Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.
С.Зориг
С.Зориг
American Dream гэдэг нэр томъёо байх. Европоос ядуучууд эрх чөлөө, аз жаргал, эд баялаг хайн Америк руу олноороо шилжин ирж байх үеэс энэ хэллэг бий болжээ. Америкчууд ч хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн залуусыг өөрийн иргэн болгон, "америк мөрөөдлөө" биелүүлсэн хүмүүсийн тухай үлгэр шиг түүхийг кино, урлагтаа тусган рекламдсаар өдгөө дэлхийн тэргүүлэгч гүрэн болтлоо өсч дэвжжээ.
Харин монголчуудын хувьд Mongolian Dream гэж нэрлэж болохуйц нэгэн үзэгдэл байдаг нь, яаж ийж байгаад Монголоос гараад, гадаадад очиж ажиллаад хэдэн төгрөг хурааж, эргэн ирэхдээ өөрийн гэсэн орон сууц, машинтай болох гэсэн мөрөөдөл. Өнөөдөр Солонгос, Япон, Чех, Америк гээд олон оронд монголчууд тэндхийнхний төлөө хөлс хүчээ урсгаж буй. Яагаад тэндхийнхний төлөө гэж хэлэв гэхээр, харьд суугаа монголчуудын бий болгосон баялгийн ихэнх нь эздэд нь ногддог болохоор тэр. Тэд сайн ажилчин хэмээн эзэддээ үнэлэгддэг.
Гэтэл Монголдоо үйл ажиллагаа эрхэлдэг бизнесмэнүүд монгол ажилчин авъя гэхээр тэр сайн ажилчид нь тун ховор. Тиймээс л хятад барилгачид Монголд дүүрэн болчихоод байгаа бус уу? Яагаад монголчууд эх орондоо өдөрт 15, 6 цаг биш юм аа гэхэд 8-10 цаг ажиллаад, сард мянган доллараа байг гэхэд 2, 300 доллар аваад сайхан амьдарч болдоггүй юм бол? Гадаадад ажилласнаараа их цалин авч байж болно оо, гэхдээ түүний төлөөс нь залуу нас, эрүүл мэнд, эх орон, гэр бүл. Гадны хүний төлөө ажиллахаараа морь нохой мэт зүтгэдэг хэрнээ монгол эзний төлөө бол "түй май, салаавч".
Төр нь ч гэж төр. Тойргийнхоо залуучуудыг Солонгос явуулна гэсэн амлалт өгч УИХ-д сонгогдоцгоосон эрхэм түшээдийн балгаар аж ахуйн ажилтай зууралдан, Солонгосчуудын аяар хөдөлж, иргэдээ доромжлуулж ч байх шиг. Хувийн компаниуд гадаад руу ажиллах хүч гаргаж болоод байхад яагаад заавал төр гараа дүрж, иргэдээ гадаад руу "цөлөх" ёстой болж байна аа? Ер нь хараад байхад мөнгөний үнэр л ханхалвал өлсгөлөн ноход шиг үсчиж байдаг төртэй улс юм аа даа, бид. Төр бизнест хэт оролцоод байвал чөлөөт өрсөлдөөн, эдийн засгийн эрүүл орчин гэдэг юм оршин тогтнох гэж мөн ч их зовно доо, зайлуул.
Гарах гарц ойлгомжтой, жижиг дунд бизнесийг дэмжих төрийн бодлого. Түүнээс биш, төр гэдэг маань иргэдийнхээ шаардсан болгоныг биелүүлээд байдаг авралт бурхан биш. Төсвийн хэмжээ нь ихсээд л байдаг, төрийн толгой томроод, зарлага нь нэмэгдээд л байдаг. Ер нь эрхэм түшээд маань заавал үнэтэй модон сандал дээр сууж байж л мэргэн цэцэн хууль гаргадаг хүмүүс бололтой. Хуралдааны танхимаа засаад л, янзлаад л байх юм. Гэтэл Монголдоо бизнес хийгээд, амьдрал ахуйгаа өөд нь татчихъя гэсэн хүмүүс нь төрийн хүнд суртлын машинтай тэмцэх гэж хамаг байдгаа шавхаад, нэг бол бусдын өрөөсөн дугуй болж, бялдууч зусар загнаж байж бизнесээ хөл дээр нь босгох, нэг бол цагаан тугаа өргөн бууж өгөөд, төрийн хишиг горьдсон ядуу нэгэн болох л зам байх шиг. Боже мой.
Гадаадад гарч эрдэм сурах нь зөв өө, харин бусдын "боол" болж залуу насаа үрэх нь хайран. Бид харалган төрийнхөө золиос болж яваа нь үнэн ч төр гэдэг маань ард түмний толин дахь тусгал гэгддэг тул бид өөрсдөө харалган болж таарна.
Монгол хүн Монголдоо цалингаараа хангалуун амьдардаг болох, тийм "Монгол мөрөөдөл"-ийг зүрх сэтгэлдээ тээж явцгаая л даа, хүмүүс ээ. Түүний тулд бид өөрсдийгөө өөрчлөх ёстой. Ажилчид нь ажилдаа үнэн сэтгэлээсээ хандацгаая. ажил олгогчид нь ажилчдынхаа амьдрал ахуйг анхаарцгаая. Төр нь ажил олгогчдоо дэмждэг болъё. Болохгүй бүтэхгүй зүйлээ бусдын буруу болгож өөрсдийгөө хуурахаа больцгооё.
Тэгж байж монгол хүний гараар Монгол орон маань цогцлон босно шүү дээ.
Төрийн минь сүлд өршөөг.
За, за, хадуурахаасаа өмнө босч хар цайгаа чанаж ууя чихшиг. Сургуулиа удахгүй төгсөөд, өөрийн монгол мөрөөдлөө биелүүлэхээр аян замдаа гарна аа.
3 comments:
Залуу минь ярих ч бас амархан шүү дээ. Цалингаараа монголдоо хангалтай амьдарч монгол мөрөөдлийг сэтгэлдээ тээгээд ажил болтлоо хэдий хугацаа хэрэгтэй билээ дээ. яс юман дээрээ монголын айл өрхийн 70, 80% гэрээсээ ядаж ганц тэжээгчээ гадагш нь гаргаж хөлсийг нь мөлжиж амь зууж суугаа нь нууц биш болчоод байна даа. үлдсэн хэд нь хэдэн цаас нэхэж идчээд ядаж хэр таарсан ажил олоод хийчихье гэж бодохгүй л залхуураад сууж байдаг. явсан нохой яс зууна гэж дэмий хэвтэж байхаараа хэсэг хугацаанд ч гэсэн амьжиргаагаа залгуулж байгаа хүмүүсийг буруутгах хэцүү л дээ. яг одоо 200, 300$ өгөөд ажиллуулах ажил олгогч хэд билээ дээ. Өнөөдрийн байдлаар мэрэгжилгүй, боловсролгүй залууст бүү хэл эрдэмтэн докторууд ч ийм ажил олдож байгаа нь хэр олон бэ? солонгос явж буй залуус ар гэрээ тэжээх, амьдралаа өөд нь татахын хажуугаар эрхтэн дархтануудын олзоо булаалдах шуналын өгөөш болж байгаа нь нийгмийн бүх давхаргын мөлжлөгийн золиос болж байх шиг. байгаа бүхнээ бараад одоо цөөхөн хэдэн хүнийхээ хөлсийг сорж, шүүсийг нь шахаж идэх, охид бүсгүйчүүдээ бэлгийн мөлжлөгөд дамлан наймаалж, хараа хяналтгүй бага насны жаалуудынхаа эд эрхтнийг зарах зэргээс илүү чухал ажилгүй л болж дээ. энэ бүх бохир бизнэсийн ард эрхтэн дархтанууд, хэсэг бүлэг хүмүүс байж гэдэс нь цэндийж, кармаа нь түнтийж байх юм.
Legacy
Уул нь санааг нь дэмжиж байна. Тогтолцоо нь ийм байгаад яалтай билээ. Хэн ч 50 долларын цалингаар гүрий гэвэл салаавч өгнө. Харин хятадууд бол тэгэхгүй. Энд эрдэмтэд эдийн засагчдын оролцсон ул суурьтай судалгаа хийж, түүн дээр үндэслэж тогтолцоогоо боловсронгүй болгох хэрэгтэй бус уу. Гадаадын ажилчидаас авдаг хураамжийг хамгийн тохиромжтой өндөрт хүргэж байж монгол ажилчид ажилын байртай болцгооно. Хангалуун биш юмаа гэхэд цалингаараа амьдраад болохуйц хэмжээнд хүрнэ.
Одоо яаж байна гэвэл хэн нэгэний улс төрийн шийдвэрээр гаргасан үндэслэл багатай шийдвэр тогтоолүүд хөвөрч байна. Ихэнх нь үрлэг зарлага өглөг. Олон нийтийн сэтгэл зүй ч тэгэж бүрэлдэж тогтож байна даа.
хятадууд монгол барилгын ажилчдаас 4-5 дахин илүү цалин авдаг, тэд бол хямд ажилчид биш, гол нь ажлаа хурдан хийдэг, архи уухгүй, хулгай хийхгүй гэдэг утгаараа амар байдаг юм шиг бна лээ. монголд амьдрахад одоохондоо хэцүү гэж ярьдаг ч ойрын ирээдүйд дээрдэх магадлал бас л бага байнаа, одоо тэгээд гадаадад ажилллаж байгаа хүмүүсийн түрүүч нь залуу гэж хэлэхээргүй нас нь явтлаа гадаадад ажиллаад бүүр тэндэхийн иргэн болох тухай бодох нь цөөнгүй болсон юм шигээ. яана даа монгол минь.
Post a Comment