Байн байсаар бүх дэлхийг бүрхэх Google...
20 жилийн өмнө асуулт хариултын тэмцээн их зохиогддог байлаа. Гэтэл одоо интернэт хэмээх мэдээллийн далайд хайлтын систем гээч тороо ганц хаяад л хэрэгтэй "загас"-аа барих боломжтой учраас хэрэв ийм тэмцээн зохиовол баахан ялагч тодруулах хэрэг гарч магад. Эс бөгөөс урдаа зогсоож, манаж байгаад хариултыг нь авч болох юм.
8 жилийн өмнө Стэнфорд их сургуулийн хоёр оюутан оюутны байрандаа үүсгэсэн компани өдгөө нийт хөрөнгө нь 18 их наяд долларт хүрч, мэдээллийн технологийн "акул" Microsoft-ыг ганхуулах хэмжээнд хүрчээ. Тэр бол дэлхийн бүх мэдээллийг цуглуулна гэсэн асар том зорилтоо биелүүлэхээр алхам алхмаар урагшилж буй Google юм. Google-ийн хайлтын систем өдөрт 10 тэрбум удаа ашиглагддаг гэсэн тоо бий. Google-ийн янз бүрийн үйлчилгээнд хамрагдан, түүнээс олох орлогоороо амьдардаг бүхэл бүтэн "арми" өсч өндийж байна.
Google-ийн хайлтын системд эхний 5-д эрэмбэлэгдэхгүй бол тухайн компанийн ашиг орлого нэмэгдэнэ гэж ярилтгүй, эхний 15-д гарч ирэхгүй бол компаниа дэлхий дээр байгаа гэж хэлэхэд ч хэцүү болох цаг иржээ. Дэмий юм бичихэд, "Zorigt", "Зоригт" гэж бичээд хайхад хамгийн эхэнд надтай холбоотой мэдээллүүд гарч ирж байна лээ гсн.
Google компани бүх мэдээлэл боловсруулалтаа компьютерын тусламжтайгаар хийгддэг гэдэг ч яг үнэндээ бол хэрхэн эрэмбэлэхийг тэд л мэддэг. Дургүйгээ хүргэсэн "гар"-ыг бол хайлтын системээр хайхад гарч ирэхгүй болгож "рекэт"-лэж чаддаг. Америкт л гэхэд Google-ийн хайлтын системд гарч ирэхгүй болсноос орлого нь эрс буурч, дампуурахад хүрээд, Google-тэй шүүхдэж буй компаниуд бий.
Google асар их мэдээллийг бидэнд өгөхийнхөө хэрээр танаас ч бас өөрийн тухай мэдээллээ өгөхийг шаардаж буй. Тэд таны кредит картын дугаар, сонирхол, орж үздэг сайтууд, тэр ч бүү хэл таны хаана байгааг мэдэхийг хүсч байна. San Francisco зэрэг хотуудын аль ч хэсгээс интернэтэд холбогдох боломжийг Google олгож буй бөгөөд ингэснээр тэд таны хаана явааг тодорхойлж, ойр орчмын газруудын рекламыг танд хүргэх боломжтой болж байгаа юм байна. Яваандаа бүх дэлхий Google-ийн хяналтанд орох биз. Google таны мартагдсан дурсамжийг ч үүрд хадгалж, таныг энэ дэлхий дээр тоос хөдөлгөж явсныг гэрчилнэ.
Хүмүүс бид амар хялбар, тав тухтай орчинг мөрөөдөж, түүндээ хүрэхийн төлөө хөдөлмөрлөж ирснийхээ дүнд өнөөдрийн хөгжилд хүрсэн. Харин эргээд харахад бид олон олон чадвараа гээж байна. Компьютерын араас "том том" юм ярьж буй намайг хөдөө хээр талд ганцааранг минь орхивол яаж өлсөж, даарч, зовох бол оо. Үүнтэй адилаар Google байхад бид мэдээлэл хайхад цаг зарахгүй болж байгаа нь сайшаалтай ч, Google зарим мэдээллийг нуугаад бидэнд өгөхгүй бол яах вэ? Бүр муугаар бодоход Google хэзээ нэгэн цагт террордуулаад сүйрчихвэл бидний хамаг юм "будаа болно".
Эртээ урьдын цагт хэнд эрх мэдэл, зэвсэг байна, тэр бусдыг захирдаг байсан бол өнөөгийн нийгэмд хэнд мэдээлэл байна, тэр хүчтэй. Google та бидний амьдралыг улам бүр өөрөөсөө хамааралтай болгохоор довтолгож байна.
Бид Google-д итгэх эсэх нь бидний хэрэг ч биднээс огт хамааралгүйгээр Google Revolution айсуй.
3 comments:
NHK r garch baisan
Гоогэл хайлтад эхэнд гарч ирэх нь компаниудад маш их вэб хандалт, түүнээ дагаад ашиг орлого авчирах болсноор ямар нэгэн аргаар тэрхүү эрэмбэнд эхний хэдэд жагсах арга саам хайх болсон нь тодорхой. Гооглийн хайлтын эрэмбэлэлтийг "залилж" шудрага бусаар эрэмбээ өсгөх оролдлого их болсноор гооглийнхэн хайлтын системдээ тиймэрхүү үйлдлийг шалгадаг алгоритмуудыг нэмж эхэлсэн байгаа. Зарим компаниуд өөрснөө эхэлж галаар наадчихаад сүүлд нь тоглож байгаад тоглоомоо даахгүй тонгойж байгаад ...өө даахгүй гэгчээр хэл ам хийх нь ч байдаг. Гооглийг дараагийн Майкософт гарч ирж байна гэх яриа жаахан цуу маягаар тарж буй ч үнэний хувьтай гэж бодож байна. Ирээдүй харуулах байхаа.
NHK-р гарч байсан энэ нэвтрүүлгийг хальт үзсэн юм байна. Монголоор ингээд сайхан бичсэнд баярлалаа.
Post a Comment