Showing posts with label үзэл бодол. Show all posts
Showing posts with label үзэл бодол. Show all posts

2006-12-07

Цахим Монгол

"Өнөөдөр" сонины өчигдрийн дугаарт блоггер анд, сэтгүүлч Б.Галааридын бичсэн нийтлэл хэвлэгджээ. Та гарчиг дээр хулганаараа товшиж уг нийтлэлийг унших боломжтой.

Анд маань "загатнасан газар маажиж" өгсөн тул өөрийн бодлоо хэльюү гэж бодлоо.

Мэдээж "Суусан цэцнээс явсан тэнэг дээр" гэгчийн үлгэрээр Америкт суралцаж юм үзэж, нүд тайлаад ирсэн хүмүүс эх орондоо ганц ч болтугай хэрэгтэй үг тээж ирсэн нь олзуурхууштай. Даанч суурь нь дэндүү намхан байсан учраас ард иргэддээ компьютерыг нь бэлдэж өгөхөөс ажлаа эхлэх ёстой гэж мань хүмүүс бодсон нь лавтай.
Тэгээд засгийн эрхэнд гармагцаа хэрэгжүүлсэн хөтөлбөр нь "Цахим Монгол". Айл бүрт компьютер, айл бүрт интернэт. Сайхан л сонсогдож байна.
Гэхдээ асуудал бага зэрэг ярвигтай байлаа. Тэр үед энэ жилийн төсөвтэй ялгаатай нь ядуу ард иргэддээ битгий хэл, их хурлын 76 маань өөрсөддөө олигтойхон шиг мөнгө хуваагаад авчих бэл бэнчингүй байсан тул "Нүглийн нүдийг гурилаар хуурна" гэгч л болоод дуусав. Энэ тухай Асуулт самбарт Morpheus M. хэмээх гишүүний бичсэн "Сайн хийгээд саар мэдээ: 250$-т бид юу авах вэ?" хэмээх бичлэгээс олж унших боломжтой.
За тэгэхээр байдал ямар байгааг та бүхэн ойлгосон байх. Хүмүүстээ хямдхан компьютер тарааж байгаа нь энэ гээд хамгийн энгийн хэрэгцээ хангахтай үгүйтэй л зүйл тараасан болж таарах нь.

Цаашлаад интернэт гэвэл бүр ч хэцүүднэ. Монголын ихэнх интернэт хэрэглэгчид утасны шугамаар дамжин интернэтэд холбогддог. Та Монголд интернэт ашиглаж үзсэн бол яст мэлхий шиг удаан холболтоор мэйлээ шалгах гэж үстэй толгойгоо зулгаах вий. Ийм байхад аутсорсингийн тухай саналтгүй. Зүй нь гишүүн бүрт 250 саяыг өгч цатгалан гэдсийг нь унжуулж байхаар ядаж шилэн кабелиа байг гэхэд ADSL сүлжээг иргэддээ хүргэж, хямдхан бөгөөд хурдан интернэттэй болгох хэрэгтэй байсан юм даа. Өнөөдөр би Японд байгаагийнхаа буянаар сард 30 доллараар (Иргэдийнх нь орлоготой харьцуулахад энэ бол дэндүү хямдхан эд л дээ) секундэд 100 мегабайт хурдтай байнгын холболт бүхий интернэт хэрэглэж байна. Үүнийг чинь л аз жаргал гэдэг юм ш дээ.

Өсвөр насныхны хувьд интернэтээр чатлах, мэйл шалгах, ганц хоёр болсон болоогүй сайтаар ороод гарах нь түгээмэл. Үүнийг бичигч би ч гэсэн цагтаа арван хурууны өндгөө эвэрштэл киборд нүдэж, чатладаг байлаа. Англи хэлгүй, дээрээс нь монгол хэлээрх сайтууд маань ихэнх нь хэт зугаа цэнгэл хөөж чамирхсан, эсвэл хэт улс төржиж албан ёсжсон сайтууд байдгаас дэлхийн хөгжлөөс хол хоцроход хүргээд байна. Мэдээж гадаад хэлээ сайн сурж байхгүй, хохь чинь гэж хэлэх хүн гарч ирэх ч, хүн гэдэг эх хэлээрээ л хамгийн сайн ойлгодог учраас гадаад хэлийг хэчнээн сайн сурлаа ч түүгээр авах мэдээлэл нь эх хэлээр авах мэдээллийн хурдыг гүйцнэ гэдэг хэцүү. Тиймээс л би монгол хэлээрх контентуудыг баяжуулмаар байна гэж википедиадаад сууж байгаа юм.

Уг нь эрх мэдэлтнүүд маань болгоож, иргэдийнхээ тархинд юм үлдэхүйц хөтөлбөрүүд санаачлаад хэрэгжүүлбэл массын боловсрол суга өсөөд л ирнэ. Жишээ нь, интернэтэд википедиатай дүйцэхүйц монгол хэлний нэвтэрхий толио байг гэхэд тайлбар толь хийгээд тавьж болмоор доо. Массын боловсрол өсөхтэй зэрэгцээд дэлхийд өрсөлдөхүйц түвшний боловсон хүчнүүд олшрох нигууртай бөлгөө.

Цахим хувьсгалын үр шимийг монголчууд маань хүртэж, мөр бүтэн гэдэс цатгалан явах цаг удахгүй ирнэ гэж итгэнэм.

2006-10-31

Амьд байгууллага аа гэж...

Моринд мордоод ертөнцийг эзлэх амархан
Мориноосоо буугаад ертөнцийг захирах хэцүү


Өнөөдөр би нэрийн хуудсан дээрээ ямар л бол ямар албан тушаал бичиж чадна. Нэг сан байгуулаад яаманд бүртгүүлээдхий, окэй. Хэдэн өдөр гүйгээд л тамга тэмдэг бэлэн, сангийн гүйцэтгэх захирал.
Хэдэн найз оюутантайгаа ганц нэг арга хэмжээ зохион байгуулчаад, хэдүүлээ тойрч сууж байгаад л удирдах зөвлөлийн гишүүн. Хэдэн мэйл бичээд л "Ямар сайхан бичдэг, бусдыгаа уриалдаг хүн бэ, чи нэг зохицуулаадхаач". Клубын зохицуулагч. Нэрийн хуудсанд бас нэг мөр нэмэгдвэй.

Энэ янзаараа тун удахгүй компанийн захирал гэсэн сэтэртэй ч болж магад. Гэтэл хүн харахад сүрдмээр баахан албан тушаалын цаана ямар байгууллага байгаад байна вэ гэдгийг өөрөөсөө асуумаар.

Дээр эш татсанчлан болох амархан, үргэлжлүүлэх хэцүү юм аа. Уржнан эндхийн монголчуудын сагсны тэмцээнд сагсандаа мундаг хэдэн найзаа цуглуулж ороод түрүүлчихэв. Ноднин хамраа сөхсөн амьтан явж очоод, хэсгийн тоглолт дуусав уу үгүй юу, сульдаж үхэх гэж буй амьтан гэрийн зүг марш.

Яг үүнтэй адилаар нэгэнт бий болгосон байгууллагыг яаж авч явах вэ гэдэг тун ярвигтай юм аа. Анх хэдэн нөхөр нийлж суугаад л, сайхан санаанууд гаргаад л, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд нэг байгууллага байгуулчихдаг. Мэдээж ашгийн төлөө байгууллага байсан бол яахав, гишүүн бүр нь байгууллагаа гээд гүйх байх л даа. Харин ашгийн төлөө бус байгууллагад гишүүдийнхээ урам зориг, эрч хүчийг мохоолгүйгээр үргэлжлүүлэх нь хэцүү аж. Анх байгуулалцсан хүмүүс цагийн эрхээр холдон одоход, үргэлжлүүлж авч явах залгамж үегүй болоод ирэхэд л үүнийг ухаарах юм. Ингээд л хэдэн үхмэл байгууллагын толгой гэсэн сэтэр л хоцорвой.

Цаашид яахыг бурханд даатгах уу, аль эсвэл...

Конец.

Дүр эсгэхүй

Дэлгүүр огт хэсдэггүй хүн чинь өчигдөр гэнэт дэлгүүр хэсмээр санагдаад ойрхон байдаг shopping mall руу явав. Өвлийг өнтэй давахын тулд цахилгаан халаагуур авч, хичээлээ сайн хийхийн тулд эвдэрхий электрон-толио шинэчлэв.

Хамгийн гол нь номын дэлгүүрт зөндөө удаан саатаж, Христийн шашинтнууд библиэ уншиж ариусдаг шиг, өөрийгөө хөгжүүлэх талын баахан ном гарчиглалаа. Ойрын үед өөртөө эрч хүчтэй амьдрах сэрэл мэдрэмж өгөөгүй байсан бололтой, амьдралын хэв маяг маань ч гэсэн нэг л хүний нүд хуурсан, дүр эсгэсэн байдалтай болчихсон байгааг анзаарав. Блог маань ч гэсэн дээ, өөрийгөө нэг л их мундаг хүн гэж бусдад харуулах гэсэндээ бичиж байгаа ч юм шиг. Бичиж буй сэдэв маань ч нэг л хүрээнд эргэлдээд л...

Сүүлийн хэдэн долоо хоног хүмүүсийн нүдэнд хичээлээ асар ихээр хийж буй хүн л харагдсан байх. Гэтэл яг үнэндээ гараас гарсан зүйл нэг их алга, семинарынхаа илтгэлийг амжилттай (?) давж гарсан, өмнө нь бичиж байсан Marketing Simulation Game-д ёстой арчаагаа алдаж, хомоол хамж байгаагаа анхны өгөгдсөн байдал нь тааруу байсан руугаа чихээд явж байгаа. Сарын дараа болох мэтгэлцээнд бэлдэж эхлээгүй, жилийн дотор англи хэлийг өөрийн болгох "Барбароса" төлөвлөгөө бүр ч сураггүй.

Ийм байхад ирэх жил MBA-ийн шалгалтанд тэнцэх талаар саналтгүй. Гэтэл эрсдлээс зайлсхийхийн тулд хийх ёстой job hunting бас л залхуурлын улмаас оройтох тийшээ хандаж байна.

Аман дээрээ л баахан юм хийх гэж байгаагаа худлаа яриад, ачир дээрээ урсгалаараа л...

Хүний итгэлийг алдаж болохгүй гэж "айлдах" дуртай хэрнээ энэ хоёрхон сарын хугацаанд хэд хэдэн хүнд "найдваргүй этгээд" болохоо мэдрүүлээд авсан.

Хааяа ч гэсэн ингэж өөрийгөө загнаж байхгүй бол хүн гэдэг муу зүйлд уруу татагдахдаа амархан юм аа.

Ням гаригт номын баяр амжилттай болсон сурагтай. Гар эсгэм шинэ номоо хурдхан шиг харахсан.

2006-10-04

Би завтай хүн

Блоггер анд Хишгээгийн цаг, завын тухай бичсэн бичлэгийг уншаад нэгийг бичмээр санагдлаа.

Би их сониуч болохоор янз бүрийн зүйлс оролдох туйлын дуртай. Багаасаа л ээждээ "холион бантангийн цуглуулга" гэж хэлэгдсэн, юм юм руу үсчсэн, тэгж байгаад л шохоорхол нь буураад ирэхээр хаячихдаг хүүхэд байлаа. Гэхдээ мэдээж дуртай зүйлсээсээ бол уйдахгүй л дээ.

Блогийг тэр л янзаар шохоорхлын үүднээс эхэлсэн. Эхэндээ өдөр болгон бичлэг оруулах гэж хичээдэг байсан, тиймдээ ч блогоо "Өнөөдөр" гэж нэрлэсэн хэрэг. За тэгээд хагас сар хэртэй өдөр болгон бичлэг оруулав аа, тэгсэн уйдаж эхлэх шинжтэй. Бичиж байгаа зүйлс маань ч "бантангийн жор" тийшээ хандаад явчихав. Заримдаа найз нөхөдтэйгээ хонуут өнжүүтээр наргих хэрэг ч гарна.

Ингээд л блог бичиж эхэлсэн үеэсээ огт өөр бодолтой болчихож байгаа юм. Блог маань надад ч бас үр ашгаа өгөхгүй бол бичих ямар хэрэг байна вэ гэсэн бодол төрөөд, хүнд хэрэгцээтэйгээсээ гадна өөрт хэрэгцээтэй зүйлс бичдэг болъюу гэж шийдээд өдийг хүрсэн билээ. Гэхдээ заримдаа ч мунхаглал сараачдагаа нуух юун.

Хүн гэдэг сэрүүн байхдаа өч төчнөөн зүйлсийг бодож, сэтгэж байдаг. Даанч ихэнхийг нь хэсэг хугацааны дараа санадаггүй. Муу бодлыг ч яахав мартаж л байвал сайн. Харин сайн сайхан бодлыг, өөртөө эрч хүч өгөх санааг мартмааргүй байна. Ингэхэд минь таны тольдож буй энэ блог надад тус болдог юм. Өөрөөр хэлбэл, Төгсөөгийн дурьдсанаар Өнгөрснийг мартахгүй гэж өөртөө зориулан бичиж байгаа маань энэ.

Бас нэг шалтгаан нь сурах үйлстэй холбоотой. Аливаа зүйлсийг суралцан, өөрийн болгох хамгийн үр дүнтэй арга нь "бусдад зааж өгөх" байдаг юм байна. Их сургуулийн лекц л гэхэд 5-хан хувийн үр дүнтэй байдаг бол бусдад зааж өгснөөр та 90 хувийн үр ашигтайгаар суралцаж чадна. Тийм ч учраас ирээдүй рүүгээ тэмүүлж буй залуус маань блог бичиж байх нь хэрэгтэй юм болов уу гэж бодно.

Цаг завын тухайд хэдэн үг хэлэхэд, намайг яаж энэ их ажлыг амжуулдаг байна аа гэж дуу алддаг хүн олон байдаг. Тэр дуу алдан гайхахад хүргээд байгаа би гэдэг хүн нь хичээл номынхоо хажуугаар сайн дурын 3 байгууллагыг удирдах үйлст хүчин зүтгэхээс гадна 3 вэб хуудас ажиллуулж, Асуулт самбарт модератор гэх зэрэг зүйлс л хийдэг хэрэг. Би их унтамхай хүн, амралтын өдөр 12 цаг унтах маань энүүхэнд. Түүнээс гадна мессенжэрээр чатлах, вэб хуудас хэсэх, найз нөхөдтэйгээ наргиж цэнгэх гээд л ихэнх цагаа үрнэ. Зөнгөөрөө байгаад байя гэвэл залхуугийн туйл л даа.
Гэтэл Японы аж үйлдвэржилтийн эцэг Шибүсава Эй-ичи л гэхэд амьдралынхаа туршид 500 гаруй компанийг байгуулан, нэгэн зэрэг хэдэн арван компанийн удирдлагад ажиллаж байсан гэдэг. Надтай харьцуулшгүй байгаа биз дээ. Надаас илүү их ажилтай хүн энэ хорвоод өч төчнөөн байгаа. Тиймээс би өөрийгөө завгүй гэж хэлэх эрхгүй хүн. Тийм ээ, би завтай хүн билээ. Тэгж яривал та ч завтай, худлаа гэвэл түрүүний бүтэн сайнд та яалаа даа? хэхэ. Хэн ч гэсэн ямар нэг ажлыг бүтээе гэж хүсвэл зав гаргаж чадна шүү дээ. Бид бүгд завтай хүмүүс. Энэ их завтай цагаа өөрт хэрэгтэй, бусдад ашигтай үйлст зарцуулцгаая.

2006-08-02

Дижитал эрин үеийн монгол хэл

Ид шалгалтын үе болж байгаа ч гэсэн түр зуур хичээл номоос холдох нь амралт болох тул нэг бичлэг оруулъя гэж бодлоо.

Хэд хоногийн өмнө 2 андынхаа хамт нэг номны орчуулгыг ариутган шүүж байна гэж бүтэн өдөржин шахуу суусан юм. MS Word програмаар бэлдсэн номын эхийг унших явцдаа номонд олон давтагдаж буй нэр томъёог өөрчлөх тохиолдол гарч байлаа. Мэдээж бүгдийг нь нэг дор өөрчлөхийн тулд хайлт хийж, бүх тийм үгийг олж байгаад нэг дор өөрчлөх техникийн боломж бий. Харин монгол хэлний гээгдэх эгшгийн дүрэм гэх мэт уг үгийнхээ үндэс язгуурыг "танигдахын аргагүй" болтол өөрчилдөг дүрмүүдийн "ачаар" бидний ажил хэд дахин их болох шинжтэй юм байна гэж хоорондоо ярилцаж суув. Жишээ нь, "удирдлага" гэдэг үгийг бүгдийг нь олж өөрчлөх хэрэг гарлаа гэхэд "удирдлага" гэж бичээд хайвал "удирдлагын", "удирдлагыг" гэх мэт үгс хайлтын үр дүнд гарч ирэхгүй юм.

Интернэтээр хайлт хийхэд бүр төвөгтэй. Алдаатай бичдэг хүн маш олон (Сонины сэтгүүлчид хүртэл энгийн зөв бичгийн дүрмийн алдааг олноор "үйлдвэрлэдэг"-ийг энд хэлье), тэгээд кирилл үсгээрээ бичиж чаддаг гэвэл бүр өдрийн од мэт. Тийм болохоор ганц түлхүүр үгээр хайлт хийхийн тулд латин, кирилл үсгээр, бас дээрээс нь нөхцөл дагавар залгагдаад "зүсээ хувиргасан" хэлбэрээр нь хайх хэрэг гарах нь. Дээрээс нь латин үсгээр бичлээ гэхэд иргэд нэгдсэн стандарт баримталдаггүйгээс болж хайлт улам төвөгтэй болно.

Хятадууд хэлээ маш амжилттай "латинчилсан" түүх бий. Жишээлбэл тэд Дэн Сяопин гэдэг хүний нэрийг латин үсгээр бичихэд бүгд л Deng Xiaoping гэж бичнэ. Харин бид өөрөө яаж уншдагтаа дөхүүлээд л илэрхийлмэр аядана. Энэ бүхэн интернэтийн эрин үед монголчууд бидний ажлын "ашигт үйлийн коэффициэнт"-ыг эрс бууруулж буй мэт.

Нэг хэсэг кирилл үсгийн дүрмийг өөрчлөнө гэж шуугиж байгаад таг болов бололтой. Гээгдэх эгшгийн дүрэм алга болно гэсэн сураг сонсогдоод байсан. Тэр дүрмийг баримталдаггүй хүмүүст ч хамаагүй байх л даа, харин дүрмээ дагадаг хүмүүст уг нь хэрэгтэй эд байж мэдэхээр шүү. "Хэл бичгийн улсын хороо" (Албан ёсны нэршлийг нь зөв л бичсэн байгаа даа) дүрмээ өөрчлөөд, түүнийгээ хэвлэлийн бага хурал зарлан "сүр жавхлантайгаар" нийтэд дуулгавал зүгээр санагдаад явчихлаа. Тэгээд бас гадаад үгс, шинэ нэр томъёог монголоор орчуулснаа тэгж зарлаж байвал хорооныхны нэр хүнд тэнгэрт мандахаас гадна бага ангид заалгасан дүрмээ баримтлана гэж зөрүүдлээд байдаг муйхар иргэдэд маань тун ч нэмэртэйсэн.

Манайхантай ижил зовлон оросуудад бас байдаг байх гэж мунхаглав. Тэдний үгс ч бас тийн ялгалаар хувирахаараа төгсгөл нь өөрчлөгддөг "гэмтэй". Харин англи, япон хэлтнүүдэд бяцхан атаархал өвөрлөв. Тэдний нөхцөл дагаварууд нь уг үгээ огт хөнддөггүй. Тэгээд бодоод байхнээ босоо монгол бичгийн маань нөхцөл дагаварууд уг үгээсээ салангид бичигддэг тул хайлт маань амархан болох байж дээ. Эцэг өвгөд минь тун ч "алсын хараатай" байж дээ, хөөрхий.

За энэ ч яахав. Нэгэнт өнгөрсөн зүйл. Үг олдож, үхэр холдох нь. Шалгалтандаа бэлдэх минь...

Гэснээс "Нисванис" хамтлагийн шинээр гаргасан "Нисдэг таваг" цомог тун ч "аятайхан дамшиг" юм гээч. хэхэ.

2006-05-31

Сайн дурын уран сайханчид

Сайн байцгаана уу. Гэртээ интернэтгүй байсан тул (гэхдээ энэ нь зөвхөн шалтаг л даа) удаан хугацаанд блог-оо бичсэнгүй. Дотуур байрнаасаа гарч, сургуулийнхаа ойролцоо байр хөлслөн амьдрах болсон хэрэг л дээ.

Англи хэлний volunteer хэмээх үгийг бид "сайн дурын" гэсэн үг оруулан илэрхийлдэг. Биднийг багад сайн дурын уран сайханч хэмээх нэр томъёо их хэрэглэгддэг байж билээ. Жил болгон шилдгийг нь шалгаруулах уралдаан зохиож, шалгарсан нь мэргэжлийн дуучин, хөгжимчин болдог байсан санагдаж байна. Гэтэл социалист нийгэм улирахтай зэрэгцэн сургуулийн сурагч болсон миний үеийнхэнд сайн дурын уран сайханч гэдэг үг "өрөөл бусдад таалагдах гэж өөрт хэрэггүй зүйл хийхдэг хүн" гэсэн утга илэрхийлэх болсон юм. Өөрөөр хэлбэл, хэн нэгнийгээ муулахдаа энэ үгийг хэрэглэдэг болсон.

Мөн өөрсдийгөө Монголтой мах цусны холбоотой гэж үздэг, эсвэл эх дэлхийгээ хайрладаг болохоороо хаа байсан холоос тусламж илгээсэн, Монголд очиж мод тарьсан гэх мэт сайн дурын ажил хийдэг япончуудыг монголчууд бид цаанаа ашиг харж буй гэж хардах. Ашиг харж ажилладаг бол "сайн дурын" гэж нэрлэмээргүй байлтай.

Ингэхэд сайн дурын ажил хийдэг хүн яагаад ийм муу жишээ болон дурьдагдах болтлоо нэр хүнд нь уначихсан юм бол? Монголчууд маань сайн дурын ажил хийдэг хүмүүсийн тухай "хэнхэг", "цаанаа ашиг харсан", "карьер хөөх санаатай" гэх мэтээр муулахаас биш, тэр сайн хүн шүү гэж хэлэх нь цөөхөн. Социалист нийгмийн үед сайн дурынхан гэхээр нам эвсэл, олон нийтийн ажил гээд явдаг хүмүүс л бодогддог, тэд нь ч тэр "сайн дурын" ажлаа хийж байгаад албан тушаал ахидаг, эсвэл гадаадад сургууль соёлд явдаг байв. Бас олон нийтийн ажилд хүн болгоныг "албадан" хамруулдаг (субботник, майн баярын жагсаал, мал төллөлтөд туслах гэх мэт), түүнд нь дуртай дургүй оролцдог нь дийлэнх нь байсан учир нөгөө хэдийгээ "хэнхэг" гэж нэрлэх болсон байх гэж бодогддог юм.

За тэгээд, улс орон маань ардчилалд шилжив ээ. Ардчилсан орны хувьд төрийн бус байгууллагууд борооны дараах мөөг шиг олшрох нь ойлгомжтой. Гэтэл Монголд байдаг тэр олон байгууллага, сайн дурынхнаас "дүрмэндээ заасан зорилгоо хэрэгжүүлэхдээ хойрго", төсөл бичиж, олон улсын байгууллагуудаас мөнгө "салгасан" үл бүтэх этгээдүүдийг нь ажигч гярхай ард түмэн маань юун түрүүнд олж хараад, хийж бүтээгээд байгаа хэсгийг нь олж харсангүй ээ. Ингээд л өмнөх нийгмээс улбаатай, сайн дурынхны тухай төсөөлөл нь огт өөрчлөгдөөгүй үлдсэн нь энэ.

Намайг анх Японд ирэхэд эндхийн оюутны холбоо нь монгол оюутнуудынхаа дунд нэр хүнд муутай байсан юм. Карьер хөөх гэсэн нөхөд нь ЯМОХ-т ордог гэж хэлэх хүнтэй ч таарч байсан. Үнэхээр оюутны холбоонд байсан хүмүүс олон япончуудтай танилцан, тэдэнтэй ажил хэргийн холбоо тогтоон гайгүй албан тушаалд ордог нь үнэн. Гэхдээ тэд анхнаасаа 100 хувь тийм бодолтой байсан гэвэл би одоо итгэхгүй. Тэд оюутан ахуй цагаасаа ажил хийхийн хүнд хүчрийг мэдрэн (50 мянган хүн хүрэлцэн ирдэг, эндхийн монголчуудын хамгийн том баяр - Хаврын баярыг ЯМОХ зохион байгуулдаг бөгөөд хагас жилийн турш энэхүү баярт бэлддэг юм), туршлага суун, олон хүнтэй харилцах явцдаа хүнтэй харилцах туршлага сууж, өөрийгөө ч тэр хүмүүст таниулж байгаа. Өөрөөр хэлбэл, сайн дурын ажил хийнгээ өөрсдийгөө хөгжүүлж байсан учир сургуулиа төгссөний дараа ямар ч ажлыг нүүр улайхааргүй хийж чадахаар болдогт л хамаг учир оршиж байгаа юм. Цагийн ажил хийнгээ, эсвэл аль нэг компанид дадлага хийнгээ ажил хийж сурна гэж хэлэх хүн гарч магад. Тэр үнээн, гэхдээ сайн дурынхны ажил нь олон нийтийн сайн сайхны төлөө учраас утга учиртай юм. (やりがいのある仕事)

Эцэст нь хэлэхэд, сайн дурынхан гэдэг нь "сайн санааны үзүүрт шар тос" гэгчээр сайхан сэтгэл гаргасныхаа шанг хүртэж, сэтгэлийн ханамж авдаг хүмүүс болохоос биш шар тосны төлөө "сайхан сэтгэл, сайн дур" гаргадаг хүмүүс биш юм шүү. Тэднийг муулж, сайхан сэтгэл рүү нь битгий ус цацаарай гэж хүсэх байна.


Бичилгүй удсан чинь бичих чадвар маань муудсан юм шиг санагдаж байна, өнөөдрийн бичлэг маань санаанд нэг л хүрсэнгүй, хэлэх гэсэн зүйлээ ч олигтой илэрхийлж чадсангүй.

2006-03-11

"У" юу, "Ү" юү, аль нь вэ хө?

Үнэг гэхэд ордог Ү үсэг. 7 настай балчир жаал цагаан толгойн баяраараа ийн уянгалуулан уншиж, эцэг эх, багшдаа уншиж бичиж сурснаа тайлагнадаг. Та ч гэсэн ямар нэг үсгийн дүрд хувирч, шүлгээ уншаад өөрийгөө том болчихсон мэтээр бодож л байсан биз.
Гадаад үгийг кирилл үсэг рүү буулгахдаа бид социалист нийгмийн үеэс орос "ах нараасаа" "будаа идэж" иржээ. Жишээ нь, Гонконг, Сеул гэж бичдэг байснаа, зах зээлийн буянаар "хөрөнгөтөн нийгэм"-тэй шадарласныхаа хүчинд Хонконг, Сөүл гэж бичдэг болжээ. Үүнтэй адилхан жишээ Гитлер (Хитлер), Гамильтон (Хамильтон), Эйлер (Ойлер) гээд захаасаа аваад бий. Эйлер гэж бичиж заншсан бид түүгээрээ дуудаад, гадныхантай нэвтрэлцэхгүй байна. Үүнтэй холбогдуулж хэлэхэд, орос ах нарын "будаа" биднийг дэлхийтэй хөл нийлүүлэн алхахаас чангаагаад байна. Математикт Коши-Щварцын тэнцэтгэл биш хэмээх алдартай теорем байдаг. Гэтэл бид орос сургалтаар Коши-Буняковскийн тэнцэтгэл биш гэж хэлж, заалгаж заншжээ. Монголчуудын бид мундаг, бид анхдагч, бид... бид... хэмээн өөрсөддөө хамааруулах дуртай "өвчин" оросуудад бас байдгийн илрэл энэ. Эсвэл тэдний үндсэрхэг үзлийн сүүдэр нь ч юм уу? Ямартай ч дэлхийтэй ойлголцохын тулд дэлхийтэй адил нэр томъёо хэрэглэж сурмаар байна. Та ч гэсэн тэгж бодож байгаа байх.

Тэгвэл та бүхэнд орос хэлэнд байдаггүй Ү үсгээ бид нар бага хэрэглэж "хэлмэгдүүлээд" байгаа юм биш биз гэдэг асуулт тавья.
Өнөөдөр бид У, Ү үсгээ зөв ялгаж хэрэглэж байна уу? Монгол хүмүүс байж юу гэж алдаж байдаг юм гэж та уцаарлаж магад, гэхдээ жаахан тэвчээд цааш нь уншаарай.
Японд ирээд үүнийг анх анзаарсан юм. Япон хэлэнд у үсэг байдаггүй, харин ү үсэг бий. Фүжи уул, Сүмоо, сүши, самүрай гээд Японы нэрийн хуудас болсон олон зүйл нь латин үсгээр Fuji, Sumo, sushi, samurai гэх мэтээр бичигддэг. Тэд ч яахав, нэгэнт ү үсэггүй хойно ингэж бичих нь зөв байлгүй яахав. Харин бид ү үсэг байсаар байтал оросуудтай адил Фужи, Сумо, Суши, Самурай гэх мэтээр бичих нь юуны учир вэ?
Манай сургуулийн нэрийг ч угтаа дуудлага ёсоор нь бол Хитоцүбаши гэж бичих ёстой байтал Хитоцубаши гэж бичигдсэн байх тохиолдол олон. Адаглаад л бид Сүзүки санг Сузуки сан гэж бичиж, түүгээрээ дуудаж, мурий хазгай хэлтэй болж харагдаж байна.
Сумо гэхэд о үсэг орсон байгаа юм чинь эр үг, тиймээс у гэж бичих нь зөв гэх хүн гарч магад. Гэтэл энэ маань гадаад үг шүү дээ. Япончууд монгол хэлний дүрэмд тохируулан үгээ зохиосон байж таарахгүй. Бид л тэдний дуудлагад тохируулан бичих ёстой гэж бодох юм.

Ихэнх гадаад хэлэнд ижил эгшгийг давхардуулан хэрэглэх нь төдийлөн харагддаггүй. Тэгвэл монгол хэл маань урт эгшиг гэдэг сайхан зүйлтэй. Тийм болоод ч тэр үү, бид богино бичигдсэн эгшгийг богиноор л дуудах гээд байдаг улс. Вашингтон, Токио, Осака гэж бичсэн байхад гадаад хэл мэдэхгүй монгол хүн яаж дуудах вэ? Бичсэн дагуу нь л уншина. Гэтэл үнэндээ Ваашингтон, Тоокёо, Оосака гэж дуудагддаг үгнүүд.

Энэ мэтчилэн, орчин цагийн бичгийн монгол хэл маань гадаад үг, нэр томъёонд хайнга хандаж, "бэлэнчлэх сэтгэлгээ"-гээр хандаж хуулбарлаж ирсэн билээ. Зөв бичдэг хүн зөв сэтгэдэг. Иймийн учир энэхүү бичлэгийг тэрлэлээ. Хэрхэхийг бултаараа шийдэх буй заа.