2009-05-06

Ногоон нүдэн лам

Ц.Оюунгэрэл, Ж.Л.Фолт нарын "Ногоон нүдэн лам" номыг төрсөн өдрөөрөө бэлгэнд авснаа уншив.

1937 оны их хэлмэгдүүлэлт жирийн ард түмэнд хэрхэн сүүдрээ тусгаж байсан, "тоо" бөглөхийн тулд мөрөөрөө явж байгаад тааралдсан хүнийг баривчилж авч явдаг байсан, хэрхэн тамладаг байсан, ганцхан асуултад яаж хариулснаас тэр хүний шороонд булагдах уу, эсвэл төмөр торны цаана 10 жилээ өнгөрөөх үү гэдэг нь шийдэгддэг байсан, авъяас чадвар нь эзнийхээ амь насыг ч аврах чадалтай гэдгийг харуулсан сонирхолтой ном байлаа.
Ээжийгээ цайны сүүтэй болохын тулд аавыг нь, ахыг нь харанхуй шөнөөр ачаад явсан хувьсгалт засагт цэргийн алба хаахаар явж буй залуус, хар багаасаа залбирч шүтэж ирсэн хүрээ хийдийг нь хэдэн ойворгон залуу талж устгаж байгааг зүрхээ шимшрүүлэн харах хөгшчүүл, хүүхэд нь төрөх гээд өвдөж байхыг үл тоон бурхан шүтээнээ аврах гэж голын усанд орох бүсгүй, эцсийн удаа нар мандаж буйг харж байна гэдгээ мэдэрсэн ч үхлийн өмнө толгой гудайгаагүй лам нар, хар амиа хоохойлохын тулд найз нөхдөө барьж өгдөг өөдгүйчүүд гээд л олон дүр төрх гарна.

Гол баатрууд нь бүгд бодит хүмүүс юм байна. Монголын маань түүхийн нэг эмгэнэл, нэгэн нугачаанд бүдэрсэн олон мянган гэмгүй хүмүүс, эрдэмтэн мэргэдийг хойч үе мартаж болохгүй билээ.

Жич: Япон дахь монголчуудын Хаврын баярын үеэр монголч эрдэмтдийн үгийг сонсох завшаан тохиолдов. Тэд "Монголчууд хүүхдүүддээ муу юмыг зааж өгдөггүй, тэр нь хэтрээд түүхэндээ бий болсон хар толбыг үл дурссанаар хойч үеийнхэн нь өнгөрснөөсөө суралцах боломжийг багасгадаг" гэж дүгнэхийг сонсоод толгой дохин хүлээн зөвшөөрч суулаа. Бид мандаж явсан үеэ дурсах дуртай, Чингис хаан гэж цээжээ дэлдэхдээ сайн, харин уруудан доройтож байсан үеийнхээ тухай хэр сайн мэдэх билээ? Бодууштай л үг.