2006-05-31

Хөгширсөн хойноо харамсахааргүй амьдрах нь

"Хатэна" компанийн захирал Үмэда Мочио Japanese Technology Professionals Association-аас зохион байгуулсан Silicon Valley Tour (АНУ-ын Калифорниа муж улсын Силикон Валлид Google-ээс эхлээд мэдээллийн технологийн компаниуд олноороо байдаг)-т оролцогчдод зориулж ийм нэртэй семинар удирдан явуулсныгаа өөрийнхөө блогт бичсэнээс товчлон хүргэж байна.

Миний бие түүний "Web進化論 (Вэбийн хөгжлийн онол)" хэмээх номыг яг одоо уншиж байгаа юм. Google, Web 2.0, Open Source гээд олон зүйлийн тухай бичсэн энэ номыг та япон хэл мэддэг бол заавал олж уншаарай.

Дээд зэргийн ажил хийдэг хүмүүст байдаг ерөнхий шинж чанар

Тэдний гол онцлог нь 10, 20 жилийн турш өдөр тутам, өдөржингөө, маш урт хугацаанд ямар нэг зүйлийг үргэлжлүүлэн хийх чадвартай байдаг. Бусад хүмүүс тэднийг хараад "Пөөх, ямар хэцүү ажил вэ!" гэж хэлэхээр зүйлийг ч тэд хэцүү гэж огт боддоггүй. Түүнчлэн тэд амжилт, алдаа зэрэг гаднаас харсан үнэлэлтүүдэд анхаарлаа хандуулдаггүй байх нь олон. Улам бүр өрсөлдөөн нь ширүүсч буй бизнесийн талбарт амжилт олсон хүмүүсийг ажиглаад байхад, тэдэнд "өрсөлдөөн" гэдэг ойлголт огт байдаггүй мэт санагдана.

Жишээлбэл, Silicon Valley-д хагас дамжуулагчийн venture company байгуулан ажиллаж буй Ватанабэ Сэй-ичирогийн хобби нь машин техник засах гэнэ. Найз нөхдийнхөө эвдэрхий машин техникийг цуглуулан зассанаар тэр стрессээ тайлдаг юм. Зарим хүн түүнийг хобби, ажил хоёрыг нь зааглахын аргагүй гэж тодорхойлох нь ч бий. Их идэх тэмцээнд түрүүлэхийн тулд тэмцээний завсар хооронд ходоодоо амраах биш, идэхээ үргэлжлүүлсэн нь ялдаг гэлцдэг. Үүнтэй адилхан жишээ тун олон. Linux-ийг бий болгосон Линас Торвалдсын хувьд программ бичих гэдэг ажил нь ч, хобби нь ч юм. Ажил дээрээ ч, гэртээ ч программ бичих нь бусдын хувьд хэцүү санагдаж болох ч түүний хувьд энэ нь мэдээжийн зүйл аж.

"Чаддаг байх", "дуртай байх"-ын ялгаа

Сайн сургуульд орсон оюутнуудад мэргэжлээ сонгох болсон шалтгаан нь "дуртай, болмоор байсан" бус, "чаддаг" байх нь түгээмэл ажиглагддаг. Тэд сургуулиа төгсөөд гүнзгий бодож эргэцүүлэлгүй нэг ажилд орж, түүнийгээ үргэлжлүүлсээр тэтгэвэрт гарахынхаа өмнө "Би энэ ажилд үнэхээр дуртай байсан уу?" хэмээн өөртөө асуулт тавин харамсдаг. Нас өндөр болсон хойноо ийм харамсал тээхийг хэн ч хүсэхгүй нь ойлгомжтой.

Ингэхэд би гэж чухам хэн юм бэ, ямар нөхцөл байдал байхдаа би аз жаргалыг мэдрэх вэ, бусдын амжилтанд атаархахгүйн тулд би өөрөө ямар болох ёстой вэ? Мэдээж хариултыг олоход тун төвөгтэй хэдий ч, өөрөөсөө ингэж асуухаа зогсоож огт болохгүй.

Дуртай зүйлийнхээ талаар өөрийнхөө чадварыг голж болохгүй. Алдаанаасаа суралцаж, түүнийгээ засч явсаар шилдэг нь болдог шүү дээ. Өөрийн хамгийн чухал шийдвэрийг гаргахдаа бусдын нөлөөнд авталгүй, үргэлж эрэл хайгуул хийж байх нь чухал.

30 хүрэхээсээ өмнө энэ бүхнийг үргэлж бодож, эрэл хайгуулаа үргэлжлүүлбэл "тэнгэрээс заяасан" ажил чинь олдох л болно. Хүнд хэцүү өрсөлдөөнийг ялж гарах түлхүүр нь "Би хийдэг ажлаа л хийж байсан шүү дээ, огт өрсөлдөе гэж бодоогүй" гэж хэлж чадахаар ажилдаа дуртай байх явдал юм.

Үмэда Мочио, 2004.03.16


Үнэхээр "Би чаддаг юм чинь хэнтэй ч өрсөлдөж ялж чадна" гэж бодох, "Би дуртай учраас хэзээ нэгэн цагт ялж чадна" гэж бодох хоёр ялгаатай ажээ.

Сайн дурын уран сайханчид

Сайн байцгаана уу. Гэртээ интернэтгүй байсан тул (гэхдээ энэ нь зөвхөн шалтаг л даа) удаан хугацаанд блог-оо бичсэнгүй. Дотуур байрнаасаа гарч, сургуулийнхаа ойролцоо байр хөлслөн амьдрах болсон хэрэг л дээ.

Англи хэлний volunteer хэмээх үгийг бид "сайн дурын" гэсэн үг оруулан илэрхийлдэг. Биднийг багад сайн дурын уран сайханч хэмээх нэр томъёо их хэрэглэгддэг байж билээ. Жил болгон шилдгийг нь шалгаруулах уралдаан зохиож, шалгарсан нь мэргэжлийн дуучин, хөгжимчин болдог байсан санагдаж байна. Гэтэл социалист нийгэм улирахтай зэрэгцэн сургуулийн сурагч болсон миний үеийнхэнд сайн дурын уран сайханч гэдэг үг "өрөөл бусдад таалагдах гэж өөрт хэрэггүй зүйл хийхдэг хүн" гэсэн утга илэрхийлэх болсон юм. Өөрөөр хэлбэл, хэн нэгнийгээ муулахдаа энэ үгийг хэрэглэдэг болсон.

Мөн өөрсдийгөө Монголтой мах цусны холбоотой гэж үздэг, эсвэл эх дэлхийгээ хайрладаг болохоороо хаа байсан холоос тусламж илгээсэн, Монголд очиж мод тарьсан гэх мэт сайн дурын ажил хийдэг япончуудыг монголчууд бид цаанаа ашиг харж буй гэж хардах. Ашиг харж ажилладаг бол "сайн дурын" гэж нэрлэмээргүй байлтай.

Ингэхэд сайн дурын ажил хийдэг хүн яагаад ийм муу жишээ болон дурьдагдах болтлоо нэр хүнд нь уначихсан юм бол? Монголчууд маань сайн дурын ажил хийдэг хүмүүсийн тухай "хэнхэг", "цаанаа ашиг харсан", "карьер хөөх санаатай" гэх мэтээр муулахаас биш, тэр сайн хүн шүү гэж хэлэх нь цөөхөн. Социалист нийгмийн үед сайн дурынхан гэхээр нам эвсэл, олон нийтийн ажил гээд явдаг хүмүүс л бодогддог, тэд нь ч тэр "сайн дурын" ажлаа хийж байгаад албан тушаал ахидаг, эсвэл гадаадад сургууль соёлд явдаг байв. Бас олон нийтийн ажилд хүн болгоныг "албадан" хамруулдаг (субботник, майн баярын жагсаал, мал төллөлтөд туслах гэх мэт), түүнд нь дуртай дургүй оролцдог нь дийлэнх нь байсан учир нөгөө хэдийгээ "хэнхэг" гэж нэрлэх болсон байх гэж бодогддог юм.

За тэгээд, улс орон маань ардчилалд шилжив ээ. Ардчилсан орны хувьд төрийн бус байгууллагууд борооны дараах мөөг шиг олшрох нь ойлгомжтой. Гэтэл Монголд байдаг тэр олон байгууллага, сайн дурынхнаас "дүрмэндээ заасан зорилгоо хэрэгжүүлэхдээ хойрго", төсөл бичиж, олон улсын байгууллагуудаас мөнгө "салгасан" үл бүтэх этгээдүүдийг нь ажигч гярхай ард түмэн маань юун түрүүнд олж хараад, хийж бүтээгээд байгаа хэсгийг нь олж харсангүй ээ. Ингээд л өмнөх нийгмээс улбаатай, сайн дурынхны тухай төсөөлөл нь огт өөрчлөгдөөгүй үлдсэн нь энэ.

Намайг анх Японд ирэхэд эндхийн оюутны холбоо нь монгол оюутнуудынхаа дунд нэр хүнд муутай байсан юм. Карьер хөөх гэсэн нөхөд нь ЯМОХ-т ордог гэж хэлэх хүнтэй ч таарч байсан. Үнэхээр оюутны холбоонд байсан хүмүүс олон япончуудтай танилцан, тэдэнтэй ажил хэргийн холбоо тогтоон гайгүй албан тушаалд ордог нь үнэн. Гэхдээ тэд анхнаасаа 100 хувь тийм бодолтой байсан гэвэл би одоо итгэхгүй. Тэд оюутан ахуй цагаасаа ажил хийхийн хүнд хүчрийг мэдрэн (50 мянган хүн хүрэлцэн ирдэг, эндхийн монголчуудын хамгийн том баяр - Хаврын баярыг ЯМОХ зохион байгуулдаг бөгөөд хагас жилийн турш энэхүү баярт бэлддэг юм), туршлага суун, олон хүнтэй харилцах явцдаа хүнтэй харилцах туршлага сууж, өөрийгөө ч тэр хүмүүст таниулж байгаа. Өөрөөр хэлбэл, сайн дурын ажил хийнгээ өөрсдийгөө хөгжүүлж байсан учир сургуулиа төгссөний дараа ямар ч ажлыг нүүр улайхааргүй хийж чадахаар болдогт л хамаг учир оршиж байгаа юм. Цагийн ажил хийнгээ, эсвэл аль нэг компанид дадлага хийнгээ ажил хийж сурна гэж хэлэх хүн гарч магад. Тэр үнээн, гэхдээ сайн дурынхны ажил нь олон нийтийн сайн сайхны төлөө учраас утга учиртай юм. (やりがいのある仕事)

Эцэст нь хэлэхэд, сайн дурынхан гэдэг нь "сайн санааны үзүүрт шар тос" гэгчээр сайхан сэтгэл гаргасныхаа шанг хүртэж, сэтгэлийн ханамж авдаг хүмүүс болохоос биш шар тосны төлөө "сайхан сэтгэл, сайн дур" гаргадаг хүмүүс биш юм шүү. Тэднийг муулж, сайхан сэтгэл рүү нь битгий ус цацаарай гэж хүсэх байна.


Бичилгүй удсан чинь бичих чадвар маань муудсан юм шиг санагдаж байна, өнөөдрийн бичлэг маань санаанд нэг л хүрсэнгүй, хэлэх гэсэн зүйлээ ч олигтой илэрхийлж чадсангүй.