2007-12-18

Quotes by Mikitani (President and founder of Rakuten Corporation)

成功の鍵
1.常に改善 常に前進
2.プロフェッショナリズムの徹底
3.仮説→実行→検証→仕組化
4.顧客満足の最大化
5.スピード スピード スピード

会議の時間は説明するために使うのはばかばかしい。決定する場だから。
だから10分で会議終わらせろ。

失敗を失敗と思うな、何かを学んでいるはず。

自分の足りない所を正確に理解して、苦言を言ってくれる人で周りを固める。

ホコリがついてる会社は成功しない。笑

以下がモンゴル語訳

Японы е-коммерсын акул "Ракүтэн" корпорацийг үндэслэгч, захирал Микитанигийн мөрддөг зарчмууд юм байх.
Амжилтын түлхүүр:
1. Үргэлж сайжруулж, үргэлж урагш тэмүүлэх
2. Бүрэн төгс мэргэших
3. Таамаглал→Гүйцэтгэл→Баталгаа→Бүтэцжүүлэлт
4. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээд цэгт
5. Хурд! Хурд! Хурд!

Хурлын цагийг элдэв тайлбар, танилцуулгад зарцуулах нь тэнэг хэрэг. Шийдвэр гаргах гэж л цуглаж байгаа учраас оролцогчид нь асуудалтай урьдчилж танилцаад, өөрийн гэсэн шийдвэр, хэлэх үгээ бэлдсэн байх ёстой. Тийм учраас хуралд 10 минут л хангалттай.

Өөрийнхөө дутагдалтай талыг яг таг мэдэрч, шүүмжлэл хайрладаггүй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.

Ажлын өрөө нь бохир заваан байдаг компани амжилттай явааг би хараагүй. Амжилтанд хүрье гэж бодож байгаа бол бүх ажилтнуудаа (өөрөө ч гэсэн) долоо хоног болгон цэвэрлэгээ хийлгэж заншуул.

PS: Микитани нь манай сургуулийг төгссөн юм.

2007-10-08

ЭМОС клуб номын баяр

ЭМОС клуб маань өдийг хүртэл гаргасан номнуудаа дахин хэвлүүлж, Улаанбаатар хот дахь "Интерном" номын дэлгүүрт номын баяраа хийлээ.

Энэ талаар Бүгдээрээ.мн дээр тавигдсан сурвалжлагыг уншицгаана уу.

Японы парламентийн ордон

9-р сарын 28-нд Японы парламентийн ордныг үзэхээр вимо сайтаар дамжуулан зар тарааж, 5-уулаа зорьсон билээ. Тэр тухай тэмдэглэлээ оройтуулж бичиж буйдаа хүлцэл өчье.

Уг нь шинэ ерөнхий сайд чуулганд оролцож үг хэлэх үеийг нь тааруулан очихоор эртнээс төлөвлөж, "тагнуул"-дуулсны эцэст товлосон боловч 2 өдрийн өмнө Фүкүдагийн туслахууд хэлэх үгийг нь бэлдэж амжихаа болиод, чуулганы хуралдаан 3 хоногоор хойшлогдсоны улмаас А төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадсангүй. Гэхдээ Б төлөвлөгөө маань амжилттай болж, чуулганы хуралдаангүй болсон эрхэм гишүүн Кога бидэнд цаг гарган 2 цаг орчим ярьж хөөрч суусан билээ.

11:50-д ордны хашааны гадаа уулзахаар товлосон байсан боловч түрүүлж ирсэн нэг маань өөр жуулчдын багт андуурч ороод, аль хэдийн ороод тайлбарлуулаад явж байв. Утсаар дуудаж, бөөн юм болж байж хэдүүлээ нийлж аваад, эхлээд ордны хойно байдаг парламентийн гишүүдийн ордноор хальт шагайж, Ардчилсан Намаас парламентад сонгогдсон (өмнө нь Либерал Ардчилсан Намд байсан, өөрийн нутаг Фүкүока аймгаасаа нийт 6 удаа сонгогдоод буй), Япон-Монголын парламентийн бүлгэмийн ажлын хэсгийн дарга Кога Иссэй гишүүний ажлын өрөөгөөр оров. Монголд айлчлах үеэрээ хийсэн ажлууд, авсан зургуудаа сонирхуулж, бидэнтэй танилцсаны дараа бид "гол" ажлаа хийхээр гарав.

Японы парламентийн ордонг 17 жил зарцуулан бариад, 1936 онд ашиглалтад оруулсан аж. Мөн оныхоо 12 сард Хаант улсын парламент уг байшинд нүүн иржээ. Зүүн жигүүрт нь Төлөөлөгчдийн танхим, баруун жигүүрт нь Сенатуудын танхим байрлана. Гол хаалга нь ердийн үед хаалттай байх бөгөөд гишүүд хоёр жигүүрт байх хаалгаар ажилдаа морилдог аж. Харин гол хаалга нь эзэн хаан морилох, мөн сонгуулийн дараа шинэ гишүүд тангараг өргөх ёслолдоо оролцохоор ирэх, гадаадын төр засгийн хүндэт зочид ирэх үед л онгойно. Гол хаалгаар ороод байх үүдний танхимд хөшөөний 4 суурь байх боловч Ито Хиробүми (анхны ерөнхий сайд) , Итагаки Тайсүкэ (Дотоод хэргийн сайд), Оокүма Шигэнобү (8 дахь ерөнхий сайд) нарын Японд парламентат ёсыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан гурван хүний бүтэн хөшөө байрлаж, нэг суурь нь хоосон үлджээ. Эдгээр гурван хүнтэй эн зэрэгцэх хүн байгаагүйгээс гадна ирээдүйд гарч ирэх "мундаг" хүнд зориулж зай үлдээсэн нь энэ.

Үүдний танхимын хана нь Окинавагаас олборлосон, балар эртний чулуужсан эд зүйлсээр хийгдсэн байх бөгөөд чулуужсан мод, ургамал, амьтны үлдэгдэл ажиглагдах нь гайхам сонин. Мөн ордны шал нь өнгөц харахад жирийн мозайкаар хийгдсэн мэт боловч 10см өндөртэй чулуунуудыг босоогоор нь эгнүүлэн байрлуулж хийсэн эд тул он цагийн уртыг даах чадвартай гэнэ.

Үүдний танхимаас дээшээ өгсөх шат нь эзэн хааныг морилох үеэр улаан хивсээр бүрхэгддэг бөгөөд уг шатаар өгсвөл эзэн хааны амралтын өрөө эгц урдаас нь харагдана.

Хоёр талд нь парламент дахь намын бүлгэмүүдийн өрөөнүүд байх бөгөөд эзлэх суудлын хэмжээнээс нь хамаарч намуудад хуваарилдаг аж.

За тэгээд парламентийн чуулганы танхим. Гишүүд нь 1 давхарт байрлах гол хаалгаар ордог бөгөөд үүдэнд нь зогсох харуулууд чухал асуудлаар санал хураалт явуулах үед хаалгыг гаднаас нь түгжин, хэн ч нэвтрэх боломжгүй болдог байна. Хаалганы хажууд хүчилтөрөгчийн аппарат бүхий бяцхан бүхээг байсан нь сонирхолтой санагдав.

Мэдээж бидний нөхөд уг хаалгаар биш, 3 давхарт байх тусгай хаалгаар орон, иргэдэд зориулсан хэсгээс буюу дээрээс нь л харах эрхтэй. Индрийн ард байх өндөрлөн зассан суудалд спикер суун хуралдааныг удирдана. Хоёр талаар нь байгаа, хаалтаар тусгаарлагдсан хэсэгт сайд нар сууна. Парламентийн гишүүн биш л бол сайд нар ч гэсэн гишүүдийн хэсэг рүү нэвтрэх эрхгүй аж. Парламентийн гишүүдээс анх удаа сонгогдсон шинэ гишүүдэд нь урд эгнээний суудлууд оногдох бөгөөд олон сонгогдсон "хашир бурхи"-нууд ардуур залардаг юм байна.

Ингэж тэгсээр байтал үдийн хоол идэх цаг болж, эрхэм гишүүн Кога гишүүн биднийг парламентийн зоогийн газарт үдийн хоолонд урьсан юм.

Эрхэм гишүүд долоо хоног болгоны амралтын өдрүүдэд сонгогдсон тойрогтоо ажилладаг юм байна. Тэгээд 3 цагт нисэх буудал руу хөдлөх хүртлээ бидэнтэй сайхан яриа өрнүүлэв. Моринд дуртай тэрээр их сургуульд байхдаа морин спортын дугуйланд хүртэл явж байжээ. Моринд дуртай учраас Монголд маань ч дуртай болсон аж. Монголын гадаад харилцааны ур чадварыг үнэлж явдаг (Монгол нь БНСУ, БНАСАУ-тай хоёулантай нь найрсаг харилцаатай цөөхөн улсын нэг, мөн терроризмтай тэмцэх тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулж буй), Монгол улсыг ардчилалд элэгтэй хүн бүхэн дэмжиж явдаг, гэхдээ эх орныхоо хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулах хүмүүс нь залуус та нар юм шүү, Монгол улс байгалийн баялгаасаа гадна хүнээ хөгжүүлж байж амжилтанд хүрнэ гэх мэт сургамжтай үг айлдаж байлаа.

Эцэст нь биднийг парламентийн ордон үзэж сонирхох боломж олгосон эрхэм гишүүн Кога Иссэй, парламентийн гишүүний туслах Кога Мадока, хүрэлцэн ирсэн найзууддаа баярласнаа илэрхийлье.

2007-08-28

世界地図

試験勉強が思うまま進まぬ日々が続く。

現実逃避に何気なく地図を見るのも好き。

写真は世界のSNSの勢力図。
日本はUnidentifiedとなっているが、ご存知の通りミクシィのオレンジに染まる。
モンゴルはHi5。確かにモンゴル人が圧倒的に多い。そこで昔の友達や同級生、顔見知りにも沢山会っちゃっている。そして、写真公開も凄い。みん なの近況は写真から伺える。なぜ言語も文化も違う中南米の国々と同じ色に染まったのかは別として、モンゴルを近い将来VIMOの暖かいグリーンにするのが 俺の願望。

初のモンゴル語版SNSのVIMOが文化の近い日本のミクシィと同類のSNSだし、運営者である私たちも頑張っているし、手応えはある。

ただ、卒論のテーマにもしちゃっているけど、ビジネスとしてどう成功させるかはまだ不安だ。

以上

2007-08-04

Кавада Рюүхэй ба Монголд үгүйлэгдэж буй тэмцэгчид

Саяхан болж өнгөрсөн Японы парламентийн дээд танхимын сонгуульд хүний эрхийн төлөө тэмцэгч хэмээн алдаршсан Кавада Рюүхэй гэгч 31 настай залуу хамгийн өрсөлдөөн ихтэй Токио хотын тойрогт бие даан нэрээ дэвшүүлж, эрх баригч Либерал Ардчилсан Намын 12 жил парламентэд суусан туршлагатай улс төрчийг ялж сонгогдсон юм.

Яагаад түүнийг онцлох болов оо гэхээр тэр 6 сартайдаа цусны өвчтэй болох нь тогтоогдож, 7 настайгаасаа цус өтгөрүүлэх эмчилгээ хийлгэж эхэлжээ. Гэтэл 3 жилийн дараа эмчилгээний үеэр ДОХ-ын халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд тэр үед 30 нас хүртлээ амьдарна гэж бодоогүй хэмээн ярьсан байдаг. Түүнтэй төстэй байдлаар хохирсон хүн Японд маш олон гарсан гэдэг.

Кавада ДОХ-ын халдварыг тараасан дээрх хэрэгт буруутай хүмүүст хариуцлага тооцуулахаар хохирогчид шүүхэд гомдол гаргахад 17 настайгаасаа нууц нэрээр оролцож эхэлсэн байна. 2 жилийн дараа буюу 1995 онд жинхэнэ нэрээ зарлажээ. Тэдний тэмцэл үр дүнд хүрч, 1996 оны 3-р сард шүүх тэдний талд шийдвэр гаргасан юм. 1997 онд "Кавада Рюүхэй ба Хүний эрхийн төлөө тэмцэгчид" байгууллагаа байгуулж, хүний эрхийн төлөө тэмцлээ үргэлжлүүлж иржээ.

Энэ жил улс төрд орохоор шийдсэн түүнийг дэмжигчид маш олон байгааг Токиогийн иргэд түүнд итгэл хүлээлгэж парламентийн танхим руу илгээсэн явдал илтгэж байна.

Түүний талаар япон, англи википедиа дахь өгүүллийг эндээс уншина уу. 川田龍平, Ryuhei Kawada

Монголд ялзарсан төрийн эсрэг иргэний хөдөлгөөнүүд өөрсдөө хууль зөрчин байж тэмцэж буй. Тэднийг масс дэмжиж буй авч нийгмийн боловсролтой хэсгийнхэн арай өөр зүйлийг хүсэн хүлээж буй мэт. Төрийг цэвэрлэх, үүний тулд хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар тэмцэх, хуулийн мэдлэгээ ашиглан хүмүүсийг хулгайч луйварчдаас хамгаалах хэн нэгэн өнөөдөр Монголд үгүйлэгдэж байна. Ард түмэн шилийн сайн эрст талтай байдаг ч тэглээ гээд хэзээ ч тэднээр улс орноо удирдуулна гэдэггүй, яагаад гэвэл төрийг удирдах нь мэдлэг чадвар шаардсан ажил. Тийм болохоор шилийн сайн эрсийн "араас орж" гудамжны тэмцэл явуулж буй иргэний хөдөлгөөнийхөн төрд төлөөлөгчтэй боллоо гээд төрийг төвхнүүлж, эрүүлжүүлж чадах эсэх нь эргэлзээтэй гэж би хувьдаа боддог юм.

Ямартай ч Монголын улс төр эрүүлжүүлэхт ороод удаж байгаа нь үнэн. Түүнээс гарах гарцыг ард түмэн хайж байгаа нь ч үнэн. Ардчилсан Нам, МАХН хоёр ханцуйн дотроо гар гараа барилцан, ард түмнээсээ сэм нийлж нам хуйвалдаад, хэн нь ч төрийн толгойд гарсан ялгаагүй мэт санагдах болж. Баабартангууд Ардчилсан намын "маанийг уншиж", МАХН-ынхы доторх хагарал зөрчил тэдний мөхлийг ёрлож буй гэдгийг ард түмэн чимээгүйхэн толгой дохин хүлээн зөвшөөрч буй.

Учир иймээс ирэх жилийн сонгуульд одооноос гадаад дотоодод өндөр боловсрол эзэмшсэн, улс төрийн бохир тогоонд гараа дүрж амжаагүй, албан тушаалыг зорилгоо биш арга хэрэгслээ болгон ард түмэндээ өөрийгөө зориулахыг тэргүүнд тавьсан шилдэг залуусаа сойвол ямар вэ? Хэтэрхий утопист сонсогдож байна уу? Гэхдээ өнөөгийн Монголын улс төр танд таалагдахгүй байгаа биз дээ? Яавал дээр вэ?

Сүх далайтал үхэр амар

Алдаагаа давтдаггүй хүн ухаантай хүн
Бусдын алдаанаас суралцдаг хүн мэргэн хүн

8-р сарын 1-нд АНУ-ын Миннесота муж улсын Миссисипи мөрөн дээгүүр тавьсан хурдны замын гүүр хэдхэн хоромд нуран унаж, 5 хүн нас барж, хэдэн арван хүн гэмтэж бэртэн, сураггүй алга болсон хүмүүсийг хайх ажил нь бэрхшээлтэй тулгарч буй. Одоо ч мөрний ёроолд живсэн машинууд, эвдэрсэн гүүрний хэлтэрхий эмгэнэлт явдлыг илтгэн байсаар байна. Уг гүүрийг ноднин АНУ-ын Тээврийн Яам бүтцийн доголдолтой хэмээн тодорхойлсон боловч ямар нэгэн засвар үйлчилгээ хийгээгүй байна. Харин ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр уг хэрэг явдлын дараа АНУ даяар байдаг нийт гүүрний 25 хувь нь засвар шаардлагатай бөгөөд нурсан гүүртэй ижил бүтэцтэй гүүрнүүдийг яаралтай шалгах хэрэгтэй хэмээн мэдэгдэв. Япон улс өөрийн орон дахь гүүрнүүдээ хэрхэн арчилж буйг шалгатал, 80 хувь нь тогтмол үзлэг, засвар нь хугацаандаа хийгдээгүй байсан нь илрэв. Харин Монголд?

Хэдэн жилийн өмнө Тэрэлж хүрдэг ганц замд байдаг модон гүүр нуран унаж, жуулчдыг ганц нүүр тахалдаг газраа аваачихад хүндрэл учирч байсан. Бас Улаанбаатар хотод байх Маршалын гэж алдаршсан гүүр монголчуудын хэнэггүйг илтгэн эвдэрхий хэвээрээ л байгаа. Осолдохгүй Энхтайвны гүүрийг барьж өгсөн өнөөх хятадуудаа холгон тэдний тусламжаар засуулдаг боловч хэлтэрхий нь хагарч унах гэх мэт асуудал гарч л байсан. Азаар АНУ-д болсон эмгэнэлт явдал шиг хүний аминд хүрсэн айхтар том осол дуулдахгүй юм.

Зам, гүүр гэдэг байнгын арчилгаа шаардаж байдаг эд. Үүнийг хариуцдаг Барилга Хот Байгуулалтын Яам энэ “завшаан”-ыг ашиглаад ямар нэг арга хэмжээ авч, улс орон даяарх зам гүүрнүүдээ шалгаасай. Энэ зуны Монголын улс төр халуун болж, ерөнхий сайд маань танхимынхаа гишүүдээс гурваар нь сор залахаар шийдсэн сураг дуулдана. Дээдэс маань эрх мэдлээ булаацалдаж байх хооронд харин ард иргэд хохирсоор л… Ниргэсэн хойно нь хашгирдаг зангаасаа салж, урьдчилан арга хэмжээ авч байхын чухлыг Ми-8 нисдэг тэрэгний осол, мөн энэ удаагийн АНУ-д болсон осол сануулах ёстой билээ.

2007-06-29

Ажилчин гаргаад хөгжих үү, оюутан илгээж хожих уу?

Солонгост хар ажил хийх эрх олж авах гэж монголчууд төв цэнгэлдэх хүрээлэнд хөөрхөн дажин үүсгэжээ. Их хуралд сонгогдохын тулд Солонгос явуулна гээд амлачихсан төрийн түшээд нь тийм ажлыг дэмжихээс өөр яахав. Манай "ядарсан" эдийн засагт их том нэмэр болж байгаа гэлцээд л, алгаа ташин, цүндгэр гэдсээ илсээр хөөрхий иргэдээ үдэж гаргана даа. Уг нь манай эдийн засаг чинь мөнгө нь илүүдээд байгаа юм гэнэ лээ. Тэгээд л төсвөө нэмээд байгаа юм гэсэн шүү.

Уул шугамандаа бол удирдагч хүн алсын хараатай байх ёстой гэжугаа. Гэтэл өнөөгийн Монголын дарга нар масст таалагдахын тулд тэдэнтэй адилхан "сэтгээд" байх шиг. Өнөө маргаашаа харсан, хэдэн зоосны төлөөх өрсөлдөөнөөс илүүтэйгээр 20, 30 жилийн цаадахыг тольдсон мэргэн ухаан хэрэгтэй байгаа бус уу?

Шулуухан хэлье. Ажилчин гаргаад улс орон хөгждөггүй. Харин ажилчин авсан улс л улам баяжиж байгааг бид бэлээхэн харж байна. Япончууд Филиппин зэрэг Зүүн өмнөд Азийн улсууд болон Бразилаас ажилчид ихээр авдаг. Японд хөгшчүүлийг асардаг, аяга таваг угаадаг ажил хийхэд тэдгээр ажилчид эх орондоо байгаагаас хэд дахин илүү цалин авдаг. Япон өртөг өндөртэй болохоор зардал нь ч хэд дахин нэмэгдэх л байх. Гэхдээ мэдээж хурааж хумьсаар хэдэн зоостой болно. Ер нь бол иймэрхүү хар ажилчдын ихэнх нь "шингэдэг", нутагтаа буцсан нь ч хариад их цалинтай ажил хийх боломжгүй байтал их мөнгөний амт авчихсан учраас буцаж очих арга сүвэгчилж эхэлдгийг янз бүрийн судалгаанууд харуулж буй. Монголчууд үндсэрхэг үзэлтэй тул бүгд харина гэж хэлэх хүн гарч магадгүй л дээ.

Солонгост Монгол таун гэж үүслээ, тэнд монголчууд нутагтаа байгаа юм шиг л хайрлаж дурлаж, салж сарниж, баяжиж, ядуурч, зовж, жаргаж байна. Харин тэдний тоо нэмэгдсээр ирсэн нь маргашгүй үнэн. Ард нь тэднийгээ үдэж гаргаад, бөртийтлөө хүлээх аав ээж нь хөгширсөөр...
Тэд өөрсдөө өнгөрсөн хүмүүс болохоор үр хүүхдээ л сайн боловсролтой болгоё гэж бодох нь элбэг. Харин өөр соёлд, харь хэлээр шулганан өсч өндийх тэд нь эргээд Монголоо ойлгодог болж өсөх нь эргэлзээтэй.

Харин эрдэм сурахаар харь газрыг зорьж буй оюутнуудын хувьд? Мэдээж тэдэн дунд очсон газраа үлдэж хоцрох хүн бийг үгүйсгэхгүй. Гэхдээ тэдний ихэнх нь эх орныхоо болон өөрийнхөө ирээдүйд итгэдэг, түүнийхээ төлөө одоо хөрөнгө оруулалт хийж буй хүмүүс. Тиймээс 20, 30 жилийн дараа тэд л Монгол орныг авч явах болно. Тэр цагт боловсрол мэдлэгээр бусад улсаас хоцрохгүй байж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхая гэвэл оюутан залуусаа дэмжих хэрэгтэй билээ.

Өнөөдөр засгийн газрын тэтгэлэг, гадаад улсын тусламжаар шилдэг залуус маань олноороо гадаадад суралцахаар одож байна. Сонгуульд өрсөлдөх гэж буй эрхмүүд маань Солонгос руу ажилчин явуулна гэж биш, Америк, Япон, Герман руу оюутан илгээнэ гэсэн амлалтаар өрсөлддөг байгаасай гэсэндээ үүнийг тэрлэлээ.

Түвшин, төвшин? Охидууд?

Сүүлийн үед ВИМО нээгдсэнээс хойш монголоор, кирилл үсгээр бичих боломж тун ихэслээ. Уг нь өөрийгөө монголоор харьцангуй зөв бичдэг гэж боддог ч эргэлзээтэй зүйлс олон байх юм.

Хамгийн эхлээд түвшин, төвшин хоёрын ялгаа.
Уг нь дунд сургуульд байхад монгол хэлний багш маань яахын аргагүй "Мэдлэгийн түвшин, амар төвшин" гэж зааж байсан. Гэтэл сүүлийн үед ном сонин, хүмүүсийн бичлэгийг хараад байхад "усны төвшин, түвшин амгалан" гэж бичицгээгээд байх юм. Бүүр толгой эргэчихлээ байна.

За байз, өөр чинь юу байдаг билээ? Өөр гэснээс өөр гэдэг утгыг манайхны зарим нь өшөө гэдэг үгээр илэрхийлдэг. Уг нь монгол хэлний тайлбар тольд өшөө гэдэг үг ганц л утгатай (өшөө хорсол) гэдэг утгаар орсон байдаг. Гэтэл орос хэл "гадарладаг" хүмүүс ещё гэдэг үгийг чамирхаж хэрэглэх болсноор өшөө гэдэг үг өнөөгийн монгол хэлэнд нэвтэрчээ. Уг нь бид алимыг яавлаг, гадилыг банан гэдэг байснаа засч чадсан түүхтэй юмсан.

Бас нийтлэг ажиглагдаж байгаа нь олон тооны нөхцлийг давхардуулж залгаж байгаа явдал.
Охин→охид гэж олон тоо үүсдэг байтал охидууд гэж ярьж бичих болжээ. Охид байхад ханахгүй, цөөхөн санагдаад байдаг юм байх даа.

Өө, уг нь нэлээн хэдэн юм бичье гэж бодож байсан чинь санадаггүй шүү. Хүмүүс энэ талаар санал бодлоо хуваалцана уу.

2007-06-11

Fabless, outsourcing

Fabless гэдэг үг сонсч байсан уу? Англи хэлний fabrication буюу үйлдвэрлэл гэдэг үг дээр үгүйсгэсэн утга бүхий -less дагаварыг залгаж үүсгэсэн үг. Өөрөөр хэлбэл fabless company гэдэг нь үйлдвэрлэгч мөртлөө үйлдвэргүй компаниудыг хэлнэ. Та бидний сайн мэдэх Nike бол тэдний нэг. Nike компани дэлхий даяар тархсан 700 гаруй үйлдвэртэй гэрээ байгуулж, өөрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлүүлдэг.

Фаблэсс компаниуд ийнхүү өөрийн гэсэн үйлдвэргүй тул тогтмол зардал нь маш бага, хамгийн гол нь судалгаа хөгжүүлэлт, дизайн зэрэг зүйлд мөнгөө зарцуулдаг тул бусад компаниас дутуугүй чанартай бүтээгдэхүүнийг хямд өртгөөр хэрэглэгчдэд хүргэж чаддаг. Сүүлийн үед мэдээлэл харилцааны технологийн хөгжлийг дагаад ийм бизнес загвар бүхий компаниуд их амжилт олж байгаа.

Тэгэхээр фаблэсс компаниудын амжилтын амин сүнс нь аутсорсинг юм. Ер нь компанийн захирал гэдэг албан тушаалаас бусад ажлыг аутсорс хийх боломжтой ч гэж яригддаг. Тэгэхээр ойрын ирээдүйд ганцхан захирал гэсэн орон тоотой компаниуд хэдэн арван мянган ажилтантай акулуудтай тулалдаж ялах боломжтой болох биз ээ.

Фаблэсс компаниуд хамаг хөрөнгөө шавхан байж шинэ бүтээгдэхүүн бий болгоод, түүнийгээ бусдаар хийлгүүлэхээр чинь нууцаа алдчих юм биш үү, дуурайгаад хийчихвэл яах вэ гэх асуулт төрж магадгүй юм. Патент, зохиогчийн эрх, лиценз зэрэг оюуны хөрөнгө нь энэ бүхнээс хамгаалдаг. Манай бүтээгдэхүүнийг яаж хийх аргыг захиалга авсан үйлдвэр мэдэж авчихаад, дараа нь өөрсдөө хийж зарсан байвал аль ч улсын шүүхэд хандахад ялалт манай талд. Гэхдээ 100 хувь үгүй болгож чадахгүй л дээ. Тиймээс тэрхүү эрсдлийг зөв тооцох, найдвартай харилцагчтай болох нь их чухал.

Харин аутсорсингийг хүлээн авагч талаас юу шаардагдах вэ? Ердөө л фаблэсс компанийн шаардлагыг биелүүлж чадах өндөр мэдлэг чадвар, итгэлтэй байдал л хэрэгтэй.

Монголчууд маань цөөхөн хүн амаа өндөр боловсрол мэдлэгээр цэнэглэж чадвал эхлээд аутсорсингийг хүлээн авах чадалтай болно, тэр цагт монголчуудын хийсэн бүтээгдэхүүнүүд гадаадын компанийн нэр дээр гэлээ ч дэлхий даяар хэрэглэгдэнэ. Харин дараа нь өөрсдөө аутсорсинг хийх хэмжээнд хүрэх ёстой. Тэр үед дэлхийн зах зээл Монгол брэндүүдийн өмнө нээгдэх болно. Аль юм болгон жижиг ярьж, жижиг сэтгэж суух вэ? Дэлхий маань улам л "жижигхэн" болоод байна шүү дээ. Ухаанаа уралдуулцгаая.

2007-06-09

Монгол маягийн мөрөөдөл

Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.
С.Зориг

American Dream гэдэг нэр томъёо байх. Европоос ядуучууд эрх чөлөө, аз жаргал, эд баялаг хайн Америк руу олноороо шилжин ирж байх үеэс энэ хэллэг бий болжээ. Америкчууд ч хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн залуусыг өөрийн иргэн болгон, "америк мөрөөдлөө" биелүүлсэн хүмүүсийн тухай үлгэр шиг түүхийг кино, урлагтаа тусган рекламдсаар өдгөө дэлхийн тэргүүлэгч гүрэн болтлоо өсч дэвжжээ.

Харин монголчуудын хувьд Mongolian Dream гэж нэрлэж болохуйц нэгэн үзэгдэл байдаг нь, яаж ийж байгаад Монголоос гараад, гадаадад очиж ажиллаад хэдэн төгрөг хурааж, эргэн ирэхдээ өөрийн гэсэн орон сууц, машинтай болох гэсэн мөрөөдөл. Өнөөдөр Солонгос, Япон, Чех, Америк гээд олон оронд монголчууд тэндхийнхний төлөө хөлс хүчээ урсгаж буй. Яагаад тэндхийнхний төлөө гэж хэлэв гэхээр, харьд суугаа монголчуудын бий болгосон баялгийн ихэнх нь эздэд нь ногддог болохоор тэр. Тэд сайн ажилчин хэмээн эзэддээ үнэлэгддэг.

Гэтэл Монголдоо үйл ажиллагаа эрхэлдэг бизнесмэнүүд монгол ажилчин авъя гэхээр тэр сайн ажилчид нь тун ховор. Тиймээс л хятад барилгачид Монголд дүүрэн болчихоод байгаа бус уу? Яагаад монголчууд эх орондоо өдөрт 15, 6 цаг биш юм аа гэхэд 8-10 цаг ажиллаад, сард мянган доллараа байг гэхэд 2, 300 доллар аваад сайхан амьдарч болдоггүй юм бол? Гадаадад ажилласнаараа их цалин авч байж болно оо, гэхдээ түүний төлөөс нь залуу нас, эрүүл мэнд, эх орон, гэр бүл. Гадны хүний төлөө ажиллахаараа морь нохой мэт зүтгэдэг хэрнээ монгол эзний төлөө бол "түй май, салаавч".

Төр нь ч гэж төр. Тойргийнхоо залуучуудыг Солонгос явуулна гэсэн амлалт өгч УИХ-д сонгогдоцгоосон эрхэм түшээдийн балгаар аж ахуйн ажилтай зууралдан, Солонгосчуудын аяар хөдөлж, иргэдээ доромжлуулж ч байх шиг. Хувийн компаниуд гадаад руу ажиллах хүч гаргаж болоод байхад яагаад заавал төр гараа дүрж, иргэдээ гадаад руу "цөлөх" ёстой болж байна аа? Ер нь хараад байхад мөнгөний үнэр л ханхалвал өлсгөлөн ноход шиг үсчиж байдаг төртэй улс юм аа даа, бид. Төр бизнест хэт оролцоод байвал чөлөөт өрсөлдөөн, эдийн засгийн эрүүл орчин гэдэг юм оршин тогтнох гэж мөн ч их зовно доо, зайлуул.

Гарах гарц ойлгомжтой, жижиг дунд бизнесийг дэмжих төрийн бодлого. Түүнээс биш, төр гэдэг маань иргэдийнхээ шаардсан болгоныг биелүүлээд байдаг авралт бурхан биш. Төсвийн хэмжээ нь ихсээд л байдаг, төрийн толгой томроод, зарлага нь нэмэгдээд л байдаг. Ер нь эрхэм түшээд маань заавал үнэтэй модон сандал дээр сууж байж л мэргэн цэцэн хууль гаргадаг хүмүүс бололтой. Хуралдааны танхимаа засаад л, янзлаад л байх юм. Гэтэл Монголдоо бизнес хийгээд, амьдрал ахуйгаа өөд нь татчихъя гэсэн хүмүүс нь төрийн хүнд суртлын машинтай тэмцэх гэж хамаг байдгаа шавхаад, нэг бол бусдын өрөөсөн дугуй болж, бялдууч зусар загнаж байж бизнесээ хөл дээр нь босгох, нэг бол цагаан тугаа өргөн бууж өгөөд, төрийн хишиг горьдсон ядуу нэгэн болох л зам байх шиг. Боже мой.

Гадаадад гарч эрдэм сурах нь зөв өө, харин бусдын "боол" болж залуу насаа үрэх нь хайран. Бид харалган төрийнхөө золиос болж яваа нь үнэн ч төр гэдэг маань ард түмний толин дахь тусгал гэгддэг тул бид өөрсдөө харалган болж таарна.

Монгол хүн Монголдоо цалингаараа хангалуун амьдардаг болох, тийм "Монгол мөрөөдөл"-ийг зүрх сэтгэлдээ тээж явцгаая л даа, хүмүүс ээ. Түүний тулд бид өөрсдийгөө өөрчлөх ёстой. Ажилчид нь ажилдаа үнэн сэтгэлээсээ хандацгаая. ажил олгогчид нь ажилчдынхаа амьдрал ахуйг анхаарцгаая. Төр нь ажил олгогчдоо дэмждэг болъё. Болохгүй бүтэхгүй зүйлээ бусдын буруу болгож өөрсдийгөө хуурахаа больцгооё.

Тэгж байж монгол хүний гараар Монгол орон маань цогцлон босно шүү дээ.
Төрийн минь сүлд өршөөг.


За, за, хадуурахаасаа өмнө босч хар цайгаа чанаж ууя чихшиг. Сургуулиа удахгүй төгсөөд, өөрийн монгол мөрөөдлөө биелүүлэхээр аян замдаа гарна аа.

2007-06-08

Манай ерөнхийлөгч

Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр Бурхан багшийн мэндэлсэн их дүйчин өдрийг тохиолдуулж телевизээр ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлсэн гэнэ ээ. Манай ерөнхийлөгч ард түмнээ мундаг мэдэрчийнаа, аргагүй л бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн дөө...

Байз, CIA World Factbook-д бичсэнээр бол Монголын иргэдийн тэн хагас нь л Буддист юм байна.
Buddhist Lamaist 50%, Shamanist and Christian 6%, Muslim 4%, none 40% (2004)
гэж байна.
Тэгэхээр манай ерөнхийлөгч чинь "Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг" учраас 12-р сарын 25-нд Христ гэгээнтний түмэн өлзий гийсэн өдрийг тохиолдуулж христийн шашинт ард түмэндээ хандаж үг хэлэх, бас 4-р сарын 20-нд эзэн богд Мухамедын төрсөн өдрийг тохиолдуулж цэнхэр дэлгэцээр гэгээн дүрээ харуулан исламын шашинт ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэх ажлаа мартаагүй байх гэж найдаж байна. Харин шашингүй 40 хувийг нь гомдоочих вий дээ, тэхдээ манай ерөнхийлөгч ухаантай юм чинь нэг арга бодсон байлгүй дээ. Өөрийнхөө төрсөн өдрөөр ард түмэндээ сайхан яваагаа харуулчихад л хаваасаг.

Манай ерөнхийлөгч мундаг шүү.

2007-06-03

Сэтгэгдэл=магтаал?

Ингэж ойлгодог бололтой блогчид мэр сэр байх юм. Өөрт таалагдаагүй, өөрийг нь шүүмжилсэн сэтгэгдлүүдийг түүж устгаад, өөрийн блогоо магтаал, урмын сэтгэгдлээр дүүргээд, түүндээ баясаад сууж байх нь гоё байдаг байх л даа.

Шүүмжлэл ингэхэд хаанаас гардаг вэ? Мэдээж одоо байгаагаасаа сайжраасай гэсэн сайхан сэтгэлийн угаас гарах нь олон. Харааж зүхсэн бүдүүлэг хэллэг ороогүй, эрүүл шүүмжлэлийг яагаад хүлээн авч сураагүй байна вэ? Шүүмжлэлээс зугтаагаад энэ нийгэмд хаа хүрнэ гэж сэтгэдэг юм бол? Тэдний дэргэд бүдүүлэг үг нь л олон болохоос, өөрийгөө хамгаалж үзэлцээд гардаг өнөө "алдарт" Гоожуур нь хамаагүй дээр гэж би бодном.

Блог гэдэг бол яахын аргагүй эзэн хүний өмч мөн. Тэр үзэл бодлоо хамгаалах эрхтэй. Тийм болохоор шүүмжлэл бичсэн хүний өөдөөс "Битгий хуц" гээд биччихэд падлийгүй. Гэтэл шүүмжлэлүүдийг нь эвтэйхэн түүж устгана гэдэг нь цензур ихтэй, социалист нийгмийн үеийн "Үнэн" сониныг санагдуулна. Ийм блогчид олон байвал иргэний сэтгүүлзүй гэж том дуугарах хэрэг алга. Тулга тойрсон зүйл бичдэг, өнөөгийн шар сонинуудын замаар Монголын блогийн хөгжлийг бүү замнуулаач.

Блогчдыг уншигчид нь л хурцална. Блог бол чөлөөт индэр байх ёстой. Гэхдээ тэндээс анархизм үнэртэх учиргүй.

2007-05-24

Иймэрхүү л юм болоод байна даа

Аль өнгөрсөн оны 12-р сард бичиж байсан бичлэгийг минь ингээд 5-р сарын 20 гэсэн огноотойгоор тавьчихаж.
http://www.mongolnews.info/index.php?module=weekend&sec=view&id=1338
http://www.anduud.net/index.php?option=com_content&task=view&id=1225&Itemid=56

Одоо чинь мэдээллийн үнэ цэнэ гэдэг минут секундаар яригддаг болсон үе. Гэтэл монголчуудын маань хувьд 5 сарын өмнөх бичлэгийг сониндоо хэвлэж зайгаа дүүргэх боломжтой хэвээрээ байгаа нь эмгэнэлтэй.
5 сар хоцорсон ч гэсэн бичсэн зүйлийг минь хүмүүст хүргэсэн сониныхонд баярлах уу, аль эсвэл надад мэдэгдэлгүйгээр тавьсанд минь гомдол мэдүүлэх үү?

Ер нь бодоод байхнээ миний хэдхэн минутанд бичсэн, "бөөс"-ийг нь огт түүгээгүй түүхий шахуу бичлэг ингээд том сонинд гарчихаж болдог болсон маань Монголд их дэвшил гарсны шинж юм байна шүү. Массмедианууд маань ард түмэндээ ойртож байгаа хэрэг. Яваандаа CGM (consumer generated media) болоод ирэхээр хэдэн сэтгүүлчид маань ажилгүй болох шинжтэй, хөөрхий сэтгүүлчдээ өрөвчдихлөө.

2007-05-12

Хоббитов

http://haiku.delhii.net/

Long vacation

Яасан ч удаан завсарлачихав даа. Бүхэл бүтэн хоёр сар...

Энэ хугацаанд Зоригт хувь хувьсгалын ажлуудаа барахаа байж, стрессдээд, амь наана там цаана болсон үе ч байлаа, зугаа цэнгэл хөөцөлдөж, тоолдог хэдээ барагдахгүй юм шиг наргиж найрласан ч үе байлаа.

3-р сарын дундуур цахилгаан тэргээр 5 өдрийн турш дураараа тэнэх боломжтой тасалбар 80$-р аваад, Тоокёо-Нагоя-Кёото-Оосака-Химэжи-Хирошима-Кообэ-Оосака-Тоокёо гэсэн маршрутаар тэнэв. 4-р сарын эхээр бас тэнэх өвчин хөдөлж, Тоокёо-Миэ-Нагоя-Тоокёо чиглэлд тэнэж, сакүра цэцэг харж баясав. Ингэс тэгэсхийсээр байтал хичээл эхэллээ, одоо л нэг хүн шиг... гэтэл залгуулаад баахан төрсөн өдөр. Аав ээжүүд зуны гурван сард завгүй ажиллацгаасан юм шиг байгаан.

Алдарт "Хаврын баяр"-ыг зохион байгуулах хороонд хүлээсэн үүргээ дургүйд хүчгүй гэгчээр шаардуулан барин хийж, баярын ард гарсан. Уг нь олуулаа сайхан хийгээд, нэг хүнд оногдох ачаалал нь бага бол юу гэж тэгж үгээ хэлж, үсээ зулгаахав дээ. Гэхдээ жилээс жилд оролцож туслах оюутнуудын тоо олширч байгаа нь сайшаалтай. Одоо ч иймэрхүү ажилд "Ахмадын золбоо" хавьцаа л ахын нэр дуулддаг болчих гээд байх шив. 4 сард шинэ оюутнуудаа тоссон чинь яасан, хамгийн удаан хугацаанд Японы хоолноос хороосон хүнээр би тодордог юм даа.

За тэгээд, Японд оюутнууд 3-р курсээсээ ажил хайдаг, тэгээд 4-р курстээ ороод ер нь ажлын байраа баталгаажуулаад авдаг уламжлалтайн харгайгаар семинарын маань япон оюутнуудын амнаас ажил хайхаас өөр зүйлийн тухай үг унахаа болиод, тэрэнд нь би автаж, ажил хайж үзэв ээ. Хайх ч гэж дээ, тэд 40, 50 компаниар ордог байхад би ганцхан компанид шалгалт өгсөн. Уг нь бол "мастер төлөвлөгөө" ёсоор би ирэх хоёр жилд MBA авах учиртай (Бурхан таалбал шүү дээ). Гэтэл дүрдээ итгэсэн амьтан нэг хэсэг үнэхээр ирэх хавраас өөрийгөө ажилчин шоргоолж болчихсон байна гэж зүүдлэв. Ашгүй тэр компани 5 шалгалтын эцэст намайг эцсийн мөчид авахгүй гэсэн хариу хэлж сэрүүн зүүднээс минь салгав.

Одоо тэгэхээр А төлөвлөгөөндөө буцаж ороод, хичээл номдоо шамдалтай.

Ер нь өөрийгөө том том ярьсан, мэдэхгүй зүйлгүй, бас мэддэг зүйлгүй товарищ байна гэж боддог болоод, тархиа цэнэглэхгүй бол амьдралын далайд хөл алдчих юм шиг санагдаад байгаа. Ай хөөрхий, амьдрал аа гэж...

2007-03-05

Аяллын тэмдэглэл. Кюүшү

3-р сарын 2-4-нд Кюүшү арал дахь Нагасаки, Сага, Фүкүока аймгаар аялаад ирэв. Уг нь гол зорилго бол "хуурай" эгчийнхээ хуримын ёслолд оролцох явдал байсан л даа.

Эхний өдөр.
Өглөө 5 хагаст гэрээсээ гарч, 7 хагас гэхэд Ханэда нисэх онгоцны буудалд Нагасаки орох нислэгээ хүлээгээд зогсч байлаа. Хамт явах "баг" нь манай "хуурай" гэр бүлийнхний хамаатнуудаас бүрдэх 17 хүнтэй баг. 2 цаг орчим ниссэний эцэст Нагасакигийн нисэх онгоцны буудалд буулаа. Япон тэнгисийн Оомүра булан дахь Мишима арлыг ашиглан байгуулсан тус буудлаас Нагасаки хотын төв хүртэл хурдны замаар цаг хэртэй явдаг юм байна. Хотын гудамжаар нь трамвай явж байх нь Тоокёод амьдардаг надад тун сонин санагдаж байв. Нагасаки хот нь Эдо эриний үед гадаад ертөнцөөс тусгаарлагдсан Япон орныг дэлхий дахинтай холбох цор ганц гарц байсан бөгөөд анх холландчууд худалдаа наймаа эрхлэн сууршиж байснаас европ царайтай хүмүүсийг холландчууд, орчин үеийн шинжлэх ухааныг холланд ухаан гэх мэтээр нэрлэдэг болсон билээ. Автобусаар явж байхдаа алдарт Холланд налуу хэмээх өгсүүр гудамжийн хажуугаар явсан. Нагасаки хот нь арал руу гүнзгий түрж орсон буланд байх боомтыг түшиглэж боссон бөгөөд тэгш газар тун ховор, өгсүүр уруу замаар дүүрэн тул унадаг дугуйгаар явахын аргагүй, залуучууд нь мотоцикл их унадаг юм байна.
Явсаар Чанпон хэмээх хоолыг Японд дэлгэрүүлсэн гэгдэх зоогийн газарт үдийн хоолоо идэв. Үдийн хоолны дараа Гловерын гудамжаар өгсөн, Томас Блэйк Гловер гэх шотланд худалдаачны эдлэн газар байсан, өдгөө Гловер цэцэрлэгт хүрээлэнг үзэхээр уулыг өгсөв. Европ маягийн загвартай уг цэцэрлэгт хүрээлэнгээр зочилсон бүсгүйчүүд дундад зууны европ хатагтай нарын хувцсыг өмсөн, зургаа авахуулж, зугаалж байх нь тааралдана. Хүрээлэнгийн нэг хэсгээс Нагасаки буланг тэр чигээр нь тольдож болох аж. Гловер цэцэрлэгт хүрээлэнд "Япон дахь европ хоолны эх нутаг" гэсэн бичээс бүхий дурсгалын самбар байх юм. Ер нь Нагасаки ганц нээлттэй хот нь байсан болохоор Европын соёл эндээс дэлгэрсэн аж. Гловер гудамжны төгсгөлд "Япон дахь боулингийн эх нутаг" гэсэн бичээстэй самбар бас байсан.
Гловер цэцэрлэгт хүрээлэнг орхин, хажууд нь байх "Японы 26 тамлагдагсдын сүм" хэмээх нэртэй, олонд Ооүра Тэншүдо гэж алдаршсан католик сүмийг үзэж сонирхов. Сүмийн нэрний учир нь тэнд 26 христиан цаазлагдсанаас үүдэлтэй юм байна. 1864 онд баригдсан, готик стилийн барилга бүхий уг сүм нь Япон дахь Христийн шашны анхны сүм аж. Холливудын кинонуудад олонтаа харсан урт вандан сандал, загалмайд дүүжлэгдсэн Христийн дүр бүхий өнгөт шилэн зураг гээд л юм бүх нь надад сонин санагдаж байлаа.
Тэндээс хөдлөн Нагасаки хотын төв гудамжаар явж, Энхтайвны цэцэрлэгт хүрээлэнг зорив. Хүн төрөлхтний түүхийн хар толбо болон хоцорсон цөмийн бөмбөг дэлбэрсэн газарт байх уг цэцэрлэгт хүрээлэнд жил болгон Японы ерөнхий сайд зочлон амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн, дэлхийд энхтайван тогтохыг хүсч мэхийн ёслодог билээ.
Хүрээлэнд ороход хамгийн түрүүнд байх усан оргилуурын урд "Ам цангаад хэцүү байсан. Усны мандлаар тосорхог бодис дүүрэн хөвж байлаа. Гэсэн ч ус уух юмсан хэмээх хүсэл маань дийлж, тос хөвсөн уснаас залгилж билээ. Нэгэн охины тэр өдрийн тэмдэглэлээс..." хэмээх бичиг бүхий самбар байх нь цөмийн дэлбэрэлтээс болж үүссэн асар их халуунаас болж ам нь хатсан хөөрхий хүмүүсийг умдаалахаар усан оргилуурыг бүтээсэн гэлтэй. Хирошима хотод 1945 оны 8-р сарын 6-нд хүн төрөлхтний түүхэнд анхны цөмийн бөмбөгийн хаясны дараа 8-р сарын 9-нд цөмийн бөмбөг тээсэн онгоц өөрийн бай болох Кокүраг чиглэн ниссэн аж. Зорьсон газраа хүрсэн ч өтгөн үүлээр бүрхэгдсэн бай сайн харагдахгүй байсан тул чиглэлээ өөрчлөн Нагасакид хаясан нь 700 гаруй мянган хүний амь насыг авч одсон билээ. Энхтайвны цэцэрлэгт хүрээлэнд Зөвлөлт Холбоот Улс, Чехословак, БНХАУ, Унгар зэрэг орноос бэлэглэсэн энхтайвны хөшөөнүүд зэрэгцэн сүндэрлэх нь хуучин түүхийг санагдуулна. Монголчууд бидний мэдэх
Өвчинд шаналсан өнчин охин
Өрөвдөх сэтгэлээр шувуу хийжээ
Хийсний тоогоор насаа нэмнэ гэх
Эртний домогт итгэн биширчээ
хэмээх үг бүхий "Цаасанд шувууны дуу"-нд гардагчлан Цаасан шувууны цамхаг бас харагдана.
Уг нь Энхтайвны цэцэрлэгт хүрээлэнгийн дараа хүний гараар бүтсэн арал болох Дэжимаг үзэх төлөвлөгөөтэй байсан боловч цаг амжихгүй болсон тул Нагасаки дахь аяллаа өндөрлөөд буудаллах Хаус Тэн Бош (Huis Ten Bosch - Ойн дундах бяцхан байшин хэмээх холланд үг бололтой)-ийг зорин хөдөллөө. Кюүшү дахь эхний өдөр маань ийн өндөрлөв.

Хоёр дахь өдөр.
15 жилийн өмнө нээлтээ хийсэн "Холланд тосгон" Хаус Тэн Бошт "хуурай" эгч маань хуримаа хийх байлаа. 2 давхраас сугадалцан буух хосууд бидний хажуугаар явж өнгөрөн гадаа зогсох машины хажууд зогсох сүйт бүсгүйн аавд сүйт бүсгүйг "хүлээлгэн өгснөөр" хурим эхлэв. Зочид суудлаа эзлэн хөгжим эгшиглэхэд машинд суун одсон сүйт бүсгүй маань усан онгоцоор орж ирэн, хуримын талбайд заларлаа. Тангараг өргөн, бөгж солилцсон хосууд ямар гоё харагдаж байсан гээч. Дараа нь бүх зочдоо хөлөг онгоцонд суулган, Хаус Тэн Бошийг хэрсэн сувгаар зугаалав. Миний бие Европт очиж үзээгүй ч, тийнхүү усаар бүрхэгдсэн гудамжаар зугаалж байгаа нь зурагтаар харж байсан Венецтэй адилхан санагдахын сацуу салхин тээрмүүд энд тэнд харагдах нь аргагүй л Холланд тосгон гэж хэлэхээр байлаа.
Хуримын ёслол өндөрлөсний дараа болсон найрыг нь би гэдэг хүн хөтлөх ёстой байлаа. Японд хурим найр ямархуу болдгийг огт мэдэхгүй мөртлөө сүйт бүсгүйгээс ийм санал хүлээн авч, итгэл алдахгүй гэж их хичээсэн. Хосуудын намтрыг унших нь хамгийн хэцүү байлаа. Ямартай ч ирсэн зочид найрын дараа надад хандаж талархлын үг хэлж байсан билээ.
Хурим найр дууссаны дараа үдшийн гоёлоо зүүсэн Хаус Тэн Бош хотхоноор зугаалж, тэргэл сарыг ажин баяслаа.
Хоёр дахь өдөр маань ч сайхан болж өнгөрлөө.

Гурав дахь өдөр.
Өглөө 9 цагт зочид буудлаа орхин Фүкүокаг зорин хөдөллөө. Замдаа Сага аймгийн нутгаар дайрч өнгөрөв. Бидний очих эхний газар Фүкүока аймгийн Янагава сум. Янагава голыг өгсч уруудах жижиг завинууд жуулчдаар дүүрэн байлаа. Тэнд бид Японы алдарт яруу найрагч Китахара Хакүшүгийн амьдарч байсан байшинг түшиглэн байгуулсан Янагава сумын үндэсний түүхийн музейг үзэв. Яг үнэндээ энэ хүний тухай өмнө нь дуулж байгаагүй ч зохиосон дуу шүлгийг нь бол сонсч байсан юм билээ. Мань мэт шиг урлагаас хол хөндий хүнд бол хаа нэгтээ иймэрхүү зүйл үзэж харж байхад гэмгүй. 3-р сарын 3-ны өдөр Японд Хина мацүри буюу хөөрхөн бяцхан охидод зориулсан хүүхэлдэйн баярыг тэмдэглэдэг бөгөөд баярын чимэглэл гудамж талбайгаар дүүрэн харагдаж байлаа.
Үдийн хоолоо Үнаги (True eel - могой загас)-гаар хийсэн хоолоороо алдартай зоогийн газарт идэв. Энэ хавиар аялсан жуулчид заавал уг газраар ордог юм байна. Хашаанд нь байх цэцэрлэг нь маш үзэсгэлэнтэй, байгалийн сайхныг тольдсон шиг ээ могой загасны мах амтархан идлээ.
Дараа нь Дазайфү суманд байх Дазайфү хийдийг үзэв. Уг хийд нь Шинто шашны болон Буддын шашны сүмүүд зэрэгцэн байрладаг, цэцэрлэгт нь ургадаг чавганы мод (үмэ)-оороо алдартай, Эрдэм мэдлэгийн бурхныг гол шүтээнээ болгож залсан байдаг тул оюутан сурагчид зорьж ирдэг газар ажээ. Үмэгийн мод гэснээс, Японд одоо ханами (цэцэг дэлгэрсэн модны дор найрлах) хийхдээ сакүра цэцэглэх үед хийдэг бол эрт цагт үмэ цэцэглэх үед хийдэг байсан гэнэ. Уг нь яг өдийд үмэ цэцэглээд, хамгийн үзэсгэлэнтэй үе нь байдаг боловч энэ өвөл тун дулаахан байсан тул үмэгийн цэцэгс унаж эхэлсэн байлаа. Сүмийн хашаанд зулай нь гялайсан үхрийн хөшөөнүүд энд тэндгүй байх юм. Учрыг лавлавал, тэдгээр үхрийн зулайг илсэн хүн толгой сайтай болдог гэдэг домогтой юм гэнэ. Мөн хашаан доторх цөөрмийн дээгүүр тавьсан гурван гүүр нь өнгөрсөн, одоо, ирээдүйг бэлгэддэг бөгөөд эхний гүүрээр гарахдаа эргэж харж болохгүй, хоёр дахь гүүрээр гарахдаа зогсч болохгүй, гурав дахь гүүрээр гарахдаа бүдэрч болохгүй ёстой юм байна. Биднийг очдог өдөр жилд ганц удаа болдог "Кёкүсүй но эн" хэмээх баяр болж, есөн шидийн хүн цугласан байсан билээ.
Ийнхүү Фүкүока аймгаар хийсэн аяллаа дуусгаад нисэх онгоцны буудлыг зорин хөдөллөө. Дашрамд дурьдахад Фүкүока хотын өөр нэрийг Хаката гэх бөгөөд эрт цагт самүрай нарын суурин Фүкүока, тариачид, загасчдын суурин Хаката хоёр зэрэгцэн оршиж байсан бөгөөд томорч нэгдэн, нэр сонгох болоход нэрээ тогтож чадалгүй удаан маргалдсан гэдэг. Эцэст нь санал хураахад ганцхан саналын давуугаар Фүкүока ялж, Фүкүока аймаг, хот хэмээх нэршил бий болсон ч Фүкүока хотын гол өртөөг Хаката гэдэг билээ.
Фүкүока нисэх онгоцны буудлаас бидний суух онгоц хөөрснийг ч мэдсэнгүй, онгоцондоо ормогц нам унтчихсан байлаа. Нэг мэдсэн чинь Ханэдад бараг ирчихсэн байв.

3 өдрийн аялал маань өндөрлөн, өчигдөр шөнө гэртээ ирэв. Хэдэн өдрийн дараа дахин аялалд гарах байх гэж бодож байгаа Зоригт байлаа.

2007-02-10

Тэр

-Чи өөрийгөө үнэхээр залхуу гэж боддог уу?
-Тийм ээ.
-Өөрийгөө өөрчилье гэж боддоггүй гэж үү?
-Мэдээж бодолгүй яахав.
-Тэгээд юу хүлээгээ вэ?
-Би намайг хайрлах хүнийг хүлээж байна. Тэр хүн маань намайг байгаагаар минь хүлээн авч хайрлаасай гэж хүсч байна. "Залхуу" намайг хайрлаж чадвал жинхэнэ хайр гэж би бодож байна.

Цаг хугацаа урсан өнгөрсөөр... Тэр "жинхэнэ" хайраа хэзээ ч олсонгүй. Яагаад гэвэл түүний залхуу зан өөрийг нь арчаагүй харагдуулж байгааг тэр мэдрээгүй юм. Тэр өөрийгөө өөрчлөх ёстой байлаа. Яагаад гэвэл жинхэнээсээ өөрийгөө өөрчилж чадвал "байгаагаараа" байх гэж хичээх ямар ч шаардлагагүй болох байсан билээ. Тэр хуурамч өөрчлөлтийг хүсээгүй нь түүний зөв байж болох ч түүнд өөртөө жинхэнэ өөрчлөлт хийж, өөрийгөө ялан дийлэх сэтгэлийн тэнхээ дутсан билээ.

Тэр энэ орчлонг одохдоо орь ганцаараа. Түүнийг нас барахад хэн ч эмзэглэхгүй. Яагаад гэвэл тэр арчаагүй, сул дорой, залхуу. Тэр... тэр... хувь заяаны боол байлаа. Бурхан түүнд өөртөө гэрэлт ирээдүйг цогцлоон босгох хүч чадал, оюун ухааныг хүмүүн заяатай хамт бэлэглэсэн боловч тэр ашиглаж чадсангүй. Яагаад? Ердөө л залхуу залхуу зангаасаа болоод.

Тэр... тэр...
Залхуу зан чи надаас зайл.

2007-02-08

試験

明日で試験が終わる。数学の試験だからあまり試験勉強しなくても済むけど、来週が〆切のレポートが一つあるのだ。

3年間があっという間に過ぎた気がする。残りの学生生活1年間を有意義に過ごしたいね。

今日の言葉:「意志あるところに道が開ける」

2007-02-03

Ирээдүйн Монголын зураглал

2037 оны 1-р сар. Цасан будрах өвлийн нэг өглөө. Яармагийн дэнж дэх орон сууцны хороололд байх байрнаасаа Дорж өвгөн гарч ирлээ. Уг хорооллыг 30 жилийн өмнө гэр хороолол байсан суурин дээр барьсан бөгөөд "Чингис Хаан" нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хотын төв хэсэг рүү явах замд хотынхоо өнгө үзэмжийг илтгэн сүндэрлэх бөлгөө. Гэр хороолол, цахилгаан станц, хуучин машинаас болж хотыг бүрхэх утаа гамшгийн хэмжээнд хүрч, ялангуяа өвөл цагт амьсгалахад ч бэрх болдог байсныг санахад хоолой хорсох шиг санагдана. Гэхдээ Доржийг бага байхад болдог шиг тэсгэм хүйтэн өвөл Монгол оронд айлчлан ирэхээ больсныг өнөөдөр тэр малгай бээлийгүй явж буйгаас харахад илт.

Тэрээр Япон явж түнштэйгээ ажил хэргийн уулзалт хийгээд ирж буй хүү Болдыгоо тосохоор онгоцны буудал руу эртлэн гарч буй нь энэ. 20 жилийн өмнө Монгол улс газрын хэвлий дэх хамаг баялгаа шавхчихаад, засаг төрийн мулгуу бодлогын харгайгаар бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн амдаа тарааж өгөх мөнгөгүйн дээр шилжилтийн үед тавьсан өр нь нэхэгдэж дампуурахын ирмэгт ирээд байх үед Японд сургууль төгсч мэргэжил эзэмшсэн хүү нь мэдээлэл харилцааны технологи гэдгээс өөр үг амнаасаа унагахаа больж, өдөр шөнөгүй махран ажилласны үр дүнд байгуулсан компанийнх нь ажилтнууд компьютер гээч эдийн урд өдөржин сууж байгаад л мөнгийг хүүдийлдэг болсон билээ. Монгол улс маань ч арай дампуурчихсангүй, 7 жилийн өмнө гадаад өргүй болж, энэ жилээс улсын төсөв ашигтай гарч эхэлдэг болж буй. Чухамдаа Монголын эдийн засаг Болд шиг л хүмүүс дээр тогтож байх шиг санагдаж хүүгээрээ бахархах сэтгэл төрнө.

Доржийнх гучин жилийн өмнө даржин амьдралтай айл байлаа. Эхнэртэйгээ хоёул төсвийн байгууллагад ажиллаад авдаг цалин нь ганц хүүгээ арай өлсгөчихгүйхэн шиг л амьдруулдаг байлаа. Дорж дээд боловсролтой хэдий ч, "овсгоогүй" хүн болохоор зах зээл гээч рүү нь шилжих үед бууриа сахиж хоцорсны улмаас иймэрхүү тарчиг амьдарч яваадаа гутарч архи балгачихдаг байлаа. Гэхдээ газар дээрх ганц хүүгээ хүнээс дор оруулчихгүйн тулд боловсрол хэрэгтэй гэж сэтгэн, зардлыг чинь даагаад явуулах бэнчингүй тул чи л өөрөө хичээлээ сайн хий гэж сургасаар, хүү нь ч засгийн газрын тэтгэлэгт оюутан болж Японд сурахаар одсон түүхтэй. Тэр үеэс хойш Доржийнхны амьдрал өөдлөн дэвжиж яваа.

Ер нь л тэр үед толгойтой болгон л гадаадад гарч ажиллах, үр хүүхдээ сургахыг боддог болж, ажилд авахад хүртэл төгссөн газрыг нь харгалздаг болсон юм. Дэлхийгээр нэг тарсан монголчууд буцаж Монголдоо суурьшихтай хамт аргагүй л гадаадад боловсрол эзэмшсэн залуус маань бужигнуулж эхэлсэн билээ. 30 жилийн өмнө Эрүүл Мэндийн сайд төсөв хэтрүүлэн хэрэглэснээсээ болж сайн дураараа албан тушаалаасаа огцорсноос хойш хариуцлагатай ажилтнууд албан тушаалтай зууралдахаа больж, доод тушаалынхаа хүний гаргасан алдааны өмнөөс хариуцлага хүлээх хэмжээний ёс зүйтэй болон, ард түмэн ч зөв сонголт хийдэг болсон хэмээн МАХН-ынхан сурталддаг. Харин бодоод байхнээ гадаадад боловсорсон залуус улс төрд орж ирсэн цагаас л Монголын улс төр гээч зүйл дэлхийн түвшинд хүрсэн мэт.

Тэр үед эхэлсэн боловсролыг эрхэмлэх үзэл одоо ямар харгис хатуу өрсөлдөөн болон хувирсныг энэ жил ахлах ангиа дүүргэх ач хүүгээс нь бэлхэн харж болох байлаа. Билгүүн хүү нь хичээлээ тараад физикийн дугуйланд сууж, дараа нь сургалтын төвд очин толгой өөд таталгүй хичээл хийсээр харанхуй болсон хойно л харьж ирнэ. Сайн их сургуульд орохгүй бол сайн ажилд орж чадахгүй болохоор тэр. 2 жилийн өмнө Болд хүүгээ сургалтын төвд бүртгүүлэх үед найзууд нь яасан оройтуулж бэлдэж эхэлж байх юм гэж хэлж байсан удаатай. Бусад айлын хүүхдүүд 5 жилийн өмнөөс л шалгалтанд бэлдэж эхэлсэн юм шиг байна лээ, миний муу Билгүүнээ хүссэн сургуульдаа орж чаддаг болов уу яадаг бол хэмээн хий дэмий л санаа зовохоос хэтрэхгүй аж. Гэхдээ мэдээж урьдынх шиг их мөнгө зарж, гадаад руу боловсрол эзэмших гэж явах шаардлагагүй, эх орондоо дэлхийн түвшний боловсрол эзэмших боломжтой болсон. Тийм болохоор хүн өөрөө л хичээвэл сайхан амьдралын хаалга нээгдэх билээ.

Онгоцны буудал хүрэх замдаа элдвийг бодон эргэцүүлж буй Дорж өвгөний бодол руу цухас өнгийвөл ийм буюу.

Монгол эх орон минь үргэлж өөдлөн дэвжиж байх болтугай.

Хэдэн жилийн өмнө төстэй гарчигтай, 4 хэсгээс бүрдэх зүйл уншиж байж билээ. Ерөнхийдөө хэлэх гэсэн мессеж нь энэ янзаараа байгаад байвал уруудаж доройтон, бусдын идэш болох магадлалтай шүү гэдгийг анхааруулах гэсэн байх. Харин уншсан хүмүүсийн ихэнх нь л гадаадынхны захиалгаар бичсэн эд байна гэх мэтээр муулсан байсан. Нийтлэл нь ч, хүмүүсийн сэтгэгдэл ч монголчуудын маань ихэнх нь гутранги үзэлтэй, юмны муу талыг хардаг болчихсны илрэл гэж ойлгож болох юм. Хүн дандаа гэрэл гэгээтэй зүйлсийг төсөөлж, сайн сайхныг бодож явдаг бол амьдрал нь баяр баясгалангаар дүүрэх билээ. Тийм ч учраас "Амны билгээс ашдын билэг" хэмээх үгийг ухаант өвгөдийнхөө үгийг даган, сайн сайхан ирээдүйг төсөөлцөөд, түүндээ хүрэхийн тулд хичээцгээе, монголчууд аа.

2007-02-02

Турахын дон шүглэсэн нийгэм

Энэ долоо хоногт манай удирдагч багшийн дааж төгсгөж буй 4-р курсийн оюутнууд маань дипломын ажлын илтгэлээ тавьсан юм. Манай семинар хэрэглэгчийн зан төлөвийг судалдаг тул оюутнуудын судалгааны ажил ямар нэг сэдэвт баригддаггүй. Энэ жил төгсч буй сэмпай нар маань Flow буюу урсалтын онолын үүднээс интернэт хэрэглэгчдийн зан төлөвийг тайлбарлах нь, дэлгүүрийн борлуулалтыг сайжруулахын тулд ямар арга хэмжээ авбал зохих, хотын өнгө үзэмжийг сайжруулахад яах хэрэгтэй вэ, Тоокёо Диснейлэндийн амжилтын нууц, LOHAS яагаад дэлгэрсэн гэх мэт олон янзын сэдвээр дипломын ажлаа бичсэн юм байна. Тэднээс хамгийн их сонирхлыг минь татсан нь "Турахын дон шүглэсэн нийгэм" хэмээх гарчиг бүхий илтгэл байлаа.

Эмэгтэй хүний гоо сайхныг харуулсан эртний сонгодог уран зургуудад махлаг эмэгтэй хүнийг дүрсэлсэн байдаг. Гэтэл өнөөгийн нийгэмд хүүхнүүд эрүүл мэндэд нь муугаар нөлөөлөхийг мэдсээр байж яагаад турахын тулд янз бүрийн арга хэрэглэх болов гэдгийг судалж, олон сонирхолтой дүгнэлт хийжээ. Ойрын хэдэн жилд жингээ хэт хассанаас 3 ч сайхан загвар өмсөгч охин нас барсан нь загварын шоунаас хэт туранхай загвар өмсөгчдийг хасч эхэлсэн билээ.

Анагаах ухааны ойлголтоор бол BRI (Body Mass Index) буюу биеийн өөхлөгийн үзүүлэлт 24,5-аас их бол тарган, 18-аас бага бол туранхай гэж үздэг. Гэтэл 18-аас бага BMI-тэй эмэгтэйчүүдийн 40 гаруй хувь нь, 18-24.5 BMI-тэй буюу хэвийн жинтэй эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь өөрийгөө тарган, илүү махтай гэж боддог аж (Тоог нь андуу тэмдэглэж авсан байж магадгүй гэдгийг болгооно уу).

Статистик үзүүлэлтээс харахад диет (жингээ хасах) хэмээх үзэгдэл өргөн дэлгэр болохоос өмнө, 50 жилийн өмнө аль ч насны эмэгтэйчүүдийн дундаж BRI ойролцоогоор 21 байсан юм байна. Эмэгтэйчүүдийн дунд диет дэлгэрснээс хойш залуу бүсгүйчүүдийн дундаж BRI жилээс жилд буурсаар одоо 18,5 орчим болоод байгаа бол эсрэгээрээ ахимаг эмэгтэйчүүдийнх өссөөр 23-д дөхөн очжээ. Юу хэлэх гэж байна вэ гэхээр, залуу насандаа диет хийж, хэт турвал нас ахихдаа таргалах магадлал нь нэмэгдэж байх шиг.

Гэх мэт олон тоо баримтыг дурьдсаны эцэст "Туранхай гэдэг ойлголт нь өөрөө тодорхой бус байдаг нь нийгэмд турахын дон шүглэх үндэс болжээ" хэмээн дүгнэсэн байна.

Үүнийг уншсан охид бүсгүйчүүл минь дотроо нэгийг тунгаана буй заа.

2007-01-29

Arial Mon-ыг яах вэ?


Монголд компьютер өргөн хэрэглээ болох үед л энэ фонт хамгийн түгээмэл хэрэглэгддэг байсан. Өдгөө ч төрийн албан бичгүүд энэ фонтоор үйлдэгддэг бололтой. Ямар ч байсан УИХ-ын сайт дахь хуулийн санд байх хуулиуд энэхүү фонтоор бичигдсэн байсан.

Гэтэл Arial Mon маань бусад фонттойгоо хөрвөх чадваргүй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, стандарт фонт биш болохоороо тэр. Өөрөөр хэлбэл, Arial Mon дээр бичигдсэн ямар ч чухал материал тус фонт суугаагүй, гадаадад байдаг хүмүүсийн компьютерт чухам л нэг "арзайна" даа. Саяхан миний нэг таньдаг япон хүний төрийн бус байгууллага нь Монголын байгаль орчны бохирдлын талаар зурагт ном хэвлүүлэх гээд, Монголд нэг хүнээр зургуудын тайлбарыг орчуулуулсан чинь алдарт Arial Mon-оос болоод ажил нь хэд хоног алдагдаж, надаас Arial Mon фонтыг хуулж авч байж асуудлаа шийдсэн юм.

Тэгээд бодохоор монголчууд даяарчлалын үр шимийг хүртэхэд саад болох нэг зүйл нь бид чухал зүйл болох бичиг баримтаа олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэж чадаагүй явдал юм шиг ээ. Бичгийн соёл гэдэг өнөө цагт тун чухал. Гэтэл эртний соёлт ард түмний минь оюуны их өв ганц фонтоос болоод ирээдүй хойчид маань ойлгогдохооргүй, үнэ цэнэгүй зүйл болон хувирвал хичнээн харамсалтай.

Сүүлийн үед элдэв форум, зарим блог дээр хүмүүс Arial Mon ашигласнаас болоод бичлэг нь хүнд бараг хэрэгцээгүй эд болчихоод байгаа нь их ажиглагдах юм. Форум дээр ч яахав, "арзгар" үсгийг Arial Mon-той хүмүүс нь "орчуулж" өгч бусаддаа тус болдог бол блог дээрх бичлэгүүд ингээд арзайчихаар унших ч хүсэл төрөхгүй биз ээ.

Arial Mon-ыг яах вэ, хүн ард аа? Ад үзсэндээ үүнийг бичээгүй юм шүү, ахиж дэвшээсэй гэсэндээ үзэг цаас (гар киборд) нийлүүллээ.

2007-01-26

Маркетинг гэж...?

Zugeer l engiin heden ugeer todorhoiloh um bol Marketing gedeg ni “hend ch hereggui baraa buteegdehuuniig huga reklamdaj humuust ondor une hurgej hudaldah”-iig l sudaldag zuil
хэмээн нэг хүн Бүгдээрээд бичиж үлдээжээ. Өмнө нь бас миний бичсэн маркетингийн тухай танилцуулгад мөн л ижилхэн утгатай зүйл бичиж үлдээхэд нь би дуугүй л өнгөрөөсөн. Хэрүүлч юм болохоороо харин энэ удаа зүгээр өнгөрөөмөөргүй санагдав гсн. :-P

Нэгдүгээрт, тэр бараа бүтээгдэхүүн нь хэнд ч хэрэггүй юм бол зарах гэж буй хүндээ ч бас хэрэггүй байж таарна аа даа, тийм юмыг зарах, бүтээх гэж "махаа идэх" хүн яаж ч бодсон эрүүл биш. Компани байгуулж буй хүмүүс анх хүнд хэрэгтэй юм хийе гэж л эхэлдэг. Яваандаа буруу зам руу хальтрах нь бий ч, компанийн эрхэм зорилго бол хүний хэрэгцээг хангах явдал мөнөөс мөн.
Хоёрдугаарт, барааг нэг удаа өндөр үнэ хүргэж зарж болно, гэхдээ хэрэглэгчийн итгэл гэж алдаж болохгүй зүйл байгаа учраас жинхэнэ маркетингийн менежер хүн хэзээ ч өндөр үнэ хүргэж худалдахыг зорилгоо болгохгүй.

Та хэрвээ нэг газар ажилд орохоор өөрийн CV-г бичиж байлаа гэж бодъё. Та тэр газарт орох хэмжээний чадвартай гэж өөрийгөө үнэлж буй учраас л CV-г бичиж буй хэрэг. Өөрийгөө хуга рекламдаад орчихлоо гэж бодоход орсон хойноо баригдах тул худлаа зүйл бичиж чадахгүй. Маркетинг бол үүнтэй яг ижилхэн.

Тэгээд ч маркетинг нь дээрх хүний хэлсэнчлэн бараа бүтээгдэхүүнийг хийж дууссан хойно нь хэрэглэгчдэд "шахах" биш, харин ч эсрэгээрээ, бараа бүтээгдэхүүнийг бий болохоос нь өмнө хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэх үйл ажиллагаа юм шүү.

2007-01-24

Хайлтын систем бидний амьдралыг өөрчилнө

Байн байсаар бүх дэлхийг бүрхэх Google...

20 жилийн өмнө асуулт хариултын тэмцээн их зохиогддог байлаа. Гэтэл одоо интернэт хэмээх мэдээллийн далайд хайлтын систем гээч тороо ганц хаяад л хэрэгтэй "загас"-аа барих боломжтой учраас хэрэв ийм тэмцээн зохиовол баахан ялагч тодруулах хэрэг гарч магад. Эс бөгөөс урдаа зогсоож, манаж байгаад хариултыг нь авч болох юм.

8 жилийн өмнө Стэнфорд их сургуулийн хоёр оюутан оюутны байрандаа үүсгэсэн компани өдгөө нийт хөрөнгө нь 18 их наяд долларт хүрч, мэдээллийн технологийн "акул" Microsoft-ыг ганхуулах хэмжээнд хүрчээ. Тэр бол дэлхийн бүх мэдээллийг цуглуулна гэсэн асар том зорилтоо биелүүлэхээр алхам алхмаар урагшилж буй Google юм. Google-ийн хайлтын систем өдөрт 10 тэрбум удаа ашиглагддаг гэсэн тоо бий. Google-ийн янз бүрийн үйлчилгээнд хамрагдан, түүнээс олох орлогоороо амьдардаг бүхэл бүтэн "арми" өсч өндийж байна.

Google-ийн хайлтын системд эхний 5-д эрэмбэлэгдэхгүй бол тухайн компанийн ашиг орлого нэмэгдэнэ гэж ярилтгүй, эхний 15-д гарч ирэхгүй бол компаниа дэлхий дээр байгаа гэж хэлэхэд ч хэцүү болох цаг иржээ. Дэмий юм бичихэд, "Zorigt", "Зоригт" гэж бичээд хайхад хамгийн эхэнд надтай холбоотой мэдээллүүд гарч ирж байна лээ гсн.

Google компани бүх мэдээлэл боловсруулалтаа компьютерын тусламжтайгаар хийгддэг гэдэг ч яг үнэндээ бол хэрхэн эрэмбэлэхийг тэд л мэддэг. Дургүйгээ хүргэсэн "гар"-ыг бол хайлтын системээр хайхад гарч ирэхгүй болгож "рекэт"-лэж чаддаг. Америкт л гэхэд Google-ийн хайлтын системд гарч ирэхгүй болсноос орлого нь эрс буурч, дампуурахад хүрээд, Google-тэй шүүхдэж буй компаниуд бий.

Google асар их мэдээллийг бидэнд өгөхийнхөө хэрээр танаас ч бас өөрийн тухай мэдээллээ өгөхийг шаардаж буй. Тэд таны кредит картын дугаар, сонирхол, орж үздэг сайтууд, тэр ч бүү хэл таны хаана байгааг мэдэхийг хүсч байна. San Francisco зэрэг хотуудын аль ч хэсгээс интернэтэд холбогдох боломжийг Google олгож буй бөгөөд ингэснээр тэд таны хаана явааг тодорхойлж, ойр орчмын газруудын рекламыг танд хүргэх боломжтой болж байгаа юм байна. Яваандаа бүх дэлхий Google-ийн хяналтанд орох биз. Google таны мартагдсан дурсамжийг ч үүрд хадгалж, таныг энэ дэлхий дээр тоос хөдөлгөж явсныг гэрчилнэ.

Хүмүүс бид амар хялбар, тав тухтай орчинг мөрөөдөж, түүндээ хүрэхийн төлөө хөдөлмөрлөж ирснийхээ дүнд өнөөдрийн хөгжилд хүрсэн. Харин эргээд харахад бид олон олон чадвараа гээж байна. Компьютерын араас "том том" юм ярьж буй намайг хөдөө хээр талд ганцааранг минь орхивол яаж өлсөж, даарч, зовох бол оо. Үүнтэй адилаар Google байхад бид мэдээлэл хайхад цаг зарахгүй болж байгаа нь сайшаалтай ч, Google зарим мэдээллийг нуугаад бидэнд өгөхгүй бол яах вэ? Бүр муугаар бодоход Google хэзээ нэгэн цагт террордуулаад сүйрчихвэл бидний хамаг юм "будаа болно".

Эртээ урьдын цагт хэнд эрх мэдэл, зэвсэг байна, тэр бусдыг захирдаг байсан бол өнөөгийн нийгэмд хэнд мэдээлэл байна, тэр хүчтэй. Google та бидний амьдралыг улам бүр өөрөөсөө хамааралтай болгохоор довтолгож байна.

Бид Google-д итгэх эсэх нь бидний хэрэг ч биднээс огт хамааралгүйгээр Google Revolution айсуй.

2007-01-13

Bar Code, QR Code, Color Code



Барааны сав, баглаа боодол дээр баркод хэмээх зүйл байдгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Хаана, ямар улсад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн болох зэрэг мэдээллүүдийг агуулсан кодыг баркод гэдэг. Доор нь цифрүүд бичигдсэн өргөн нарийн, босоо зураасууд байдаг шүү дээ. Ер нь бол иймэрхүү байдлаар мэдээллийг кодлох нь асар ач холбогдолтой.

Гар утасны хөгжилд ахиц дэвшил гарч, заавал компьютерын өмнө "бөгтийж" суулгүйгээр хаа дуртай газраасаа интернэтэд холбогдох боломжтой болж буй. Харин гар утас гээч эд маань компьютер шиг олон товчлууртай биш тул (сүүлийн үеийн Софтбанкын гар утсыг эс тооцвол) вэб хуудасны хаяг зэргийг шивж оруулахад хөөрхөн цаг авчихна. Үүнийг хөнгөвчлөхийн тулд бий болсон зүйл нь QR код. Гар утсандаа QR код уншигч программыг нь суулгачихсан байхад (Японы сүүлийн үеийн гар утсуудад анхнаасаа суугдсан байдаг) энэ зовлонгоос ангижрах боломжтой.

Жишээ нь зүүн гар талд буй кодыг та гар утсаараа уншуулбал http://www.zorigt.blogspot.com/ буюу миний блогийн хаяг гарч ирэх болно. Өөрөөр хэлбэл, текстэн мэдээллийг кодлоод, гар утсаараа уншуулах бүрэн боломжтой болж байгаа юм. Японд байдаг хүмүүс бол хэрэглэж дассан эд. Зарчим нь бол квадрат хэлбэртэй хүснэгтийн нүднүүдийг хар ба цагаан цэгүүдийг хослуулан дүүргэснээр мэдээллээ харгалзуулна гэсэн үг (Миний блогийн хаягийг кодлосон кодын тухайд бол 4*4 хэмжээтэй).

Харин Кодоо харагдахад эвтэйхэн болгох боломжтой шинэ технологи Солонгост анх гарсан нь одоо дэлгэрч эхэлж байна. Энэ нь Color Code буюу өнгөт код. Уг санаа нь бол их энгийн, QR код хар-цагаан байсан бол өнгө оролцуулбал бүр их мэдээллийг кодолж чадна, эрээн мяраан болбол харж буй хүндээ ч урамтай. Хамгийн гол нь...

Одоогоор ашиглагдаж эхлээд байгаа өнгөт код нь нүд бүрт зонхилж буй өнгийг тухайн нүдний өнгө гэж таньдаг тул кодоо зураг маягаар хийх боломжтой болж байгаа юм байна. Бүр даварвал ирээдүйд компаниудын лого нь ч өөрөө код болоод явах магадлалтай гэнэ шүү.

Жишээлбэл, та энэ хоёр зургийн зүүн гар талынхаас нь эх кодыг, баруун гар талынхаас нь түүнд агуулагдах мэдээллийн утгыг өөрчлөлгүйгээр зураг болгосон кодыг харж байна. Харахад код гэж сэжиглэх аргагүй байгаа биз? Ердийн QR код нь заавал ойроос уншуулахгүй бол танигддаггүй бол Color code нь хол зайнаас ч гэсэн танигддаг тул гудамж талбай дахь том дэлгэц, дэлгүүрийн гадаах хана гээд л хүссэн газартаа тавьж болох юм байна.

Монголд МУИС-ийн 2-р байр, Санкт-Петербург төв, АН-ын байр гээд л реклам сурталчилгааны самбарууд өлгөгддөг газрууд бий. Ирээдүйд тэнд ийм код агуулсан реклам тавигдаад, монголчууд гар утсаараа түүнийг нь уншиж сайт руу нь ороод худалдаа наймаа хийдэг болбол мөн гоё оо.

2007-01-05

Зөв бичгийн дүрэм

Тогоруу блог дээрээ зөв бичгийн дүрмээс ганц нэгийг бичсэн байсан тул би ч бас өөрийн санаж буй, ойр хавийнхан төдийгүй сэтгүүлчид алдсан харагддаг ганц нэг дүрмийг бичье гэж бодлоо.

Ы, ИЙ

Эр үгэнд Ы, эм үгэнд ИЙ залгагддаг. Гэхдээ г, ж, ш, ч, ь, и-ээр төгссөн эр үгэнд ИЙ залгагдана. (айргийг, блогийн, гавжийн, тагшийг, адуучийн, морийг, ангийн) Зарим хүмүүс бага→багийн гэж бичсэн харагддаг. Бодвол төгсгөлийн а-г нь гээгээд, г-гээр төгсч байгаа учраас ИЙ залгагдах ёстой гэж боддог байх л даа. Бага гэдэг үг нь а-гаар төгссөн тул багын гэж бичих нь зөв юм. Харин баг гэдэг үг байсан бол багийн болно.
Бас н-ээр төгссөн үгийн хувьд тэр нь хоолойн н байдаг. (монгол бичгээр бол нг гэж үсэг байдаг даа) Ийм үгийн ард г үсэг "гарч ирээд", ИЙ болчихно (сан→сангийн, хун→хунгийн)

(Харин ёстой санах гээд чадахгүй байгаа нэг юм нь к, п-гээр төгссөн үгэнд ИЙ залгагддаг эсэх. Олимпийн, гимнастикийн, паркийг гэж бичсэн нь нүдэнд эвтэйхэн харагдаад байх юм)

ХОС ЭГШИГ

Монгол хэлэнд өй гэдэг хос эгшиг байдаггүй. Төсөөтэй, өштэй гэх мэт "эй" гэсэн хос эгшиг үүргийг нь бүрэн гүйцэтгэдэг.

УРТ ЭГШИГ

ь, и-гээр төгссөн үгний араас урт эгшгээр эхэлсэн нөхцөл дагавар залгавал ь, и нь гээгдэж, урт эгшгийн эхний үсэг нь и болж солигдоно. мориор, ангиас, шуугиан, хөхиүлэх г.м.

ГЭЭГДЭХ ЭГШИГ

Хамгийн "яршиг төвөгтэй" дүрэм дээ. Ерөнхий тохиолдолд хоёр буюу түүнээс олон үетэй үгний хамгийн эцсийн эгшиг нь богино байвал балархай эгшиг гэдэг. Тэр нь уг үгийн араас нөхцөл дагавар залгагдахад гээгддэг. Тараг→таргаар, ашиг→ашгийг, авдар→авдрын, уучил→уучлаарай, жанжин→жанжных г.м.

Дүрмээс гажих "зоригтон" харин маш олон. Үйлт нэрийн х-гийн өмнөх эгшиг гээгдэхгүй. Авахыг, ирэхээс г.м.
Мөн эгшигт долоон гийгүүлэгч, дараалж орсон заримдаг гийгүүлэгчдийн 2 дахь нь заавал эгшиг шаарддаг тул уг шаардлагад нийцүүлэн эгшгийг гээхгүй. Ангалын, урлагаас, ажсаныг г.м.

ЗАРИМДАГ ГИЙГҮҮЛЭГЧ

Гээгдэх эгшгийн дүрэмд бичсэнчлэн дараалсан заримдаг эгшгүүдийн хоёр дахь нь заавал эгшигтэй бичигдэх ёстой. Гэхдээ с, х-гийн дараах т, ч нь эгшиггүй бичигдэнэ гэсэн гажилт бас бий. Тусч, хост, мэхт, үндэстнээ г.м.

ӨГҮҮЛБЭР нь том үсгээр эхэлнэ. Мөн оноосон нэрнүүд (хүний, газар усны, улсын гэх мэт) өгүүлбэрийн дунд орсон ч үргэлж томоор бичигдэнэ. Япон гэдэг бол улсын нэр учир оноосон нэр, харин япончууд гэдэг бол оноосон нэр биш.

ГАРЧИГт цэг ордоггүй. Саяхан Ганбаагийн нэг бичлэг нь "БИДНИЙ ШҮТЭЭН." гэсэн гарчигтай харагдсан.

Ер нь тэгээд аль болох олон ном (алдаагүй л байгаасай гэж залбирангаа) уншвал дүрмийн алдаатай бичигдсэн үгнүүд нүдэнд нэг л эвгүй харагдаад эхэлнэ дээ.

Эх хэлээ сайн мэдэхгүй хүн гадаад хэл сурна гэдэг суурийг нь тавиагүй байж байшин барихтай агаар нэгэн бөлгөө.

2007-01-03

Амар байна уу, бүгдээрээ

Олны хүч оломгүй далай...


Бид дөрвөн жилд нэг өдөр төр барих эрхтэй байдаг. Гэхдээ "Сонгуулийн дүн ганц миний саналаар дутав л гэж..." хэмээн энэ эрхээ эдлэхийг хүсдэггүй хүмүүс бий. Сүүлийн үед надад тийм хүмүүс "БИД" гэдэг үгийн үнэ цэнийг ойлгодоггүй байх гэж бодогддог болсон. "Улс төржсөн" оршлоо дуусгаад, "БИД" хэмээх үгийн үнэ цэнийн тухай өгүүльюү.

Дунд сургуульд байхдаа би математикийн олимпиадад ороод, бас ч гэж байр зулгаачихдаг байсан болохоор өөртөө л итгэлтэй байвал хүрэхгүй чадахгүй зүйл үгүй гэж дэврүүнээр боддог байж билээ. Арван жилийн сурагч Зоригтын хувьд "БИД" биш "БИ" л оршин байсан хэрэг. Хүрсэн жаахан амжилтаа би л эрийн сайндаа олоод авчихсан юм шиг сайрхах үе ч байлаа. Гэтэл тэр нь сайн багш, гэр бүл, найз нөхөдтэй байсны л илрэл гэдгийг ухаарах сөхөөгүй явж. Харин Японд ирсэн хойноо блог гээч гайхамшигт ертөнцтэй танилцан, өөрөө блоггер болоод үзэл бодлоо бусадтай хуваалцаж эхэлснээс хойш БИД гэдэг үгийн үнэ цэнийг ухаарсан юм.

Би энд ганцаараа блог бичээд унших хүн үгүй бол дууг нь хаачихсан зурагтаар амаа хөдөлгөөд л байж байгаатай адилхан. Хичнээн мундаг зүйл бичлээ ч хүнд хүрэхгүй бол ямар ч утгагүй. Тэгэхээр миний хувьд бичлэгийг минь уншиж, сэтгэгдлээ үлдээдэг эрхэм андууд маань юунаас ч илүү үнэтэй. Өөрөөр хэлбэл блог ертөнцөд БИ дангаараа миний оршихуйг бүрдүүлээд байгаа хэрэг биш, БИД бүгдээрээ нийлээд Зоригт гэдэг блоггерыг тодорхойлж буй.

Сонингоор улс төрч, ялаа хоёрыг алж болно гэлцдэг. Мэдээллийн технологийн хөгжлийн үр дүнд бий болсон блог гээч энэхүү гайхамшигт эд ирээдүйд сонин сэтгүүлийг орлоно гэж хүртэл яригдаж буй. Блог бичигчид нь жирийн иргэд байдаг тул үүнийг ИРГЭНИЙ СЭТГҮҮЛЗҮЙ хэмээнэ. Өнөөдөр шар сонингуудын бичдэг давс нь хэтэрсэн мэдээллээс ард түмэн залхаж байна. Монголчууд бид ертөнцийн алхаатай хөл нийлүүлэхийг хүсч байна. Гэтэл сонин хэвлэл нь өнөөх л бахь байдгаараа хэрүүл уруулаа нийтэлсээр... Энэ цаг мөчид ИРГЭНИЙ СЭТГҮҮЛЗҮЙн анхдагчид болох БЛОГГЕР нөхөд маань гэгээтэй нийтлэлүүдээ монголчууддаа хүргэж, эх орон нэгтнүүддээ үнэлж баршгүй тус хүргэж буй билээ.

Гэхдээ ганц нэгээрээ бичлэг үйлдсэн хэвээр байвал ахиц дэвшил үгүй. Олны хүч оломгүй далай гэдэг. Бид БҮГДЭЭРЭЭ хүчээ нийлүүлбэл асар их эерэг энергийн бөөгнөрлийг бий болгох нь ойлгомжтой (Хишгээ андын бичсэнээр "яруу найрагч, хөгжмийн зохиолчид шиг" бие биеэ, өөрсдийгөө магтчихъя). Ялзарсан нийгмийг эрүүлжүүлж, шинэ үзэл бодлын хөрсийг бий болгохын тулд бид БҮГДийн хүчин зүтгэл юу юунаас илүү чухал. Бид нэгдэхгүй бол "уран дуут алтан гургалдай" мэт хэлж ярьсан бүхэн маань зүгээр л бусдын нүд, чихийг баясгаад өнгөрнө үү гэхээс нийгэмд маань нөлөөлж чадахгүй. Харин бид БҮГДЭЭРЭЭ нэгдвээс энэ их эерэг цэнэгийг ард түмэндээ нөлөөлөхүйцээр ашиглаж болох мэт санагдана.

Энэ мэтээр блоггер андуудтайгаа ярилцсаны дүнд ИРГЭНИЙ СЭТГҮҮЛЗҮЙг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийг зорилгоо болгосон шинэ сайт мэндэллээ. Сайтын нэр БҮГДЭЭРЭЭ.

Өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд иргэн таны оролцоо юу юунаас ч илүү хэрэгтэй. Дөрвөн жилд нэг удаа биш, өдөр бүр "төр барих"-ын тулд өөрсдийн дуу хоолойгоо ард түмэндээ хүргэх ёстой. Үүнд шинэ чиг хандлагыг соргогоор тусган авч буй, блоггер андууд маань идэвхийлэн оролцож, түүчээ нь болно гэдэгт итгэж байна.

БИД БҮГДЭЭРЭЭ хамтарвал уулыг эргүүлж усыг урсгана. Иргэний сэтгүүлзүй Монгол эх оронд минь өөдрөг шинэ уур амьсгалыг бий болгоно. БҮГДЭЭРЭЭ сайтад зочлоорой.