2006-10-31

Амьд байгууллага аа гэж...

Моринд мордоод ертөнцийг эзлэх амархан
Мориноосоо буугаад ертөнцийг захирах хэцүү


Өнөөдөр би нэрийн хуудсан дээрээ ямар л бол ямар албан тушаал бичиж чадна. Нэг сан байгуулаад яаманд бүртгүүлээдхий, окэй. Хэдэн өдөр гүйгээд л тамга тэмдэг бэлэн, сангийн гүйцэтгэх захирал.
Хэдэн найз оюутантайгаа ганц нэг арга хэмжээ зохион байгуулчаад, хэдүүлээ тойрч сууж байгаад л удирдах зөвлөлийн гишүүн. Хэдэн мэйл бичээд л "Ямар сайхан бичдэг, бусдыгаа уриалдаг хүн бэ, чи нэг зохицуулаадхаач". Клубын зохицуулагч. Нэрийн хуудсанд бас нэг мөр нэмэгдвэй.

Энэ янзаараа тун удахгүй компанийн захирал гэсэн сэтэртэй ч болж магад. Гэтэл хүн харахад сүрдмээр баахан албан тушаалын цаана ямар байгууллага байгаад байна вэ гэдгийг өөрөөсөө асуумаар.

Дээр эш татсанчлан болох амархан, үргэлжлүүлэх хэцүү юм аа. Уржнан эндхийн монголчуудын сагсны тэмцээнд сагсандаа мундаг хэдэн найзаа цуглуулж ороод түрүүлчихэв. Ноднин хамраа сөхсөн амьтан явж очоод, хэсгийн тоглолт дуусав уу үгүй юу, сульдаж үхэх гэж буй амьтан гэрийн зүг марш.

Яг үүнтэй адилаар нэгэнт бий болгосон байгууллагыг яаж авч явах вэ гэдэг тун ярвигтай юм аа. Анх хэдэн нөхөр нийлж суугаад л, сайхан санаанууд гаргаад л, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд нэг байгууллага байгуулчихдаг. Мэдээж ашгийн төлөө байгууллага байсан бол яахав, гишүүн бүр нь байгууллагаа гээд гүйх байх л даа. Харин ашгийн төлөө бус байгууллагад гишүүдийнхээ урам зориг, эрч хүчийг мохоолгүйгээр үргэлжлүүлэх нь хэцүү аж. Анх байгуулалцсан хүмүүс цагийн эрхээр холдон одоход, үргэлжлүүлж авч явах залгамж үегүй болоод ирэхэд л үүнийг ухаарах юм. Ингээд л хэдэн үхмэл байгууллагын толгой гэсэн сэтэр л хоцорвой.

Цаашид яахыг бурханд даатгах уу, аль эсвэл...

Конец.

Дүр эсгэхүй

Дэлгүүр огт хэсдэггүй хүн чинь өчигдөр гэнэт дэлгүүр хэсмээр санагдаад ойрхон байдаг shopping mall руу явав. Өвлийг өнтэй давахын тулд цахилгаан халаагуур авч, хичээлээ сайн хийхийн тулд эвдэрхий электрон-толио шинэчлэв.

Хамгийн гол нь номын дэлгүүрт зөндөө удаан саатаж, Христийн шашинтнууд библиэ уншиж ариусдаг шиг, өөрийгөө хөгжүүлэх талын баахан ном гарчиглалаа. Ойрын үед өөртөө эрч хүчтэй амьдрах сэрэл мэдрэмж өгөөгүй байсан бололтой, амьдралын хэв маяг маань ч гэсэн нэг л хүний нүд хуурсан, дүр эсгэсэн байдалтай болчихсон байгааг анзаарав. Блог маань ч гэсэн дээ, өөрийгөө нэг л их мундаг хүн гэж бусдад харуулах гэсэндээ бичиж байгаа ч юм шиг. Бичиж буй сэдэв маань ч нэг л хүрээнд эргэлдээд л...

Сүүлийн хэдэн долоо хоног хүмүүсийн нүдэнд хичээлээ асар ихээр хийж буй хүн л харагдсан байх. Гэтэл яг үнэндээ гараас гарсан зүйл нэг их алга, семинарынхаа илтгэлийг амжилттай (?) давж гарсан, өмнө нь бичиж байсан Marketing Simulation Game-д ёстой арчаагаа алдаж, хомоол хамж байгаагаа анхны өгөгдсөн байдал нь тааруу байсан руугаа чихээд явж байгаа. Сарын дараа болох мэтгэлцээнд бэлдэж эхлээгүй, жилийн дотор англи хэлийг өөрийн болгох "Барбароса" төлөвлөгөө бүр ч сураггүй.

Ийм байхад ирэх жил MBA-ийн шалгалтанд тэнцэх талаар саналтгүй. Гэтэл эрсдлээс зайлсхийхийн тулд хийх ёстой job hunting бас л залхуурлын улмаас оройтох тийшээ хандаж байна.

Аман дээрээ л баахан юм хийх гэж байгаагаа худлаа яриад, ачир дээрээ урсгалаараа л...

Хүний итгэлийг алдаж болохгүй гэж "айлдах" дуртай хэрнээ энэ хоёрхон сарын хугацаанд хэд хэдэн хүнд "найдваргүй этгээд" болохоо мэдрүүлээд авсан.

Хааяа ч гэсэн ингэж өөрийгөө загнаж байхгүй бол хүн гэдэг муу зүйлд уруу татагдахдаа амархан юм аа.

Ням гаригт номын баяр амжилттай болсон сурагтай. Гар эсгэм шинэ номоо хурдхан шиг харахсан.

2006-10-25

Номын нээлт

10-р сарын 29-ний Ням гаригт 12 цагаас "Интерном" номын дэлгүүрт ЭМОС клубын 3 дахь ном болох "Амжилтад хүрэх гал эрмэлзэл" номын нээлт болно. Худалдаанд 5000 төгрөгөөр гарч буй уг номыг нээлтийн үеэр, 12-14 цагийн хооронд 4000 төгрөгөөр борлуулах тул өргөнөөр хүрэлцэн ирэхийг хүсч байна.

Номын өмнөх үгийн хэсгээс дор сийрүүлэв:

Уншигч танаа ЭМОС клубын гурав дахь бүтээл “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” номыг өргөн барьж байна. Тус клуб 2004 онд “Өөрийгөө хөгжүүлье!” хэмээх анхныхаа хамтын бүтээлийг гаргаж, 2005 онд “Мэргэжлээ зөв сонгоход тань” нэртэй дараагийнхаа номыг хэвлүүлсэн билээ. Энэ удаагийнх бол бидний анхны орчуулгын бүтээл болох бөгөөд клубын арван гишүүн гар нийлэн орчуулж, он өртөөлөн уншигч авхайн гарт хүргэж байна.
Зохиогч Инамори Казүо нь Японд төдийгүй дэлхийд нэртэй Киосэра группыг үндэслэн байгуулсан хүн юм. Тэрээр 1996 онд хэвлэгдсэн уг номын өмнөх үгт “37 жилийн өмнө Киосэра компанийг байгуулах үед надад бизнес удирдлага, менежментийн ухааны ямар ч мэдлэг, туршлага байсангүй. Ийм нөхцөлд гагцхүү “хүний ёсонд үл харшлах зөв зүйлийг хийх”-ийг тулгуур болгож менежментээ эхлүүлэхээс өөр аргагүй байсан юм. Яваандаа би амьдралын жинхэнэ утга учир, менежментийн байвал зохих арга хэлбэрийн талаар нухацтай бодох болж, өөрийн гэсэн удирдлагын гүн ухааныг боловсрууллаа. Чингээд үүнийг ажилтнуудтайгаа хуваалцахаар өнөөдрийг хүртэл чармайж ирэв. Киосэра компанийн амжилтын талаар надаас асуухад “Компани маань өөрийн гэсэн философитой, түүнийг нь ажилтан бүр сэтгэл зүрхээрээ хуваалцдагтай холбоотой” гэж хариулдаг юм” хэмээн дурсжээ.
Киосэра групп Америкийн цахим эд анги үйлдвэрлэлийн AVX компанийг худалдан авсны дараахан Инамори Казүо шинэ америк ажилтнууддаа зориулж өөрийн удирдлагын ухааны түлхүүр ойлголтуудыг эмхтгэн лекц уншсаныг “A PASSION FOR SUCCESS” буюу “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” нэртэйгээр ном болгон эмхтгэн гаргажээ. Тэрээр АVX компанийг худалдан авсныхаа дараа удирдлагуудыг нь огт өөрчлөөгүй агаад харин тэдний үзэл хандлагыг шинэчлэхэд голлон анхаарсан байна. Үүний дүнд тус компани зургаан жилийн дотор борлуулалтаа гурав дахин ихэсгэн 1.1 тэрбум долларт, татварын өмнөх ашгийг 6 дахин өсгөн 170 сая долларт хүргэжээ.
Амжилтад олон янзын хүчин зүйл нөлөөлөх боловч тэр дунд хамгийн шийдвэрлэх, хамгийн найдвартай нь тухайн хүний үзэл хандлага, хүсэл сэтгэлийн хүч юм. Өнөөгийн Монголд үгүйлэгдээд буй зөв үзэл хандлага, ёс суртахуунлаг байдал, гал эрмэлзэл, хамгийн гол нь хүний хувьд ноён нуруутай байхын чухлыг энэ ном сануулж байна. Чухам ийм учраас бид энэ номыг орчуулахаар шийдсэн юм.
Япон, англи, хятад, герман хэлээр дэлхийн олон оронд хэвлэгдэн гарсан энэ ном монгол уншигч таны байнгын нөхөр байж, мартсаныг сануулан, алдсаныг залруулж байхыг хүснэм.

Номын хур арвижиж,
Ноён нуруу тэгшрэх болтугай



ЭМОС Клуб
2006 оны 10 дугаар сар

2006-10-05

Семинар

Японы их сургуулиуд ихэнх хичээл нь зөвхөн лекц ороод, улирлын эцэст шалгалт юм уу, репорт бичүүлээд дүгнэчихдэг. Тийм болохоор өөрөө л хичээхгүй бол нэг их сурсан зүйлгүй төгсчих боломж ихтэй. Харин ганц "шүүсээ шахуулдаг" нь семинар юм даа. Семинар гэдэг нь ихэнх сургуулиудад 3-р курсээс эхлэн аль нэг багшийн удирдлаган дор цөөн хэдэн (6-12) оюутан цугларч, багшаас нэг их хамааралгүй, өөрсдөө илтгэл тавин, судалгаа хийн, номоо уншдаг хичээл.
Оюутнууд 2-р курсийнхээ сүүл хэсэгт семинарын багшаа сонгох гэж бөөн юм болно. Удирдагч багшийн мэргэжлийн чиглэл, семинарын хүнд хөнгөн, даалгаварын их бага, тэр ч байтугай хэр архиддагийг нь хүртэл шинжиж байж сонгодог. Гэхдээ семинарт орох эсэхийг тэгээд л шийдчихдэггүй. Товлосон семинарт нь хэт олон хүн орохыг хүсч байвал ярилцлаганд орно.
Миний хувьд маркетингийн семинарт орохыг хүсч байсан, тэгээд судалтал маркетингаар мэргэшсэн 2 л багш энэ жил 3-р курсийнхэн авна гэсэн байхаар нь харж харж нэгийг нь сонгосон. 4-р сард ярилцлага өгөхөөр очтол 26 оюутан байж байдаг юм байна. Ярилцлагын үр дүнд 10 нь хасагдаж, 11 япон, 1 хятад, 1 тайвань, 1 лаос, 1 кыргыз, 1 монгол оюутантай семинар бүрэлдэв ээ. Тэгээд бас болоогүй, 9 нь эмэгтэй гэж байгаа (манай тэнхимд эмэгтэй оюутан цөөхөн байдаг). Багш нь ч шижигнэсэн залуу.
Хичээл маань тун сонирхолтой. Маркетингийн олон чиглэлээс "Хэрэглэгчийн зан төлөв"-ийг гүнзгийрүүлж судалдаг. Michael Solomon-ий Consumer Behaviour гэдэг англи сурах бичигтэй. Долоо хоногт нэг бүлэг уншиж, япон хэлээр товчлол бичээд, семинар дээрээ уг бүлгийн агуулгыг ярилцдаг. Тэгээд 2 дахь долоо хоногт нь уг бүлэгтэй холбоотой Case Study-г 2 оюутан нь хариуцаж хийнэ. Иймэрхүү л байдалтай нэг улирал өнгөрсөн. i-Pod, mixi, Hot pepper, McDonalds, Tsubaki, LOHAS гээд Case болгон тун сонирхолтой.
Зуны амралтаар 4-р курсийнхэнтэйгээ хамт хаа нэг тийшээ явж, 1-3 өдөр хичээл хийдэг. Энэ жилийн хувьд манай семинарынхан Окинава явсан. 3-р курсийн бидэнд ч сүрхий бэлдээд байх даалгавар байгаагүй л дээ. Зуны хичээл болон янз бүрийн нийллэг, "архидалт" нь оюутнуудыг тун дотно болгох юм. Миний хувьд их сургуульд орсон эхний 2 жилээ япон оюутантай бараг үг сольдоггүй байсан гэхэд хилсдэхгүй. Гэтэл одоо семинарынхантайгаа хайр дурлалаас эхлээд л чалчиж өгнө дөө.
Энэ семестрт семинарын маань энэ хэлбэр өөрчлөгдөхгүй хэдий ч 2 зүйл нэмэгдсэн. Эхнийх нь 11-р сарын сүүлээр Кобэ их сургуулийн маркетингийн нэгэн семинарын оюутнуудтай мэтгэлцээн хийх ёстой, нөгөө нь манай семинарынхан 5 багт хуваагдаж, MarkStrat хэмээх Marketing Simulation Game тоглоно. Мэтгэлцээн ч нэг их сонирхол татахгүй байгаа. Харин симуляц тоглоом маань амьдрал дээр жинхэнэ компанийг удирдах, маркетингийн дүн шинжилгээ хийн, компаниа амжилтанд хүргэх арга техникт сургах байх гэж тун найдаж байгаа. Одоо дөнгөж дүрмийн номоо уншиж байгаа. Ирэх долоо хоногоос эхлээд 7 хоног болгон багууд Decision хийж, түүнийг нь компьютерт нэгтгээд тухайн компанийн хувьцааны үнэ гэх мэт үзүүлэлтийг гаргаад ирнэ. Би багийнхаа гаргасан шийдвэр болон амжилтуудыг блогтоо тухай бүрт нь бичээд явъя гэж бодож байгаа.

Өөрийгөө хичээлдээ улам дуртай болж байгааг мэдрэх маш гоё юм. Одоо өглөө эрт босдог болчихвол ч...

2006-10-04

Би завтай хүн

Блоггер анд Хишгээгийн цаг, завын тухай бичсэн бичлэгийг уншаад нэгийг бичмээр санагдлаа.

Би их сониуч болохоор янз бүрийн зүйлс оролдох туйлын дуртай. Багаасаа л ээждээ "холион бантангийн цуглуулга" гэж хэлэгдсэн, юм юм руу үсчсэн, тэгж байгаад л шохоорхол нь буураад ирэхээр хаячихдаг хүүхэд байлаа. Гэхдээ мэдээж дуртай зүйлсээсээ бол уйдахгүй л дээ.

Блогийг тэр л янзаар шохоорхлын үүднээс эхэлсэн. Эхэндээ өдөр болгон бичлэг оруулах гэж хичээдэг байсан, тиймдээ ч блогоо "Өнөөдөр" гэж нэрлэсэн хэрэг. За тэгээд хагас сар хэртэй өдөр болгон бичлэг оруулав аа, тэгсэн уйдаж эхлэх шинжтэй. Бичиж байгаа зүйлс маань ч "бантангийн жор" тийшээ хандаад явчихав. Заримдаа найз нөхөдтэйгээ хонуут өнжүүтээр наргих хэрэг ч гарна.

Ингээд л блог бичиж эхэлсэн үеэсээ огт өөр бодолтой болчихож байгаа юм. Блог маань надад ч бас үр ашгаа өгөхгүй бол бичих ямар хэрэг байна вэ гэсэн бодол төрөөд, хүнд хэрэгцээтэйгээсээ гадна өөрт хэрэгцээтэй зүйлс бичдэг болъюу гэж шийдээд өдийг хүрсэн билээ. Гэхдээ заримдаа ч мунхаглал сараачдагаа нуух юун.

Хүн гэдэг сэрүүн байхдаа өч төчнөөн зүйлсийг бодож, сэтгэж байдаг. Даанч ихэнхийг нь хэсэг хугацааны дараа санадаггүй. Муу бодлыг ч яахав мартаж л байвал сайн. Харин сайн сайхан бодлыг, өөртөө эрч хүч өгөх санааг мартмааргүй байна. Ингэхэд минь таны тольдож буй энэ блог надад тус болдог юм. Өөрөөр хэлбэл, Төгсөөгийн дурьдсанаар Өнгөрснийг мартахгүй гэж өөртөө зориулан бичиж байгаа маань энэ.

Бас нэг шалтгаан нь сурах үйлстэй холбоотой. Аливаа зүйлсийг суралцан, өөрийн болгох хамгийн үр дүнтэй арга нь "бусдад зааж өгөх" байдаг юм байна. Их сургуулийн лекц л гэхэд 5-хан хувийн үр дүнтэй байдаг бол бусдад зааж өгснөөр та 90 хувийн үр ашигтайгаар суралцаж чадна. Тийм ч учраас ирээдүй рүүгээ тэмүүлж буй залуус маань блог бичиж байх нь хэрэгтэй юм болов уу гэж бодно.

Цаг завын тухайд хэдэн үг хэлэхэд, намайг яаж энэ их ажлыг амжуулдаг байна аа гэж дуу алддаг хүн олон байдаг. Тэр дуу алдан гайхахад хүргээд байгаа би гэдэг хүн нь хичээл номынхоо хажуугаар сайн дурын 3 байгууллагыг удирдах үйлст хүчин зүтгэхээс гадна 3 вэб хуудас ажиллуулж, Асуулт самбарт модератор гэх зэрэг зүйлс л хийдэг хэрэг. Би их унтамхай хүн, амралтын өдөр 12 цаг унтах маань энүүхэнд. Түүнээс гадна мессенжэрээр чатлах, вэб хуудас хэсэх, найз нөхөдтэйгээ наргиж цэнгэх гээд л ихэнх цагаа үрнэ. Зөнгөөрөө байгаад байя гэвэл залхуугийн туйл л даа.
Гэтэл Японы аж үйлдвэржилтийн эцэг Шибүсава Эй-ичи л гэхэд амьдралынхаа туршид 500 гаруй компанийг байгуулан, нэгэн зэрэг хэдэн арван компанийн удирдлагад ажиллаж байсан гэдэг. Надтай харьцуулшгүй байгаа биз дээ. Надаас илүү их ажилтай хүн энэ хорвоод өч төчнөөн байгаа. Тиймээс би өөрийгөө завгүй гэж хэлэх эрхгүй хүн. Тийм ээ, би завтай хүн билээ. Тэгж яривал та ч завтай, худлаа гэвэл түрүүний бүтэн сайнд та яалаа даа? хэхэ. Хэн ч гэсэн ямар нэг ажлыг бүтээе гэж хүсвэл зав гаргаж чадна шүү дээ. Бид бүгд завтай хүмүүс. Энэ их завтай цагаа өөрт хэрэгтэй, бусдад ашигтай үйлст зарцуулцгаая.