2006-12-31

Шинэ жилийн мэнд хүргэе

Миний блогоор зочилдог та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.

2006 он миний хувьд алдаа дутагдал, амжилт ололт, хайр дурлал, гуниг баясал хосолсон он байжээ.
Ирээдүйн амьдралыг минь шийдэх алхмуудыг тавьсан он гэж хэлж ч болох юм. Хүмүүсийн итгэлийг алдах, өөртөө итгэл алдах ямар хэцүү байдгийг мэдэрлээ. Гэхдээ хүмүүст чадлаараа тусалж байвал бурхан харж үздэг юм байна, надад сайн найз нөхөд, түшиж тулах хүмүүс заяасанд баярлалаа.

Блог минь тун удахгүй 2 нас хүрэх гэж байна. Оны шилдэг блогийн 5-рт бичигдэхэд надад саналаа өгсөн хүмүүст баярлалаа гэж хэлээгүй яваа юм байна. Та бүхэндээ баярлалаа.

2007 онд улам ихийг хийж бүтээх болно. Тус тусын мөрөөдлөө, хүслээ биелүүлэхийн төлөө бүгд хичээцгээе.

Анхны хайрын амт

Гарчгийг хараад Зоригт хайрынхаа тухай ярих нь гэж горьдсон бол талаар болжээ. Монголын айрагнаас гаралтай хит бүтээгдэхүүн Кальписын тухай өгүүлэх гэж буй минь энэ.

Кальпис уух кабаре бүжигчин хүүхэн минь
Анхны хайрын амтаа битгий мартаарай


Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш дөрвөн жил өнгөрч, япончууд энхтайван амьдралдаа дөнгөж дасч эхэлж байсан цаг. 1949 оны зун Тохо кино компанийн бүтээл "Гинзагийн кабаре бүжигчин хүүхэн" хэмээх мюзикл гарчээ. Шима Коожи найруулж, гол дүрүүдэд нь алдартай жүжигчид тоглосон уг мюзиклд Японы зугаа цэнгээний төв Гинза дайны дараа дахин сэргэж, нарс мод дахин цэцэглэж, америк цэргийн жийпнүүд үүгээр түүгээр хөлхөлдөн, эмэгтэйчүүдийн хувцас нүд гялбам өнгөтэй болсон тэр үеийн Гинзагийн амьдралыг харуулсан юм.

Кино нь хит болохын зэрэгцээ дуу нь мөн өргөн дэлгэрчээ. Гайхам сайхан аялгуунд нь уярсан америк цэргүүд нутагтаа очсон хойноо ч сонссоор байсан гэдэг.

Дууны 4-р бадаг нь ийм үгтэй.
Кальпис уух кабаре бүжигчин хүүхэн минь
Нэг хундаганд хоёр соруул байх
Анхны хайрын амтаа битгий мартаарай

Энэ дууг яаж ч бодсон гайхалтай реклам ажгуу.

20-иод жилийн дараа Кальпис компанийн захирал, үүсгэн байгуулагч Мишима Кайүн (三島海雲)-ээс энэ талаар лавлаад сонирхолтой хариу авсан юм. Уг дууны талаар Тохо кино компаниас ямар нэгэн холбоо бариагүй ажээ. Дуу бичлэгийн студиэс нь дараа нь холбоо барьж, харилцан бие биеэ сурталчлах гэрээ байгуулахыг хүсэхэд мань захирал татгалзсан хариу өгчээ. Хожим ёс алдсанаа ухаарсан Мишима дуутай холбоотой хэдэн арван хүнийг урьж, нижгэр хүлээн авалт хийж. Тэр нь хоол хүнс хомс байсан дайны дараах хүнд хэцүү үед том бэлэг байлаа.

"Нухацтай бодсон чинь тэр дуу шиг манай компанийн сайн сурталчилгаа үгүй байлаа. Тэгэхээр миний татгалзсан нь дэндүү ёс алдсан хэрэг" хэмээн Мишима өгүүлжээ.

Мөрөөдөл өвөрлөн Хятад, Монголд очсон ч
Манж гүрэн мөхөж, хүсэл нь талаар болсон нь


Ийнхүү хит дууны шүлгэнд дурьдагсдан Кальпис умдааг бүтээсэн Мишима Кайүн 1878 оны 7-р сарын 2-нд одоогийн Осака хотын Мино дүүргийн нутагт, Кёогакүжи сүмийн 13 дахь залгамжлагч Мишима Хоожоогийн ууган хүү болон мэндэлжээ. Кёогакүжи нь уулаас хамжлага ард цөөтэй ядуу сүм байв.

Кайүний ходоод, амьсгалын замын эрхтнүүд нь сул төрсөн бөгөөд ээрүү байсан тул 5 нас хүртлээ бараг ярьж чаддаггүй байжээ.

Кайүн сурлага сайтай байсан хэдий ч сургуульд дасалгүй, 3 ч сургууль сольсны эцэст бага сургуулиа төгсөлгүй гарч, ханзны дугуйланд суралцжээ.
16-тайдаа Кёотод шилжин суралцаж байхдаа хожим алдартай сэтгүүлч болсон Сүгимүра Коотароогоор англи хэл заалгаж байв. 22-тойдоо Ямагүчи дахь дунд сургуульд англи хэлний багшаар ажиллах болсон боловч 3 жилийн дараа өөрийг нь гайхалтай учралууд хүлээж буй Бээжин рүү явжээ.
Нэг жил япон, англи хэл заангаа хятад хэлийг шамдан үзэж амь зууж байсан Мишима нэг найзтайгаа хувь нийлүүлж гадаад худалдааны компани байгуулсан юм.
Тэгж байтал Орос-Японы дайн эхэлж, Мишима Монгол нутгийн гүн рүү явж цэргүүдийн унаа болох хэдэн зуун морь худалдан авсан нь Монголтой холбогдох шижим болжээ.

Дайны дараа монгол хонины арьсыг боловсруулж, ноосыг нь экспортолбол ямар вэ гэсэн санал хүлээн авч (Монгол Япон нь эдийн засгаар найрсаг харилцаатай болох нь улс төрийн хувьд ашигтай байв) Бээжинд буцаж очин, хуучин компаниа татан буулгаад, хөрөнгө цуглуулан Монголыг зорьжээ. Их хүрээний том ламаас Тоокёо хотын газар нутагтай бараг тэнцүү хэмжээний газар авч, малын фирм нээв.

Даанч удалгүй Монгол, Хятадад хувьсгал гарч Манж гүрэн мөхсөнөөр түүний ажил хэрэг нуржээ.

"Анхны хайрын амт"-ыг бий болгосон
Монголд амьдарсан туршлага


1915 онд Мишима 13 жилийн дараа төрсөн нутагтаа хөл тавилаа. Тэр үед Япон орныг өөрчилсөн алдарт Мэйжигийн хувьсгалын нөлөө хэвээр, залуучууд эх орноо гэсэн оргилуун сэтгэлээ гээгээгүй л байлаа. Мишима ард түмнийхээ эрүүл мэндэд хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүн бий болгоё хэмээн сэтгэл шулууджээ. Эрс тэс уур амьсгалд амьдардаг монголчууд хүч чадалтай байдгийн нууц нь тун энгийн. Тэд адууны сүүг сааж аваад томоос том хөхүүрт хийж, хэдэн зуу дахин бүлж айраг болгон уудаг. Энэ нь сүүнд агуулагдах сүүний хүчлийг задалж, хүчиллэг (газтай) ундааг бий болгодог аж. Айраг нь хүний дотор эрхтэнд байх элдэв муу нянгуудыг устгах чадалтай. Монголчуудын хэдэн мянган жилийн ухаан шингэсэн айргийг ашиглан бизнес хийе хэмээн сэдсэн нь тэр. Зөвхөн айраг ч биш, ааруул байнга хэрэглэж байсныхаа хүчинд багадаа сул байсан Мишимагийн бие илааршсан бөлгөө.

Ийнхүү юун түрүүнд "Дайгоми" (Жинхэнэ амт) хэмээх тос үйлдвэрлэсэн нь сайн зарагдаж, нийлүүлэлтийг ихэсгэж чадаагүй учир хэсэг хугацааны дараа үйлдвэрлэхээ болив. 18 литр сүүнээс 1.8 литр ч хүрэхгүй тос гаргаж авдаг байлаа. Сүү их хэмжээгээр олдохгүйн зэрэгцээ гарч буй үлдэгдэл сүүг яах вэ хэмээн толгойгоо удаан гашилгажээ. Үй түмэн оролдлого, туршилтын үр дүнд гайхамшигт умдаан бий болсон юм. Сүүгээ бүлж хийжүүлээд, кальци, элсэн чихэр нэмж дарахад бий болдог уг умдааг кальпис хэмээн нэрийджээ (Кальци + санскрит хэлний жинхэнэ амт хэмээх утга бүхий сарпирманда гэдэг үгний пир-г авч, хэлэхэд эвтэйхэн болгохын тулд кальпис болгосон)

1919 онд Кальпис умдаа зах зээлд гарав. Сурталчилгаандаа бодож олсон өгүүлбэр нь "Анхны хайрын амт". Чихэрлэг, бас исгэлэн анхны хайр.
Тэр үед кальпист хүүхдүүд их дуртай байсан тул ийм өгүүлбэр хэрэглэж рекламдах нь зөв эсэхэд эргэлзэж байсан боловч "Анхны хайрын амт гэж юу вэ?" хэмээн асуувал "Кальписын амт" гэж хариулахад болох юм байна гэж бодсон нь зөв байжээ. Рекламны зургийг харин германчуудаар зуруулав. Дайнд ялагдсан ядуу оронд 1-р байр нь 1000 иений шагналтай зургийн уралдаан зарлаж (тэр үед 1 иен 1000 тэрбум марктай тэнцэж байв), зурагт хуудасны бүтээлийг сонгожээ.

Амьд реклам болохын тулд
Би өөрөө 99 наслах болно


Кальпис хэрэглээд хүн эрүүл байдаг гэдгийг батлахын тулд Мишима 99 нас хүртлээ энх тунх байж, компаниа удирдана гэсэн зорилт тавьжээ. Үүнийг тухайн үеийн Кальписын рекламуудаас харж болно.

Харамсалтай нь зорилгодоо хүрэхээс хоёрхон жилийн өмнө өвгөн захирал нас нөгчжээ.

Эх сурвалж: "Түүхийн цуврал №77. Бизнесменүүдийн намтар: Мөрөөдөл, нулимс, тэмцлийн түүхүүд. 2-р боть" Гаккэн компани, 2005 он (`創業者列伝:夢と涙と挑戦のドラマ2、学研)

2006-12-22

Хөл минь газар хүрэхгүй...

Цаг хугацаа гэдэг Бушхүүгийн харвасан сум шиг юм аа. Хаврын баярын хоёр өдөр хүнд камер барьж халуун наранд өдөржин зогссон маань саяхан мэт. Үс минь ч урт байж, яг кино найруулагч шиг харагджээсэн гэнэлээ. Харин одоо бол эрс шинэчлэл явагдцан. Нэг л мэдэхэд өвөл болоод, шинэ жилийн уур амьсгал ч орчихсон байдаг...

Зарим нэгхээн хүмүүс мэдэхгүй байж магад. Хаврын баяр хэмээх эндхийн монголчуудын баярын бэлтгэл ажил хагас жилийн өмнөөс эхэлдэг юм. 50 мянган хүн цуглуулдаг гэжугаа. Иймэрхүү их хөлийн газарт "бөмбөг дэлбэрвэл аюултай" гэж... Тэхдээ цэнэгтэй бөмбөгийг нь жилийн жилд япончууд атгаж гүйгээд байдаг уламжлалтай. Энэ жил оюутнууд маань асар эрч хүчтэй байгаа болохоор бут авна аа. Юутай ч 2007 оных нь вэб хуудсыг нь эхлүүлчихлээ. Зарна шүү гсн.

Шинэ жил маань ч болохжийн. Болзоонд явах сайхан даа. 好きな子と一緒なら尚更... Сагсны тэмцээний бэлтгэлээ болзоонд явж хангажийн чэкшэк. Атаархаад цагаан хэл ам хүргэчүүзэй.

Энэ бичлэгийг хэн бичсэн болохыг таагаарай гсн. :-P

2006-12-18

Блог нээх алхмууд...

Блог яаж нээх вэ гэсэн асуултууд их ирж байгаа тул бяцхан зөвлөгөө бичихээр шийдэв.

Блог нээхэд компьютерын мэдлэг огт шаардахгүй. Танд өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцахыг хүсч буй сэтгэл байхад л хангалттай. Гүүгл блоггер луу ороход тань доор үзүүлсэн дэлгэц харагдана.
Та гүүгл мэйл буюу gmail-ийн хаягтай бол түүнийгээ ашиглан нэвтрэх боломжтой. Хэрвээ тийм хаяг байхгүй бол хэн нэгэн танилаасаа gmail-ийн урилга илгээхийг хүсээрэй. Уг нь бета блоггер биш, хуучин блоггерт гүүгл хаяггүй байсан ч бүртгүүлж болдог л доо. Гэхдээ компьютер сайн мэддэггүй хүнд блогоо янзлахад бага зэрэг төвөгтэй учраас gmail-тэй болж авсан хойноо блог нээхийг санал болгож байна.

За тэгээд блоггерт бүртгүүлчихлээ. Одоо блогоо нээцгээе. Бүртгүүлсэн хаягаараа ороход дээд хэсэгт нь Create new blog гэсэн товч байгаа. Түүн рүү ороход дараахь дэлгэц гарч ирнэ.
Blog title гэдэг нь таны блогийн дээр харагдах хэсэг (Миний блогийн хувьд Today гэж оруулсан гэсэн үг). Blog address гэдэгт хэрэглэгч таны блогт очиж үзэхийн тулд хэрэглэгдэх хаяг. Ингэснээр таны шинэ блог www.таны оруулсан нэр.blogspot.com гэсэн хаягтай болох юм. Check availibility гэдгээр таны хүссэн нэр ашиглах боломжтой эсэх (өөр хэн нэгэн өмнө нь ийм нэртэй блог нээсэн байх магадлалтай)-ийг шалгана. Хэрэв боломжтой байвал та доор нь гарах үсгүүдийг хуулж бичээд, Continue товчийг дарахад л хангалттай.

Ингэсний дараа блогоо хүнд харагдах байдлыг нь тохируулах дэлгэц гарч ирнэ.
Зөвхөн өөрт таалагдсан биш, бусад унших хүмүүсээ ч бас бодолцож template буюу блогийн загвараа сонгохыг хүсье. Дээрх зургийн баруун дээд хэсэгт харагдаж буй хар дэвсгэртэй блог уншихад хэцүү байдаг тул сонгохгүй байсан нь дээр байх. Тэгээд аль нэг загварыг сонгоод, Continue товчийг дарахад таны блог бэлэн болж, интернэтэд байрлах болно.

Та одоо блогтоо бичлэг оруулах л үлдлээ. Блогоо нээсэн хойно харагдах байдлыг нь бага зэрэг өөрчилж, гангалах зэргийг Settings хэсэгт орж гүйцэтгэх боломжтой.

Эцэст нь дурьдахад та өөрийн блоггерын хяналтын дэлгэцийг зөвхөн англи биш, франц, герман, испани, португал, итали, япон, солонгос, хятад хэл болгож солих боломжтой.

Амжилт хүсье.

2006-12-07

Цахим Монгол

"Өнөөдөр" сонины өчигдрийн дугаарт блоггер анд, сэтгүүлч Б.Галааридын бичсэн нийтлэл хэвлэгджээ. Та гарчиг дээр хулганаараа товшиж уг нийтлэлийг унших боломжтой.

Анд маань "загатнасан газар маажиж" өгсөн тул өөрийн бодлоо хэльюү гэж бодлоо.

Мэдээж "Суусан цэцнээс явсан тэнэг дээр" гэгчийн үлгэрээр Америкт суралцаж юм үзэж, нүд тайлаад ирсэн хүмүүс эх орондоо ганц ч болтугай хэрэгтэй үг тээж ирсэн нь олзуурхууштай. Даанч суурь нь дэндүү намхан байсан учраас ард иргэддээ компьютерыг нь бэлдэж өгөхөөс ажлаа эхлэх ёстой гэж мань хүмүүс бодсон нь лавтай.
Тэгээд засгийн эрхэнд гармагцаа хэрэгжүүлсэн хөтөлбөр нь "Цахим Монгол". Айл бүрт компьютер, айл бүрт интернэт. Сайхан л сонсогдож байна.
Гэхдээ асуудал бага зэрэг ярвигтай байлаа. Тэр үед энэ жилийн төсөвтэй ялгаатай нь ядуу ард иргэддээ битгий хэл, их хурлын 76 маань өөрсөддөө олигтойхон шиг мөнгө хуваагаад авчих бэл бэнчингүй байсан тул "Нүглийн нүдийг гурилаар хуурна" гэгч л болоод дуусав. Энэ тухай Асуулт самбарт Morpheus M. хэмээх гишүүний бичсэн "Сайн хийгээд саар мэдээ: 250$-т бид юу авах вэ?" хэмээх бичлэгээс олж унших боломжтой.
За тэгэхээр байдал ямар байгааг та бүхэн ойлгосон байх. Хүмүүстээ хямдхан компьютер тарааж байгаа нь энэ гээд хамгийн энгийн хэрэгцээ хангахтай үгүйтэй л зүйл тараасан болж таарах нь.

Цаашлаад интернэт гэвэл бүр ч хэцүүднэ. Монголын ихэнх интернэт хэрэглэгчид утасны шугамаар дамжин интернэтэд холбогддог. Та Монголд интернэт ашиглаж үзсэн бол яст мэлхий шиг удаан холболтоор мэйлээ шалгах гэж үстэй толгойгоо зулгаах вий. Ийм байхад аутсорсингийн тухай саналтгүй. Зүй нь гишүүн бүрт 250 саяыг өгч цатгалан гэдсийг нь унжуулж байхаар ядаж шилэн кабелиа байг гэхэд ADSL сүлжээг иргэддээ хүргэж, хямдхан бөгөөд хурдан интернэттэй болгох хэрэгтэй байсан юм даа. Өнөөдөр би Японд байгаагийнхаа буянаар сард 30 доллараар (Иргэдийнх нь орлоготой харьцуулахад энэ бол дэндүү хямдхан эд л дээ) секундэд 100 мегабайт хурдтай байнгын холболт бүхий интернэт хэрэглэж байна. Үүнийг чинь л аз жаргал гэдэг юм ш дээ.

Өсвөр насныхны хувьд интернэтээр чатлах, мэйл шалгах, ганц хоёр болсон болоогүй сайтаар ороод гарах нь түгээмэл. Үүнийг бичигч би ч гэсэн цагтаа арван хурууны өндгөө эвэрштэл киборд нүдэж, чатладаг байлаа. Англи хэлгүй, дээрээс нь монгол хэлээрх сайтууд маань ихэнх нь хэт зугаа цэнгэл хөөж чамирхсан, эсвэл хэт улс төржиж албан ёсжсон сайтууд байдгаас дэлхийн хөгжлөөс хол хоцроход хүргээд байна. Мэдээж гадаад хэлээ сайн сурж байхгүй, хохь чинь гэж хэлэх хүн гарч ирэх ч, хүн гэдэг эх хэлээрээ л хамгийн сайн ойлгодог учраас гадаад хэлийг хэчнээн сайн сурлаа ч түүгээр авах мэдээлэл нь эх хэлээр авах мэдээллийн хурдыг гүйцнэ гэдэг хэцүү. Тиймээс л би монгол хэлээрх контентуудыг баяжуулмаар байна гэж википедиадаад сууж байгаа юм.

Уг нь эрх мэдэлтнүүд маань болгоож, иргэдийнхээ тархинд юм үлдэхүйц хөтөлбөрүүд санаачлаад хэрэгжүүлбэл массын боловсрол суга өсөөд л ирнэ. Жишээ нь, интернэтэд википедиатай дүйцэхүйц монгол хэлний нэвтэрхий толио байг гэхэд тайлбар толь хийгээд тавьж болмоор доо. Массын боловсрол өсөхтэй зэрэгцээд дэлхийд өрсөлдөхүйц түвшний боловсон хүчнүүд олшрох нигууртай бөлгөө.

Цахим хувьсгалын үр шимийг монголчууд маань хүртэж, мөр бүтэн гэдэс цатгалан явах цаг удахгүй ирнэ гэж итгэнэм.

2006-12-06

Маркстрат

Семинар дээрээ маркетингийн симуляц тоглоом тоглож буй гэж дээр нэг бичлэгтээ дурьдаж байсан. 11 үе тоглох ёстой уг тоглоомын маань 6 үе нь дуусаад байна. Одоогоор "манай ертөнц" дэх 5 компанийн хувьцааны үнийн өөрчлөлтийн график иймэрхүү л байна.

Хамгийн муу үзүүлэлттэй байж байгаад, одоо эрс өсч буй I компани нь манайх юм байгаан. Надаас гадна нэг япон, нэг тайвань охин байдийн. Эхэн хэсэгтээ яагаад ингэж муу байв аа гэдгийг ярина гэвэл их урт түүх болно. :P

Ер нь анхнаасаа манай 2 брэнд хямдхан, ашгийн хувь багатай байсийн гээд өөрсдийгөө өмөөрчвөл яасийн. Эхний үед R&D хийх эрх аль ч багт байхгүй байсан болохоор төсвөө сурталчилгаа, борлуулалт, зах зээлийн судалгаанд зарцуулаад таарав.

Харин 2-р үед "компанийн маркетингийн алба" гэж нэрлэхэд хэцүү шийдвэрүүд гаргасан нь хэдэн үе дараалан адагт явах шалтгаан болсон доо. Юуны өмнө бусад багууд R&D-д мөнгө зарцуулж, хуучин брэндээ сайжруулан, шинэ брэнд бий болгож байхад бид хээвнэг сурталчилгаа, борлуулалтынхаа зардлыг асар ихээр өсгөж суувай.

Болохоо байснаа мэдсэн бид 2-р үе дууссаны дараа өмнө нь энэ тоглоомыг тоглож байсан нэг сэмпайгаар хичээл заалгаж, стратегиэ үндсээр нь өөрчлөв. Юуны өмнө ашиг олж шалиагүй тул төсөв багатай байсан, тиймээс бүсээ чангалж байгаад байгаа 2 брэндээ сайжруулж, таргет болох сегментдээ улам ойртуулсан. Тэгээд гайгүй ашиг олж ирээд, 6-р үед баячуудад зориулсан нэг шинэ брэнд хүртэл гаргаж амжсан нь хувьцааны үнэ ингэж эрс өсөхөд нөлөөлсөн байх.

Одоо дахиад 5 үе үлдэж байгаа. Хувьцааны үнэ нь манайхаас илүү байгаа 2 компани шинэ бүтээгдэхүүний зах зээлд нэвтэрч, анх байсан зах зээлд буй бараанууддаа хангалттай мөнгө хаяж чадахаа больж ирж буй, дээр нь эхний хагасын тайландаа бид цаашдаа уг шинэ зах зээлд нэвтрэх бодлого барьж буй гээд бүлт үсэрсэн чинь нөхөд итгээд, нөгөө зах зээлдээ илүү мөнгө зарж эхэлж байх шиг байна лээ. Шанс даа. :D
Тэхдээ "баяжаад" ирсэн чинь шинэ зах зээл ч бас амттай харагдаж байна лээ. Тоглоом улам л сонирхолтой болж ирж байна даа.

Прада өмссөн чөтгөр



Киноны тухай танилцуулдаг нөхдийн бичлэгийг байнга амтархан уншдаг болохоор өөрөө ч гэсэн хааяа бичмээр санагдаад байдаг юм. Өнгөрсөн наран гаригт театрт "Прада өмссөн чөтгөр"-ийг үзэв. Үзсэн оройноо япон хэлээрх тэмдэглэлдээ бичтэл, найз нарын маань үлдээсэн сэтгэгдэл гэвэл "Энэ киног үзээд брэнд хувцас өмсч үзмээр санагдсан", "Гол дүрийн жүжигчин хүүхэн нь янзтай хөөрхөн" гэх мэт. Харин надад тэс өөр зүйлс санагдсан. Би тийм этгээд хүн юм болов уу?

Хүн үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Хэзээ ч би ийм хүн болохгүй гэж тангарагласан атлаа цаг хугацаа өнгөрөхөд түүнийхээ боол болж, өнөөх л "чөтгөр"-үүдийн нэг болсон байх нь олон. Та өөрийгөө аз жаргалтай байна гэж бодож байна уу? Энэ таны хүсч байсан зүйл мөн үү?...

Энди бол алдартай брэндийн хувцасны төлөө амиа өгөхөөс буцдаггүй улсуудыг ойлгодоггүй, найз залуу болон найз нартаа хайртай энгийн л нэг даруухан бүсгүй. Сэтгүүлч болох мөрөөдөлдөө хөтлөгдөн Стэнфордын их сургуулийг орхисон тэрээр "Runaway" хэмээх хувцас загварын сэтгүүлийн ерөнхий эрхлэгчийн туслахаар ажиллахаар болно. Энэ үедээ тэр "чөтгөр"-ийн дор ажиллах болж байгаагаа огт мэдсэнгүй. "Runaway"-н эрхлэгч Миранда бол ажилтнууддаа магтаалын үг огт хайрладаггүй, алдар нэрийн төлөө юугаа ч хайрлахаас буцахгүй адайр ааштай нэгэн. Гэхдээ л уг сэтгүүлд ажиллах нь мянга мянган бүсгүйн мөрөөдөл байдаг.
Угийн хэрсүү Энди хэсэг хугацааны дараа "чөтгөр"-ийн итгэлийг хүлээх болно. Учир нь Энди өөрөө ч мэдэлгүйгээр түүнтэй адилхан болсон байлаа. Хайртай хүндээ цаг гаргахаа больж, амжилтын төлөө юугаа ч үл хайрлах болтлоо өөрчлөгдсөн өөрийгөө тэр Мирандад "Чи надтай яг адилхан" гэж хэлүүлэх хүртлээ огт анзаардаггүй.

2006-12-03

Хийсвэр ертөнцийн иргэд нэмэгдсээр...

Интернэтэд оршин тогтнох хийсвэр ертөнц Second Life Америкт ид шуугиан тарьж буй. Уг сайтын хэрэглэгчид виртуал ертөнцөд өөрийгөө төлөөлөх "хүнэнцэр"-ийг бүртгүүлээд, концерт үзэж, наймаа хийж, байшин барьж, баяжиж болно.

Энэ ертөнц аль хэдийн сая гаруй оршин суугчтай болсон тул томоохон зах зээл болж, компаниудын хараанд аль хэдийн өртжээ.
Ниссан компани тэнд томоохон эзэмшил газартай болоод, өөрийн машинуудаа зарж, сурталчилж, унаж үзэх боломж олгож байна. Нэгэн зочид буудал тэнд шинэ зочид буудал бариад, хэрэглэгчдийнхээ саналыг авч сайжруулсаар, түүнтэйгээ яг адилхан загвартай барилга бодит ертөнцөд барьсан байна.

Тэр ч байтугай дуучин Бен Фолдс өөрийгөө "хувилаад", хийсвэр ертөнцөд концерт тоглон мөнгө "хүүдийлсэн" гэнэ лээ.

Энэ ертөнцийн мөнгөний нэгж нь Линден доллар (300 линден доллар нь нэг америк доллартай тэнцэнэ). Тэнд олсон орлогоороо амьдралаа залгуулаад явах сүйхээтнүүд ч гараад ирсэн тул татварын асуудал ч босч, одоо хууль болох шатандаа яваа юм байна.

Өөрөөр хэлбэл, виртуал ертөнцөд эдийн засаг үүсээд, хөгжөөд эхэлчихжээ. Тун удахгүй бодит ертөнцийн эдийн засгийг виртуал ертөнцийнх давах нь ойлгомжтой. Тэгэхээр монголчууд минь, энэ хоосон орон зайг эртхэн эзэлж авсан нь улсын минь ирээдүйг гэрэлтэй болгоно гэж би бодном. Газраа ухаад баяждаггүйг Аргентин, Чили мэтийн улсууд харуулчихсан, харин бид хүндээ найдаж хөгжих ёстой. IT - Монголын ирээдүй юм аа.

Бодит ертөнцөд би царай муутай, цалин багатай байж болно. Цаана чинь "бурхан болоогүй" хэрнээ хоёр дахь амьдралаа эхлүүлэх боломж гарчихаад байна. Хоёр дахь "би" гайхалтай сайхан залуу болж төрөөд, баяжаад, намайгаа тэжээчих ч юм билүү. Хамгийн гол нь энэ бүхэн зүүд, солиорол биш ажгуу.

2006-12-02

11-р сар





Өнгөрсөн сар миний хувьд амжилт бүтээл муутай, дэмий өнгөрөөсөн сар байлаа.
Такао ууланд авирсан, ах маань ирж, Японыг үзүүлж байгаа нь энэ хэмээн Сайтама, Тоокёо, ,Чиба, Канагава хавиар баахан таваргасан, Монгол википедиагийн админаар сонгогдсон, семинарынхантайгаа цуг Кообэ орж, Кообэ их сургуулийн маркетингийн нэгэн семинарын оюутнуудтай "Луй Видон"-ы Япон дахь маркетингийн бодлого зөв эсэх талаар мэтгэлцэж ялсан, ЯМОХ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдсон. Ингээд л гүйцэх шив.

Блогтоо хэд хэдэн бичлэг нэмэхээр эхэлсэн боловч нэг л онгод орохгүй, драфтлаад орхичихсон байгаа. Тэгж байгаад гүйцээнэ дээ.

12 сар болж, өрөөндөө халаагуур залгахгүйгээр байж суухын аргагүй хүйтэрчлээ. Гадаа зул сарын баярын уур амьсгал аль хэдийн орчихсон, хосууд хөтлөлцөж алхаад л...


Японд сурдаг оюутнуудтайгаа ярилцаад, суралцаж буй мэргэжлээрээ сурсан мэдсэн зүйлсээ бусадтайгаа хуваалцъя гэж тохироод, нэгэн блог нээсэн. Одоохондоо бусад маань бичлэг нэмээгүй л байна. Гэхдээ тун удахгүй янз бүрийн сонирхолтой бичлэгүүд нэмэгдэж эхлэх биз ээ.
Хаяг нь www.erdem-yamoh.blogspot.com
Энэ нь яваандаа ижил төстэй мэргэжлээр суралцаж буй оюутнуудын бүлгэмүүдийг бий болгох зорилготой юм.