2006-11-06

Инамори өвөөгийн дугуйлан


Миний өмнө нь танилцуулж байсан Cambria Kyuden хэмээх нэвтрүүлгийн 10-р сарын 16-ны дугаарт, ЭМОС клубээс "Амжилтад хүрэх гал эрмэлзэл" номыг нь орчуулан гаргасан Инамори өвөө оролцов. Сүүлийн хэд хоног хичээлээсээ болж жаал стрессдээд, гутранги байдал ханхалсан бичлэг үйлдвэрлэн Инамори өвөөгийн тухай бичихээ мартаад удчихлаа.

Компани гэдэг хэний өмч вэ гэдэг асуултад ихэнх хүн хувьцаа эзэмшигчдийн өмч гэж хариулдаг, орчин үед ч бараг бүх компаниуд (том) хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн төлөө ажилладаг. Харин Инамори Казүо, түүний байгуулсан компаниуд, бизнес удирдлагын дугуйланд нь сууж, лекцийг нь сонссон, номыг нь уншсан бизнесмэнүүд "Компани гэдэг ажилтнуудын өмч юм" гэдэгтэй санал нийлдэг. Энэ үзэл нь ч тэднийг амжилтад хүргэж буй.

Кёосэра корпораци (Монголчуудын бичиж дадсанд тохируулан "Амжилтад хүрэх гал эрмэлзэл" номд Киосэра гэж буулгасан боловч уг дуудлага нь Кёосэра юм) ажилчиддаа ширээний ном болгохыг шаарддаг "Кёосэрагийн философи" гэдэг нимгэн улаан номтой юм байна. Ажилтнууд нь ч ажилдаа дарагдаад стресст орох, яах гэж ажиллаж байгаагаа мэдэхээ болих гэх мэт гутранги байдалд орох үедээ уг номыг уншиж мартсанаа санаж, шинэ мэдрэмж, шинэ эрч хүч авдаг аж.
Кёосэрагийн ажлын нэг өдөр бүх ажилчдын өглөөний мэндчилгээгээр эхэлж, дараа нь амёбуудын дотоод зөвлөгөөн хийгээд тус тусын ширээний ард сууцгаадаг. (Амёб хэлбэртэй бизнес удирдлагын талаар "Амжилтад хүрэх гал эрмэлзэл" номд дурдагдсан буй. Товчхон хэлбэл, санхүүгийн тооцоо нь тусдаа байдаг жижиг жижиг нэгжүүдэд компаний хувааж ажиллуулах арга).

Инаморигийн бизнес удирдлагын дугуйлангийн сурагчдаас нь амжилттай яваа жишээ ч хэд хэд гарав.

Японд хуучин номын дэлгүүрийн хамгийн том сүлжээг бий болгосон Book off-ийн захирал л гэхэд ажлын талбар буюу дэлгүүрээр байнга хэсч, тэнд ажиллаж буй ажилчдынхаа санал бодлыг сонсдог.

Asuku Corporation л гэхэд амёб хэлбэрээс санаа авч, компани дотроо мөнгийг орлох цаас хэвлүүлж (сонирхолтой нь бүх "дэвсгэрт" нь Инаморигийн зурагтай байлаа), ажилтнууд нь компани доторх гүйлгээг уг "мөнгөөр" хийснээр алхам тутамдаа мөнгөтэй харьцаж буйгаа мэдрэрч, ажлын бүтээмж нь дээшилсэн.

Тоокёо хотын Шибүя дүүрэгт байрлах нэгэн компани "өвөө"-гийн сургаалийн дагуу бусдын төлөө гэсэн цагаан сэтгэлээ мартахгүйн тулд ажлын өдрөө гудамжны цэвэрлэгээгээр эхэлдэг, мөн ажилтнууд нь сард 2 удаа хамтдаа сууж пиво уун, нөхөрсөг уур амьсгалд ярилцдаг.

Энэ мэтчилэн олон жишээ үргэлжлэх ажээ.

Инаморигийн уг нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан зүйлсээс сэтгэлд хоногшсон үгсийг тэмдэглэж авснаа дор сийрүүлье.

- Бизнесмэн хүн шунаг сэтгэл, хувиа хичээсэн зантай байж болохгүй

- Залхуу хүн, амар хялбар амьдрахыг хүсэгчид бизнесмэн болж чаддаггүй

- Ердийн нийгэмд янз бүрийн чиглэлтэй векторууд (хүмүүс) байж болно. Харин компани гэдэг маань нэгэн зорилгын төлөө тэмүүлж буй учраас векторуудын чиглэл нь ижил байсан цагт л жинхэнэ хүч чадлаа гаргаж чаддаг


PS: Ойрд дуртай болоод буй бас нэгэн нэвтрүүлэг бол NHK-гийн Proffesional хэмээх нэвтрүүлэг. Ажил мэргэжилдээ эзэн болсон, бусдад үлгэр дуурайл болохуйц хүмүүсийг зочноор урьж оролцуулдаг юм. Зочдын "цүнхийг уудалж нэгжээд" л...
Саяхны нэг дугаарт алдарт тамагочи тоглоомын санааг гаргасан хүн оролцож байна лээ. Та ч бас боломжтой бол заавал үзээрэй. Монголд NHK гардаг юм чинь эв нь таарвал үзэж болох л байх.

2006-11-01

Захианы хариу

Сайн байна уу? Би таны бичлэг болон таны тухай хүмүүсийн бичлэгийг уншаад үүнийг таниас асуух нь зөв юм байна аа гэж бодлоо. Хүн өөрийгөө яаж хөгжүүлэх вэ? Хувь хүний хөгжлийн талаар өөрийн бодол болон мэддэг зүйлээ бичиж ирүүлнэ үү. Таниас би хичээнгүйлэн гуйя. Бас танд хэцүү биш бол та өөрийн сонирхдог зүйлсээ бичиж ирүүлээч.Бас дүү хүнд хэлчих сургамжийн алтан үгсээ хэлээч.

Ийм нэгэн захиа надад нэлээн хэд хоногийн өмнө ирсэн юм. Ганцхан өөрт нь хандаж бичсэнээс, нээлттэй хариу өгвөл ижил асуултанд хариу хүсч байгаа дүү нарт маань хэрэг болох болов уу гэж мунхаглан бодсоноо доор сийрүүлье. Хариуг оройтуулсанд эрхэм дүүгээс хүлцэл өчье.

Хүн бүрт өөрт нь тохирсон, өөрийгөө хөгжүүлэх арга байх нь дамжиггүй ч өөрийн бодож явдаг хэд хэдэн зүйлсийн талаар бага зэрэг бичье.


    Ном их унших хэрэгтэй. Дунд сургуульд байхдаа уран зохиолын хичээлээр үздэг сонгодог, алдартай зохиолуудтай ерөнхийд нь танилцаад, ядаж юун тухай зохиол гэдгийг нь мэдээд авчихад гэмгүй. Уран зохиолын ном уншсанаар эх хэлний мэдлэг дээшилж, өөрийгөө зөв илэрхийлэх чадвар дадлыг эзэмших боломжтой гэж би боддог. Жирийн хүмүүсийн хувьд уран зохиолын тухай мэдлэг үүгээр хангалттай гэж бодож байна. Мэдээж сонирхолтой ном тааралдвал хааяа уншиж байх нь өөрт амралт болно л доо. Их сургуульд ороод, ажилд гараад ирсэн хойно бол өөрт хэрэг болохуйц, танин мэдэхүй, гүн ухаан, ертөнцийг үзэх үзэл, мэргэжлийн, өөрийн сонирхдог чиглэлийн гэх мэт номнуудыг түлхүү унших хэрэгтэй байх. Энэ нь үзэл бодлоо төлөвшүүлэх, харах хүрээгээ өргөтгөхөд нэмэртэй.

    Логиктой сэтгэж, түүнийгээ зөв илэрхийлж сурах нь маш чухал. Ингэхгүй бол хүнтэй харьцаж чадахгүй шүү дээ. Математик нь хүнийг логиктой сэтгэж сургадаг.

    Зорилго тогтоох. Энэ талаар миний "Зорилго" хэмээх бичлэгээс уншаарай.

    Завгүй гэдэг үгээс аль болох зайлсхийх. Танаас их ажил амжуулаад явж байгаа хүн энэ хорвоод зөндөө байгаа тул тэдний дэргэд өөрийгөө завгүй гэж хэлэх эрх байхгүй билээ. Бидэнд амарч тоглох цаг маш их гардаг. Хичээл хийхдээ бид цаг тогтоож, "өдөрт 2 цаг хичээл давтана" гэх мэт зорилт тавих нь элбэг. Гэтэл амралт зугаа цэнгэлдээ хязгаар тавьдаггүй. Зүй нь "өдөрт 1 цаг л зурагт үзнэ" гэх мэт зорилт тавих ёстой.

    Хүн гэдэг мартамхай амьтан учраас өнөөдөр оргилж байсан эрч хүч маргааш үнс нурам ч үгүй алга болох нь элбэг. Тиймээс өөртөө үргэлж сануулж байх үүднээс байнга авч явдаг, завтай цагтаа нээж хардаг номтой болж, түүнээсээ эерэг энерги авч өөрийгөө цэнэглэж байх нь чухал. Өөрийгөө хөгжүүлэх талаар нэг ном уншихад хэд хоногтоо л эрч хүчтэй байдаг шүү дээ.

    Хичнээн их ажилтай байсан ч, биеэ хөдөлгөж, спортоор хичээллэхээ мартаж болохгүй. Миний хувьд долоо хоногтоо нэг удаа сагс тоглож хөлсөө гаргачихаад байдаг.

    Суралцах хамгийн үр дүнтэй арга бол өөрийн мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах юм. Миний блог бичиж буй нэг шалтгаан энэ. Ямар нэг зүйлийг нэг хэлүүлж аваад, ойлгосон мэт болох нь элбэг. Гэтэл мэдсэнээ шалгуулах гэхээр юу ч санадаггүй шүү дээ. Ярьж буй зүйлээ ойлгоогүй байж ярина гэж огт байхгүй. Тиймээс найз нөхөдтэйгээ хамтран суралцаж, бие биетэйгээ мэдлэгээ хуваалцаж байх нь хамгийн зөв болов уу.


Асуултанд тань хангалттай хариу өгч чадаагүй байж магадгүй ч энэ удаа үүгээр өндөрлөе.
Эцэст нь, таны асуусан чиглэлээр ЭМОС клуб 2004 онд гаргасан "Өөрийгөө хөгжүүлье" хэмээх номыг Улаанбаатар хотын номын дэлгүүрүүдэд зарж байгаа. Заавал олж уншаарай.