Дунд сургуульд байхад багш маань биднээр алгебр, геометрийн бодлогууд бодуулж, гэрийн даалгаварт бодолтоо дахин хуулж ирэхийг шаарддаг байж билээ. Тэр үед бараг гэртээ харингуут даалгавараа хийж эхэлдэг мөртлөө л унтах цаг болоход хийж амжаагүй үе олон тохиолдож байсан. Тийм болохоор бодолтоо хуулах даалгаварыг нь ангид бичсэнээ үг үсэггүй хуулсан төдийгөөр аргацаадаг байлаа.
Сурагч байхдаа багшийн өгсөн даалгаварыг биелүүлдэг хүн болох гэж зай завсаргүй тоо "өрсөн" хуучин дэвтрээ эргүүлэн сөхөхөд, толгой өндиймгүй их даалгаварыг нь биелүүлдэг тоотой хэдхэн сурагчийн нэг байсан болохоор өөрийгөө ямар хичээл зүтгэлтэй байсан юм бэ гэж бодовч юунд хүрэх гэж, яах гэж хичээл зүтгэл гаргаж байсан юм бэ, би тэр даалгаварыг нь биелүүлснээр юу олж авсан бэ гэдгээ бодохоор ичмээр ч юм шиг. Одоо бодоод байхад бичих нь гол биш байжээ. Хамгийн гол нь ойлгож бичих, мөн ойлгомжтой бичих. Тодруулбал бусад хүнд төдийгүй өөртөө ойлгомжтой бичих нь чухал байсан аж.
Миний хувьд ном уншихдаа зүгээр л уншаад өнгөрвөл толгойд үлдэх нь бага байдаг, харин уншингаа тэмдэглэл хийвэл өөрөө ойлгож байж бичих тул үлдэц сайтай байдаг юм. Дараа нь мартсан ч тэмдэглэлээ сөхөхөд л сэргээгээд саначихна. Мэдээж уран зохиолын номны хувьд өөр л дөө. Хичээлийн хувьд ч ялгаагүй. Тийм болохоор бидний бичих хамгийн эхний зорилго нь шинэ мэдлэгийг "өөртөө ойлгуулах" билээ.
Хүн гэдэг амьтан дурсамж, бодлоо мартаж чаддаг болохоороо л "галзуурчихалгүй" амьдардаг гэж нэгэн хүн хэлсэн байдаг. Тийм ээ, бид толгойдоо найдаад, бүх зүйлийг цээжлэнэ гээд явбал бүтэхгүй, мартаж санах үе танд бишгүй л тохиолддог биз дээ? Тийм болохоор зурсхийсэн шинэ санаа, мартмааргүй байгаа сэтгэгдлээ бичиж үлдээсэн нь дээр. Өөрөөр хэлбэл бид бичсэнээрээ "санах ой"-гоо орлуулж байгаа хэрэг.
Мөн бид албан ажил хийхээр бичиг цаастай зууралдах үе бишгүйдээ тохиолдоно. Хэн нэг хөрөнгө оруулагчид гайгүй санаа бүхий бизнесийн хөрөнгө оруулалт хүссэн бичиг илгээе гэж бодвол сайн бичиж сураагүй, эмх цэгц муутай, ойлгомжгүй зүйл бичээд явуулбал сайхан боломжоо алдаад зогсохгүй ичгэвтэр билээ. Тийм болохоор бид нийгэмд хөл тавихаасаа өмнө бичиж сурах хэрэгтэй. Залуус маань кириллээрээ зөв бичиж чаддаггүй, сонины сэтгүүлчид нь хүртэл "түмэн алдаа үйлдвэрлэдэг", тэгээд түүнийгээ бид уйгаржин монгол бичиг эхэлж заалгаснаараа золиос болсон гэсэн шалтгаар хаацайлдаг. Гэтэл бид босоо бичгээрээ бас сайн бичиж чадах уу? Энэ бол ердөө л шалтаг юм. Бид бичиж, түүнийгээ бусдаар засуулж байж л алдаагүй зөв, ойлгомжтой, эмх цэгцтэй бичиж чаддаг болно. Нас ахих тусам биднийг засч залруулах хүн ховордоно. Иймд аль болох их бичиж, бичгийн соёлыг эзэмшихийг бүгдэд уриалж байна.
Эцэст нь, дэлхийн хүн амын дөнгөж 30 хувь нь л бичиг үсэг мэддэг гэдэг. Гэхдээ монголчуудын маань 90 хувь нь бичиг үсэгт тайлагдсан болохоор бид социалист нийгмийн ачаар бас ч гэж соёлжсон ард түмэн гэж хэлж болохуйу үзүүлэлтэд хүрсэн. Тийм болохоор өөрийн үзэл бодлоо бичвэл монголын 2 сая хүний ихэнхтэй нь бодол санаагаа хуваалцаж чадна. Энд тэнд яриад явлаа гэхэд Сүхбаатарын талбай дээр жагсаал зохион байгуулж буй аятай, тэнд очоод чанга яригчаар ориллоо ч бодол санаагаа хуваалцах ийм өргөн уудам орон зайг бүрдүүлж чадахгүй билээ.
Миний блог бичиж буй шалтгаан энэ бөлгөө. Мэдээж хүн 100 хувь зөв зүйл ярьж бичнэ гэж бараг боломжгүй. Намайг зарим нэг нь "Овоо дажгүй юм бичсэн байна гээд уншиж байтал нэг тэнэг өгүүлбэр тааралдав, нээх том хүн шиг мөртлөө заримдаа мангар хүн шиг үг хэлэх юм" гэж хэлж байсан удаатай. Би өөрийнхөө бичсэн бүх зүйлийг зөв гэж хэлээгүй, бодол санаагаа та бүхэнтэй хуваалцах гэсэн жирийн л нэг оюутан. Гэхдээ тиймэрхүү мангар ч юм шиг, "эсэргүү" өгүүлбэрийн цаана миний юу бодож явдаг, яагаад тэгж бичих болсон нь харагдах буй заа.
Өнөөдөр Японд блогоороо хангалттай орлого олоод амьдарч байгаа хүн тун олон байдаг. Монголчууд маань энэ боломжийг яагаад ашиглаж болохгүй гэж? Блог хувьсгал эхлүүлцгээе.
"Цаанаасаа тэгээд байдаг"...
1 month ago
4 comments:
Чамд мєн амжилт хvсье! Дажгvй нийтлэл болсон байна.^^
Нээрээ тэр уйгаржин монгол бичиг орсноос болоод хvмvvсийн зөв бичгийн чадвар буурсан гэж ярьдаг нь зvгээр шалтаг гэдэг үнэн сонсогдож байна шүү.
Сайхан бичлэг байна. Санаа бодолоо чөлөөтэй илэрхийлж чадах нь бас нь давуу тал юм даа.
Post a Comment