2006-07-29

Some quotes

Ойрд TV Tokyo сувгаар Даваа гариг болгон үдшийн 10 цагаас нэвтэрдэг Cambria Kyuden - Murakami Ryu's Economics Talking Live хэмээх Talk Show-г цаг гарган үзэхийг хичээдэг болоод байгаа. Уг нэвтрүүлгийг Nikkei Shimbun сонины газраас санаачлан бэлтгэж буй бөгөөд Японы эдийн засагт нөлөө бүхий хүмүүсийг урьж авчран ярилцдаг юм. Энэ нэвтрүүлгийн зарим зочдын хэлсэн үгнүүдээс орчуулж тавив.

"Амжилт олоход удирдагч лидер нь ажилтнуудаа тохирох ажилд нь хуваарилж, тэднийгээ бүрэн дүүрэн ашиглах нь чухал. Өөрөөр хэлбэл, талаас илүү нь удирдагчийн асуудал"

Чо Фүжио ("Toyota Motor" корпорацийн дэд ерөнхийлөгч)



"Ямар нэг зүйлээр хэний ч дор орохгүй гэж хэлж чаддаг болохын тулд дор хаяж 20 жил хэрэгтэй. Тэр болтол тэвчээртэй үргэлжлүүлж чадах эсэх нь амжилтын үндэс"

Окано Масаюки ("Okano Kogyo" компанийн захирал)



"Эцэг өвгөд минь өөрчлөлт шинэчлэлт хийхийн тулд амь насаараа дэнчин тавьж байсан. Харин өдгөө өөрчлөлт хийсэн ч амь насаараа дэнчин тавих шаардлага үгүй. Өсч төрсөн эх орныхоо төлөө өөрийн зөв гэж бодсон зүйлээ хийсэн цагт л өөртөө сэтгэл хангалуун байж чадна"

Такэнака Хэйзо (Японы Дотоод Хэргийн Сайд)



"Ашиг гэдэг бол хоол хүнстэй адилхан зүйл бөгөөд ашиг олж чадахгүй бол үхэх хэдий ч үрж барамгүй ихийг олох ямар ч хэрэггүй билээ"

Кондо Ацүяа ("Hatena" компанийн ерөнхий захирал)



"Тэнгэрийн зарлиг гэж бодоод хийвэл биед амар. Амжилттай болох нь ойлгомжтой гэж бодолгүй, бараг бүх зүйл хялбар бүтдэггүй учраас амжилттай болбол өөрийгөө азтай байлаа гэж бод. Гэхдээ үнэн сэтгэлээсээ хичээж хөдөлмөрлөхгүй бол тэнгэр бурхан "манай тал" биш гэдгийг санаарай"

Китао Ёшитака ("SBI Holdings" компанийн гүйцэтгэх захирал)



"Сэтгэл зовних явдал байдаг ч тэр үед өөрийгөө яагаад ийм байдалд орсноо тайвнаар эргэцүүлж дүгнэх нь чухал. Дэмий сэтгэлээ түгшээх нь цагийг дэмий өнгөрүүлж буй хэрэг бөгөөд тэр түгшүүрийг арилгахад цагаа зориулж сур"

Ватанабэ Мики ("Watami" компанийн захирал)



"Барууны ертөнцөд лидер гэдэг бол пирамидын оргилд байдаг. Харин бид мартаж болохгүй лидер хүн гэдэг бол уруугаа харсан пирамидыг доороос нь тулж түшиж байдаг лидер юм"

Фүрүта Хидэаки ("Jomon Associates" компанийн захирал)



"Ажил гэж бүү бод. Амьдрал гэж бод"

Харада Такаши (сурган хүмүүжүүлэгч)



"Дараагийн үеийг бүтээх зүйлс энэ цаг үед зөн совин хэлбэртэйгээр оршин буй. Тийм зүйлсийг олж илрүүлэх нь чухал"

Фүкүхара Ёшихарү ("Shiseido" корпорацийн хүндэт ерөнхийлөгч)

2006-07-17

Төрийн дуулал

Төрийн дууллын үг наадмын өмнө шинэчлэгдчихэж. Нэг бадаг нэмэгдсэн байна. Гэхдээ зохиогч нь Ц.Дамдинсүрэн гуай гэж явах юм байна.

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн vйлс
Дандаа энхжиж, vvрд мєнхжинє

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжvvлж
Хатан зориг, бvхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Єндєр тєрийн минь сvлд ивээж
Єргєн тvмний минь заяа тvшиж
Yндэс язгуур, хэл соёлоо
Yрийн vрдээ євлєн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чєлєє жаргалыг эдлэв
Жаргалын тvлхvvр, хєгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай


Харьцуулж үзэхэд амар гээд хуучин үгийг нь бас оруулчихъя. Харсан чинь миний нэр төрийн дууллаас "хасагдчихсан" байна ш д.
Дархан манай хувьсгалт улс
Даяар Монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжиж, vvрд мєнхжинє

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжvvлж
Хатан зориг, бvхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Зоригт Монголын золтой ардууд
Зовлонг тонилгож жаргалыг эдлэв
Жаргалын тvлхvvр, хєгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

2006-07-16

Зорилго

Би 3-р курстээ ороод маркетингийн (Consumer behaviour) семинарт харьяалагдах болсон билээ. Япон оюутнуудтай бараг харьцдаггүй байсан үеэ бодвол тэдэнтэй хамтдаа ууж идэж наргих нь олшров. Тэгээд тэдний төрсөн өдрөө тэмдэглэж байхыг нь хараад байхад найз нөхөд нь бэлгээ гаргаж өгөнгөө "Энэ жилийн зорилго чинь юу вэ?", "... насны чинь зорилго юу вэ?" гэхчлэн асуугаад л, төрсөн өдрийн эзэн нь ч тов тодорхой хариулт хэлэх юм.

Эдгээрийг хараад, тэд дэлхийн тэмцээнд оролцох гэж буй тамирчдаа бодит боломжоос нь тун дээгүүр үнэлдэг "хачин улс" юм гэж боддог байсан нь эсрэгээрээ нэгэнт түрүүлэх гэж л тэмцээн уралдаанд ордог учраас түрүүлнэ гэсэн зорилго тавиад, тамирчид нь ч, хөгжөөн дэмжигчид нь ч түүнийгээ биелүүлэх гэж эцсээ хүртэл тэмцдэгтэй нь холбоотой юм байна гэдгийг ойлгосон.

Харин тэр "том" зорилгоо биелүүлж чадаагүй бол яах вэ? Зарим нэгэн улс шиг тамирчдаа түүхий өндөг шидлэн, хэлэх хэлэхгүй үгээр дайрч угтаж байхыг нь ер хараагүй. Эсрэгээрээ дараа нь юунд анхаарч, юугаа бэлдэх хэрэгтэй вэ гээд л, ирээдүйг өөдрөгөөр төсөөлөн эцсээ хүртэл тэмцдэг. Тэд бас зарим монголчууд шиг бурхандаа найддаггүй, өөрсөддөө итгэдэг. Хичнээн том зорилго тавиад, түүнийхээ төлөө тэмцээд биелүүлж чадаагүй хүнийг муулахыг нь огт сонсч байгаагүй, япончуудын хувьд "хичээл зүтгэл" гэдэг хамгаас эрхэм байдгаас тэр.

Зорилго гэдэг нь мөрөөдлөөс юугаараа ялгаатай вэ?
Нэгдүгээрт, зорилгынхоо төлөө тэмцдэг, харин мөрөөдөл бол гайхамшиг тохиолдохыг хүлээгээд л сууж баймаар эд. Хоёрдугаарт, зорилго гэдэг заавал биелүүлсэн байх эцсийн хугацаатай байх ёстой. Гуравдугаарт, зорилгоо биелүүлэх аргыг мэдэж байх ёстой. Тэр нь заавал зөв байх албагүй ч, "би ийм аргаар зорилгоо биелүүлэхийн төлөө зүтгэж буй" гэж хэлж чадахаар байх.
Жишээ нь, "Би 30 нас хүрэхдээ жилийн ашиг нь сая доллараар хэмжигдэх компанийн захирал болсон байх болно. Үүнийхээ тулд би Харвардын бизнес скүлийг төгсч, 2 жил нэгэн том компанид ажиллангаа өөрийн компаниа байгуулна. Тэгээд 2 жилийн дотор ажлаасаа гарч, компанидаа бүх хүчээ зориулна" гээд, түүнийхээ төлөө тэмцэж зүтгэж байвал тэр нь зорилго, харин "Би хэзээ нэгэн цагт Монголын хамгийн том компанийн захирал болох юмсан" гэж бодоод "гэдсээ илэн" хэвтэж байвал тэр нь мөрөөдөл болох юм.

Зорилгодоо хүрэх талаар, зарим хүн хувиар илэрхийлсэн биелэлт ярьж, 90 хувийг нь биелүүлсэн байхад зорилгодоо дөхсөн гэсэн сэтгэл ханамж авч, үлдсэн 10 хувийг биелүүлэхийн төлөөх зүтгэлээ сулруулах нь бий. Гэтэл сүүлийн ганц секундэд анхаарлаа сулруулаад алтан медалиа "салхинд хийсгэх" битгий хэл эрдэнэт хүний амиар ч яригдаж болох алдаа гаргах тохиолдол бий. Тийм болохоор 90 хувийн төлөө биш, 100 хувь, 110 хувийн төлөө тэмцэх хэрэгтэй юм байна.