2006-10-04

Би завтай хүн

Блоггер анд Хишгээгийн цаг, завын тухай бичсэн бичлэгийг уншаад нэгийг бичмээр санагдлаа.

Би их сониуч болохоор янз бүрийн зүйлс оролдох туйлын дуртай. Багаасаа л ээждээ "холион бантангийн цуглуулга" гэж хэлэгдсэн, юм юм руу үсчсэн, тэгж байгаад л шохоорхол нь буураад ирэхээр хаячихдаг хүүхэд байлаа. Гэхдээ мэдээж дуртай зүйлсээсээ бол уйдахгүй л дээ.

Блогийг тэр л янзаар шохоорхлын үүднээс эхэлсэн. Эхэндээ өдөр болгон бичлэг оруулах гэж хичээдэг байсан, тиймдээ ч блогоо "Өнөөдөр" гэж нэрлэсэн хэрэг. За тэгээд хагас сар хэртэй өдөр болгон бичлэг оруулав аа, тэгсэн уйдаж эхлэх шинжтэй. Бичиж байгаа зүйлс маань ч "бантангийн жор" тийшээ хандаад явчихав. Заримдаа найз нөхөдтэйгээ хонуут өнжүүтээр наргих хэрэг ч гарна.

Ингээд л блог бичиж эхэлсэн үеэсээ огт өөр бодолтой болчихож байгаа юм. Блог маань надад ч бас үр ашгаа өгөхгүй бол бичих ямар хэрэг байна вэ гэсэн бодол төрөөд, хүнд хэрэгцээтэйгээсээ гадна өөрт хэрэгцээтэй зүйлс бичдэг болъюу гэж шийдээд өдийг хүрсэн билээ. Гэхдээ заримдаа ч мунхаглал сараачдагаа нуух юун.

Хүн гэдэг сэрүүн байхдаа өч төчнөөн зүйлсийг бодож, сэтгэж байдаг. Даанч ихэнхийг нь хэсэг хугацааны дараа санадаггүй. Муу бодлыг ч яахав мартаж л байвал сайн. Харин сайн сайхан бодлыг, өөртөө эрч хүч өгөх санааг мартмааргүй байна. Ингэхэд минь таны тольдож буй энэ блог надад тус болдог юм. Өөрөөр хэлбэл, Төгсөөгийн дурьдсанаар Өнгөрснийг мартахгүй гэж өөртөө зориулан бичиж байгаа маань энэ.

Бас нэг шалтгаан нь сурах үйлстэй холбоотой. Аливаа зүйлсийг суралцан, өөрийн болгох хамгийн үр дүнтэй арга нь "бусдад зааж өгөх" байдаг юм байна. Их сургуулийн лекц л гэхэд 5-хан хувийн үр дүнтэй байдаг бол бусдад зааж өгснөөр та 90 хувийн үр ашигтайгаар суралцаж чадна. Тийм ч учраас ирээдүй рүүгээ тэмүүлж буй залуус маань блог бичиж байх нь хэрэгтэй юм болов уу гэж бодно.

Цаг завын тухайд хэдэн үг хэлэхэд, намайг яаж энэ их ажлыг амжуулдаг байна аа гэж дуу алддаг хүн олон байдаг. Тэр дуу алдан гайхахад хүргээд байгаа би гэдэг хүн нь хичээл номынхоо хажуугаар сайн дурын 3 байгууллагыг удирдах үйлст хүчин зүтгэхээс гадна 3 вэб хуудас ажиллуулж, Асуулт самбарт модератор гэх зэрэг зүйлс л хийдэг хэрэг. Би их унтамхай хүн, амралтын өдөр 12 цаг унтах маань энүүхэнд. Түүнээс гадна мессенжэрээр чатлах, вэб хуудас хэсэх, найз нөхөдтэйгээ наргиж цэнгэх гээд л ихэнх цагаа үрнэ. Зөнгөөрөө байгаад байя гэвэл залхуугийн туйл л даа.
Гэтэл Японы аж үйлдвэржилтийн эцэг Шибүсава Эй-ичи л гэхэд амьдралынхаа туршид 500 гаруй компанийг байгуулан, нэгэн зэрэг хэдэн арван компанийн удирдлагад ажиллаж байсан гэдэг. Надтай харьцуулшгүй байгаа биз дээ. Надаас илүү их ажилтай хүн энэ хорвоод өч төчнөөн байгаа. Тиймээс би өөрийгөө завгүй гэж хэлэх эрхгүй хүн. Тийм ээ, би завтай хүн билээ. Тэгж яривал та ч завтай, худлаа гэвэл түрүүний бүтэн сайнд та яалаа даа? хэхэ. Хэн ч гэсэн ямар нэг ажлыг бүтээе гэж хүсвэл зав гаргаж чадна шүү дээ. Бид бүгд завтай хүмүүс. Энэ их завтай цагаа өөрт хэрэгтэй, бусдад ашигтай үйлст зарцуулцгаая.

2 comments:

Зэлмэ said...

Таны блогийг уншиж үзэхэд хүнд хэрэг болохоор зүйл маш их байдаг. 2005 оны 1 сараас хойш бичиж эхэлсэн гэхээр Зоригт маань нилээд дээр үеийн блогчин бололтой. Өөрөөр хэлбэл блоггер дай сенпай юмуу даа гэж. Ямартай ч ахмад үеийнхээ юм бодогдуулахаар, залуу үеийнхээ сургахаар олон олон сайхан бичлэг бичиж байгаарай гэж ерөөё. Орж уншиж байна аа. Монголчуудын нэг дутагдалтай зан нь юмыг эхлүүлэхдээ их сайн хөл хөөрцөг болж эхлүүлчихээд амархан уйддаг. Одоо блог бичиж байгаа хүмүүсийн тал нь гэхэд жилийн дараа алга болно шүү. Тэдний нэг битгий болчихоорой. Өөрөө саяхан эхэлчихээд сенпайдаа сургааль хайрлачих шиг боллоо. Гоменнээ

Anonymous said...

ehner huuhedtei bolchihvol ingej olon yum zereg hiij chadahaa ayndaa bolino. Odoohondoo yum hiij l bai. Hajuugaar ni yamar neg hugjmiin zemseg togloj, sport-oor hicheelleh heregtei shuu. Hugjim, Sport hoyor hund us agaar shig heregtei.