2006-09-21

Окинава арлаар...

Аяны богцоо задлахуй



Японы хамгийн урд захын муж Окинава. Гол дөрвөн арлаасаа нэлээд зайтай тул байгаль цаг уур нь ч, хүн ардын соёл нь ч өвөрмөц юм. Хятад, Тайваньд ойрхон оршдог онцлогоосоо болоод Хятадын соёл хүчтэй нөлөө үзүүлсэн бололтой. Үндэсний хувцас нь ч нүд гялбам.

Ямар нэг зүйлийн тухай ярихын тулд түүхээс нь эхлэх нь зүйн хэрэг. Окинава нь 1872 оноос өмнө албан ёсоор Японы хэсэг биш, Рюүкюү хэмээх вант улс байжээ. Мэйжигийн шинэчлэлээр хөгжлийн замдаа орсон Япон улс Окинаваг 1872 онд өөрийн мэдэлд оруулахад Манж Чинь улс эсэргүүцэж байсан баримт байх юм. Дэлхийн хоёрдугаар дайны хөлд нэрвэгдэн, дайны дараа АНУ-ын мэдэлд ороод, 1972 онд буцааж авсан юм байна. Окинавад АНУ-ын Номхон далайн цэргийн бааз үлдсэн тул одоо ч Америкийн нөлөө их бололтой. Сүүлийн үед Orange Range, Нацүкава Рими зэрэг Окинавагийн хамтлаг, дуучид Япон даяар алдаршиж, дотоодын жуулчдын тоо өсөх хандлагатай байгаа гэсэн. Доорх бичлэгээс Окинава аялгууг мэдрээрэй.



Нахагийн нисэх буудалд буугаад, онгоцны цонхоор харахад Японы өөрийгөө хамгаалах хүчний байлдааны онгоцнууд зогсч байгаа нь тун ч сүрдэм байлаа.

Окинавагийн гол арал нь хойноос урагш сунасан хэлбэртэй бөгөөд, арлын өмнөд хэсэгт байдаг, засаг захиргааны төв Наха хотод л monorail байдаг учраас тээврийн гол хэрэгсэл нь автомашин бололтой. Бид ч суудлын тэрэг түрээслэн, арлын төв хэсэгт байх Дорнод Хятадын тэнгисийн эрэгт байрлах зочид буудлаа зүглэсэн. Замын баруун талд төмөр тор татсан хашаа харагдаад байдаг, гэтэл машины Navigator-ын газрын зураг дээр саарал юм л гараад гайхаж байтал удахгүй нөгөө Америкийн цэргийн бааз болох нь тодров. Сонирхолтой нь баазын дотор Америкийн хууль үйлчилдэг бөгөөд, тэр ч байтугай цагдаа дуудъя гэвэл 911 рүү залгадаг, Японы дугаар луу улс хоорондын эрхээр л ярьдаг юм байна. Ингээд Moon Beach хэмээх үзэсгэлэнт эрэг дээр байрлах зочид буудалдаа хүрэв.

Эхний өдрөө далайн усанд орж, эрэг дээр нь тоглож өнжлөө. Далайн хар шуурга ойртож байгаа сураг гарч, бяцхан сэтгэл түгшиж л байлаа. Азаар миний байсан Окинавагийн гол арлаас бага зэрэг зайтай өнгөрч, салхины хэмжээ ч ямар нэг хохирол учруулахааргүй байсан уг хар шуургаар Кюүшү аралд хүний амь эрсэдсэн байсан шүү.

2 дахь өдөр нь арлын хойд хэсэгт байрлах Чираүми аквариумд гүн цэнхэр ертөнцийн гайхамшгийг үзэж тольдов.

3 дахь өдөр нь Окаши готэн хэмээх бэлэг дурсгалын дэлгүүр бүхий том төвөөр орон бага зэрэг наймаа хийгээд, American Village-ийг зорив. Уг нь тэнд очигсод алсыг харагчид сууж, Окинаваг өндрөөс хардаг юм гэсэн. Гэвч яг тэр үед салхи нэлээн хүчтэй болж, аадар бороо орсон учраас олигтой зүйл үзэж чадсангүй буцсан билээ.

Сүүлийн өдөр олон зүйлийг амжууллаа. Өглөө эртлэн босоод ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Шүри цайз, дэлхийн 2-р дайны сургамжийг сануулах Химэюри цамхаг, Энхтайвны музей, Наха хотын гол гудамж болох Кокүсай доори, зах гээд л хэсч өглөө. Ер нь л жуулчдад зориулсан гарын авлагад байдаг, Окинавагийн сонирхолтой зүйлсээс нэлээдийг үзэж амжсан шүү.

Хамгийн сэтгэлд хоногшсон нь Химэюри. 1944 оны 4-р сард охидын ахлах сургуулийн дөнгөж 13-17 настай бяцхан сурагчдыг дайны тэргүүн фронт руу цэргүүдийн сувилагч, асрагчаар явуулж, дайнд ялагдах нь тодорхой болоод ирсэн 6-р сарын 18-нд тарах тушаал өгсөн аж. Мэдээж дайсан хэдхэн алхмын цаана байгаа, ухрах газар үлдээгүй тэр үед "Америкийн цэрэгт баригдвал тамлуулж үхэх" учир амиа хорлож үхсэн, мөн дайны суманд өртөж нас барсан сурагчдын тоо 200 гаруйд хүрчээ. Мэдээж амьд үлдэгсэд нь ч маш хүнд хэцүүг давсан юм. Аав ээждээ эрхэлж байх ёстой охид шархадсан цэргийн тасархай гар хөл, ялгадсыг зөөж, харанхуй нүхэнд амьдарч байсан нь юутай эмгэнэлтэй. (Зураг дээр: Himeyuri Monument. Амь үрэгдэгсдийн нэрийг дээр нь бичжээ)

"Муу хүн идсэн ууснаа" гэдэг ч Окинавагийн хоолноос сонирхуулахгүй байж чадахгүй нь. Ерөнхийдөө далайгаар хүрээлэгдсэн тул загас, далайн ургамал амьтанг түлхүү хэрэглэдэг бололтой. Далайн усан үзэм, гахайн шийр, гэдэс, мэлхийн гуя, янз бүрийн загас гээд л... Амттай ч юм билээ. (Зураг дээр: далайн усан үзэм)

Товчхон хэлэхэд энэ арлын соёл, байгаль нь их таалагдсан. Та ч бас боломж гарвал очиж үзээрэй.

4 comments:

Anonymous said...

~Cool~

khishgee said...

Okinawa yavj uzeh yumsan. Japanii hamgiin goyo gazar gej sonsson yum baina.

bluewolf said...

Minii huvid neg ochihdoo zavgui baisan uchraas tuhtai uzej chadaagui l dee. Shurijo castle -d ochood. 15-r zuun hurtel Ryukyu nertei baisaniig medsenees tsaashgui. Gehdee torson setgedel bol.
1. Shanz gedeg Mongold ih baidag hogjimiig ed nar ooriin undesnii hogjim met surtalchildag yum bilee
2. Goya geed gashuun nogoo ( orgost hemh met) bol Okinavagiin gol buteegdehuunii neg. Bas dalain usan uzem, Amtat elsen chiher (Mongoloor bol buram yum uu) iig Okinawagiinh l gene dee.
3. Medeej duu huur bol Japand aldartai l daa. Okinava-d Nada-Sou-Sou duug haana ch duulna. Bi ch gesen durtai. Nudnees nulimas garaad baidag yum.
4. Bi gertee beleg bolgoj Awa-Mori arhi, dalain usan uzem avsan daa.

Enkhchimeg said...

Shujiro castle-d Ryukyugiin haanii neg dorvoljin tamga bii. Ter tamga-nii neg tal ni hanz, nogoo tal ni manai Mongol uigarjin usegtei ih tostei usegeer bichsen baisan. Uul ni ter tamganii usegiig sain sudalbal ih sonin tuuh garch ireh baihaa, ayagui bol manai Mongoltoi ch holbootoi zuil garch irj magadgui gej bodogdson shuu.