2007-08-04

Сүх далайтал үхэр амар

Алдаагаа давтдаггүй хүн ухаантай хүн
Бусдын алдаанаас суралцдаг хүн мэргэн хүн

8-р сарын 1-нд АНУ-ын Миннесота муж улсын Миссисипи мөрөн дээгүүр тавьсан хурдны замын гүүр хэдхэн хоромд нуран унаж, 5 хүн нас барж, хэдэн арван хүн гэмтэж бэртэн, сураггүй алга болсон хүмүүсийг хайх ажил нь бэрхшээлтэй тулгарч буй. Одоо ч мөрний ёроолд живсэн машинууд, эвдэрсэн гүүрний хэлтэрхий эмгэнэлт явдлыг илтгэн байсаар байна. Уг гүүрийг ноднин АНУ-ын Тээврийн Яам бүтцийн доголдолтой хэмээн тодорхойлсон боловч ямар нэгэн засвар үйлчилгээ хийгээгүй байна. Харин ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр уг хэрэг явдлын дараа АНУ даяар байдаг нийт гүүрний 25 хувь нь засвар шаардлагатай бөгөөд нурсан гүүртэй ижил бүтэцтэй гүүрнүүдийг яаралтай шалгах хэрэгтэй хэмээн мэдэгдэв. Япон улс өөрийн орон дахь гүүрнүүдээ хэрхэн арчилж буйг шалгатал, 80 хувь нь тогтмол үзлэг, засвар нь хугацаандаа хийгдээгүй байсан нь илрэв. Харин Монголд?

Хэдэн жилийн өмнө Тэрэлж хүрдэг ганц замд байдаг модон гүүр нуран унаж, жуулчдыг ганц нүүр тахалдаг газраа аваачихад хүндрэл учирч байсан. Бас Улаанбаатар хотод байх Маршалын гэж алдаршсан гүүр монголчуудын хэнэггүйг илтгэн эвдэрхий хэвээрээ л байгаа. Осолдохгүй Энхтайвны гүүрийг барьж өгсөн өнөөх хятадуудаа холгон тэдний тусламжаар засуулдаг боловч хэлтэрхий нь хагарч унах гэх мэт асуудал гарч л байсан. Азаар АНУ-д болсон эмгэнэлт явдал шиг хүний аминд хүрсэн айхтар том осол дуулдахгүй юм.

Зам, гүүр гэдэг байнгын арчилгаа шаардаж байдаг эд. Үүнийг хариуцдаг Барилга Хот Байгуулалтын Яам энэ “завшаан”-ыг ашиглаад ямар нэг арга хэмжээ авч, улс орон даяарх зам гүүрнүүдээ шалгаасай. Энэ зуны Монголын улс төр халуун болж, ерөнхий сайд маань танхимынхаа гишүүдээс гурваар нь сор залахаар шийдсэн сураг дуулдана. Дээдэс маань эрх мэдлээ булаацалдаж байх хооронд харин ард иргэд хохирсоор л… Ниргэсэн хойно нь хашгирдаг зангаасаа салж, урьдчилан арга хэмжээ авч байхын чухлыг Ми-8 нисдэг тэрэгний осол, мөн энэ удаагийн АНУ-д болсон осол сануулах ёстой билээ.

2 comments:

Uunee said...

Тэхдээ л юмыг яаж мэдэх вэ дээ. Найдвартай нь дээр гээд зам гүүрээ засаж янзалж баймаарсан. Сүх далайтал үхэр амар байж болмооргүй л байна даа.

Mika said...

Чиний бичлэгүүд их чанартай байдаг болхоор дандаа уншихыг хичээдэг шүү. Харин Хятадаас блогспот ордоггүй болхоор тал уншаал цааш нь өөрөө үргэлжлүүлж бодох хэрэг гардаг. ккк

Харин өнөөдөр яасийм бүү мэд Хятадаас блогспотруу орж байна. Орсон дээр нь гялсхан коммент үлдээе гэж бодлоо. Магадгүй цагийн дараа эргээд хаачихаж магадгүй. хэ хэ

Амжилт хүсье. Мика