2005-12-12

2005 оны "канжи"

Японд жил бүрийн төгсгөлд тухайн жилийг тодотгох ханз үсгийг тодруулдаг уламжлалтай. 2005 оны "канжи" (ханз үсэг)-гаар хайр гэсэн утга бүхий "愛 (ai)" хэмээх ханз сонгогджээ.

Үүнд, энэ онд Айчи мужид хагас жилийн турш зохиогдсон ЭКСПО үзэсгэлэнгийн нэр болох 愛・地球博 (ai-chikyu-haku), мөн эрхэмсэг гүнж Саяако нөхөрт гарсан, түүнчлэн Мияазато Ай (гольф), Фүкүхара Ай (ширээний теннис), Оотомо Ай (волейбол) зэрэг тамирчдын амжилт нөлөө үзүүлсэн бололтой. Ойрын хэдэн жил ийм халуун дулаан үг оны онцлох ханзаар бараг тодроогүй юм.

"Сүүлийн 10 жил япончуудын нүдээр" буюу жилийн онцлох ханзууд:
2005 - ai (хайр).
2004 - wazawai (гамшиг). Япон болон дэлхий дахинд байгалийн гамшиг олон тохиолдсон.
2003 - tora (бар). Японы бэйсболын төв лигийн Hanshin Tigers баг 18 жилийн өмнөх амжилтаа давтан, лигтээ түрүүлсэн (Хашаад баярлалаа :D).
2002 - kaeru (харих). Японоос Умард Солонгост хулгайлагдаад байсан 5 иргэн нь 20 гаруй жилийн дараа эх орондоо эргэж ирсэн.
2001 - tatakau (байлдах, тулалдах). Америкт террорист халдлага гарч, Афганистанд дайны гал дүрэлзсэн.
2000 - kin (алт). Олимпийн жил байсан.
1999 - sue (адаг, сүүл). Нэгэн мянган шувтарч, шинэ мянган эхэлсэн.
1998 - doku (хор). Хирошима хотын нэгэн бяцхан хоолны газрын эзэн эмэгтэй үйлчлүүлэгчдийнхээ хоолонд хор хийснээс болж хэд хэдэн хүн хорвоог орхисон дуулиант явдал гарчээ.
1997 - taoreru (унах, "дампуурах" гэдэг үгэнд ордог). Томоохон үнэт цаасны компаниудын нэг болох "Ямаичи шоокэн" компани дампуурсан нь эдийн засаг нь зогсонги байдалд орсон байсан тус улсын иргэдэд энэ үсгийг сонгоход нөлөөлжээ.
1996 - shoku, taberu (хоол, идэх). Японд О-157 вирусаар үүсгэгддэг хоолны хордлогын тохиолдол олон тоогоор илэрсэн жил байжээ.
1995 - furuu (чичрэх, "газар хөдлөлт" гэдэг үгэнд ордог). 1995 онд Кобэ, Осака хавьд хүчтэй газар хөдлөлт болж, 5000 гаруй хүн амь үрэгдсэн гэдэг.

Харин таны хувьд өнгөрч буй 2005 оныг нэг үгээр илэрхийл гэвэл ямар үгийг сонгох вэ?

Өөртөө хэлэх хэдэн үг

Цаг хугацаа бүхнийг өөрчлөх чадалтай ажээ. Өөрийгөө сүүлийн хэдэн жилд ямар их өөрчлөгдсөнөө гайхаад барахгүй юм. Дунд сургуулийн сурагч байхдаа хичээлээ огт тасалдаггүй, "тоо бодохоор толгой сэргэдэг" хүүхэд байлаа. Монголд оюутан байхдаа Япон руу л явахаар болчихвол бүх юм болно, бүтнэ гэсэн шиг хичээлээ огт хийлгүй, 3 жилийг дэмий шахуу өнгөрөөжээ. Энэ хооронд миний өнөөх хичээл номонд дуртай зан чанар алга болсон мэт...
Санаа зовоох асуудал их гарч ирээд, ирээдүйн тухай, хувийн амьдралынхаа тухай хэтэрхий их бодоод байгаа юм болов уу, эсвэл сонирхол татах өөр юм (компьютер л гэж таамаглахаас) гарч ирснээс болоод хичээлдээ анхаарлаа хандуулж чадахаа больчихсон юм болов уу? Сүүлийн хэдэн сар оюутан хүнийхээ үүргийг бараг биелүүлсэнгүй, хичээлээ хичнээн ч удаа таслав, хичээлийг чухалд тооцохоо ч больж. Өнөөдөр математикийн нэг хичээлийн рефератаа хийхээр суусан боловч "тоо бодохоор толгой сэргэх" биш, харин ч нойр хүрдэг болсноо ажаад өөртөө ямар их уур хүрэв ээ.
Энэ янзаараа байвал сурлага маань муудах шинжтэй дэг ээ. Хэцүү гэдгийг нь мэдэж байгаа ч, бага дээр нь өөрийгөө засч авах хэрэгтэй...
4-хөн өдөр хичээлдээ яваад амралт эхлэх гэж байна, тэр болтол 3 реферат, даалгавар өгөх ёстой болохоор хүчилж байгаад хийхээс өөр арга алга. Харин...

2006 оны хичээл эхлэх хүртэл өөрийгөө хичээлд дуртай болгож өөрчлөх хэрэгтэй шүү. Тэгээд номын санд сайн сууж байхаар шийдлээ.

2005-12-07

Хайрын арал - Эношима

Асуулт самбарын "Юмыг үзүүлж, нүдийг тайлуулъя" гэсэн өвөрмөц нэртэй тэмцээнд оролцохоор бичсэн 2 эссе-гээ тавив. Таалалд тань нийцэх болтугай.

ХАЙРЫН АРАЛ ЭНОШИМА


Нарита нисэх онгоцны буудалд буунгуутаа ачаагаа буудалдаа орхиод хаа нэгэн үзэсгэлэнтэй газар луу аялмаар байна уу? Тэгвэл танд “Хайрын арал” Эношимаг санал болгож байна. Тоокёо өртөөнөөс 1160 йен төлөөд галт тэргээр цаг орчим явахад л мөрөөдлийн аралд хүрнэ. Мэдээж арал руу шууд галт тэрэг яваад оччихгүй, арлын ойролцоох Эношима хэмээх өртөөнд буугаад тэндээсээ алхана. Бяцхан арал маань Хоншү аралтай Эношима Бэнтэн хэмээх гүүрээр холбогдсон байдаг. Хамгийн эхлээд таны нүдэнд он цагийн уртад элэгдэж хуучирсан нэгэн зэс хаалга харагдах вий. Тэр хаалгаар ороод баруун талын нарийхан замаар орж явбал Сагами булангийн ус цэнхэрлэн харагдах нэгэн өндөрлөг бий. Энд амьдардаг байсан таван толгойтой луу арал дээр бууж ирсэн тэнгэрийн дагинад дурлан эцэстээ бие биедээ сэтгэлтэй болон аз жаргалтай амьдран суусан “Тэнгэрийн дагина, таван толгойт луу хоёр” хэмээх домгийн үйл явдал энд өрнөдөг. Энэхүү толгой дээр нэгэн хонх байх бөгөөд уг хонхыг хамтдаа дуугаргасан хос хэзээ ч салахгүйгээр холбогддог домогтой. Тийм ч болохоор Эношимаг хайрын арал хэмээн нэрийддэг (ганцхан би ч ингэж нэрлэдэг байж болох юм, гэхдээ энэ аралд очсон хэн бүхэн хайртай хүнээ боддог нь гарцаагүй билээ).
Хосуудын хонхноос цаашаа арваад минут алхахад “Хадан эрэг” хэмээх газар хүрнэ. Энэ нь 1923 онд Тоокёо хавьд болсон том газар хөдлөлтөөр далайгаас ил гарч ирсэн асга хадаар дүүрэн эрэг бөгөөд загасчлах хоббитой хүмүүсээр дүүрэн өнждөг. Түүнчлэн хадны завсрын уснаас бяцхан сам хорхой, дунгуудыг ч харах боломжтой тул бяцхан жаалуудын ирэх дуртай газар бөлгөө.

Хадан эргийн ойролцоо “Эношима Иваяа” хэмээх агуй байрлана. Уг агуй нь өмнө нь хад нурах аюултайн улмаас хүн орохыг хориглодог байсан хэдий ч 1993 онд засвар хийснээр хүн нэвтрэх боломжтой болжээ. Харамсалтай нь агуйд ороход том хүн 500, хүүхэд 200 йен төлдөг.

Эдгээрийг сонирхсоны дараа буцаж ирсэн замаараа хэсэг явахад нэг зам салж гарч ирнэ. Энэ нь Эношима гэрэлт цамхагт хүргэдэг зам юм. Дөнгөж 2003 онд Эношима Төмөр Замын Компанийн 100 жилийн ойд зориулан босгосон, далайн түвшнээс дээш 119.6 метр өндөр уг цамхгаас эргэн тойрны байдал тун үзэсгэлэнтэй харагдана. Цэлмэг өдөр бол Фүжи уулнаас эхлээд Изү хойг, Оошима арал гэх мэт 200 км алсад орших газрууд хүртэл харагддаг юм. Сагами буланд наран шингэх үес, далайд уусах наран авхайн үзэсгэлэн гоог үгээр хэлж баршгүй. Цамхгийн орой дээр гарах нь том хүн 300, хүүхэд 150 йений төлбөртэй. Гэхдээ уг цамхаг нь “Эношима Самуэл Коккинг цэцэрлэгт хүрээлэн дотор байрладаг бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд ороход том хүн 200, хүүхэд 100 йен төлдөг. Хуучин Эношимагийн ургамлын цэцэрлэгт хүрээлэнг 2003 онд бүрэн шинэчлэн Мэйжи эриний худалдаачин Самуэл Коккингийн алдраар нэрийдсэн уг цэцэрлэгт хүрээлэнд бяцхан Майами гэсэн хэсгээс эхлээд төрөл бүрийн ургамалыг сонирхох боломжтой.

Буцаж шатаар уруудан арлыг нэг бүтэн тойроод ирэхэд “Улаан хаалга” үдэж гаргана. Ер нь арал дээр байгаа 2 хаалга нь Эношима сүмийн хаалганууд гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ. Энд зочилсон хосууд Эношима сүмийн бурханд хувь заяа, ирээдүйгээ даатган, аз жаргалыг зөгнөн бурхнаас хүсэх хүсэлтээ модон хавтан дээр бичиж үлдээдэг уламжлалтай.

Арлын гол гол зүйлсийг үзчихлээ, одоо далайн эргээр жаахан алхвал арлын үзүүрт эртний Японы загасчдын тосгон тэр чигээрээ хадгалагдан үлдсэн байхтай тааралдаж, тэнд амрангаа хөнгөн зууш хүртэх боломжтой. Цүнамигаас хамгаалах нарийхан далан дээгүүр алхах нь ч бас торгон мэдрэмжийг тань хөглөх вий. Мөн энэ хавьд байх дарвуулт завинаас хөлөглөн далайн усанд хэсэгхэн хугацаах өнгөрүүлэх боломж ч бий.

Буцах замдаа далайн эргийн элсэн дээр давалгаа харж амсхийнгээ хайртай хүнтэйгээ эргийн элсээр зүрхэн хэлбэртэй “усан онгоц” урлах ч боломжтой шүү дээ.
Хамгийн гол нь энэ хавьд элээ, тагтаа, цахлай, болжмор элбэгтэй тул ил задгай хоол унд идэхдээ шүүрүүлэхээс сэргийлээрэй.

Ийнхүү байгалийн үзэсгэлэн, Японы түүх соёлын дурсгал хосолсон нэгэн газраар таныг газарчиллаа. Хайртай хүнтэйгээ заавал нэг удаа зочлон “Хосуудын хонх”-ыг дуугарган, ирээдүйн аз жаргалаа тэгшитгээрэй гэж эцэст нь хүсье.

Их хотын чимээ шуугианаас хэсэгхэн зуур ч болтугай холдон, иймэрхүү газраар аялах нь юугаар ч сольшгүй аз жаргал болохыг бид бүгд хэлүүлэлтгүй мэдэх билээ. Нэг өдрийг ийнхүү хайрын арлаар алхаж өнгөрүүлсний орой, хайртаа зүүдэлж хоноход маргааш нь сэтгэл тэнэгэр “шоудах” боломжтой шүү дээ.


Эношима төмөр замын Эношима өртөө


Эношима арлын байдал, Эношима Бэнтэн гүүрэн дээрээс


Эношима арлын газрын зураг


Зэс хаалга


Эношима гэрэлт цамхгаас. Далайд тусах нарны тусгал хүртэл хайр сэтгэлийг санагдуулам...


Эношима Майами Бич


Эношима ургамлын цэцэрлэгт хүрээлэнд


Самуэл Кокклингийн цэцэрлэгт хүрээлэн


Эношима Хадан эргийн загасчид


Эношима Иваяагийн хаалга


Эношима сүм дэх хайрт хосуудын хүслээ бичсэн модон хавтангууд


Улаан хаалга. "Баяртай, дахин ирээрэй"


Далайн эрэг дэх зүрхэн хэлбэрт "онгоц"


2005.11.25

Япон орон

ЯПОН ОРОН


Япон улсыг анх зорьж буй монголчууд маань тэнгэр баганадсан барилга, гудамж дүүрэн хүн, техник технологиор нь төсөөлөх нь бий. Гэтэл Япон нь ЮНЕСКО-гийн “Дэлхийн өв”-д бүртэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар 3 (Якүшима, Шираками Санчи, Ширэтоко) байдгаараа аль хэдийн онгон байгалиараа бахархах дуртай бидний эх орныг даван гарчээ. Манай нутагт “Дэлхийн өв” дөнгөж хоёрхон байдаг (Увс нуурын ай сав, Орхоны хөндий) билээ. Мэдээж эртний түүхт энэ улсад Хирошимагийн цөмийн дэлбэрэлтийн дурсгалын хүрээлэн, Алтан сүм зэрэг “Соёлын өв” олон бий.

Япон орныг хэрэн сүлжсэн төмөр замаар нь аялахад Монгол шиг цэлийсэн тал харагдахгүй, зай завсаргүй үргэлжлэх барилга байшин, тариан талбай, эсвэл зах хязгааргүй далай нүдний өмнүүр өнгөрнө. Нийслэл Тоокёо, усан боомт Ёкохама, бизнесийн төв болох Оосака, эртний нийслэл Кёото, энэ жил ЭКСПО зохиогдсон Нагоя болон Хирошима, Фүкүока зэрэг 12 хотод тус бүр саяас дээш хүн оршин сууна. Монголын газар нутгийн дөнгөж дөрөвний нэгтэй тэнцэх жижигхэн, тэгсэн мөртлөө ихэнх хувийг нь өтгөн шигүү ой бүхий өндөр уулс эзлэх арлууд дээр 120 гаруй сая хүн чихцэлдэн амьдардаг болохоор арга ч үгүй биз ээ.

Газрын зураг тольдвол хойноос урагшаа сунан тогтсон Хоккайдо, Хоншү, Шикокү, Кюүшү хэмээх 4 том арал болон Окинава зэрэг олон тооны жижиг арлаас бүрдсэн нь харагдана. Хоккайдо арал нь мал аж ахуй, газар тариалан хосолсон, уур амьсгалаараа ч манай Монголтой ойролцоо. Үүнийг бичигч миний бие Хоккайдогийн Китами хэмээх хотод очиж үзэх завшаан тохиолдож байсан билээ. Айнү хэмээх үндэстэн эртнээс нааш оршин суудаг байсны тэмдэг болох айнү хэлээр нэрлэгдсэн газрууд Хоккайдод олон бий. Харин уг үндэстэн нь япончуудад сүрхий уусч, хэл соёл нь мартагдахад хүрээд байгаа бололтой. Хоккайдо арлын засаг захиргааны төв нь Саппоро хот. Энд 1972 онд өвлийн олимп зохиогдож байсан түүхтэй. Арлын хамгийн өмнөд хэсэгт байх Хакодатэ хотын шөнийн гэрэл нь Азидаа хамгийн үзэсгэлэнтэй гэлцэх нь бий. Хоккайдо, Хоншү арлыг далайн түвшнээс доош ойролцоогоор 150 метрийн доор байрлах 53.85 км урт Сэйкан туннелиэр холбогддог. Энэ туннель нь инженер барилгын нэгэн гайхамшигт бүтээл хэмээн нэрлэгдэх эрхтэй билээ.

Хоншү аралд нь ихэнх том хотууд нь байрлана. Арлын төв хэсгээр сунан тогтсон өндөр уулсын нөлөөгөөр Сибирийн хүйтэн агаар Номхон далайн эрэг хавь руу нэвтрэх нь ховор. Тийм болохоор ижил өргөрөгт оршдог хэрнээ Япон тэнгисийн эрэг хавийн газрууд нь өвөлдөө хүйтэн, цас их унадаг бол, Номхон далайн эрэг хавийн газрууд нь арай дулаан, цас багатай байх жишээтэй. Ерөнхийдөө Нагоя хавиар баруун Япон, зүүн Япон хэмээн хуваагддаг бөгөөд хүмүүсийнх нь хэл яриа нь өөрчлөгдөөд ирэхийг Тоокёо, Оосака хоёрын хооронд галт тэргээр зорчихдоо ажиглаж болно. Хараад байхал япончууд монголчуудаас илүү нутгархаг үзэлтэй юм шиг ээ, хүнтэй танилцахад заавал нутгийг нь асууна. Тэгээд тэр жижигхэн газар нь 47 мужид хуваагддаг гээд бодохоор ёстой л “жалга довны үзэлтнүүд” байгаа биз. Гэхдээ тэдний биднээс ялгаатай нь япон хүн гэсэн сэтгэлээр, нутаг нуга харгалзахгүй хамтран ажиллаж, сэтгэлээсээ зүтгэж, амжилтанд хүрэх чадвартай байдагт оршино. Энэ ч чанар нь тэднийг дэлхийн 2-р дайны үнс нурмаас өндийж, хүчирхэг гүрэн болоход нь нөлөөлсөн биз ээ.

Уулархаг энэ орны бэлгэ тэмдэг гэж хэлж болохуйц нэгэн уул бол хэн бүхний мэдэх Фүжи уул юм. Далайн түвшнээс дээш 3374 метр өндөр уг уул бараг 200 км холоос ч алсад сүндэрлэн харагддаг, мөн хаанаас нь ч харсан адилхан хэлбэртэй тэгш хэмтэй гээд л олон зүйлээрээ алдартай.

Осакагаас урагшаа аялж үзээгүй болохоор Кюүшү, Шикокү болон Окинавагийн талаар бичих боломжгүй нь. Харин Окинавад очиж үзсэн хүмүүс Японы бусад хэсгээсээ огт өөр хэмээн хэлэлцдэг юм билээ.

Улс орны өнгө төрх нийслэлээсээ харагддаг гэлцдэг. Тэгвэл 20 сая хүн амтай, нийслэл Тоокёо нь үнэхээр л их хөлийн газар билээ. Тоокёо орчмын төмөр замын сүлжээгээр East Japan Railways хэмээх ганцхан компанийг нь л авч үзэхэд өдөртөө 20 сая гаруй хүн үйлчлүүлж, Шинжүкү өртөөг 2 сая зорчигч ашигладаг гэсэн баримт бий. Тоокёо өртөөний орчим нь төрийн байгууллага болон томоохон компаниудын барилгаар дүүрэн. Харин залуусын хувьд, Шинжүкү, Шибүя дүүргүүд нь ёстой л “диваажин” гэж хэлэхэд болно. Тэнд хоногийн 24 цаг амьдрал буцалж байдаг. Залуусын шөнийн “шоудалт”-ын үр дүнд үүрээр хог новшинд дарагдаж үлдэх дүүрэг нь 5 цагт галт тэрэг хөдөлж, хүмүүс ажил сургуульдаа яарах цагт аль хэдийн цэвэр цэмцгэр байдалдаа буцаж орсон байдаг. Акихабара хэмээх газар электрон барааны дэлгүүрүүдийг цуглуулснаараа алдартай. Японд очсон гадныхан тэндээс заавал нэг электрон бараа худалдан авч харьдаг гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн диско баруудаар дүүрэн Роппонги дүүрэгт орой үдшийн цагаар есөн хэлийн амьтан холхин, япон охидыг хөтөлсөн хар, цагаан арьстнууд хөлхөлдөнө. Харин өдрийн цагаар аль ч дүүрэгт нь костюм пиджак өмсөж, зангиа зүүн цэмцийсэн албан хаагчид юунд ч юм яаран, мөргөж унагачих шахам зөрөн өнгөрнө. 333 метр өндөр Tokyo Tower-аас цэлмэг өдөр бол Тоокёо хот тэр чигээрээ, мөн далай, тэр ч байтугай алдарт Фүжи уул хүртэл харагддаг.

Дөнгөж ирчихээд Шибүя орж үзэхэд тэр олон хүний дундуур алхахад тун төвөгтэй санагдаж, ёстой л “Харийн нутаг давчдаад байна, харсан зүгтээ гүймээр байна” хэмээх дууны бадаг санаанд орж билээ. Одоо ч дасаад, япончуудын л нэгэн адил ямар нэг юманд яаран, тэдний дундуур сурамгай сүлжин алхлах болсон доо. Гэхдээ захын дүүргүүд нь харьцангуй нам гүм. Дээрх өгүүлбэрт гарч буй “яаран алхалж буй би” бол хаа нэг хотын төв орох үеийн л миний төрх юм. Ердийн үедээ хотын төвөөс галт тэргээр цаг орчим явж хүрдэг захын дүүрэгтээ дугуйгаар сургууль, гэр хоёрын хооронд яван өдөр хоногийг өнгөрөөдөг юм.
Япон орон, түүнд оршин сууж буй жирийн нэгэн оюутны нүдээр харахад ийм бөлгөө.

2005.11.25

2005-12-06

Замбараагүй бодрол...

Удаан уулзсангүй шүү.
1. Шарласан навчис, тэсгим хүйтэн жавар, хэмнэл алдагдсан амьдрал, цагийг нь тулгасан даалгавар, завгүй "амралтын" өдрүүд, хорхог, ганцаардал, саарал өдрүүд... "Сураггүй алга болсон" нэг сарын өнгө ийм байлаа. Авууштай нэг зүйл нь их сургуульд суралцах үлдсэн 2 жилдээ юуг шамдан суралцах, юугаар мэргэшихээ шийдсэн явдал байлаа.

2. Сүүлийн хэдэн өдөр Мобикомын хөрөнгө оруулагч гэдгээр нь монголчууд мэдэх KDDI корпорацийн захирал Инамори Казүогийн "Амжилтанд дурлахуй (成功への情熱)" хэмээх номыг оройд уншиж байна. Номоо зээлүүлсэн Тулгад сэнпайдаа талархлаа илэрхийлье. Иймэрхүү төрлийн номнууд уншихаар нэг л шинэ эрч хүч авах шиг болж, амьдралаас урьд нь олж хараагүй байсан зүйлс харагдаж, ер нь л өөртэйгээ их ярилцдаг болох юм.

3. Ганцаараа байдаг хүн чинь өөрийгөө аль болох завгүй байлгах гэж оролдоод янз бүрийн олон нийтийн ажил, оюутны холбоо гэж гүйсээр байтал би гэж хэн бэ гэдгээ мэдэхээ больжээ. Ядрах ч шиг... Гэхдээ олон нийтийн ажил хийснээр олж авч байгаа дадлага туршлага маань лекцнээс сурсан зүйлсээс их ч байж магад. Тийм болохоор "хүний төлөө" олон нийтийн ажил нь над шиг залуу хүмүүст "миний төлөө" ажил болж таарч байна.

4. Хичээл дээр "Weblog ang SNS (Social Network Service)" гэсэн илтгэл саяхан тавьсан. Вэблог буюу товчоор блог бий болсноор шинэ төрлийн бизнес цэцэглэх болжээ. Улмаар SNS бий болсон нь энэ төрлийн бизнесийн боломжийг бүр ч нэмэгдүүлж байна. Монголчууд ихээр байдаг SNS-д Hi5 орно. SNS нь гишүүдээ ижил төстэй байдлаар нь ангилан (хобби, сонирхол, хэл яриа, гарал үүсэл, амьдардаг газар, нас хүйс гэх мэт байж болох бараг л бүх төрлөөр) групп, бүлгүүдэд хуваах боломжтой байдаг нь бизнесийнхээ "бай" болох хүмүүсийг олоход улам төвөггүй болгож байна.

5. LOHAS. Энэ үгийг хэзээ нэгэн цагт дуулж байсан уу? Үгүй бол интернэтэд хайгаад үзээрэй. Байгаль орчинд ээлтэй, "стиль"-тэй, эрүүл мэндэд сайн, өвөрмөц бараа бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хүмүүс буюу LOHAS-уудын тоо хөгжилтэй орнуудад улам бүр өссөөр л байна. Гялгар уутнаас татгалзаж, дэлгүүр явахдаа даавуун тор барьдаг нь LOHAS-чууд, спортоор хичээллэн, эрүүл мэнддээ анхаардаг нь LOHAS-чууд... Илүү ихийг мэдэхийг хүсвэл өөрөө хайгаарай.

6. Сониноос ажил олгогчид шинэ ажилтнаа
a. Бусадтай харьцах чадвар
b. Өөртэйгээ тэмцэх чадвар
c. Асуудлыг шийдвэрлэх чадвар
гэсэн шалгуурыг эн тэргүүнд харгалзаж сонгодог болох нь батлагджээ.

7. Сүүлийн нэг жилд Японд "хит" болсон бараа бүтээгдэхүүний нэрсийг саяхан зарлав. Apple корпорацийн i-Pod, "Cool biz" хэмээх түлхүүр үг, интернэтээр үнэт цаасны гүйлгээ хийх данс, Айчид зохиогдсон ЭКСПО үзэсгэлэн, HDD Recorder, шингэн кристал, хавтгай дэлгэц бүхий телевизор гээд л энэ жагсаалт үргэлжилнэ.

За, за, ёстой жинхэнэ замбараагүй бодлууд хөвөрч байна. Үүгээр өндөрлөе.

2005-10-20

Шинкансэн болон бас бус зүйлс


Ойрд ч их тэнэж байна шүү. Өнөөдөр орчуулгын ажлаар Нагано муж руу явж ирэв. 1998 онд Наганод өвлийн олимп зохиогдож байсан билээ. Түүнд зориулж Наганогийн чиглэлийн Шинкансэн (хурдан галт тэрэг)-ийг ашиглалтанд оруулсан гэдэг.


Анх 1962 онд Тоокёогийн олимпийн өмнө ашиглалтанд оруулж байсан Шинкансэн гээч галт тэрэгний жолоочийн бүхээгт сууж (уг нь бол сандал байгаагүй тул аяллын турш зогссон л доо) Нагано оров. Дэлгэцэн дээрх хурд хэмжигч 250 км/цагийг зааж байгааг та харж байгаа биз ээ.
Тэнд Японд хамгийн эртний буюу 642 онд бүтээгдсэн бурхан байдаг Зэнкожи хэмээх буддын сүмийг сонирхон, мөргөл үйлдэв. Гол дуганых нь доор байх харанхуй хонгилоор баруун гараараа хана тэмтрэн явбал "диваажингийн хаалганы бариул" тааралддаг, модон хүний биеийн аль нэг хэсгийг гараараа илвээс тэр хүний биеийн яг тэр хэсэг нь өвчин эмгэггүй болдог гэх мэт сонирхолтой зүйлс олон байдаг уг сүмд миний бие ноднин очихдоо үзэж амжаагүй олон гайхамшигтай бүтээлүүдийг үзэж нүдээ баясгалаа.
Сүм орох замд нэг гуанзны тогооч шилэн хоргонд гурилаа элдэж, хэрчиж байхтай таарч тогоочийн ур чадварыг нь бишрэв. Энэ хүнийг гуйж байгаад бүтэн жилийнхээ гурилыг элдүүлээд хэрчүүлээд авчихвал амар юм даа гэж бодлоо л доо, тэгсэн чинь миний бүтэн жилийн гурилны хэрэглээ бараг тэг заачихаад байгаа юм байна ш д. :D






Буцах замдаа Такасаки өртөөнд хоёр шинкансэнийг хэрхэн залгаж байгааг сонирхсоноор өнөөдрийн аялал өндөрлөлөө.
Нэг иймэрхүү л өдөр болж өнгөрлөө. Бүүр олон зураг үзье гэвэл эндээс үзээрэй.

2005-10-15

Шинэ ном

Өнөөдөр орой 6 цаг хүртэл хичээлтэй байлаа. Тэндээсээ шууд ЭСЯ руу хүлээн авалтанд оролцохоор явах байсан тул өдөржин хичээлдээ костюмтай "чухал" хүн л сууж байлаа.
Японд нээлтээ хийж буй "Шар нохойн там" киноны уран бүтээлчдэд зориулсан энэ хүлээн авалтанд БНМАУ-ын СНЗ-ийн дарга (Ерөнхий сайд) асан Д.Содном гуай, ГХЯ-ны Азийн газрын захирал С.Хүрэлбаатар, Япон Улсын хэргийг түр хамаарагч Р.Жигжид зэрэг албаны хүмүүс болон киноны уран бүтээлчид нь хүрэлцэн ирэв. Миний бие Монголын найруулагчдаас "Ингэн нулимс" киногоороо Оскарын шагналд нэр дэвшиж байсан, удаах уран бүтээл болох "Шар нохойн там"-аа япончуудад танилцуулахаар ирсэн найруулагч Д.Бямбасүрэнг "олзолж" зургаа хамт авахуулав.

Уг нь бичье гэж бодож байсан гол зүйл маань энэ л дээ.
Манай ЭМОС-ын шинэ ном хэвлэлтээс гарсан, удахгүй залуусын гарт хүрэх биз ээ. Хамарсан мэргэжил нь цөөн хэдий ч Монголд дутагдаад байсан номыг гаргаж чадсан гэж би дотроо үнэлж байгаа. ЭМОС клубт элсэн орсноор өөрийгөө хөгжүүлэх үйлсэд маань томоохон ахиц гарч, Монгол эх орондоо ч хэрэгтэй зүйлс бүтээж буй хэмээн сэтгэл хангалуун явдаг билээ. Номын дэлгэрэнгүй танилцуулгыг ЭМОС-ын цахим хуудас руу орж сонирхоно уу.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.

2005-09-27

Шуудангийн тэмдэгт буюу маркны сонин хачнаас

Сайн байцгаана уу. Урт удаан амралт маань энэ долоо хоногт дуусч, ирэх долоо хоногоос хичээл номдоо шамдах цаг ирлээ. хэхэ. Асуулт нэт-д өөрийн бичсэн маркны тухай бичлэгүүдээ нэгтгэж тавилаа.

Өмнөд Молуккийн Бүгд Найрамдах Улс

Япон улс Дэлхийн 2-р дайнд ялагдсаны дараа түүний мэдэлд байсан Голландын Ост Индэд Индонезийн холбооны улс үүссэн байна. Халуун ногооны арлууд болон Өмнөд Молуккийн арлууд уг холбоонд нэгдэлгүй өөрийн гэсэн тусгаар улсаа зарласан боловч 1950 онд Индонезийн ерөнхийлөгч Сукарно цэргийн хүчээр нэгтгэсэн юм. Үүнээс хойш 30-аад жилийн турш партизаны аргаар тэмцсэн Өмнөд Молуккийн Бүгд Найрамдах Улсын тусгаар тогтнолыг дэмжигчид Голланд руу зугтсанаар энэхүү хэрэг явдал дуусгавар болжээ.
Тэд 1950-1954 онуудад орлогоор нь зэвсэг худалдаж авах зорилгоор 130 нэр төрлийн марк гаргасан бөгөөд энэ нь өдгөө аль ч улсын шууданд ашиглах боломжгүй боловч хувь хүмүүсийн дунд тархсан байдаг.


Танну-Тувагийн Бүгд Найрамдах Улс

Манж Чинь Улс мөхсний дараа түүний харьяанд байсан Хятад, Монгол, Төвд, Тува зэрэг улсууд тусгаар тогтнолоо зарласан. Энэхүү Танну-Тувагийн Бүгд Найрамдах Улс нь 1926 онд Зөвлөлт Социалист Улс болж, 1944 онд ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд автономит улс болж нэгдэн орсон түүхтэй. Тэд ЗХУ бутарсны дараа ОХУ-ын бүрэлдэхүүнд үлджээ.

Тус улсын 1935 онд хэвлүүлсэн маркны зураг.

Арабын Холбооны Улс

1948 оны 4-р сарын 9-нд Израйлийн Лехи, Иргун зэвсэгт бүлэглэлүүд Ерусалимаас хэдэн км зайд орших Дейр Яссин тосгонд халдаж, тосгоны 100 гаруй оршин суугчийг хяджээ. Түүний дурсгалд зориулж Арабын Холбооны Улс (өдгөөгийн Египет, Сири улсуудаас бүрэлдэж байсан) энэхүү маркийг гаргажээ. Яг үүнтэй төстэй загвар бүхий маркнуудыг Йордан, Саудын Араб болон Ирак зэрэг Исламын шашинт улсууд гаргасан юм.

Дубай

Персийн булан дахь Дубайн вант улсаас 1971 онд Парист болсон Сансрын Холбооны Чуулганд зориулж гаргасан марк. Үүнд тэр үеийн холбооны хиймэл дагуулууд болон хүлээн авагч станцуудыг дүрсэлжээ.
Мөнхүү 1971 оны 12-р сард Английн цэрэг Персийн буланг орхиж, тэдний хяналтанд байсан 6 вант улс нийлж Арабын Нэгдсэн Эмирт Улсыг байгуулахад Дубайн вант улс бүрэлдэхүүнд нь орсон юм. Өдгөө АНЭУ нь 7 ванлигаас бүрддэг билээ.


Куба

2000 онд Куба улс өөрийн алдарт хүү Че Геварагийн дурсгалд зориулж марк гаргажээ. Тэрээр 1965 онд тухайн үеийн Бельгийн Конго буюу одоогийн Ардчилсан Конго улсад хувьсгал зохион байгуулж байсныг энэхүү марк илэрхийлж байгаа бололтой. Гэхдээ газрын зураг дээр байгаа улс нь Конго мөрний нөгөө эрэгт байх тухайн үеийн Францын Конго буюу одоогийн Конго улс болно. Тун том эндүүрэл гарсан байгаа биз!

Руанда


Бельгийн колони байсан Руанда-Урунди нь 1962 онд Руанда, Бурунди хэмээх 2 улс болон тусгаар тогтнолоо зарласан юм. Эхний марк нь их асуудалтай.
Руанда улс өөрийн тусгаар тогтнолын дурсгалд зориулсан марк хэвлүүлсэн чинь улсынхаа газрын зургийг андуураад зурчихжээ. Доор нь байгаа Бурундигийн маркан дээрх Бурунди улсын газрын зургийг дээдэх маркны газрын зурагтай харьцуулаад хар даа.


Жич: Асуулт самбарын гишүүн Этна болон Түвшинзаяа нарт талархав.

2005-09-07

Хэзээ ч хийж болно, харин яг хэзээ?

Мэдээллийн технологийн хөгжил болон ДВД тоглуулагчийг өргөн хэрэглэх болсон тул хүмүүс телевизийн нэвтрүүлгийг бичиж хадгалах нь амархан болжээ. Гэвч бичиж авсан нэвтрүүлгээ үзэх цаг байхгүй, эсвэл дараа үзчихэж болно хэмээн бодож цуглуулсаар үзэж барахааргүй их бичлэгтэй болсон хүн олширч буй.

Японд Никкэй Шимбүн сонины газар 3000 хүнээс авсан судалгаагаар 19,1 хувь нь 10-аас олон цагийн нэвтрүүлэг бичээд хадгалснаа үзэж амжаагүй байгаа гэсэн бол 1-10 цагийн нэвтрүүлэг хадгалж буй хүн 45,7 хувийг эзэлж байна. Хүмүүсийн олонх нь хувцас индүүдэж байхдаа, хүүхдээ унтаж байх үед, бороотой өдөр бичиж авсан нэвтрүүлгүүдээ үздэг гэж хариулжээ.

"Дээврийн хөндийд 100 гаруй видео хэвтэж байгаа", "Үзээгүй бичлэгийн тоо аль хэдийн 200 давчихаад улам нэмэгдсээр л байгаа", "Атлантын олимпийн тэмцээнүүдийг бичиж авсан боловч цаг байхгүй учир үзэж амжаагүй л явна, иймэрхүү бичлэгүүдийг ДВД, хард диск гэх мэтэд бичээд хадгалж байна" гэх мэт сонирхолтой хариултууд ч байна.

"Хэзээ ч үзчихэж болох учраас гээд бодчихоор үздэггүй" юм болов уу? Тийм л юм шиг байна. Би Тоокёод амьдарч эхэлсээр 2 жил хагас болж байна. Гэтэл энэ хотын түүх соёлын дурсгалт газрууд, жуулчид их очдог сонирхолтой хэсгүүдийн ихэнхэд нь одоо болтол очиж үзээгүй хэвээр л байна. Өсөж төрсөн Монгол нутагтаа ч гэсэн 20 жил амьдарчихаад эх орныхоо үзэсгэлэнт газруудаар очиж үзье гэж бодож байсангүй. Энд ирсэн хойноо л амралтаараа эх орноороо аялах юмсан гэж бодох боллоо.

Ингээд бодохоор ямар нэг ажил төлөвлөсөн, хийе гэж бодож байгаа бол заавал хийж дууссан байх эцсийн хугацаа буюу эцэсцэг (deadline) тогтоож занших хэрэгтэй юм шиг байна.

"Хэзээ ч хийж болох зүйл"-ийг хэзээ ч хийхгүй байсаар байгаад өнгөрчихгүй юмсан...

2005-08-21

Толь бичиг

Сайн байцгаана уу. Ойрын хэдэн өдөр тайлбар толийн тухай сонирхлоо санаад баахан сууж Википедиад нэлээн хэдэн бичлэг оруулав. Сонирхсон хүмүүс тийшээ шагайгаад буриад, монгол, монголын тал хээр, монгол хэлний бүлэг, улс орнуудын газар нутгийн хэмжээ гэх мэт бичлэгүүдийг нь үзээд дутуу дулимаг, буруу зөрүү зүйл байвал засахыг хүсч байна. Ямар ч байсан өөрийн өчүүхэн мэдлэг дээрээ англи, орос, япон википедиаг шүүрдэн байж бичсэн гэдгийг ойлгоно биз ээ.

Гэтэл би гэдэг хүн бас EMOS клубийнхаа Онлайн Тайлбар Толь ОТТ-д шинэ үгнүүд нэмэх ёстой байгаагаа мартчихсан байгаагаа сая л саналаа. Тэгэхдээ ЭМОС-ынхан маань удахгүй шинэ ном гаргах гээд ОТТ-оо түр мартчихсан байгаа гэж хэлэхэд болох байх. Уг нь Чоймаа багшийн шинэ хэвлэгдсэн монгол хэлний тайлбар толинд орсон тайлбаруудыг оруулахаар зохиогчийн эрхийг нь авчихсан байгаа юм.

Ямартай ч Монголын маань залуучуудад иймэрхүү толь бичгүүд ус агаар мэт хэрэгтэй байгаа нь маргашгүй үнэн. Нэвтэрхий толь гэдэг жил бүр шинэчлэгдэж байх ёстой байтал монголчуудад 20 жилийн өмнөх 3 боть улаан толиос өөр нэвтэрхий толь байхгүй байсаар л байдаг. Хэзээ нэгэн цагт нэвтэрхий толь эрхлэн гаргагч болно гэж над шиг мөрөөдөж байгаа хүн олон байх болтугай.

2005-08-19

Өнөөдөр ямар өдөр вэ?

Нэг хэсэг бичиж байсан зүйлээ сэргээмээр санагдлаа.

1936 оны энэ өдөр. Испанид иргэний дайн эхэлж байсан тэр үед нэрт яруу найрагч, зохиолч Федрико Гарсиа Лорка фашистуудын суманд өртөн амиа алджээ.

1960 оны энэ өдөр Зөвлөлт Холбоот Улс Белка, Стрелка хэмээх нохдыг суулгасан Спутник 5 хиймэл дагуулыг тойрог замд оруулсан байна.

1934 оны энэ өдөр Адольф Хитлер Германы ерөнхийлөгч болжээ. Тэрээр аль хэдийн канцлер болчихсон байсан.

1946 оны энэ өдөр Америкийн Нэгдсэн Улсын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтон Арканзаст мэндэлжээ.

Энэ өдрүүдэд Газын зурвасаас еврейчүүдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байна. Одоогийн байдлаар тэдний 80 хувийг нүүлгээд байгаа ажээ.

Өглөөний санамж

Өглөө болгон эртлэн босч
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно
Орой болгон нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэс гариг үзэсгэлэнт сүүдрээрээ
Yүрд таныг хайрлах болно
Алтан нарыг мандах тоолонд
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэлгvй дэвжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно
Ухаант хүн та хаана ч явсан
Уулын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишгээр
Бат түвшин явах болно
Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн урт удаан наслахын
Өлзий буян бүрдэх болно


Амралт эхэлснээс хойш солигдчихоод байгаа нойроо хэвэнд нь оруулахын тулд өнөөдөр эртлэн босов. Өдөр тийшээ нойр хүрэх л байх даа. Эрт босохоор өдөр урт санагдаад урамтай байдаг шүү. Өглөө болгон хичээлд явахын өмнө радиогоор энэ шүлгийг уншдаг байж билээ. Нэг хэсэг ч бараг цээжилсэн байсан шүү. Ноён хутагтын шүлэг шиг санах юм. Энхдөлийн блог дээр байхаар нь хуулаад биччихлээ, баярлалаа.

Өнөөдөр хийх ажлууд: шуудан орж, 2 газар луу илгээмж явуулах, гэр лүү утсаар ярих, 自警録-г хажуудаа толь бичиг тавьж байгаад нухацтай уншиж эхлэх, банк орж, байрны мөнгөө төлдөг данс руугаа мөнгө хийх, гэрээ цэвэрлэх, компьютерын урд суух, хоол хийж идэх, зурагт үзэх.
Яаж япон хүүхдүүд шиг хуанли хөтөлдөг болох вэ? Цаг минут бүрээр нь хөтлөөд, эрээн алаг болгочихсон байхыг нь яана. Тэгэхгүй бол баахан цаг дэмий алдаад байх юм. Ядаж Microsoft Outlook дээр хөтлөе гэж бодсон ч цаг минут бүрээр тооцоолно гэдэг хэцүү санагдав.

Өөртэйгээ тэмцэлдэх миний тэмцэл үргэлжилсээр л...

2005-08-17

Nobody knows

Сайн байцгаана уу. Амралт маань үргэлжилсээр л... Ойрын үед гэртээ сууж нэлээн олон кино үзлээ. Тэдэн дундаас хамгийн таалагдсан нь энэхүү "Хэн ч мэдэхгүй" хэмээх Канны кино наадмаас шилдэг жүжигчний шагнал хүртсэн, Японы найруулагч Корээда Хироказүгийн бүтээл байлаа.

Nobody knows
Шинэ байранд нүүж ирсэн ээж Кэйко, хүүхдүүд Акира, Кёоко, Шигэрү, Юүки. Кэйко байрныхаа эздэд нөхрийгөө гадаадад яваа, ганц хүү Акиратайгаа амьдардаг хэмээн танилцуулна.
Хүүхдүүд нь бүгд өөр өөр эцэгтэй бөгөөд сургуульд явж үзээгүй ажээ. Дэлгүүрт ажиллан хүүхдүүдээ тэжээх эх, ээжийнхээ эзгүйд дүү нараа асарч тойлох Акира хүү.
Нэгэн өдөр ээж нь өөр хот руу ажлаар явахаар болж, тэр өдрөөс хойш дөрвөн бяцхан жаал хэнд ч мэдэгдэхгүй өөрсдийн ертөнцдөө дөрвүүлхнээ хоцорно. Хэцүү бэрх боловч аз жаргалтай өдөр хоногийг өнгөрүүлж байгаа хүүхдүүд.

Энэ киног үзээд хүүхдүүдийн бяцхан ертөнц, хүсэл мөрөөдлийг томчууд анзаарахгүй орхидог ч хүүхэд нас гэдэг гэнэн цайлган, ёстой л ариухан нас юм даа гэсэн бодол төрлөө. Тэгээд иймэрхүү хүнд хэцүү амьдрал туулж яваа бяцхан үрсийн төлөө, ирээдүй хойч үеийн төлөө чадах бүхнээ хийхсэн гэх хүсэл маань улам оргилов. Хорвоод мэндлэх бяцхан үрсээ аз жаргалтай байлгаж, өсгөж хүмүүжүүлж чадахгүй, чадваргүй бол эцэг эхчүүд тэдний өмнө том нүгэл үйлдэж байгаа хэрэг ээ. Ийнхүү эцэс төгсгөлгүй бодол минь хөвөрсөөр л...

2005-08-09

Коизүми шинэчлэлээ дуусгаж чадах уу?

Сайн байцгаана уу. Зуны амралт эхлээд, эндхийн монгол оюутнуудын ихэнх нь Монгол явчихсан, байр маань эл хуль оргисон байдалтай л байна. Хавах харьчихсан учраас энэ зун Монгол явахгүй гэж шийдсэн. Тийм болохоор ямар нэгэн зүйл хийж үр бүтээлтэй өнгөрүүлэхийг зорьж байна. Амралт эхлэнгүүт ЭКСПО үзэхээр яваад өчигдөр шөнө буцаж ирлээ.

ЭКСПО-2005 үзэсгэлэнгийн байдлаас сонирхоно уу.

Өчигдөр буюу 8-р сарын 8-нд Японы парламентын доод танхим тарлаа. Ерөнхий сайд Коизүми мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд парламентад өргөн барьсан "Шуудангийн үйлчилгээг хувьчлах тухай" хуулийн төслийг өмнө нь доод танхим дэмжсэн байсан хэдий ч, дээд танхим дэмжээгүй тул тэрээр парламентын доод танхимыг тараах шийдвэр гаргажээ. Хамгийн гол нь эрх баригч эвслийн Либерал Ардчилсан Намаас сонгогдсон гишүүдээс хуулийн төслийг эсэргүүцсэн гишүүд гарсан нь уг төслийн унах шалтгаан болсон байна. Иймээс энэ асуудал нь эрх баригч намыг бутрахад ч хүргэж болзошгүй байна. Энэ янзаар бол 9-р сарын 11-нд болох парламентын сонгуулиар өдрөөс өдөрт хүчирхэгжиж буй сөрөг хүчин болох Ардчилсан Намд засгийн эрх шилжиж болох байдал ч үүсээд байна. 9-р сарын 11-нд япончууд ямар сонголт хийхийг чих тавин сонсч сууя.

2005-07-22

Ерөнхий Сайд уу, дарангуйлагч уу?

Сайн байцгаана уу. Ирэх 7 хоногт баахан шалгалттай болохоор энэ амралтын өдрүүдээр сайн амарч авах төлөвлөгөөтэй байна. Зуны амралт ойртсоор л...

Өнөөдөр Японы Парламентын дээд танхим сөрөг хүчнээс сонгогдсон гишүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан ч олонхийн саналаар "Японы Өөрийгөө Хамгаалах Хүчний Тухай Хуульд Өөрчлөлт оруулах тухай" хуулийг баталлаа. Уг хуульд зааснаар Японыг чиглэж пуужин хөөрсөн тохиолдолд (Умард Солонгосоос пуужин ирэх аюулыг тооцож, тэндээс хөөргөсөн пуужин 10 минутын дотор Японд хүрнэ гэж үзэн) Парламентаас Өөрийгөө Хамгаалах Хүчнийг байлдааны бэлэн байдалд оруулах тогтоол гаргаагүй байсан ч гэсэн агаарын довтолгооноос хамгаалах пуужинг хөөргөж болохоор болжээ. Ийнхүү Япон улс 2006 оны сүүл гэхэд Пуужингаас хамгаалах системтэй болох хууль зүйн бэлтгэлээ бүрэн хангалаа.
Түүнчлэн энэ ажлын хүрээнд "Дайны байдал зарлах тухай" хууль батлагдаад байгаа юм. Энэ хуулиар бол дайн байлдааны аюул тулгарвал Ерөнхий Сайд "онцгой байдал" зарлаж, бүх эрх мэдлийг гартаа авах юм. Тэгвэл Ерөнхий Сайд "онцгой байдал" гэж үзсэн тохиолдолд өөртөө бүх эрх мэдлийг төвлөрүүлэх боломжтой гэсэн үг. Тэгээд түүнийгээ хичнээн удаан хадгалсан ч болох юм. Өөрөөр хэлбэл, Япон улс Ерөнхий Сайдаа дарангуйлагч болох нөхцөл боломжоор хангалаа. Нэгдсэн Үндэсний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болохоор зүтгэж байгаа улсын хувьд өөрийгөө хамгаалах хүчнээ улам бүр армийн хэлбэртэй болгосоор байгаа нь хэр оновчтой юм бол?

2005-07-15

Байгаль дэлхийгээ хайрлахуй

Өчигдөр буюу 7-р сарын 14-нд ӨАБНУ-ын Дарвин хотод зохиогдож буй НҮБ-ын боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-гийн 29 дэх "Дэлхийн өв"-ийн чуулган Японы Хоккайдо арлын Ширэтоко хэмээх үзэсгэлэнт нутгийг Дэлхийн өвд бүртгэв. Энэ нь тус улсын хувьд Якүшима, Шираками Санчигийн дараахь буюу 3 дахь байгалийн өв юм. Мэдээж эртний түүхт энэ улсад Хирошимагийн Цөмийн дэлбэрэлтийн дурсгалын хүрээлэн, Алтан сүм зэрэг соёлын өв олон бий. Япон улс энэ удаа Ширэтоког бүртгүүлэхийн тулд тэнд барьж байсан усан цахилгаан станцын барилгын ажлыг зогсоож, хамгаалах талаар их зүйл хийжээ.
Харин Монгол улсын маань хувьд Дархан цаазат газрууд байдаг хэдий ч Богд хан уулаар л жишээлэн үзэхэд бараг хэн дуртай нь сүйтгэж байгаа нь харамсалтай. Онгон байгалиараа бахархах дуртай монголчуудад хэлэхэд, Япон улсад манай улсаас олон байгалийн өв байдаг юм шүү. Яагаад ингэж хэлэх болов гэвэл, Монголоос дэлхийн өвд бүртгэгдсэн газар гэвэл Увс нуурын ай сав газар (2003, ОХУ, Монгол хамтын өв), Орхоны хөндий (2004) гэсэн 2-хон газар л байдаг байна. Тэгэхээр байгаль орчноо хамгаалах талаар Засгийн газрын бодлогыг шүүмжлэхээс өөр аргагүй. Иргэд маань ч гэсэн уламжлал, зан заншлаа дагахдаа сайн хүмүүс учраас эртнээс уламжилж ирсэн байгаль орчноо хамгаалах зан үйлийг хэрэгжүүлж дадмаар байна. Жишээ нь л гэхэд, нөгөө "онгон" тансаг байгаль маань "хогийн цэг" болсон байгаа нь уламжлалаа уландаа гишгэсний харгай биз ээ. Үнэндээ би Монголд байхдаа дэлхийн хаана ч байхгүй байгальтай хэмээх үгэнд итгэдэг байсан бол, Японд хэдэн жил амьдарч, олон газраар явж үзээд дээрх үгэнд төдийлөн итгэхээ больсон юм.
"Хүмүүс ээ, цаана чинь Японд онгон байгаль, өтгөн шигүү ой мод, ховор амьтад байна".

2005-07-11

Сайхан наадацгаагаарай.

Монгол нутагт минь наадам айлчилж, нар хур тэгширсэн сайхан өдрүүд болж байгаа биз ээ. Монгол түмэн минь сайхан наадацгаагаарай.

Миний хувьд шалгалт дөхөөд хичээлдээ шамдах хэрэгтэй байна. lolzz

2005-06-23

ЧАМД ЯМАР МЭРГЭЖИЛ ТОХИРОХ ВЭ

Бусад хүмүүст ямар хүн гэж сэтгэгдэл төрүүлдэг бол гэж бодож байсан удаа бий биз дээ. Хүн гэдэг өөрийнхөө тухай мэддэг юм шиг хэрнээ ямар хүн гэдгээ хэлж чадахгүй байх нь олонтаа. Өөрийн сул, давуу талаа мэдэх нь ирээдүйн мэргэжлээ сонгох эхний алхам юм. Өөрийн тухай тодорхойлолтоо олж, өөрт тохирсон мэргэжлээ сонгомоор байна уу? Тэгвэл дараах асуултуудад хариулаад үз.

A, B, C, D, E, F, G, H хэмээх 8 нүд бэлдээд, дараах асуултуудад тийм гэж хариулсан тохиолдолд хаалтанд бичигдсэн хэсэгт 2 оноо, бага зэрэг гэж хариулбал 1 оноо, үгүй гэж хариулбал 0 оноо нэмнэ. Ингээд эцэст нь 8 хэсэг тус бүрт авсан оноогоо нэгтгээд хамгийн өндөр оноо авсан хэсэгт тохирох тайлбарыг уншина уу.
1. (C)Интернэт, номын сан ашиглан мэдээлэл цуглуулдаг.
2. (D)Шог яриа, тоглоом хавчуулан харилцан яриаг сонирхолтой болгохдоо сайн.
3. (A)Ямар ч зүйлийг хийхэд бүрэн гүйцэд, сайн хийхгүй бол сэтгэл амардаггүй.
4. (B)Доод ангийнхан, дүү нар чинь чамаас туслалцаа хүсэх нь олон.
5. (E)Эвдэрсэн зүйл, эдлэл хэрэглэлээ бие дааж засах нь олон.
6. (F)Хамт олноороо ажиллахад хүмүүст үүргийг нь хуваарилж өгөхдөө дадмаг.
7. (G)Зохион бичлэг, ном уншсан сэтгэгдэл зэргийг бичихдээ сайн.
8. (H)Өөрийн санаа бодлыг ямар нэгэн зүйлээр илэрхийлэх юмсан гэж бодох нь олонтаа.
9. (B)Найз нөхөд чинь хэцүү зүйл тохиолдоход чамтай зөвлөж, тусламж хүсэх нь их.
10. (D)Найз нөхөдтэйгээ нийтэд нь хандаж харьцах нь их.
11. (F)Цагийг дэмий өнгөрүүлэх нь ховор.
12. (H)Өрөөгөө чимэглэх, тавилга байршуулахдаа сайн.
13. (G)Сургуулийн ханын сонин, самбар гэх мэтийг хийх сонирхолтой.
14. (E)Гарын уртай гэж хэлэгддэг.
15. (C)Ямар ч зүйлийг учир шалтгааныг нь сонсохгүй бол хүлээн зөвшөөрч чаддаггүй.
16. (A)Бичгийн ширээ, номын тавиур чинь эмх цэгцтэй байдаг.
17. (D)Хүмүүстэй анх уулзахдаа сайхан сэтгэгдэл төрүүлж чаддаг.
18. (C)График, хүснэгт хийх зэрэг ажилд сайн.
19. (H)Мэдрэмжтэй хүн юм аа гэж 5-аас олон удаа хэлэгдэж байсан.
20. (G)Хурал цуглаан дээр протокол хөтлөх албанд тохоогдох нь олон.
21. (E)Төлөвлөж байгаагүй зүйл тохиолдвол сандарч тэвдэлгүй арга хэмжээ авч зохицуулж чаддаг.
22. (A)Шалгалтын өмнө хичээлээ хуулуулаач гэсэн хүсэлт хүлээн авах нь их.
23. (B)Хүүхэд асрахдаа сайн.
24. (F)Олон хүний өмнө ярихдаа сандарч тэвддэггүй.
25. (B)Даатгалтай холбоотой ажилд сонирхолтой.
26. (E)Шинэ бүтээгдхүүн, шинэ нээлт гэсэн үгнүүд хол хөндий сонсогддог (Би хийж чадна гэж боддоггүй).
27. (H)Янз бүрийн зүйл ургуулан бодох дуртай.
28. (A)Няхуур гэж хэлэгддэг.
29. (G)Хүний ярьсан яриаг өөр хүнд дамжуулж ойлгуулахдаа сайн.
30. (F)Хурал цуглаан дээр ярьсан зүйлийг нэгтгэж дүгнэлт гаргах үүрэг хүлээх нь олонтаа.
31. (C)Хүнд өөрийн яриа, үзэл бодлыг хүлээн зөвшөөрүүлж чадвал сэтгэл хангалуун болно.
32. (D)Шулуун шударга талдаа гэж бодож байна.
33. (H)Урлаг сонирхдог.
34. (A)Математикт сайн.
35. (G)Арга хэмжээ төлөвлөн зохион байгуулж, найз нөхдөө уриалан дуудах дуртай.
36. (H)Хүнийг тайвшруулахдаа сайн гэж 3-аас олон удаа хэлэгдэж байсан.
37. (F)Шийдвэр гаргахдаа хашир ханддаг.
38. (C)Юмсын мөн чанар, зүй тогтлыг олохдоо сурмаг.
39. (E)Нэг байрандаа тогтож сууж чаддаггүй.
40. (D)Харьцагчийнхаа үйл хөдлөл, байдлаас бодол санааг нь “уншиж” чаддаг.

Ингээд хамгийн өндөр оноо авсан хэсгийн тайлбарыг харцгаая.

А. Чиний зэвсэг бол анхаарал төвлөрүүлэх чадвар
Чи ногдсон ажлаа хугацаанд нь сайн биелүүлдэг хүн юм. Оногдсон зүйлдээ төвлөрч ажиллан, няхуур хийж гүйцэтгэдэг учир тооцоо, анхаарал шаардсан ажил тохирно.
Тохирох ажлууд: Нягтлан бодогч, банкны ажилтан, бичиг хэргийн ажилтан, нарийн бичгийн дарга, татварын байцаагч гэх мэт...
В. Чиний зэвсэг бол хүнд туслах, хүнийг тайвшруулах чадвар
Чи эргэн тойрондоо халуун дулаан уур амьсгал төрүүлж чаддаг сэтгэл татам хүн юм. Дэргэдэх хүндээ санаа тавихаа мартдаггүй тул хэцүү зүйлтэй тулгарсан найз нар чинь чамд хандах нь их.
Тохирох ажлууд: Эмч, сувилагч, цагдаа, асрагч, багш, цэцэрлэгийн багш, даатгалын ажилтан гэх мэт...
С. Чиний зэвсэг бол логик чадвар
Чи цугларсан мэдээллийг тархиндаа боловсруулж, дүгнэлт гаргахдаа чадварлаг хүн юм. Чиний яриа логиктой тул харилцагчдаа өөрийн үзэл бодлоо хүлээн зөвшөөрүүлэхдээ сайн.
Тохирох ажлууд: Өмгөөлөгч, эрдэмтэн, статистикч, зах зээл судлаач, улс төрийн тоймч гэх мэт...
D. Чиний давуу тал бол нийтэч чанар
Чи хүнтэй харьцах, өөрийгөө ойлгуулахдаа чадмаг хүн юм. Бусдын туслалцааг авч, өөрийн ажил хэргээ бүтээхдээ сайн. Үйлчилгээний салбарт амжилт олох магадлалтай.
Тохирох ажлууд: Дипломатч, тайлбарлагч, үсчин, сурвалжлагч, худалдагч, бизнесмэн гэх мэт...
Е. Чиний давуу тал бол техникийн чадвар
Чи “бурхан ухаантай” уран гартай хүн юм. Мөн шинэ мэдлэгийг эзэмшин, орчин тойрондоо дасан зохицох чадвар сайтай бололтой. Үүнийгээ ашиглан нарийн чимхлүүр ажил шаардсан мэргэжил сонговол алдахгүй л болов уу.
Тохирох ажлууд: Систем инженер, нисэгч, технологич гэх мэт...
F. Чиний зэвсэг бол удирдах чадвар
Чи хүмүүсийг удирдаж, уур амьсгалд тохирсон шийдвэр гаргаж чаддаг хүн юм. Маргаан таслах зэрэгт чиний оролцоо их байдаг.
Тохирох ажлууд: Улстөрч, бизнесийн зөвлөгч, найруулагч, менежер гэх мэт...
G. Чиний давуу тал бол төлөвлөх чадвар
Чи янз бүрийн хүний санаа бодлыг тусган, шинэ санаа гаргаад ажил хэрэг болгохдоо чадварлаг юм.
Тохирох ажлууд: Сэтгүүлч,нийтлэлч, вэб дизайнер, зар сурталчилгаа хариуцсан ажилтан, маркетингийн менежер гэх мэт...
Н. Чиний зэвсэг бол урлан бүтээх чадвар

Чи бол мэдрэмтгий, шинэ бүтээл гаргахдаа чадварлаг хүн юм. Оргилон гарах урлагийн авъяасаа ашиглавал амжилтанд хүрнэ.
Тохирох ажлууд: Дизайнер, архитектор, зохион бүтээгч, зохиолч, тогооч гэх мэт...

2005-06-01

No more necktie

Сайн байцгаана уу. Хүүхдийн баярын мэнд хүргэе.

Өнөөдрөөс Японд зангианаас татгалзах хөдөлгөөн эхэлж байна. Халуун зунаар албан хаагчид ажлын байрандаа пиджак зангиатай суудаг зөншлаас болж өрөө сэрүүцүүлэхэд их мөнгө зарж буй нь энэхүү хөдөлгөөнийг эхлүүлэхэд хүргэжээ. Яг үнэндээ 23 жилийн өмнөх зун мөн л үүнтэй төстэй хөдөлгөөн өрнөж, тухайн үеийн Ерөнхий сайд нь хагас ханцуйтай нимгэн костюмыг өөрийн биеэр рекламдаж байлаа. Энэ удаагийн хөдөлгөөнийг ч гэсэн Ерөнхий сайд Койзүми анх санаачилж, өөрөө ч зангианаасаа татгалзсан юм. Хөдөлгөөн өрнөж эхэлсэн өнөөдөр гудамжаар алхах хүмүүсийн гуравны нэг нь зангиа пиджакгүй харагдана. Хүмүүсийн сэтгэгдлийг сонирхвол, үнэхээр эдийн засгийн хэмнэлттэй байгаад дарга, удирдах ажилтнууд нь энэхүү хөдөлгөөнд нэгдэж үлгэрлэвэл мэдээж зангианаас татгалзалгүй яахав гэж хариулж байлаа. Хэр олон хүнийг хамарч, эдийн засгийн үр ашиг үзүүлэх эсэх нь аагим халуун 8-р сард мэдэгдэх биз ээ.

2005-04-13

Цахим дайн

Сайн байцгаана уу. Нутаг буцаад 4-р сарын 2-нд ирсэн боловч, өнөөдрийг хүртэл тухтай суугаад блог бичих зав олдохгүй байлаа.

Монгол яваад ирэх хооронд хорвоо дэлхийд олон зүйл болж өнгөрчээ. Ромын пап Йоан Павел II нас нөгчсөн бол Далай лам Японд айлчилж байна. Сакүра дэлгэрсэн энэхүү цаг мөчид Хятад болон Солонгост Японы эсрэг үзэл газар авч байна.

Хамаг хэрэг саяхан шинээр хэвлэгдсэн Японы дунд сургуулийн түүхийн сурах бичигт Дэлхийн 2-р дайн үеийн түүхийг гуйвуулан бичсэнээс үүдэлтэй. Энэ нь Японы Нэгдсэн Үндэсний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон болох зорилгод том саад болж мэдэхээр байна. Хэдий Японы тал "2 орны харилцааны түүхийн талаар эрдэмтдийн хамтарсан баг гаргаж ажиллуулах саналтай байна" хэмээн томоохон буулт хийсэн боловч байдал сайжрах төлөвгүй байна. Хятадын Засгийн газар улс орныхоо өнцөг булан бүрт хэдэн өдрийн өмнөөс болж байсан эсэргүүцлийн жагсаалын тухай үг унагахгүй байсан боловч өнөөдөр "Бид япончууд биш, Японы засгийн газарт хандаж эсэргүүцлээ илэрхийлэх болно" хэмээн мэдэгдсэний дараа Японы эсрэг байгууллагын цахим хуудсанд Японы төрийн байгууллагуудын цахим хуудсууд руу халдахыг уриалсан мэдэгдэл гарч Японы Цагдаагийн Газрын цахим хуудас ажиллагаагүй болсон байна. Эндээс шинэ хэлбэрийн буюу цахим дайн гэдэг зүйл бий болж байна гэж хэлж болохоор болж байна. Энэ дайны онцлог нь хүн хүчний оролцоо бараг шаардахгүй, бага хүчээр их хохирол учруулж болох "партизаны дайн"-тай төстэй шинж чанартай байна. Угаас хакер буюу хорлон сүйтгэгчид байсан хэдий ч энэ удаагийнх улс төрийн шинж чанартай тул би "дайн" гэж нэрлэж байгаа юм. Цаашид үйл явдал хэрхэн өрнөж, энэ нь манай улсад хэрхэн нөлөөлөхийг ажиглаж л сууя.

2005-03-10

Нутаг буцлаа

Сайн байцгаана уу. Маргаашнаас эхлээд 3 долоо хоног нутаг буцах болсон тул энэ хугацаанд блогоо шинэчилж амжихгүй байх гэж бодож байна. Миний блогийг үргэлж уншиж сонирхож байдагт тань талархаж явдгаа илэрхийлье. 4 сард дахин уулзацгаая. Та бүхэнд ажил хөдөлмөр, сурлагын өндөр амжилт хүсье.

2005-03-05

Хог ба бид

Сайн байцгаана уу. Хаврын амралтын үе үргэлжилж байгаа учраас Нагано руу цанаар гулгахаар яваад, 2 өдөр оролдсоны дүнд ямар ч байсан гулгаж чадахгүй гэж хэлэхээргүй боллоо. Гэхдээ шанд нь хацар, хамар сайртаад улаан царайтай болчихоод сууж байна, хэхэ. Явахаасаа өмнө Хаврын баярын цахим хуудасны монгол хэлээрх хэсгийг хийв. 11-нд Монгол явж, амралтынхаа үлдсэн хугацааг гэртээ өнгөрүүлэхээр боллоо. Өнгөрсөн зун харьсан боловч цагаан сараас хойш нэг л харимаар санагдаад, тэгээд шийдэж чадахгүй байсаар байгаад өдийг хүргэсэн нь энэ. Надаар иймэрхүү сонин мэдээтэй.

Өнөөдөр Японд хөлбөмбөгийн лигийн энэ улирлын эхний тоглолтууд боллоо.

Энэ өдөр түүхэнд. 1953 оны энэ өдөр Зөвлөлт Холбоот Улсыг 29 жил удирдсан Йосеф Сталин 73 насандаа таалал төгсчээ.

Өнөөдрийн сэдэв
Нийслэл хот маань өнгө төрхөө засах нь. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Голомт банк, Японы Иточү корпораци хамтран 2009 он гэхэд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн буюу олны нэрлэж заншсанаар Хүүхдийн паркийг иж бүрнээр нь шинэчлэхээр болжээ.
Хаа байсан холын хүмүүс манай нийслэлийн өнгө үзэмжид санаа тавьж байхад бид өөрсдөө төрөлх Улаанбаатартаа ямархуу ханддаг билээ? Гудамжинд хэнэг ч үгүй хог хаяцгаагаад л. Гэр доторхоо л гоёод байхаас биш, хэдхэн алхмын цаадах гудамж талбайд хүнийх мэт сэтгэлгээгээр хандана. Өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг. Ард түмний сэтгэхүй өөрчлөгдөхгүй бол хичнээн дээгүүр хууль журам яриад улс орноо хөгжүүлнэ гэдэг саналтгүй гэж би боддог юм. Монголд байхдаа телевизээр нэг нэвтрүүлэг үзэж байснаа одоо санаж байна. Хөтлөгч нь МУИС-ын урдаас Сүхбаатарын талбай хүртэл алхаад хогийн сав олдсонгүй гээд төв талбайдаа хогоо хаячихаж билээ. Амьхандаа хогийн савны тоо нэмэгдүүлэхийг хотын захиргаанаас шаардаж байгаа нь тэр л дээ. Би ч гэсэн тэр үед яг л ижилхэн бодож, хогийн савны тоо хүрэлцээгүй байгаа нь хог хаях шалтгаан болж байна гэж бодож билээ. Японд ирэхээсээ өмнө хүний нүд хариулан бяцхан хогоо зам дээр "үлдээгээд" явдаг байснаа би нуухгүй ээ. Харин өнгөрсөн зун харихдаа огт хог хаяагүй шүү. Яагаад гэвэл энд ирээд монголчуудын гудамжиндаа хог хаях "заншил" хогийн савны тооноос биш, сэтгэхүйгээс шалтгаалж байгааг олж мэдэрсэн юм. Япончууд энд тэнд аялал зугаалгаар явахдаа хүртэл гарсан хогоо уутанд хийгээд гэртээ аваачиж хаядаг. Эх дэлхийгээ ямар их хайрлаж байгаа нь эндээс харагдаж байна. Гэтэл бид хогоор дүүрэн "онгон" байгалиараа гайхуулах санаатай.
Монголын хог савандаа оролгүй салхинд хийсэн тарчилсаар, монголчууд харин "бохир" нийгмээ эрүүлжүүлэх гэж зовсоор. Хог бид нар хэзээ нэг жаргана даа.

2005-02-26

EXPO

Сайн байцгаана уу. Өдөр болгон та бүхэнтэй уулзах амлалтаа биелүүлж амжихгүй байгаадаа хүлцэл өчье. Ойрын хэдэн өдөр Японы визээ 2 жилээр сунгуулсныг эс тооцвол хийж бүтээсэн зүйлээр барагтайхан л байлаа.

Өнөөдөр Японд. 18 цаг 25 минутанд Кагошима муж дахь сансрын буудлаас Н2А-7 пуужинг хөөргөлөө. Жил 3 сарын өмнө Н2А-6 пуужинг хөөргөх ажиллагаа амжилтгүй болсны дараа энэхүү ажиллагаа амжилттай болох эсэхээс Японы сансар судлалын ирээдүйн төлөв харагдах юм. Уг пуужин нь цаг агаарын судалгаа хийх зориулалт бүхий хиймэл дагуулыг сансарт хүргэж өгөх үүрэгтэй юм.
Мөн өнөөдөр Нагано мужид оюуны хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын өвлийн 8 дахь "тусгай" олимпийн нээлт боллоо. Ази тивд анх удаа болж буй уг олимпод 84 орны 2600 гаруй тамирчин 8 өдрийн турш 9 төрлөөр өрсөлдөнө.

Энэ өдөр түүхэнд. 1993 оны энэ өдөр Нью-Йорк дахь Дэлхийн Худалдааны Төвд дэлбэрэлт болж 6 хүн амь үрэгдэн, 1000 гаруй хүн бэртэж гэмтсэн.
2001 оны энэ өдөр Афганистан дахь Талибаны дэглэм 5-р зууны үед бүтээгдсэн Буддагийн чулуун дүрс зэрэг исламын бус шашинтай холбоотой түүхийн үнэт эд өлгийн зүйлсийг устгах тушаал гаргав.

Өнөөдрийн сэдэв



Ирэх сарын 25-наас 9-р сарын 25 хүртэл Японы Айчи мужид EXPO-2005 үзэсгэлэн болох гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэн "Nature's Wisdom" (Эх дэлхийгээ хайрлацгаая) гэсэн уриатай явагдаж байгаа бөгөөд EXPO-г зохион байгуулдаг байгууллагаас үзэсгэлэнгүүд ойр ойрхон болж, үр дүн муудаж байгаа учир 5 жилд нэг удаа зохион байгуулахаар шийдсэнээс хойш буюу 2000 онд Германы Ханновер хотноо болсон ЕХРО-гоос хойш анх удаа болж байгаагаараа онцлогтой юм. Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улс маань оролцох бөгөөд 5-р сарын 27-ны өдөр Монголын өдөр байх ажээ. Энэ үзэсгэлэнгээс сүүлийн үеийн техник технологиос гадна Оросоос олдсон арслан зааны бараг бүтнээрээ хадгалагдаж үлдсэн арслан зааны толгой зэргийг сонирхож болно.
Түүх сөхвөл анхны ЕХРО үзэсгэлэн 1851 онд Лондонд зохиогдож, 25 улс оролцож, хүн төрөлхтөн цахилгаан шат (тэр үед цахилгаан байгаагүй учир механик ажиллагаатай байв)-тай танилцсан гэдэг. Түүнчлэн 1889 оны Парисын ЕХРО-д зориулж Эйфелийн цамхаг баригдсан нь хожмоо хотынхоо бэлгэ тэмдэг болсон билээ. Японы хувьд 1970 онд Оосакад зохиогдож, өмнөх жил нь хүн төрөлхтөн саран дээр хөл тавьсны баталгаа болох сарны чулуу дэлгэгдэж байсан түүхтэй.

2005-02-20

Консерватив монголчууд

Сайн байцгаана уу. Сайтамад байдаг япон айлд очиж нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөгөөд ирлээ. Тэднийхээс японы зүйр цэцэн үгийн тайлбар толь түр хэрэглэхээр авав.

Өнөөдөр түүхэнд. 1986 оны энэ өдөр ЗХУ хүн ажиллах боломж бүхий анхны сансрын станц буюу хиймэл дагуул "Мир"-ийг ашиглалтад оруулжээ. Уг станц өдгөө ч хүн төрөлхтний хөгжил дэвшилд тус болсон хэвээр байна.


Өнөөдрийн сэдэв. Өчигдөр өдөр миний харьяалагдаж буй Хаврын баярын зохион байгуулах хорооны сурталчилгааны хэсгийн хурал болсон юм. Мэргэжлийн сурталчилгааны компанийн хүн байгаа болохоор маркетингаар гүнзгийрүүлж суралцъя гэж бодож байгаа миний хувьд нэг ёсны хичээл болж байна. Тэнд хамгийн гол хүмүүсийг татах зүйл бол монгол үндэсний хоол байх ёстой, гэтэл даанч монгол үндэсний хоолны нэр төрөл цөөн юм гэсэн яриа гарсан. Нээрээ ч тийм юм даа. Ихэнх хоол нь хятадаас орж ирсэн байдаг гээд бодохоор...
Итали хоол дэлхийд алдартай. Яагаад ийм байна вэ гэвэл тэдний паста, шпагетти, пицца нь дэлхийн өнцөг булан бүрт тухайн оронд зохицсон жороор хийгддэг. Гэтэл монгол бууз хуушуурны жор нь хэдэн зуун жилийн өмнөх тэр л хэвээрээ. Яагаад махтай биш, төмстэй, мөөгтэй бууз байж болохгүй гэж? Далайн хүнс хэрэглэдэг Японд махны оронд загас, далайн ургамал хэрэглэж тэдэнд танил амтаар үйлчлэхэд болохгүй нь юу вэ?
Хамгийн гол саад нь бидний хэт консерватив үзэлд байгаа юм шиг санагдаж байна. Би өөрийгөө ч гэсэн консерватив юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа. Шинэ зүйл болгонд эргэлзэнгүй хандаж, хуучнаа санагалздагийг маань хотод дөрвөн хананы дунд амьдарч байж хэдэн зууны өмнөх өвгөд нь гэрт амьдарч байхдаа түүндээ тохируулан зохиосон дүрэм журам, малчны ёс заншлыг дагахыг оролдож (ёс заншлаа мэдэх нь муу хэрэг биш ч), үндэсний бөхөд шинэчлэл хийх гэсэн нэгнээ өвөг дээдсээ хүндэлдэггүй цадигаа алдсан гэж загнаж, хоцрогдол болгоноо "гүндүүгүй" гэдэг ганц үгээр халхавчилдаг нь бэлээхэн гэрчилж байгаа бус уу? Ийм байж шинэ зуун гэж их ярих дуртай. Үнэндээ Чингис хааныхаа нэрийг барьж "өнгөрснөөр" амьдарч байна гэхэд хилсдэхгүй.
Өнөөдөр очсон япон айлд бууз, хуушуур хийж өгөхдөө дан мах биш, төмс, мөөг холиход тэд амаа олохгүй идэн, тэр ч бүү хэл эзгүй байсан хүүдээ үлдээлгүй идэцгээчихсэн. Өмнө нь монгол хоолны газар дагуулж очин "жинхэнэ" монгол хоол идүүлэхэд баахан мах байна гээд нэг их идэж чадахгүй байсан хүмүүс шүү дээ. Үүнийг уншсан та махгүй бууз гэж юу байдаг юм гэж бодож байгаа бол та бас л над шиг хэт консерватив хүн юм. Тэгвэл Италийн пицца Италидаа зүгээр л хайрсан гурил байсан шүү гэдгийг санах хэрэгтэй. Монгол хоолнууд маань ч гэсэн яагаад олон төрөлтэй болж болохгүй гэж? Жилийн жилд цагаан сараар аль ч айлд очсон нэг л хэвийн амттай бууз идсээр залхдаг нь нууц биш, тэгвэл буузныхаа орцыг өөрчилж, нэр төрлийг олшруулбал энэ бэрхшээлээс салах бус уу?

2005-02-18

Дэлхийг хөргөх их үйлс

Сайн байцгаана уу. Өнөөдөр эмнэлэг орох байсан боловч шөнө нойр хулжсанаас болоод унтаж хоцроод явж чадсангүй.

Өнөөдөр Японд Тоокёо Мицүбиши Групп болон UFJ Holdings энэ оны 10-р сарын 1-нд нэгдэхээр болсон тухайгаа албан ёсоор зарлалаа. Ингэснээр 1900 орчим тэрбум долларын хөрөнгө бүхий дэлхийд хамгийн том банк санхүүгийн байгууллага бий болж байгаа юм. Тус компаниудад ажилладаг 45700 ажилтны тоог 2008 он хүртэл 6000-аар хорогдуулахаар төлөвлөжээ.

Энэ өдөр түүхэнд. 1930 оны энэ өдөр Нарны аймгийн 9 дэх гариг болох Дэлхийн ван буюу Плутоныг нээжээ.

Өнөөдрийн сэдэв

Хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах Кёотогийн протокол өчигдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон билээ. Хүлэмжийн хий нь эх дэлхийн маань дулаарлын гол шалтгаан болж, озоны давхаргыг устган байгалийн гамшгийн хэмжээнд хүрээд байгаа билээ. Дэлхийн хүлэмжийн хийн дөрөвний нэгийг гаргадаг АНУ эдийн засагт муугаар нөлөөлнө гэсэн шалтгаанаар энэхүү протоколоос гарсан ч ийнхүү уг протокол хүчин төгөлдөр боллоо. Монгол улсын хувьд хөгжиж буй орон учраас уг протокол олон талын дэмжлэг туслалцаа хүртэх боломж бий болж байгаа юм. Харин хөгжиж буй орон гэсэн тодорхойлолтоос салах дургүй өмнөд хөршийнхөн, мөн Энэтхэг улсууд аль хэдийн хүлэмжийн хий гаргалтаар дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрсэн ч энэхүү протокол ёсоор хүлэмжийн хийгээ бууруулах үүрэг хүлээгээгүйгээр үл барам Хятадын тал хүлэмжийн хийг бууруулах нь хөгжингүй орнуудын үүрэг хэмээн мэдэгдсэн нь АНУ-тай барьцсан хэрэг болов. Японы хувьд уг протоколыг санаачлагч орны хувьд өөртөө маш хүнд үүрэг хүлээн авсан юм. Яг өнөөдөр уг үүргээ биелүүлэхийн тулд Япон орон 60 өдөр гэрэл цахилгаангүй, хүлэмжийн хий ялгаруулах зүйл огт хэрэглэхгүй амьдрах хэрэгтэй болно. 2012 он хүртэл зай байгаа ч ийм хэмжээгээр хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах нь маш хэцүү гэдэг нь ойлгомжтой байх. Протоколд нэгдсэн орнууд үүргээ биелүүлсэн ч дэлхийгээ хөргөж чадах болов уу? Эн тэргүүнд протоколд нэгдээгүй орнуудыг хамруулахгүйгээр үр дүнд хүрэх нь эргэлзээтэй. Их үйлсийн төлөө бүх нийтээр тэмцэх хэрэгтэйг АНУ ойлгож л байх ёстой доо.

2005-02-17

"Харилцан туршлага судлацгаая"

Сайн байцгаана уу. Бүтэн долоо хоног завсарлачихсан байна шүү. Ойрд толгой "ажиллахгүй" байсан учир тэмдэглэл бичиж зүрхэлсэнгүй, мөн тоглож наадахаа ч хэтрүүлчихлээ. Цагаан сар, 2 ч төрсөн өдрийн баяр, 2 шалгалт, Хаврын баярын зохион байгуулах хэсгийн хурал, боулинг, сагсан бөмбөг... Тэмдэглэл бичээгүй 8 өдрийн ерөнхий төрх нэг иймэрхүү.

Өнөөдөр Японд "Чүбү" Олон Улсын Нисэх Онгоцны Буудал ашиглалтад орж тус улсын олон улс дахь 3 дахь гарц нээгдлээ. Уг буудал нь дотроо төрөл бүрийн дэлгүүр, ресторанаас гадна алжаал тайлах сауна хүртэл агуулсан юм байна. Ийнхүү Нагоя хот дэлхийн 13 орны 25 хоттой агаарын шугамаар холбогдлоо. Энэ тоо цаашдаа ч нэмэгдэх биз ээ.

Энэ өдөр түүхэнд: 1979 оны энэ өдөр Хятадын Ардын Чөлөөлөх Арми Вьетнамын нутагт халдан орсон (Хятад-Вьетнамын мөргөлдөөн).

Өнөөдрийн сэдэв. NHK телевизээр аль нэг орон нутагт тулгарч буй асуудлыг бусад газарт яаж шийдсэн туршлагаас судалж хэрэгжүүлэх зорилготой нэвтрүүлэг гардаг. Ингэж тайлбарлах төдийд ойлгохгүй байж магадгүй. Тиймээс тус нэвтрүүлгийн нэгэн дугаараас танилцуулъя.
Уг дугаарт Шизүока мужийн Кавацү дүүргийн иргэд оролцов. Тус дүүрэгт өндөр настан жолооч нар маш их байдаг, тэдний гаргадаг ослыг бууруулах талаар бусад газрын туршлагыг судлах болов. Мэдээж хөгширч буй Японд энэ асуудал зайлшгүй тулгамдсан асуудал юм. Нэг газарт хөгшид цуглан бие биеийнхээ жолоо барьж буйг хянаж, гаргаж байгаа алдааг нь хэлж өгч, алдаагаа анзаарсан хөгшид түүндээ анхаарах болж, ослыг багасгаж чадсан байна. Даанч Кавацү дүүрэгт ингэж жолоодлогын сургууль хийх газар байдаггүй учраас энэ аргыг хэрэглэж болохгүй юм. Харамсалтай.
Харин бас нэг газарт өндөр настнуудын машинд тусгай тэмдэг тавьж, бусад машинууд тийм тэмдэгтэй машин таарвал анхааралтай хандах болсноор ослыг мэдэгдэхүйц бууруулсан байна. Өөрийгөө хөгшин гэж хэлүүлэх дургүй япончуудад та настай болсон шүү, машиндаа тэмдэг зүүх хэрэгтэй болжээ гэдгийн ойлгуулахын тулд ямар нэгэн анхаарал шалгасан үйлдэл хийлгэж хүүхдүүдтэй өрсөлдүүлдэг байна.
Энэ аргыг судалсан Кавацүгийнхэн маш олзуурхаж уг аргыг хэрэглэхээр боллоо. Ямар ч байсан үр дүн гарах байлгүй дээ.
Энэ мэтчилэн бусад газрын туршлагаас судлах нь маш хэрэгтэй билээ.

2005-02-09

Сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй

XVII жарны "Газар тэтгэгч" хэмээх модон тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билигт сайн өдрийн мэндийг дэвшүүлье. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байх болтугай.
Сайхан шинэлцгээгээрэй.

Цас

Mantis
Сайхан битүүлцгээж байна уу. Маргааш нягтлан бодох бүртгэлийн шалгалтаа өгөх гээд бэлдээд сууж байна. Хажуугаар нь үзэх дуртай нэвтрүүлгээ хальт харж байтал бичлэг хиймээр санагдав. Цас гэсэн гарчиг тавьчихаад сонин зураг тавьчихаж гэж бодож магадгүй юм. Энэ шавьжны монгол нэрийг хэлж туслах хүн байвал их талархана шүү. Миний өнөөдрийн бичлэгтэй холбоотой юм. Англиар mantis, японоор 蟷螂(kamakiri) гэдэг.

Цас...
Өвөл гэхээр л цас нүдэнд харагддаг билээ. Цас мөсний орны хувьд цас гэдэг хатуу бэрх өвлийн бэлэг тэмдэг байдаг. Гэхдээ хотын иргэдийн хувьд цас гэхээр цана, чарга бодогдож хөгжилдөн баясдаг. Мэдээж тэд цасны орны иргэдийн бэрхшээлийг мэдрээгүй учир буруутгах аргагүй. Өвөл орох цасны хэмжээг урьдчилж мэддэг бол өвлийн бэлтгэлээ хангахад их хэрэгтэй байхсан...
Тэгвэл mantis бидэнд тусалж чадах ажээ. Мantis намар өндгөө ургамалын ишинд наалдуулж, газраас хөндий үлдээдэг. Тэгвэл сүүлийн 40-д жилийн судалгааны үр дүнд mantis-ийн өндөг байрлаж буй өндөр нь өвөл хунгарлах цасны хэмжээг бараг алдаагүй заадаг нь тогтоогджээ. Тэгвэл mantis цасны хэмжээг яаж мэддэг юм бол? Эрдэмтэд дуу авианд анхаарлаа хандуулж, авиа мэдрэгч багажаар ургамалын ишний хэсгүүдийг харьцуулж үзэхэд үндсээр дамжигддаг газрын гүний усны урсгал мэт дуу чимээ хамгийн чанга сонсогдож байгаа хэсэгт mantis өндгөө орхисон байжээ. Тэгэхээр ер нь газрын гүний дуу чимээгээр жилд орох цасны хэмжээ төдийгүй цаг агаарын төлвийг тодорхойлж болох юм гэсэн таамаглал гараад байгаа юм байна.

Цастай холбоотой нэг шинэ мэдээ дуулгахад цаснаас эрчим хүч гарган авдаг машин бүтээгдсэн байна. Ерөнхий зарчим нь цас хайлах үйл явцаас эрчим хүч ялган авч байгаа бололтой. Энэ нь ижил хэмжээний уснаас усан цахилгаан станцын гарган авдаг эрчим хүчээс 5 дахин их эрчим хүч гаргаж байгаа юм байна. Тэгэхээр цас ороход зудтай биш, цахилгаантай өвөлжинө гэдэг болох цаг ирж магадгүй нь.

2005-02-06

I CARE, DO YOU?

Сайн байцгаана уу. Шалгалтын үе үргэлжилсээр байгаа ч сонирхолтой зүйлдээ яаж ийгээд зав гаргахыг хичээх юм даа.

Хөгжилтэй орнуудад хараагүйчүүдэд тус болдог нь хөтөч ноход байдаг билээ. Хөтөч нохдыг хар багаас нь сонгож тусгай газарт бэлддэг. Гэвч нохой гэдэг нас богинотой амьтан тул хөтчийн ажлаа сайндаа л 10 жил хийх чадвартай байдаг байна. Тэгвэл саяхнаас жижиг биетэй пони үүлдрийн морьдыг хөтчийн ажилд сургаад үр дүнд хүрч байгаа гэнэ. Морины давуу тал нь харьцангуй урт насалдаг, өвсөөр хооллодог тул тэжээлийн зардал багад оршино. Мөн хөтчийн ажилд суралцахдаа нохойноос огт дутахгүй гэнэ. Тэгэхээо ирээдүйд пони энэ албанд зүтгэх нь олширч магадгүй юм.

Харин Монголд...
Хараагүй иргэдийг оролцуулаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст төр засгийн дэмжлэг маш ихээр дутагдалтай байдаг. Адаглаад гудамж талбай нь тэргэнцэр явах боломжгүй, хараагүйчүүдэд зориулсан зам заагч тэмдэг байхгүй, дуут дохио, албан байгууллага, орон сууцны хаалгаар тэргэнцэр нэвтрэх боломжгүй гээд л түмэн зовлон байна даа. Ер нь ингээд л бодоод байхаар Улаанбаатар хотын бүх зүйлийг өөрчилмөөр санагдах юм.

2005-02-04

"Кубын хямрал"-ын нууц

Сайн байцгаана уу. Өнөөдөр "Микро эдийн засгийн үндэс" хичээлийн шалгалтаа өгөв. Тоглоомын онолын бодлогоо буруу ойлгоод алдчихсан бололтой. Гэхдээ бусад нь ч гайгүй байх аа.

АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч агсан Жон Ф.Кеннедиг мэдэхгүй хүн ховор биз ээ. 1962 оны 10-р сарын 15-нд Зөвлөлт Холбоот Улс Кубад цөмийн цэнэгт пуужингууд байршуулсан нь илэрч, түүхэнд Кубын хямрал гэж нэрлэгдсэн үйл явц эхэлсэн юм. Байдал хурцдаж юу юугүй цөмийн дайн эхлэх нь үү гэж бодогдохоор байсан гэдэг. АНУ-ын Кубаас зэвсгээ татах тухай шаардлагад ЗХУ АНУ-ыг Туркийг орхиж гарахыг шаардаж, хэн хэн нь буулт хийх бодолгүй байгаа нь илт байв. Түүхэнд тэмдэглэгдсэнээр бол Кеннеди Хрущевтай хэлэлцээ хийсний үр дүнд 10-р сарын 28-нд ЗХУ Кубаас зэвсгээ татсан байдаг. Ийнхүү Ерөнхийлөгчийн нэр хүнд асар ихээр дээшилж, АНУ-даа цөмийн дайны аюулаас аврагч мэтээр төсөөлөгдөх болсон билээ. Гэтэл...

Үнэн хэрэгтээ Кеннеди уг мэдээг туслахаасаа анх сонсоод ихэд гайхсан ажээ. Тэрээр Кубын хэрэг явдал дайнд дуудсан хэрэг гэж үзэж байсан нийгмийн сэтгэхүйг дагаад ч тэр үү, шийдвэр гаргаж чадаагүй л байжээ. Тэр үед Кеннеди чухал шийдвэр гаргахын өмнө сүмд очиж залбиран, телевизээр ард түмэндээ хандан мэдэгдэл хийдэг зуршилтай байв. 10-р сарын 21-ний Ням гаригт ердийн католик шашинтны ёсоор сүмд мөргөл үйлдэж, 25-нд түүний Кубын хямралын талаар хийсэн анхны мэдэгдлийг телевизээр давтан үзүүлэхээр хөтөлбөрт бичигдсэн байв. Чухам энэхүү "явдлыг" мэдээлсэн тагнуулын мэдээ Кеннедийг дайн эхлүүлэх шийдвэр гаргах гэж байна гэсэн дүгнэлтэд хүргэж Хрущевийн Кубаас зэвсгээ татах шийдвэрт нөлөөлсөн ажээ. Тэгэхээр хэн нь "ертөнцийг аврагч" болж таарах юм бол?!

2005-02-02

Үнийн өрсөлдөөнд хэн хожих вэ?

Сайн байцгаана уу. Галт уул идэвхжсэний улмаас 4 жилийн өмнө арлаа орхиж явсан Миякэ арлын иргэд өнөөдөр аралдаа буцаж очих эрхтэй болж, 4 жил нам гүм байсан аралд амьдрал сэргэлээ. Энэ 4 жилийн хугацаанд өөр газарт амьдралаа төвхнүүлсэн байсан хэдий ч арлын иргэдийн 60 хувь нь аралдаа буцаж очих хүсэлтэй байгаа юм байна. Төрсөн нутаг гэдэг хэн хүний зорьж тэмүүлдэг зүйл ажээ.

Дижитал цахилгаан бараануудын үйлдвэрлэгчдийн ашиг маш ихээр хорогдсон үзүүлэлт гарчээ. Үүнд хамгийн ихээр нөлөөлж байгаа хүчин зүйл ньүнийн өрсөлдөөн ажээ. Энэ салбарт үйлдвэрлэгдэж буй бараанууд ямар компанийн бүтээгдэхүүн гэдгээс үл хамааран хэрэглээ, үзүүлэлтүүдэд нь онцын ялгаа байхгүй тул үнэ хямд байх нь бараа сонголтод хамгийн ихээр нөлөөлж байгаа юм байна. Электрон барааны дэлгүүрүүдийн ажлын өдөр ч бараануудынхаа үнийг бууруулж, хямдрал зарласан шошго нааж ажлын өдрөө эхлэх нь өдөр тутмын зүйл болжээ. Үүнд интернэтийн хөгжил ч бас нөлөөлж байгаа. Ямар нэг бараа худалдан авахыг хүссэн хүн гэртээ сууж байгаад Японы аль дэлгүүрт ямар үнэтэй байгааг мэдэж, үнийн харьцуулалт хийн бараагаа сонгож байна. www.kakaku.com хаягаар л гэхэд өдөрт 500 мянган хүн зочилдог байна. Энэ ширүүн өрсөлдөөн хэрэглэгчдэд ашигтай ч үйлдвэрлэгчдэд хүндээр тусч, шинэ бүтээгдэхүүн гаргахад нь нөлөөлж эхлэх вий дээ.

2005-02-01

Ичмээр юм гэж үү?

Сайн байцгаана уу. Шинэ оны эхний сараа бүгд амжилт бүтээлээр дүүрэн үдсэн гэж найдаж байна. Миний хичээл ч амрах дөхлөө, одоо 3 шалгалт өгөөд 2 долоо хоногийн дараа 1-р күрсээ төгслөө. Шалгалтууддаа бэлдэхэд ихэнх цагаа зарцуулж байна. Амралтаа яаж өнгөрөөхөө сайн шийдэж амжаагүй л байна. Ямар ч байсан 2 сарыг дуустал "хувь хувьсгалын" ажлуудаа амжуулж аваад, 3 сар гарахаар л өөртөө хэсэг зуур амралт өгнө гэж бодож байгаа.

Өнөөдөр яагаад ч юм хүндээр бие засах тухай элдэв сонин хачин бүхий нэвтрүүлэг үзсэнээ бичмээр санагдлаа. хэхэ. Хаа нэг иймэрхүү зүйл бичиж байхгүй бол унших хүмүүс маань уйдах байлгүй.
Та хүндээр бие засч байхдаа дуу чимээ гаргахаасаа ичдэг л биз дээ? Бүгд адилхан байж яагаад ичдэг юм бол оо? Японы эмэгтэйчүүд хүндээр бие засахдаа дунджаар 2.5 удаа усаа татдаг бөгөөд 1 нь ч ойлгомжтой урсгах зориулалттай, харин үлдсэн нь ялгадас гадагшлах үеийн дуу чимээг дарах зорилготой байдаг ажээ. Үүнд зарцуулагдах усны хэмжээ ойролцоогоор 32 литр болдог байна. Хачирхмаар нэг зүйл нь, Японы сүм хийдийн гадаа мөргөлчдийн гараа норгож амаа зайлдаг, жижигхэн утгуур тавиатай усны сав байдаг нь эрт үед хатагтай нар хүндээр бие засч байхдаа дууг нь дарахын тулд утгуураар ус утгаж асгадаг байснаас үүдэлтэй гэнэ.

2005-01-27

Аргалаар юу хийж болох вэ? (Шинэ нээлт)

Сайн байцгаана уу. Өнөөдөр хичээлээ тарж ирээд өдөржин компьютерийнхээ өмнө сууж байна. "Тойрог" сангийнхаа цахим хуудсыг шинэчлэхэд нэлээд цаг зарцуулав.

Сая мэдээ сонсож суутал Хоккайдогийн эрдэмтдийн үхрийн бууцнаас бензол гаргаж авах туршилт амжилтад хүрсэн тухай мэдээллээ. Бензол гэдэг нь хуванцар гаргаж авахад ашиглагддаг бодис юм байна. Үхрийн бууцыг шатаахад метан хий ялгардаг бөгөөд метанаас бензол гаргаж авч байгаа ажээ. Байгалийн нөхөн сэргээгдэх баялгийг ашиглаж буйгаараа энэ удаагийн нээлт тун үр ашигтай юм.

2005-01-26

Даалгавараас төрсөн бодол

Сайн байцгаана уу.
Яг одоо бизнесийн англи хэлний хичээлийнхээ даалгавар болох бизнес захианууд бичиж сууна. Ер нь бизнест зайлшгүй чухал хэрэгцээ болсон захидал бичих нь аргагүй л урлаг юм аа. Монгол хэлний бизнес захидлын загвар гэж байдаг болов уу, эсвэл яг англи хэлнийхтэй адилхан болов уу? Шинэ тутам хөгжиж буй бизнесийн хувь дахь дүрэм битгий хэл монгол хэлний зөв бичгийн дүрэм хүртэл боловсронгуй болоогүй байгаа гэж би боддог юм. Шар сонины сэтгүүлчид, цахим хуудсанд хүртэл үг үсгийн алдаа багагүй байдаг болохоор эзэмших нь хэцүү байдаг, эс бол дунд сургуульд эх хэлний боловсролыг муу олгож байна гэж хэлж болох юм. Та нар монгол хэлээрээ зөв бичиж чаддаг уу? Миний энэ тэмдэглэлийг бичиж эхэлсэн нэг шалтгаан гэвэл эх хэлээрээ бичиж сурах явдал учраас хаа нэгтээ утга найруулгын, дүрмийн алдаа байвал хайр найргүй бичиж байгаарай.

Саяхан хуванцраас бат бэх чанараараа үл дутах цаас үйлдвэрлэгдэж эхэлснийг World Business Sattelite нэвтрүүлгээр мэдээллээ. Хуванцар эдлэл дээр шошгыг наадаг байсан бол ийм цаасан дээр шууд хэвлэх боломжтойгоороо давуу талтай ажээ. Гэхдээ одоохондоо үйлдвэрлэлийн зардал нь өндөр байгаагаас их хэмжээгээр үйлдвэрлэгдэж эхлээгүй байгаа юм байна.

Инээцгээе

Сайн байцгаана уу. Шалгалт шүүлэг гээд зав муутай болчихлоо. Маргааш 2 дахь шалгалтаа өгнө.

Саяхны судалгаагаар хүүхэд эхийн хэвлийд байхдаа инээдэг нь тогтоогдсон байна. Мөн нялх хүүхдийг ээж нь хувиралгүй царайгаар ширтэхэд хүүхэд хэсэг хугацааны дараа инээмсэглэж эхэлдэг байна. Энэ нь томчуултай харьцах харьцааг халуун дулаан болгох гэсэн хүүхдийн оролдлого гэж тайлбарладаг ажээ. "Инээвэл залуужна" гэдэг үг ч байдаг. Инээх нь хүнд ямар үр нөлөөтэй байдаг юм бол? Хоол идсэний дараа хүний цус тэжээлийг биеийн өнцөг булан бүрт дамжуулдгийг сахарын хэмжээ ихсэх нь илтгэдэг байна. Тэгвэл хүмүүсийг хоол идсэний дараа хошиг шогийн тоглолт үзүүлэн, инээлгэсний дараа цусан дахь сахарын хэмжээг хэмжиж үзэхэд ердийн үеийнхээс 31 милиграммаар илүү нэмэгдсэн байжээ. Өөрөөр хэлбэл биед тархаж буй тэжээлийн хэмжээ нэмэгдсэн, сайн нөлөө үзүүлдэг юм байна. Дашрамд дурьдахад хүн өдөрт дунджаар 6 минут инээх ёстой байтал Японы дунд эргэм насныхан 2 минут хүрэхгүй хугацаанд инээдэг ажээ. Хүмүүс ээ, аль болох их инээмсэглэл бие биедээ бэлэглэцгээе.

2005-01-23

Вэб блог

Сайн байцгаана уу. 2 хоног завсарлаад дахин бичиж байна. Өчигдөр ноднин ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Нара, Вакаяма муж дахь Ёшино, Күмано, Таканогийн үнэт олдворуудын үзэсгэлэнг үзсэн. Модон бурхан, элдэв зураг хөрөг гээд 1000 хүртэл жилийн өмнөх эд өлгийн зүйлс тавигдсан сонирхолтой үзэсгэлэнг хаагдахаас нь ганцхан хоногийн өмнө амжиж үзсэндээ их баяртай байна.

Өнөөдөр вэб блогийн ирээдүйн тухай бичье гэж бодлоо. Японд http://www.goo.ne.jp сайт блогийн үйлчилгээ явуулдаг болоод 1 жилийн нүүр үзэхэд аль хэдийн 2 сая хэрэглэгчтэй болжээ. Блогийн сайн тал нь санал бодлоо бичиж үлдээсэн зочдын нэрээр дамжиж (link) тухайн хүний блог руу очиж үзэх боломжтой, мөн ямар нэг түлхүүр үгээр хайн өөртэйгээ ижил сонирхолтой хүмүүстэй холбогдох боломжтойд оршино. Мөн жирийн вэб хуудсыг бодвол бүтээхэд хялбар, оруулах зүйлээ бичих төдий л ажиллагаа шаарддаг нь хамгийн гол давуу тал нь болно. Үүнийг ашиглан сайн дурынхан (Нийгатад 10-р сард газар хөдөлсний дараа блогоор дамжуулан сайн дурынхны хөдөлгөөн өрнөж тодорхой амжилтанд хүрсэн байна), бизнесийнхэн (бараа бүтээгдхүүнүүдийн талаарх хэрэглэгчдийн сэтгэгдлүүд бичигдсэн блогуудыг холбох замаар компаниудыг мэдээллээр хангадаг компани байдаг юм байна), community гээд төрөл бүрийн салбарынхан үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр Монголд блогийн үйлчилгээ үзүүлдэг сайт гэвэл асуулт.нэтийн форумыг эс тооцвол огт байхгүй гэж хэлж болно. Гэхдээ интернэтийн хэрэглээ нэмэгдэхийн хирээр блог бичдэг хүн олшрох биз ээ.

2005-01-20

Дахиад 4 жил

Өнөөдөр хичээлгүй байдаг болохоор аажуухан босч, байгаа даалгаваруудаа хийж авлаа.

Өнөөдрийн гарчгийн учир гэвэл, ертөнцийн нөгөө өнцөгт АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн 2 дахь бүрэн эрхийн хугацаа энэ өдөр эхэлж байна. 2 ч дайныг эхлүүлсэн ерөнхийлөгчөө улираан сонгосон америкчуудын сонголт зөв байсан болов уу? Миний хувьд, АНУ дэлхийн хамгийн хүчирхэг гүрний хувьд мэдээж гадаад бодлогод нь түрэмгий шинж байнга илрэн гардаг ч, Буш хэтэрхий нэг талтай гадаад бодлого явуулаад байдаг шиг санагддаг юм. Тийм болохоор өнгөрсөн сонгуулийн үеэр Керриг амьхандаа дэмжиж байснаа нуух юун. Ямартай ч, Монгол Улс, дэлхий ертөнц занг нь мэдэх хүнтэй дахин 4 жил хамтдаа алхах нь. Бушийн үед Мянганы сорилтын сан гээч бий болж, эх орон минь түүний хишгийг хүртэх болоод байгаа, Ирак руу цэргээ илгээсний хүчинд агуу гүрэнтэй сайн харьцаатай болоод байгаа билээ. Ирэх 4 жилийн хугацаанд буурал дэлхийг маань юу хүлээж байгаа бол?

2005-01-19

Үнэт цаасны зах зээл Монголд

Сайн байцгаана уу.

Саяхан Монголын Хөрөнгийн Биржийн захирлаар УИХ-ын гишүүн асан Р.Содхүү томилогдсон билээ. Үнэндээ Монголд үнэт цаасны зах зээл бараг байхгүй гэхэд болно. Хөрөнгийн Биржид бүртгэлтэй 399 компаний ихэнхийн нь хувьцаа том хувьцаа эзэмшигчдэд нь төвлөрчихсөн, нэмж хувьцаа гаргадаггүй учраас арилжаа ч бараг явагддаггүй байна.
Харин Японы үнэт цаасны зах зээл ямар байдаг юм бол? Монголынхтой харьцуулшгүй том, арилжаа ёстой л буцалж байдаг. Жирийн иргэд нь ч үнэт цаасны арилжаанд оролцох сонирхол нь нэмэгдэж буй. Өчигдөр нэг нэвтрүүлгээр оюутнууд тус бүр 50000 йен нийлүүлж, Хөрөнгө оруулагчдын клуб байгуулан, үнэт цаасны арилжаанд оролцон тодорхой ашиг олж байгаа тухай, мөн нэг хүн өрөөндөө 12 компьютер тавьчихаад үнэт цаасны арилжаанд нь тус болох бизнес, эдийн засгийн мэдээ, мэдээлэл, үзүүлэлтүүдийг шуурхай авч, хэдхэн минутын дотор онлайнаар нэг хувьцаа худалдан авч, буцаагаад илүү үнээр зарж байгаа зэрэг сонирхолтой зүйлээр дүүрэн нэвтрүүлэг үзээд Монголынхоо тухай бодлоо л доо. Уг нь Хөрөнгийн бирж гэдэг улсын эдийн засгийг тодорхойлж байх ёстой газар гэдэг, гэтэл Монголын Хөрөнгийн Бирж балгас болох шахжээ. Шинэ дарга нь Монголын үнэт цаасны зах зээлийг сэргээж чадах болов уу?

2005-01-18

Шүүх үйл ажиллагаанд иргэдийн оролцоо хэрэгтэй юу?

Өнөөдөр сонин өдөр байлаа шүү. Өдөржин нойрмог царайлсан хүн л явлаа.

Эхний хичээл япон хэл, шүүх үйл ажиллагааны чиглэлээр мэтгэлцэх байсан боловч багш ирсэнгүй, урьд орой шөнө орой болтол бэлдсэн маань талаар боллоо. Сэтгэлээ хуурахын тулд энд бичье гэж бодлоо.

Өрнөдийн кинонд шүүхийн танхимд иргэдийн төлөөлөгчид суугаад хэрэгтнийг шүүхэд оролцож байгаа нь харагддаг. Тэдгээр хүмүүс хаанаас, яагаад ирдэг юм бол? Үнэндээ тэдгээр орнуудын иргэдэд шүүхээс дуудсан цагт хэрэгтнийг шүүхэд оролцох үүргээ биелүүлэх ёстой байдаг. АНУ-д сонгуулийн насанд хүрсэн иргэдийн дундаас сугалаагаар сонгодог бол Герман зэрэг оронд тодорхой жагсаалтаас санамсаргүйгээр сонгодог. Уг жагсаалтыг хийхдээ аль болох тэтгэвэрийн насныхан гэх мэт зав зайтай хүмүүсийг оруулахыг хичээдэг байна. Японд ч гэсэн дайны өмнө ийм систем байжээ.
Сонгогдсон хүмүүс ямар ч албан ажилтай байсан шүүх танхимд заавал хүрэлцэн ирэх ёстой. Нийт тохиолдлын 95 орчим хувь нь ажлын 3 өдөрт багтаж шүүх ажиллагаа дуусдаг бөгөөд ийм системээр шүүсэн шүүх хурлын 16.5 хувь нь сэжигтнийг цагаатгасан гэсэн тоо баримт байдаг. Иргэдийн төлөөлөгчид ихэнх оронд сэжигтнийг буруутай эсэх талаар шийдвэр гаргах ба, хэрэв буруутай гэж үзсэн бол ялын хэмжээг шүүгч тогтоодог.
Тухайн нийгмийн төлөөлөл шүүх ажиллагаанд оролцох нь буруугүй хүнийг хилсдүүлэх магадлалыг багасгадаг зэрэг үндэслэлээр эдгээр оронд энэхүү системийг хэрэглэдэг байна. Японд ч гэсэн 2009 оноос ийм системд шилжих гэж буй.
Жирийн иргэд хууль тогтоомжийн талаар сайн ойлголтгүй байдаг учир өөрийн өнгөц ойлголтоор хандах магадлал өндөртэй, бусдын нөлөөнд автах нь хялбар, иргэдийг шүүх ажиллагаанд оролцуулах зардал, ажил алдуулсны хариуцлага төрийн нуруун дээр буудаг зэрэг асуудал бий. Мөн сэжигтнийг хилсдүүлэх магадлал багасах уу гэдэг ч бас эргэлзээтэй асуудал. Чухам эдгээр нь үүнийг эсэргүүцэх, үл сайшаах шалтгаан болдог. Би ч гэсэн ингэж бодож байна (ер нь өөрийгөө олон зүйлээр хараад байхад консерватив үзэлтэй юм шиг байгаан). Харин та нар юу гэж бодож байна?

2005-01-17

Интернэт бидний амьдралд

Сайн байцгаана уу. Даалгавар ихтэй байгаа ч гэсэн богинохон ч гэсэн юм бичье. Өнөөдөр анх удаа ордонд очиж сүмоо үзэв. Ангайж суусаар байтал таарлаа. Зурагтаар үзүүлдэг шиг давтаж үзнэ гэсэн ойлголт байхгүй, тэгээд хоол унд бэлэг сэлд, гэрэл зураг гээд өөр зүйлд анхаарал хандуулаад барилдаанаа олигтой үзэж чадсангүй. Гэхдээ сэтгэгдэл өндөр байлаа.

Өнөөдрийн мэдээ гэвэл Үндэсний Татварын Алба байгууллагуудын татварын мэдүүлгийг интернэтээр авдаг болж байгаа гэнэ. Үүнээс өмнө Гаалийн Ерөнхий Газраас гаалийн мэдүүлгийг интенэтээр өгөх систем нэвтрүүлсэн. Ийнхүү үйлчилгээ хэрэглэгчдэд улам ойртсоор л...

За за, даалгавараа хийх минь.

2005-01-16

10 жил

Сайн байцгаана уу. Өнөөдөр бас л гэртээ өнжлөө. Хийж бүтээсэн ажил ч хомс байлаа.

Үй олон хүний амийг авч одсон Ханшин, Аважигийн газар хөдлөлт (Кообэ)-өөс хойш хэдхэн цагийн дараа 10 жил болох гэж байна. Зурагтаар тэр үеийн дурсамж гэх мэт нэвтрүүлгүүд хөвөрнө. Газар хөдөлсний дараа хотыг түймрийн утаа бүрхэж, хот тэр аяараа сүйдсэн ажээ. Сэргээн босгосон Кообэ хот өмнөхөөсөө ч сайхан болон сүндэрлэнэ. Гэвч ойр дотныхноо алдсан хүмүүсийн шарх хэзээ ч анихгүй биз ээ.
Гай гамшиг хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг. Гэхдээ сүүлийн үед газар дэлхийд маань юу болоод байна аа гэж өөрийн эрхгүй дуу алдмаар болж байна. Газар хөдлөлтийг хүний үйл ажиллагаанаас хамаараагүй гэхэд хар салхи, дулаарал, озоны давхаргын цоорол, цөлжилт, агаарын бохирдол гээд л хүмүүн төрөлхтөн бид хариуцлагыг нь үүрэх ёстой зүй бус үзэгдлүүд газар авсаар л... Хөгжил сүйрлийг дагуулдаг гэж үнэн юм болов уу?

Өнөөдрийн сонин мэдээ гэвэл Умард Солонгост хулгайлагдсан байх магадлалтай япон иргэдийн тоо 2-оор нэмэгдсэн байна. Тагнуул болгож бэлтгэх зорилгоор янз бүрийн насны хүмүүсийг 1970,1980-аад оны үед Умард Солонгосын тал хулгайлж ирсэн байдаг. Үүнийхээ заримыг хүлээн зөвшөөрч, 2 улсын төрийн тэргүүнүүдийн хэлэлцээний үр дүнд хулгайлагдсан иргэдийн зарим нь, тэдний гэр бүл, үр хүүхэд Японд буцаж ирсэн. 10 хүний асуудал нас барсан гэх шалтгаанаар тодорхойгүй хэвээр л байгаа. Тэр үед сураггүй алга бологсод хулгайлагдсан байх магадлал өндөртэйг өнөөдрийн мэдээ харуулж байна.

2005-01-15

Зүгээр л...

Сайн байцгаана уу. Өнөөдөр цас орно гэж байсан боловч хүйтэн бороо шавшсан өдөр байлаа. Гэрээсээ ч гармааргүй байсан ч Хаврын баярын зохион байгуулах хорооны хурал болох байсан учир эртлэн босч гэрээс гарлаа. Ажил үүргээ хуваарилж, би сурталчилгааны хэсэгт орлоо. Ярьж чаддаггүй над шиг хүнд хүнтэй харьцаж сурах сайхан боломж гэж бодож байна. Ер нь хүн аль болох завгүй байх тусам их зүйл амжуулдаг юм шиг ээ.

Өнөөдөр гэр лүүгээ ярив. Манай ач дүү охин 1 нас хүрч байгаа. Садангууд дунд маань 20-иод жил төрөөгүй эмэгтэй хүүхэд мэндэлсэн нь тэр. Байгаль эх амьтдын хүйсийн харьцааг яг таг биш ч гэсэн багцаагаар хадгалаад байдаг нь гайхалтай. Гэхдээ өнөө үед хүний үйл ажиллагаа үүнд нөлөөлөх болжээ. Хятадад хүүхдийн тоог хязгаарлах бодлогын дүнд эрэтгэй хүүхдийг илүүд үздэгээс болж эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйгээсээ дор хаяж 10 саяар их болсон байдаг. Монголд уг нь эмэгтэйчүүд нь олон байдаг. Одоохондоо эрэгтэйчүүд удирдах албанд ихээр ажиллаж, эмэгтэйчүүдийн тэгш эрх, жендэрийн асуудал гээд л ярьдаг хүн, байгууллага борооны дараах мөөг шиг олон бий. Гэтэл их дээд сургуулийн оюутнуудын ихэнх нь эмэгтэй, бичиг үсэг үл мэдэгчдийн дийлэнх нь эрэгтэй гээд л бодоод байхаар ирээдүйд эсрэгээрээ, эрэгтэйчүүд жендэрийн асуудал ярьих хэрэгтэй болж магадгүй юм шиг бодогдох юм. Залуус нь хүүнхүүддээ гологддог болж гээд одоо ч ярьж эхэлж байна шүү дээ. Тэгэхээр эрчүүд минь эмэгтэйчүүддээ гологдохгүйн тулд өөрийгөө хөгжүүлцгээе.

2005-01-14

Унш, унш, бас дахин унш

Сайн байцгаана уу. Өнөөдөр өдөржин гэртээ өнжлөө. Маргааш дунд сургуулиудын улсын шалгалт (эндхийн дунд сургуулийн төгсөгчдийн улсын шалгалт их сургуулиудад явагддаг) болох учир түүнд анги танхимаа бэлдээд оюутнууд амрав. Маргааш өдөржин цас бороо орж, энэ өвлийн хамгийн хүйтэн өдөр болно гэсэн. Ер нь энэ жил 12 сарын сүүл хүртэл дулаахан байснаа эрс хүйтэрчихлээ шүү.

Өнөөдрийн мэдээ гэвэл Монголын Уран Зохиолын Дээжис 108 боть хэвлэгдэж дуусчээ. Эртний уран зохиолоос 90-ээд оныг хамарсан, ард түмний утга зохиолын боловсролд хэрэг болох ажил байлаа. Хараад байхад монголчууд нэг хэсэг ном уншихаа больсон байсан бол одооноос уншдаг болж байх шиг байна. Ном уншсанаар мэдлэг нэмэгдэж, тэр хэрээрээ өргөн хэмжээнд сэтгэдэг болно. Би одоо монгол хэлээр Нацүмэ Соосэкигийн "Муур миний өчил" (夏目漱石 "吾輩は猫である"), япон хэлээр Мүраками Харүкигийн "Салхины өчлийг сонс" (村上春樹 "風の歌を聴け"), англи хэлээр Жорж Орвэллийн "Амьтдын ферм" (George Orwell "Animal Farm") гээд баахан ном эхлүүлчээд сууж байна. БҮгд л сонирхолтой боловч эх хэлээрээ унших нь хамгийн ойлгомжтой, сэтгэлд хоногшим юм аа. Тэгээд бодохоор хүн аль болох олон хэлийг сайн эзэмшвэл мэдээлэл авах хүрээ нь төдийчинээ ихсэх болохоор хүнд сайнаар нөлөөлөх ажээ. Би гэдэг хүн англи номыг толь бичиг эргүүлэн байж л ойлгоно, япон хэл бол мэдэхгүй ханз, үг гарч ирсэн ч яаж ийгээд ойлгох учир тэгэсгээд л орхиод явчихна. Хэзээ бүрэн эзэмшинэ дээ.

2005-01-13

Надад нөхдийн минь дуу хоолой "харагддаг"

Сайн байцгаана уу. Өнөөдөр орой сайхан борцтой гурилтай шөл хийж идлээ шүү. Өдгөөгөөс яг 13 жилийн өмнө монголчууд анхны ардчилсан Үндсэн Хуулиа баталж байжээ. Энэ хооронд нэмэлт өөрчлөлт хийгээд амжиж. Харин япончууд хэдийгээр одоо өөрчлөлт оруулах тухай асуудал хурцаар яригдаж байгаа ч гэсэн 60 орчим жил болоход Үндсэн Хуульдаа гар хүрээгүй л байна.

Японы NHK телевизээр "人間ドキュメント" (Human document) хэмээх нэвтрүүлэг гардаг. Бидний дунд амьдарч буй эгэл жирийн боловч агуу хүмүүсийн тухай танилцуулдаг уг нэвтрүүлгийг сүүлийн үед үзэх дуртай болоод байгаа. 1-р сарын эхний дугаарын нь нэрээр өнөөдрийн тэмдэглэлийн гарчгаа хийлээ.
写真Кансайн Их Сургуулиудын америк хөлбөмбөгийн лигт хүч үздэг Кинки Их Сургуулийн тамирчин Нишимүра Такаюүки төрөлхийн сонсголгүй. 5 настайгаасаа ээжтэйгээ дасгал хийж ирсний дүнд суралцсан уруулын хөдөлгөөн унших урлаг түүнд нөхөдтэйгээ харилцахад тус болдог. 11 настайдаа америк хөлбөмбөгөөр хичээллэх болсон нь сонсголгүй хүүд найз нөхөдтэй болж нийгэм дунд ороход тус болжээ. Авъяаслаг хүү дунд сургуулиа төгсөөд Кинки Их Сургуульд орон спортоо үргэлжлүүлэв. Уруулын хөдөлгөөнөөр багийнхантайгаа ойлголцдог тэрээр лигийн шилдэг тоглогчдын тоонд багтан Бүх оддын тоглолтын бэлтгэлд гарсан боловч багийн ахлагч Аокигаас бусад тамирчинтай ойлголцох нь удаан байна гэсэн шалтгаанаар хасагдав. Энэ өдөр нийгэмд хөл тавьснаасаа хойш бараг л анх удаа сэтгэлээр унаж аав руугаа мэйл бичжээ. Аав нь харин түүнд "Энэ бол юу ч биш, амьдрал хатуу шүү. Яасан ч бууж өгч болохгүй" гэсэн урам хайрласан үг хайрлалаа.
Нишимүра энэ жилийн 4-р сард сургуулиа төгсөөд сургуульдаа ажиллахаар болжээ. "Сургуулийнхаа халуун дулаан хамт олны дунд орж ажиллах болсондоо баяртай байна. Намайг хөгжлийн бэрхшээлтэй гэж гадуурхалгүй нөхөрлөж байсан нөхөд минь энэ л сургуулийн оюутнууд. Тийм болохоор сургуулийнхаа оюутнуудын төлөө ажиллахыг хүссэн юм" гэж тэрээр өгүүлэв.
2004 оны 11-р сар. Тамирчны хувиар оролцох сүүлчийн тоглолтондоо эцэг эхээ урьжээ. Өмнө нь загасны дэлгүүрээ хааж тоглолтыг нь үзэх гэж ирдэггүй байсан аав ээж 2 нь ч хүрэлцэн ирлээ. Хэдийгээр өрсөлдөгч нь лигийн тэргүүн байранд яваа Кансай Гакүин Их Сургуулийн баг байж, баг нь хожигдсон боловч Нишимүра өөрийн тоглолтоо бүрэн гаргав. Тоглолтын дараа аав ээждээ "Хэрэв би хөгжлийн бэрхшээлгүй байсан бол ингэж хичээн, амжилтад хүрэхгүй байсан байх. Бэлтгэлээ сайн хийх бүх нөхцөл бололцоогоор хангаж байсанд та хоёртоо баярлалаа. Өнөөдөр хожигдсоныг уучлаарай. Гэхдээ сэтгэл хангалуун байна. Цаашид нийгэмд гараад ч гэсэн хүү нь хичээнэ ээ" гэсэн үгтэй мэйл явууллаа.
Хэдхэн сарын дараа сургуулиа төгсөх Нишимүраг ямар амьдрал хүлээж байгаа бол? Сонсголгүй төрсөн гэж гутралгүй, эрүүл төрсөн хэнээс ч дутахгүй гэж, хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж хичээж буй түүнийг бурхан ивээх болтугай.
頑張れ、西村君.これを読んでいるあなたも頑張って生きていってください
(Хичээгээрэй, Нишимүра. Үүнийг уншиж буй та ч гэсэн...)

2005-01-12

Юм болгонд дүрэм журам хэрэгтэй

Сайн байцгаана уу. Өнөөдөр үдээс хойш хичээлгүй байсан болохоороо сайхан унтаж амарлаа.

Энэ удаа дүрэм журмын талаар номчирхмоор санагдлаа. Монголд маань дүрэм журмаараа явагдаж байгаа ажил үйл нэг ч алга гэхэд хилсдэхгүй болов уу. Замын хөдөлгөөний дүрэм гэж бий. Угтаа бол жолооч, явган зорчигч бүгдийн төлөө энэ дүрмийг зохиосон. Ноднин зун анх нутгаасаа суралцахаар гарснаас хойш анх удаа амралтаараа харив. Эндхийн замаас хамаагүй өргөн гудамжинд үүсч буй бөглөрөл, улаан гэрлээр явган зорчигчид дундуур зүсэн орох машинууд, гарцгүй газраар машины урдуур амь өрсөн гүйх залуус... энэ бүхэн надад culturе shock шиг л санагдав. Эхэн үедээ хамт явж байсан найз нараасаа зам гарах болгонд хоцорч, үглүүлж байсан хүн сүүлдээ машин сүлжихийг тэднээс дутуугүй сурав. Хотын төвийн ихэнх замын уулзварууд Япончуудын тусламжаар шинэчлэгдсэнийг анзаарсан биз ээ. Гэрлэн дохио нь японд үүргээ бүрэн биелүүлдэг бол Монголд эсрэгээрээ явган зорчигчдын уцаарыг барах юм. Хэргийн учир япон жолооч нар дүрмээ ягштал баримталдагт байгаа юм. Энэ гэрлэн дохионууд нэг чиглэлийн ногоон гэрэл асахад мөн тухайн чиглэлийн явган зорчигчдын хувьд хүчинтэй байдаг. Гэтэл эргэж ирж буй машинууд дайрчих шахна. Угтаа тэд хэдий ногоон гэрлээр явж байгаа ч гэсэн явга зорчигчийг өнгөрүүлэх ёстой. Үүнд л асуудлын гол оршиж байгаа юм. Гарчиг дээр товшиж Кёотогийн Их Сургуулийн магистрант М.Тулгатын "Маргаанд дүрэм хэрэгтэй" нийтлэлийг уншиж үзээрэй. Тэнд дүрэмгүй тоглоом явагдаад байгаа тухай маш сайн бичсэн байдаг, харин миний хэлэх гэсэн зүйл бол дүрэм байсаар байхад булхайцах явдал юм. Эсвэл дүрэм нь үйлчлэх чадваргүй байдаг. Хүүхдийг багаас нь олон нийтийн дунд биеэ авч явахад сургах, албан ёсны хэллэгтэй хууль дүрмүүдийг энгийнээр ойлгуулахын тулд одоогийн ЕБС-иудад ордог Ёс зүйн хичээлийг өөрчлөх хэрэгтэй юм. Тэнд бага ангийн хүүхдүүдэд огт хэрэггүй Эцэг хүний 8 эрдэм гэх мэтийг цээжлүүлж, үеэ өнгөрөөсөн зан заншлын тухай ярьдаг. Энэ нь одоогийн хүүхдүүдийн хувьд харь гаригийн тухай ярьж байгаатай ижил бөгөөд тэдний балчир оюун ухаанд нялзах нь ч бага, амьдралд ч хэрэггүй байдаг. Жилийн өмнө насанд хүрсэн гэсэн үнэмлэх авахын тулд шалгалт өгдөг болсон байгаа тухай нэг кино үзэж байсан юм. Шалгалт нь олны дунд биеэ хэрхэн зөв авч явах... Түүнийг давахгүй бол нийгмээс тусгаарлагдаж, насанд хүрсэн хүн шиг эрх эдлэхгүй. Өнөөгийн Монголд ийм шалгалт байдаг бол насанд хүрсэн хүмүүсийн талаас илүү хувь нь тэнцэхгүй дээ. Цагаа барьдаггүй, хууль дүрмээ хэрэгжүүлдэггүй, ажлаа үнэн сэтгэлээсээ хийдэггүй улс яаж ч хөгжих вэ дээ. "Монголын хууль 3 хоног" биш, Үүрд мөнх байгаасай. Хууль дүрмээ бүгд чанд мөрддөг болохсон доо.

2005-01-11

Дэлхий хурдасчээ

Сайн байцгаана уу.
Өнөөдөр хичээлдээ сууж, зурагтаар сүмо үзэж, интернэтээр аялж, хичээлээ давтаж өдрийг өнгөрөөв.

Энэ өдөр сонссон шинэ мэдээ гэвэл НАСА буюу Америкийн Үндэсний Сансар Судлалын Төвөөс өнгөрсөн сард Энэтхэгийн далайд болсон асар хүчтэй газар хөдлөлт дэлхийн тэнхлэгийн эргэлтийг хурдасгасан гэж мэдээлэв. Цүнами дагуулсан аймшигт газар хөдлөлт Евроази болон Энэтхэг, Австралийн тавцангуудын заагт үүсч, Евроазийн тавцан өргөгдөж, нөгөө нь доошилсон байна. Энэ нь дэлхийн диаметрийг багасгажээ. Уран гулгалтын тамирчин мөсөн дээо эргэлдэж байхдаа гараа цээжиндээ авахад эргэлт удааширч, дээш өргөхөд хурдасдаг. Яг үүнтэй адил зүйл эх дэлхийд маань болж өмнөхөөсөө хурдан эргэж эхэлжээ. Өдрийн урт ч 0.00000268 хормоор богиносчээ. Тооцож үзвэл жилийн урт өмнөхөөсөө ойролцоогоор 84.5 секунд богиноссон гэсэн үг. Энэ нь бидний амьдралд ямар нөлөө үзүүлэх бол? Хүний дундаж наслалтыг 65 гэвэл хүний дундаж наслалт ганцхан өдрийн дотор өмнөхөөс 90 минутаар уртассан гэж би ойлголоо. Зөв ойлгосон болов уу? хэхэ

2005-01-10

幼い命を守れ (Бяцхан амьдралыг хамгаалцгаая)

Сайн байцгаана уу.
Өнөөдөр TBS телевизээр ийм нэртэй нэвтрүүлэг үзлээ. Хөгжлөөр Монголоос минь хамаагүй илүү Японд хүртэл эмнэлгийн үйлчилгээ хүрэлцдэггүй ажээ. 2 жил хагасын өмнө, Ишикава муж. Ханиадтай байсан 8 сартай хүү халуун нь эрс нэмэгдэн, санаа зовнисон эцэг эх нь эмнэлэг хайсан боловч орой болсон байсан боловч эмнэлэг олдсонгүй, онгорхой байсан ч хүүхдийн эмч байсангүй. Мужийн хэмжээнд 4 хүүхдийн эмч ажилладаг байсан боловч хэнтэй нь ч холбогдож чадсангүй. Эцэстээ хүү энэ ертөнцийг орхин оджээ. Орчин үед залуу хос эцэг эхээсээ тусдаа амьдарч, заавар зөвлөгөөг нь авахад хэцүү болсон, хүүхдийн эмнэлэг нь ашиггүй байдаг зэргээс хувийн эмнэлэг цөөн байдаг зэргээс шалтгаалаад хүүхдийн эмнэлгийн хэрэгцээ ихэссээр байхад эмнэлгийн тоо цөөрсөөр байгаа ажээ. Хэрэглэгчдээ бодвол эмнэлгийн үйлчилгээг сайжруулж, 24 цагийн турш ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсохыг тангараг өргөсөн эмч нараас шаардмаар...
Гэтэл юм гэдэг сайн муу 2 талтай байдаг ажээ. 1999 онд Тоокёод 44 настай нэгэн хүүхдийн эмч "Надад хүүхдийн эмчийн завгүй ажлыг цааш үргэлжлүүлэх бие сэтгэлийн чадал үлдсэнгүй" гэсэн зурвас үлдээгээд амиа хорложээ. Өдөр болгон илүү цагаар ажиллахын хажуугаар 7 хоногт дор хаяж 3 өдөр нь дуудлагад дарагдан гэртээ хонож чаддаггүй байж. Тэгэхээр эмч нарынхаа ажиллах орчинг ч сайжруулах тал дээр давхар анхаарч явахгүй бол болохгүй ажээ.
Японд ийм байдаг юм байна. Тэгэхээр Монголд ямар байдаг тухай бодохоос ч аймшигтай.


Өнөөдрийн мэдээ гэвэл, халамцуу залуусын ёс суртахуунгүй үйлдлүүд энэ жилийн насанд хүрсний баярын өдөр ч их гарчээ. Энэ нь хөгжингүй орнуудын залуус эрх танхил, элбэг хангалуун өсч байгаатай холбоотой. Хүсэл мөрөөдөлгүй, амьдралын төлөө тэмцэлгүй "үхээнц" ирээдүй өсч өндийж байна. Жаргал даахгүйн зовлон энэ юм даа.

Хүн хэдтэйдээ насанд хүрдэг вэ?

Сайн байцгаана уу. Өчигдөр орой хоббитой юм шиг ганцаараа боулинг тоглов. Бүүр хорхой хүрээд байсан юм. Даанч маш муу тоглолоо. Оноогоо хүмүүст хэлэхгүй ээ. :-)
Тэгээд харьж ирээд Уржигдрын Урам уулзалтын тухай тэмдэглэл бичиж цахим хуудсандаа тавив.

Oдoo унтаж босоод цахим хуудсандаа оруулах шинэ зүйл бичих санаатай байна. Нэг санаа орж ирсэн. Бас сүмогоо үзнэ. asuult.net-ийн fantasy sumo-д оролцдог болохоор өөрийнхөө сонгосон бөхчүүдийг их дэмждэг ш д. Хакүхо өчигдөр Асашорюүд ямар харамсалтай ялагдав аа. Миний сонгосон нөгөө 3 бөх ч ялсан л даа.
Уржигдар зурагтаар お一人様 буюу цагийг ганцаараа өнгөрөөх дуртай хүмүүсийн тухай нэвтрүүлэг үзсэн. Хүн хичнээн хайртай хүнтэй байсан ч гэсэн түүндээ өөрт байгаа бүхнээ өгчихвөл амьдрал ямар ч утгагүй болох юм байна. Харин өөртөө цаг гаргаж байх хэрэгтэй юм гэдгийг ойлгож авлаа. Одоо ч яахав, тэртэй тэргүй ганцаараа амьдарч байгаа.
Өчигдөр шөнөжин сууж факультетынхаа багш нар, семинар гэх мэт зүйлсийг судалсан. Ирэх жил семинараа хэрхэн сонгож, юугаар гүнзгийрч сурахаа одооноос бодож л байна. 5 жилийн мастерын хөтөлбөр сонирхол татсан шүү. Ер нь чадвал түүнд хамрагдая гэж бодлоо. Электрон худалдаа, маркетингийн алинаар нь явдаг юм билээ. Аль алинд нь л сонирхол төрөөд байх юм. Багшийг нь л харж байгаад сонгоно доо.

За миний хувьд нэг иймэрхүү. Өнөөдөр 1-р сарын 2 дахь Даваа гариг. Японд тухайн жил 20 нас хүрсэн залуус насанд хүрснээ тэмдэглэн эх орондоо хэрэгтэй хүн болохоо тангарагладаг насанд хүрсний баярын өдөр, нийтээр амарна. Энэ өдөр гудамжинд чамин захтай кимоно өмссөн охидтой зөндөө тааралдах вий. Ер нь хүний хэдэн насандаа нас бие гүйцэхийг зүгээр л хуулиар тогтоож болохгүй юм шиг ээ. Нэг ангийнхны хөгжил ямар ялгаатай байдгийг хүүхдүүдийн өндөр намыг харахад л ойлгомжтой. Тэгэхээр хүн хэдтэйдээ нас биед хүрэх нь тухайн хүний онцлогоос л шалтгаалах зүйл гэж би боддог. Үүнийг яг таг тогтоох эцсийн зорилго нь тухайн хүний шийдвэр гаргах чадварыг тодорхойлоход оршдог болов уу. Монгол хүн 18, япончууд 20, харин америкчууд 21-тэйдээ насанд хүрдэг байх нь. хэхэ

Blog-oo нээв

Сайн байцгаана уу. Би энд өнөөдөр гэсэн сэдвээр бичиж байхаар шийдлээ. Та бүхэнтэйгээ ойр ойрхон уулзаж байхыг хичээнэ ээ. Бичлэгүүдийг минь уншаад бодол саналаа хуваалцаж байхыг хичээнгүйлэн хүсье.