2006-09-19

Зуны амралт

Амралт эхлэнгүүт Монгол яваад, блогоо бичсэнгүй нэлээд удчихсан байна шүү. Сар гаруй Монголдоо байсны эцэст Японд ирээд, маргааш нь л Окинава явж хэд хоноод өчигдөр гэртээ ирэв.

Монголдоо очоод эхний үед нэлээд завгүй байсан. 8-р сарын 13-нд "Тойрог" сан маань Монгол-Япон Төвд Японы "Онигири-таи" хэмээх байгууллагатай хамтран "Хоол ба эрүүл мэнд" сэдэвтэй сургалт зохион байгуулж, хүрэлцэн ирсэн монголчуудынхаа эрүүл мэндийн мэдлэгт дусал ч атугай нэмсэн байх гэж бодож байна. Хүмүүсийн өөхлөгийн үзүүлэлт зэргийг тусгай багажаар хэмжин, хоол ундандаа анхаарах хэрэгтэй болоод буйг нь тов тодорхой мэдрүүлсэн тул үр дүнтэй болсон гэж нэлээд найдаж байгаа. Ерөнхийдөө хүрэлцэн ирэгсдийн дундаж үзүүлэлтийг харахад монголчуудын дунд таргалалт элбэг байгаа нь харагдаж байлаа.

8-р сарын 17-нд "Найрамдал" зусланд мөн л "Тойрог" сангийн сургалт явагдаж, тэнд амарч байсан хүүхдүүдийг хамруулсан. Гишүүд маань Японы цайны ёслол, ресторанд хооллох соёлоос танилцуулж, Японд суралцах боломж, Японы боловсролын системийн талаар мэдээлэл өгч, хөгжилтэй тоглоомоор дамжуулан нийгмийн харилцаа, хүнтэй харьцах чадварыг дээшлүүлэх зэрэг арга хэмжээнүүд явуулсан. Оролцогч хүүхдүүдийн сэтгэгдлийг уншиж үзэхэд тэдэнд таалагдсан бололтой. Дараа нь өөрсдөө нэг хоног амарч, алжаалаа тайлсан минь миний Монголд байхдаа Улаанбаатараас гарч, цэнгэг агаарт амарсан бараг ганц тохиолдол болов. Уг нь харих болгондоо л хөдөө явах юмсан гэж боддог боловч амжихгүй байсаар буцаж ирдэг нь харамсалтай.

За тэгээд, 8 сарын сүүлчээс эхлээд ямааны ноолуур, тэмээний ноосон эдлэлийн "Гоёо" компанийн маркетингийн албанд дадлага хийдэг хүн болов оо. Даанч 2 долоо хоног хийхээр төлөвлөж байсан дадлагаа тодорхой шалтгааны улмаас хэдхэн хоногт дуусгав. Үр дүнгээ ч харж чадсангүй. Энэ нь намайг нийгмийн амьдралд бэлэн бус байгааг харуулсан том сургамж, хичээл болсон билээ.

Зуны амралтын хугацаанд Баабарын "Нүүдэл суудал"-ын 2 боть ном л унших шив. Баабар ч лут юм аа. Одоо харин амралтынхаа үлдсэн хугацаанд жаал ном унших санаатай байгаа.

Нээрээн ЭМОС клубын маань шинэ бүтээл удахгүй хэвлэгдэх байх. Тэр үед нь дэлгэрэнгүй танилцуулах болно. ЭМОС клуб гэснээс Монголд байгаа гишүүд 8 сарын 16-нд цуглаж уулзалдсан. Интернэтээр хоорондоо харилцдаг бидний хувьд ингэж уулзалдах нь тун ховор. Миний хувьд олон гишүүнийг анх удаа харж байгаа нь тэр. Гэтэл нэг гишүүн маань удахгүй хуримаа хийх гэж байгаа гээд, бидэнд урилгаа гардуулав. Анх удаа уулзаж байгаа хэдий ч хуриманд нь уригдана гэдэг хэдэн жилийн өмнө бол санаанд багтамгүй зүйл билээ. Ертөнц маань хувьсан өөрчлөгдөж, дэлхийн хаанаас ч хүнтэй танилцаж, нөхөрлөх боломжтой болжээ.

Гэснээс ЭМОС клуб маань намайг зохицуулагч болсноос хойш нэг л идэвх нь сулраад, заримдаа өөрийгөө буруутгах үе гарах юм. Миний лидершип хүрэлцэхгүй байх шиг... Гэхдээ удахгүй шинэ төсөл хэрэгжүүлж эхлэхээр байдал дээрдэх байх гэж найдаж байна.

Монголоос ирэхийн өмнөх өдөр "Шинэ Монгол" ахлах сургууль дээр очиж, хүүхдүүдтэй нь уулзалт хийв. Над шиг үг дуу цөөтэй, ярихдаа тааруу хүнд олон хүний өмнө ярих хэцүү байдаг ч сайхан хүлээн авч, халуун дотно яриа өрнүүлсэн. Ямар ч байсан олон нийтийн ажил хийхэд олж авах мөнгөөр хэмжигдэхгүй тэр үнэт зүйлсийг сурагчдын зарим нь ойлгож авсан байх гэж найдаж байгаа.

Эцэст нь, миний харьяалагддаг семинарынхан маань миний хувьд аялал болсон зуны сургалт Окинавад хийж, түүндээ яваад ирсэн. Японы их дээд сургуулийн төгсөх ангийн оюутнууд дипломын ажлаа зуны хугацаанд хэрхэн амжуулснаа тайлагнаж, түүнийг нь 3-р курсийнхэн нь сонсон, ирэх жил дипломын ажлаа хэрхэн бичих талаар судалдаг юм л даа. Энэ нь семинарын багш оюутнуудыг дотно болгоод зогсохгүй амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх нэг сайн арга юм. Окинавад болсон нь миний хувьд зардал өндөр гарч буй нь хүндрэлтэй хэдий ч хэзээ нэгэн цагт очиж үзэх юмсан гэж бодож байсан учраас тун баяртай байгаа. Аян замын тэмдэглэлийг удахгүй блогдоо бичих болно.

Зуны амралтын "тайлан"-г үүгээр өндөрлөе. Удахгүй уулзтал түр баяртай.

No comments: