2009-07-26

Мэдээний тухай бодол

Орчин үед хүн төрөлхтөн мэдээллийн далай дунд амьдарч байна. Цаг хугацаа алтнаас үнэтэй болсон учраас товч бөгөөд тодорхой, цэгцтэй мэдээллийг авахыг хүмүүс эрмэлздэг болжээ. Тиймээс ч сүүлийн үед ердөө л 140-хөн тэмдэгтэд багтааж бичлэг оруулах боломжтой твиттер хэмээх сайт "моод"-онд ороод байгаа. Жирийн хүмүүс гэлтгүй, олны танил хүмүүс, улс төрчид, дуучид ч өөрсдийн тухай мэдээллээ, үзэл бодлоо товчоор илэрхийлж, олон хүнд хүргэхийн тулд уг сайтыг сонгож байгаа.

Сонины мэдээнүүд бол мэргэжлийн сэтгүүлчдийн бэлтгэдэг зүйл учраас шаардлага өндөр байх ёстой. Нэг үйл явдлын тухай бичлээ гэж бодоход хаана, хэзээ, хэн, юу хийсэн, тэр нь ямар үр дүнтэй болсон, оролцсон, харсан хүмүүс нь юу гэж бодож байсан, мөн холбоотой тоо баримтуудыг багтааж, цомхон байдлаар мэдээгээ бичвэл "мэдээ" гэдэг утгандаа дүйцэх болов уу.

Харин Монголын сонин хэвлэлийн мэдээнүүд ер тийм биш юм аа. Уянгын халилаар дүүрсэн, уран зохиол гэлтэй урт мэдээнээс яг хэрэгтэй зүйл нь тун бага, дутуу дулимаг мэдээлэлтэй "мэдээ"-нүүд зонхилох хувийг эзэлдэг. Шүлэг тэрлэдэг хүн мэдээ бичих нь элбэг байсан социалист нийгмийн үеэс улбаатай үзэгдэл арилаагүй хэвээр гэж болох юм. Сэтгүүл зүй гэдгийг би "Товч, тодорхой, ойлгомжтой, цэгцтэй хэлбэрээр мэдээллийг хүнд хүргэх" үндсэн үүрэгтэй гэж ойлгож явдаг. Харин ярилцлага, нийтлэл, эргэцүүлэл зэрэг бол өөр хэрэг. Сонингууд мэдээгээ товч, тодорхой бичдэг болчихвол нэг дугаарт гарах мэдээний тоо зөндөө ихсэх биз ээ.

Цаг орой болчихож, хэлэх гэсэн санаагаа гаргасан тул унтлаа, хэхэ. Бүгд сайхан амраарай.

No comments: