2009-02-03

Хэнд мэдээлэл байна, түүнд эрх мэдэл бий

Сонингоор ялаа, улс төрч хоёрыг алж болдог.

Тэртээ 19-р зуунд Натан Ротшильд өөрийн бий болгосон мэдээллийн сүлжээгээ ашиглан, Ватерлоогийн тулалдаанд Наполеоны арми ялагдсан болохыг бусдаас түрүүлж мэдмэгцээ өөрийн эзэмшиж байсан хувьцаагаа Лондонгийн хөрөнгийн биржээр зарж эхэлсэн гэдэг. Түүнийг өөрийн гэсэн сүлжээтэй гэдгийг мэдэх хүмүүс Наполеон ялснаас зайлахгүй хэмээн сэтгэж, дагалдан баясч хамаг хувьцаагаа зарж, үнэ нь навс унамагц хөрөнгийн бирж хаахаас өмнөхөн Натан буцаагаад бүгдийг нь худалдаад авчихсан. Ингээд тэр өөрийн хөрөнгөө ганцхан өдрийн дотор 2500 дахин өсгөж чадсан, үүнээс хойш зуу гаруй жилийн турш Ротшильдийн удмынхан Европын банк санхүүгийн салбарт ноёрхсон нь түүхэн үнэн билээ.

Өнгөрсөн зуунд компанийн баялаг нь хүн, мөнгө, эд зүйлс гэж хэлдэг байсан бол одоо дээрээс нь мэдээллийг оруулж хэлэх нь элбэг болсон байна.

Социалист нийгмийн үед ард түмний мэдээлэл олох эрх чөлөөг хаан боогдуулснаараа эрх баригчид эрх мэдлээ хадгалж үлддэг байсан.

Энэ бүхэн мэдээллийн хүч чадлыг илтгэж буй хэрэг. Ямар сайндаа л сонин хэвлэлийг "Дөрөв дэх засаглал" гэж нэрлэж байхав. Хамаг мэдээлэл тэнд цуглардаг учраас тэд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалтай эн зэрэгцэн улс орны амьдралд нөлөөлж чаддаг байлаа.

Харин интернэт хөгжсөнөөр мэдээллийг хэн хүссэн нь хялбархан олж авах боломжтой болоод буй хэдий ч үүнтэй холбоотой янз бүрийн асуудлууд ургаж гарсаар байна.

Нэгэн жишээ, Телевиз сонин хэвлэлүүд амархан худалдагдаж буй нь ард түмэнд муугаар нөлөөлж байна. Үнэхээр хийж бүтээе гэсэн сэтгэлтэй сайхан залуусыг мөнгөтэй луухгарууд архинд дуртай нэг сэтгүүлчийн дотрыг халаагаад л захиалгат нийтлэл бичүүлэн, "чигчий хуруугаараа няслан" унагана. Саяхны хэдэн өдрийн "Сүү" компанийн эсрэг чиглэсэн хурц үзүүртэй зүү ч үүний тод жишээ.

Нэгэн жишээ, Монголын сайтууд гишүүдийн бүртгэлээ компаниудад зараад байх шиг ээ. Уг нь хальт харахад хувийн нууцлалыг хамгаална энэ тэр гэсэн заалтууд байх шиг байгаан. Гэхдээ л "Хэн биднийг хэлэхэв" гэсэн шиг янз бүрийн компаниудад мэйл хаяг гэх мэт мэдээллийг нь зардаг, худалдаж авсан компаниуд нь "Мэйл маркетинг" гэдэг хээнцэр нэрээр халхавчлан ямар ч ёс суртахуунгүй зүйл хийж байна.
Угтаа мэйл маркетинг нь тухайн мэйлийг хүлээн авагч өөрөө нөхцлийг хүлээн зөвшөөрч, мэйл хаягаа өгсөн тохиолдолд л мэдээлэл илгээх байдлаар хэрэгждэг. Гэтэл миний мэйл хаягаар л гэхэд нэр бүхий хэдэн компаниас байнга л сурталчилгаа бүхий мэйл ирэх болов. Ядаж Гүүгл ах шиг миний юунд дуртайг мэдсэнийхээ дараа сурталчилгаа ирүүлэх хэрэгтэй ш д. Миний огт сонирхдоггүй сэдвээр, эсвэл намайг эмэгтэй гэж андуурсан гэмээр, эсвэл мөнгөө үрж ядсан баян хүн байгаа юм шиг мэйлнүүд л ирэх юм.

За за үг олдож, үхэр холдлоо. Хэт нуршаад байгаа тул энд хүрээд түр завсарлая.

2 comments:

neenee said...

Таны блогын бичлэгийг илүү олон хүнд хүргэх зорилгоор www.nlog.mn дээр хэсэгчлэн нийтэллээ. Үргэлжлэлийг таны блогруу орж уншихаар линкийг тавьсан. Мөн таны нэр, зохиогчийн эрхийг дурьдсан болно. Санал хүсэлтээ ntsene@gmail.com хаягаар ирүүлээрэй.

Г.Дарамбазар said...

Сайхан бичлэг байна. Мэдээлэл түрүүлж авна гэдэг маш том давуу тал юм даа.