээч рүү нь шилжих үед бууриа сахиж хоцорсны улмаас иймэрхүү тарчиг амьдарч яваадаа гутарч архи балгачихдаг байлаа. Гэхдээ газар дээрх ганц хүүгээ хүнээс дор оруулчихгүйн тулд боловсрол хэрэгтэй гэж сэтгэн, зардлыг чинь даагаад явуулах бэнчингүй тул чи л өөрөө хичээлээ сайн хий гэж сургасаар, хүү нь ч засгийн газрын тэтгэлэгт оюутан болж Японд сурахаар одсон түүхтэй. Тэр үеэс хойш Доржийнхны амьдрал өөдлөн дэвжиж яваа.

Ер нь л тэр үед толгойтой болгон л гадаадад гарч ажиллах, үр хүүхдээ сургахыг боддог болж, ажилд авахад хүртэл төгссөн газрыг нь харгалздаг болсон юм. Дэлхийгээр нэг тарсан монголчууд буцаж Монголдоо суурьшихтай хамт аргагүй л гадаадад боловсрол эзэмшсэн залуус маань бужигнуулж эхэлсэн билээ. 30 жилийн өмнө Эрүүл Мэндийн сайд төсөв хэтрүүлэн хэрэглэснээсээ болж сайн дураараа албан тушаалаасаа огцорсноос хойш хариуцлагатай ажилтнууд албан тушаалтай зууралдахаа больж, доод тушаалынхаа хүний гаргасан алдааны өмнөөс хариуцлага хүлээх хэмжээний ёс зүйтэй болон, ард түмэн ч зөв сонголт хийдэг болсон хэмээн МАХН-ынхан сурталддаг. Харин бодоод байхнээ гадаадад боловсорсон залуус улс төрд орж ирсэн цагаас л Монголын улс төр гээч зүйл дэлхийн түвшинд хүрсэн мэт.

Тэр үед эхэлсэн боловсролыг эрхэмлэх үзэл одоо ямар харгис хатуу өрсөлдөөн болон хувирсныг энэ жил ахлах ангиа дүүргэх ач хүүгээс нь бэлхэн харж болох байлаа. Билгүүн хүү нь хичээлээ тараад физикийн дугуйланд сууж, дараа нь сургалтын төвд очин толгой өөд таталгүй хичээл хийсээр харанхуй болсон хойно л харьж ирнэ. Сайн их сургуульд орохгүй бол сайн ажилд орж чадахгүй болохоор тэр. 2 жилийн өмнө Болд хүүгээ сургалтын төвд бүртгүүлэх үед найзууд нь яасан оройтуулж бэлдэж эхэлж байх юм гэж хэлж байсан удаатай. Бусад айлын хүүхдүүд 5 жилийн өмнөөс л шалгалтанд бэлдэж эхэлсэн юм шиг байна лээ, миний муу Билгүүнээ хүссэн сургуульдаа орж чаддаг болов уу яадаг бол хэмээн хий дэмий л санаа зовохоос хэтрэхгүй аж. Гэхдээ мэдээж урьдынх шиг их мөнгө зарж, гадаад руу боловсрол эзэмших гэж явах шаардлагагүй, эх орондоо дэлхийн түвшний боловсрол эзэмших боломжтой болсон. Тийм болохоор хүн өөрөө л хичээвэл сайхан амьдралын хаалга нээгдэх билээ.

Онгоцны буудал хүрэх замдаа элдвийг бодон эргэцүүлж буй Дорж өвгөний бодол руу цухас өнгийвөл ийм буюу.

Монгол эх орон минь үргэлж өөдлөн дэвжиж байх болтугай.

Хэдэн жилийн өмнө төстэй гарчигтай, 4 хэсгээс бүрдэх зүйл уншиж байж билээ. Ерөнхийдөө хэлэх гэсэн мессеж нь энэ янзаараа байгаад байвал уруудаж доройтон, бусдын идэш болох магадлалтай шүү гэдгийг анхааруулах гэсэн байх. Харин уншсан хүмүүсийн ихэнх нь л гадаадынхны захиалгаар бичсэн эд байна гэх мэтээр муулсан байсан. Нийтлэл нь ч, хүмүүсийн сэтгэгдэл ч монголчуудын маань ихэнх нь гутранги үзэлтэй, юмны муу талыг хардаг болчихсны илрэл гэж ойлгож болох юм. Хүн дандаа гэрэл гэгээтэй зүйлсийг төсөөлж, сайн сайхныг бодож явдаг бол амьдрал нь баяр баясгалангаар дүүрэх билээ. Тийм ч учраас "Амны билгээс ашдын билэг" хэмээх үгийг ухаант өвгөдийнхөө үгийг даган, сайн сайхан ирээдүйг төсөөлцөөд, түүндээ хүрэхийн тулд хичээцгээе, монголчууд аа.

6 comments:

Anonymous said...

Yag unen bid nariin ueiin humuusees hoish l arai standartad niitssen uls tor amidral ehleh bolovuu gej boddog.Odoogiin ene huuchnii setgelgeetei yaduu setgelgeetei ulun nudtei uls turchid hurdan dald orood ogoosei

Ochko said...

Сайхан бичжээ. Тийм сайхан ирээдүйг хүлээгээд суулгүй бүтээх ёстой юм шүү бид залуусаа.

Anonymous said...

Бидний ирээдүй тийм байхын төлөө бүгдээрээ хичээцгэе

Anonymous said...

2037 онд МАХН Үндэсний Түүхийн Музейн нэгэн булан болсон байх болтугай . :D

А.Болд said...

Ийм амьдрал заавал 2037 гэлтгүй хурдан ирэх болтугай!
Бүгдээрээ хичээцгээе!

Anonymous said...

Тиймээ ийм цаг тун удахгүй ирнэ. Үүний тулд залуучуудаа хийчээчгээнээ. Хэдий чинээ сайн хичээнэ төдий чинээ хурдан ирнэ. Хэ хэ