2006-10-31

Амьд байгууллага аа гэж...

Моринд мордоод ертөнцийг эзлэх амархан
Мориноосоо буугаад ертөнцийг захирах хэцүү


Өнөөдөр би нэрийн хуудсан дээрээ ямар л бол ямар албан тушаал бичиж чадна. Нэг сан байгуулаад яаманд бүртгүүлээдхий, окэй. Хэдэн өдөр гүйгээд л тамга тэмдэг бэлэн, сангийн гүйцэтгэх захирал.
Хэдэн найз оюутантайгаа ганц нэг арга хэмжээ зохион байгуулчаад, хэдүүлээ тойрч сууж байгаад л удирдах зөвлөлийн гишүүн. Хэдэн мэйл бичээд л "Ямар сайхан бичдэг, бусдыгаа уриалдаг хүн бэ, чи нэг зохицуулаадхаач". Клубын зохицуулагч. Нэрийн хуудсанд бас нэг мөр нэмэгдвэй.

Энэ янзаараа тун удахгүй компанийн захирал гэсэн сэтэртэй ч болж магад. Гэтэл хүн харахад сүрдмээр баахан албан тушаалын цаана ямар байгууллага байгаад байна вэ гэдгийг өөрөөсөө асуумаар.

Дээр эш татсанчлан болох амархан, үргэлжлүүлэх хэцүү юм аа. Уржнан эндхийн монголчуудын сагсны тэмцээнд сагсандаа мундаг хэдэн найзаа цуглуулж ороод түрүүлчихэв. Ноднин хамраа сөхсөн амьтан явж очоод, хэсгийн тоглолт дуусав уу үгүй юу, сульдаж үхэх гэж буй амьтан гэрийн зүг марш.

Яг үүнтэй адилаар нэгэнт бий болгосон байгууллагыг яаж авч явах вэ гэдэг тун ярвигтай юм аа. Анх хэдэн нөхөр нийлж суугаад л, сайхан санаанууд гаргаад л, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд нэг байгууллага байгуулчихдаг. Мэдээж ашгийн төлөө байгууллага байсан бол яахав, гишүүн бүр нь байгууллагаа гээд гүйх байх л даа. Харин ашгийн төлөө бус байгууллагад гишүүдийнхээ урам зориг, эрч хүчийг мохоолгүйгээр үргэлжлүүлэх нь хэцүү аж. Анх байгуулалцсан хүмүүс цагийн эрхээр холдон одоход, үргэлжлүүлж авч явах залгамж үегүй болоод ирэхэд л үүнийг ухаарах юм. Ингээд л хэдэн үхмэл байгууллагын толгой гэсэн сэтэр л хоцорвой.

Цаашид яахыг бурханд даатгах уу, аль эсвэл...

Конец.

Дүр эсгэхүй

Дэлгүүр огт хэсдэггүй хүн чинь өчигдөр гэнэт дэлгүүр хэсмээр санагдаад ойрхон байдаг shopping mall руу явав. Өвлийг өнтэй давахын тулд цахилгаан халаагуур авч, хичээлээ сайн хийхийн тулд эвдэрхий электрон-толио шинэчлэв.

Хамгийн гол нь номын дэлгүүрт зөндөө удаан саатаж, Христийн шашинтнууд библиэ уншиж ариусдаг шиг, өөрийгөө хөгжүүлэх талын баахан ном гарчиглалаа. Ойрын үед өөртөө эрч хүчтэй амьдрах сэрэл мэдрэмж өгөөгүй байсан бололтой, амьдралын хэв маяг маань ч гэсэн нэг л хүний нүд хуурсан, дүр эсгэсэн байдалтай болчихсон байгааг анзаарав. Блог маань ч гэсэн дээ, өөрийгөө нэг л их мундаг хүн гэж бусдад харуулах гэсэндээ бичиж байгаа ч юм шиг. Бичиж буй сэдэв маань ч нэг л хүрээнд эргэлдээд л...

Сүүлийн хэдэн долоо хоног хүмүүсийн нүдэнд хичээлээ асар ихээр хийж буй хүн л харагдсан байх. Гэтэл яг үнэндээ гараас гарсан зүйл нэг их алга, семинарынхаа илтгэлийг амжилттай (?) давж гарсан, өмнө нь бичиж байсан Marketing Simulation Game-д ёстой арчаагаа алдаж, хомоол хамж байгаагаа анхны өгөгдсөн байдал нь тааруу байсан руугаа чихээд явж байгаа. Сарын дараа болох мэтгэлцээнд бэлдэж эхлээгүй, жилийн дотор англи хэлийг өөрийн болгох "Барбароса" төлөвлөгөө бүр ч сураггүй.

Ийм байхад ирэх жил MBA-ийн шалгалтанд тэнцэх талаар саналтгүй. Гэтэл эрсдлээс зайлсхийхийн тулд хийх ёстой job hunting бас л залхуурлын улмаас оройтох тийшээ хандаж байна.

Аман дээрээ л баахан юм хийх гэж байгаагаа худлаа яриад, ачир дээрээ урсгалаараа л...

Хүний итгэлийг алдаж болохгүй гэж "айлдах" дуртай хэрнээ энэ хоёрхон сарын хугацаанд хэд хэдэн хүнд "найдваргүй этгээд" болохоо мэдрүүлээд авсан.

Хааяа ч гэсэн ингэж өөрийгөө загнаж байхгүй бол хүн гэдэг муу зүйлд уруу татагдахдаа амархан юм аа.

Ням гаригт номын баяр амжилттай болсон сурагтай. Гар эсгэм шинэ номоо хурдхан шиг харахсан.

2006-10-25

Номын нээлт

10-р сарын 29-ний Ням гаригт 12 цагаас "Интерном" номын дэлгүүрт ЭМОС клубын 3 дахь ном болох "Амжилтад хүрэх гал эрмэлзэл" номын нээлт болно. Худалдаанд 5000 төгрөгөөр гарч буй уг номыг нээлтийн үеэр, 12-14 цагийн хооронд 4000 төгрөгөөр борлуулах тул өргөнөөр хүрэлцэн ирэхийг хүсч байна.

Номын өмнөх үгийн хэсгээс дор сийрүүлэв:

Уншигч танаа ЭМОС клубын гурав дахь бүтээл “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” номыг өргөн барьж байна. Тус клуб 2004 онд “Өөрийгөө хөгжүүлье!” хэмээх анхныхаа хамтын бүтээлийг гаргаж, 2005 онд “Мэргэжлээ зөв сонгоход тань” нэртэй дараагийнхаа номыг хэвлүүлсэн билээ. Энэ удаагийнх бол бидний анхны орчуулгын бүтээл болох бөгөөд клубын арван гишүүн гар нийлэн орчуулж, он өртөөлөн уншигч авхайн гарт хүргэж байна.
Зохиогч Инамори Казүо нь Японд төдийгүй дэлхийд нэртэй Киосэра группыг үндэслэн байгуулсан хүн юм. Тэрээр 1996 онд хэвлэгдсэн уг номын өмнөх үгт “37 жилийн өмнө Киосэра компанийг байгуулах үед надад бизнес удирдлага, менежментийн ухааны ямар ч мэдлэг, туршлага байсангүй. Ийм нөхцөлд гагцхүү “хүний ёсонд үл харшлах зөв зүйлийг хийх”-ийг тулгуур болгож менежментээ эхлүүлэхээс өөр аргагүй байсан юм. Яваандаа би амьдралын жинхэнэ утга учир, менежментийн байвал зохих арга хэлбэрийн талаар нухацтай бодох болж, өөрийн гэсэн удирдлагын гүн ухааныг боловсрууллаа. Чингээд үүнийг ажилтнуудтайгаа хуваалцахаар өнөөдрийг хүртэл чармайж ирэв. Киосэра компанийн амжилтын талаар надаас асуухад “Компани маань өөрийн гэсэн философитой, түүнийг нь ажилтан бүр сэтгэл зүрхээрээ хуваалцдагтай холбоотой” гэж хариулдаг юм” хэмээн дурсжээ.
Киосэра групп Америкийн цахим эд анги үйлдвэрлэлийн AVX компанийг худалдан авсны дараахан Инамори Казүо шинэ америк ажилтнууддаа зориулж өөрийн удирдлагын ухааны түлхүүр ойлголтуудыг эмхтгэн лекц уншсаныг “A PASSION FOR SUCCESS” буюу “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” нэртэйгээр ном болгон эмхтгэн гаргажээ. Тэрээр АVX компанийг худалдан авсныхаа дараа удирдлагуудыг нь огт өөрчлөөгүй агаад харин тэдний үзэл хандлагыг шинэчлэхэд голлон анхаарсан байна. Үүний дүнд тус компани зургаан жилийн дотор борлуулалтаа гурав дахин ихэсгэн 1.1 тэрбум долларт, татварын өмнөх ашгийг 6 дахин өсгөн 170 сая долларт хүргэжээ.
Амжилтад олон янзын хүчин зүйл нөлөөлөх боловч тэр дунд хамгийн шийдвэрлэх, хамгийн найдвартай нь тухайн хүний үзэл хандлага, хүсэл сэтгэлийн хүч юм. Өнөөгийн Монголд үгүйлэгдээд буй зөв үзэл хандлага, ёс суртахуунлаг байдал, гал эрмэлзэл, хамгийн гол нь хүний хувьд ноён нуруутай байхын чухлыг энэ ном сануулж байна. Чухам ийм учраас бид энэ номыг орчуулахаар шийдсэн юм.
Япон, англи, хятад, герман хэлээр дэлхийн олон оронд хэвлэгдэн гарсан энэ ном монгол уншигч таны байнгын нөхөр байж, мартсаныг сануулан, алдсаныг залруулж байхыг хүснэм.

Номын хур арвижиж,
Ноён нуруу тэгшрэх болтугай



ЭМОС Клуб
2006 оны 10 дугаар сар

2006-10-05

Семинар

Японы их сургуулиуд ихэнх хичээл нь зөвхөн лекц ороод, улирлын эцэст шалгалт юм уу, репорт бичүүлээд дүгнэчихдэг. Тийм болохоор өөрөө л хичээхгүй бол нэг их сурсан зүйлгүй төгсчих боломж ихтэй. Харин ганц "шүүсээ шахуулдаг" нь семинар юм даа. Семинар гэдэг нь ихэнх сургуулиудад 3-р курсээс эхлэн аль нэг багшийн удирдлаган дор цөөн хэдэн (6-12) оюутан цугларч, багшаас нэг их хамааралгүй, өөрсдөө илтгэл тавин, судалгаа хийн, номоо уншдаг хичээл.
Оюутнууд 2-р курсийнхээ сүүл хэсэгт семинарын багшаа сонгох гэж бөөн юм болно. Удирдагч багшийн мэргэжлийн чиглэл, семинарын хүнд хөнгөн, даалгаварын их бага, тэр ч байтугай хэр архиддагийг нь хүртэл шинжиж байж сонгодог. Гэхдээ семинарт орох эсэхийг тэгээд л шийдчихдэггүй. Товлосон семинарт нь хэт олон хүн орохыг хүсч байвал ярилцлаганд орно.
Миний хувьд маркетингийн семинарт орохыг хүсч байсан, тэгээд судалтал маркетингаар мэргэшсэн 2 л багш энэ жил 3-р курсийнхэн авна гэсэн байхаар нь харж харж нэгийг нь сонгосон. 4-р сард ярилцлага өгөхөөр очтол 26 оюутан байж байдаг юм байна. Ярилцлагын үр дүнд 10 нь хасагдаж, 11 япон, 1 хятад, 1 тайвань, 1 лаос, 1 кыргыз, 1 монгол оюутантай семинар бүрэлдэв ээ. Тэгээд бас болоогүй, 9 нь эмэгтэй гэж байгаа (манай тэнхимд эмэгтэй оюутан цөөхөн байдаг). Багш нь ч шижигнэсэн залуу.
Хичээл маань тун сонирхолтой. Маркетингийн олон чиглэлээс "Хэрэглэгчийн зан төлөв"-ийг гүнзгийрүүлж судалдаг. Michael Solomon-ий Consumer Behaviour гэдэг англи сурах бичигтэй. Долоо хоногт нэг бүлэг уншиж, япон хэлээр товчлол бичээд, семинар дээрээ уг бүлгийн агуулгыг ярилцдаг. Тэгээд 2 дахь долоо хоногт нь уг бүлэгтэй холбоотой Case Study-г 2 оюутан нь хариуцаж хийнэ. Иймэрхүү л байдалтай нэг улирал өнгөрсөн. i-Pod, mixi, Hot pepper, McDonalds, Tsubaki, LOHAS гээд Case болгон тун сонирхолтой.
Зуны амралтаар 4-р курсийнхэнтэйгээ хамт хаа нэг тийшээ явж, 1-3 өдөр хичээл хийдэг. Энэ жилийн хувьд манай семинарынхан Окинава явсан. 3-р курсийн бидэнд ч сүрхий бэлдээд байх даалгавар байгаагүй л дээ. Зуны хичээл болон янз бүрийн нийллэг, "архидалт" нь оюутнуудыг тун дотно болгох юм. Миний хувьд их сургуульд орсон эхний 2 жилээ япон оюутантай бараг үг сольдоггүй байсан гэхэд хилсдэхгүй. Гэтэл одоо семинарынхантайгаа хайр дурлалаас эхлээд л чалчиж өгнө дөө.
Энэ семестрт семинарын маань энэ хэлбэр өөрчлөгдөхгүй хэдий ч 2 зүйл нэмэгдсэн. Эхнийх нь 11-р сарын сүүлээр Кобэ их сургуулийн маркетингийн нэгэн семинарын оюутнуудтай мэтгэлцээн хийх ёстой, нөгөө нь манай семинарынхан 5 багт хуваагдаж, MarkStrat хэмээх Marketing Simulation Game тоглоно. Мэтгэлцээн ч нэг их сонирхол татахгүй байгаа. Харин симуляц тоглоом маань амьдрал дээр жинхэнэ компанийг удирдах, маркетингийн дүн шинжилгээ хийн, компаниа амжилтанд хүргэх арга техникт сургах байх гэж тун найдаж байгаа. Одоо дөнгөж дүрмийн номоо уншиж байгаа. Ирэх долоо хоногоос эхлээд 7 хоног болгон багууд Decision хийж, түүнийг нь компьютерт нэгтгээд тухайн компанийн хувьцааны үнэ гэх мэт үзүүлэлтийг гаргаад ирнэ. Би багийнхаа гаргасан шийдвэр болон амжилтуудыг блогтоо тухай бүрт нь бичээд явъя гэж бодож байгаа.

Өөрийгөө хичээлдээ улам дуртай болж байгааг мэдрэх маш гоё юм. Одоо өглөө эрт босдог болчихвол ч...

2006-10-04

Би завтай хүн

Блоггер анд Хишгээгийн цаг, завын тухай бичсэн бичлэгийг уншаад нэгийг бичмээр санагдлаа.

Би их сониуч болохоор янз бүрийн зүйлс оролдох туйлын дуртай. Багаасаа л ээждээ "холион бантангийн цуглуулга" гэж хэлэгдсэн, юм юм руу үсчсэн, тэгж байгаад л шохоорхол нь буураад ирэхээр хаячихдаг хүүхэд байлаа. Гэхдээ мэдээж дуртай зүйлсээсээ бол уйдахгүй л дээ.

Блогийг тэр л янзаар шохоорхлын үүднээс эхэлсэн. Эхэндээ өдөр болгон бичлэг оруулах гэж хичээдэг байсан, тиймдээ ч блогоо "Өнөөдөр" гэж нэрлэсэн хэрэг. За тэгээд хагас сар хэртэй өдөр болгон бичлэг оруулав аа, тэгсэн уйдаж эхлэх шинжтэй. Бичиж байгаа зүйлс маань ч "бантангийн жор" тийшээ хандаад явчихав. Заримдаа найз нөхөдтэйгээ хонуут өнжүүтээр наргих хэрэг ч гарна.

Ингээд л блог бичиж эхэлсэн үеэсээ огт өөр бодолтой болчихож байгаа юм. Блог маань надад ч бас үр ашгаа өгөхгүй бол бичих ямар хэрэг байна вэ гэсэн бодол төрөөд, хүнд хэрэгцээтэйгээсээ гадна өөрт хэрэгцээтэй зүйлс бичдэг болъюу гэж шийдээд өдийг хүрсэн билээ. Гэхдээ заримдаа ч мунхаглал сараачдагаа нуух юун.

Хүн гэдэг сэрүүн байхдаа өч төчнөөн зүйлсийг бодож, сэтгэж байдаг. Даанч ихэнхийг нь хэсэг хугацааны дараа санадаггүй. Муу бодлыг ч яахав мартаж л байвал сайн. Харин сайн сайхан бодлыг, өөртөө эрч хүч өгөх санааг мартмааргүй байна. Ингэхэд минь таны тольдож буй энэ блог надад тус болдог юм. Өөрөөр хэлбэл, Төгсөөгийн дурьдсанаар Өнгөрснийг мартахгүй гэж өөртөө зориулан бичиж байгаа маань энэ.

Бас нэг шалтгаан нь сурах үйлстэй холбоотой. Аливаа зүйлсийг суралцан, өөрийн болгох хамгийн үр дүнтэй арга нь "бусдад зааж өгөх" байдаг юм байна. Их сургуулийн лекц л гэхэд 5-хан хувийн үр дүнтэй байдаг бол бусдад зааж өгснөөр та 90 хувийн үр ашигтайгаар суралцаж чадна. Тийм ч учраас ирээдүй рүүгээ тэмүүлж буй залуус маань блог бичиж байх нь хэрэгтэй юм болов уу гэж бодно.

Цаг завын тухайд хэдэн үг хэлэхэд, намайг яаж энэ их ажлыг амжуулдаг байна аа гэж дуу алддаг хүн олон байдаг. Тэр дуу алдан гайхахад хүргээд байгаа би гэдэг хүн нь хичээл номынхоо хажуугаар сайн дурын 3 байгууллагыг удирдах үйлст хүчин зүтгэхээс гадна 3 вэб хуудас ажиллуулж, Асуулт самбарт модератор гэх зэрэг зүйлс л хийдэг хэрэг. Би их унтамхай хүн, амралтын өдөр 12 цаг унтах маань энүүхэнд. Түүнээс гадна мессенжэрээр чатлах, вэб хуудас хэсэх, найз нөхөдтэйгээ наргиж цэнгэх гээд л ихэнх цагаа үрнэ. Зөнгөөрөө байгаад байя гэвэл залхуугийн туйл л даа.
Гэтэл Японы аж үйлдвэржилтийн эцэг Шибүсава Эй-ичи л гэхэд амьдралынхаа туршид 500 гаруй компанийг байгуулан, нэгэн зэрэг хэдэн арван компанийн удирдлагад ажиллаж байсан гэдэг. Надтай харьцуулшгүй байгаа биз дээ. Надаас илүү их ажилтай хүн энэ хорвоод өч төчнөөн байгаа. Тиймээс би өөрийгөө завгүй гэж хэлэх эрхгүй хүн. Тийм ээ, би завтай хүн билээ. Тэгж яривал та ч завтай, худлаа гэвэл түрүүний бүтэн сайнд та яалаа даа? хэхэ. Хэн ч гэсэн ямар нэг ажлыг бүтээе гэж хүсвэл зав гаргаж чадна шүү дээ. Бид бүгд завтай хүмүүс. Энэ их завтай цагаа өөрт хэрэгтэй, бусдад ашигтай үйлст зарцуулцгаая.

2006-09-30

Боловсролоос түрүүнд "сэтгэлийн ноён нуруу"-г хөгжүүлцгээ!

Накасонэ Ясүхиро (Японы ерөнхий сайд асан)



2004 оны 12-р сард гаргасан судалгаагаар Японы 15 настнуудын боловсролын доройтол тодорхой гарч ирэв. Хамгийн эмзэглүүштэй нь, уншиж ойлгох чадвар буюу "логиктой сэтгэх чадвар" гэсэн үзүүлэлтээр 8-р байраас 14-р байр луу ухарсан үзүүлэлт гарчээ.

Энэ юуг илэрхийлж байна вэ? Миний хувьд, боловсролын талаарх эрт эдүгээгийн ойлголтод буй алдаа дутагдлын илрэл болсон, (дэлхийн хоёрдугаар) дайны дараах боловсролын системийн гажиг нь нууж хаах аргагүй болтлоо архагшсан нь энэ гэдгээс өөр бодол төрөхгүй нь.

Миний бага сургуулийн нэгдүгээр ангийн багш Очиай Тацүжи гэдэг ачит хүн байсан юм. Сурагчдаа хайраар өлгийдсөн, нас тогтсон болоод ч тэр үү, хүнийхээ хувьд өсч хөгжсөн багш байсан болохоор сурагчиддаа хайрлагдсан хүн байжээ. Би Очиай багшаар "сэтгэлийн ноён нуруу"-гаа тэгшлүүлсэн хэмээн одоо ч талархаж явдаг юм. Тийм ч учраас хуримын ёслолдоо багшийгаа гэрчээр урьсан билээ.
Сэтгэлийн ноён нуруу буюу ухамсрын боловсрол гэдэг нь худал хэлэхгүй, эцэг эхээ дээдлэх, хүн болж төрснийхөө хувьд амьдрах үндсэн зарчим юм.
Бага сургуульд (6-12 нас), багш хүн сурагчдаа чанд хатуу байдал, хайр энэрэлийг хослуулан байж элдвийг зааж сургах ёстой. Дунд сургуульд (12-15 нас) ороход гэр бүл, ертөнц зэрэг өөрийн эргэн тойрон дахь зүйлсийн хамаарлыг ойлгуулна. Ахлах сургуульд (15-18 нас) хүсэл зориг, их сургуульд (18-22 нас) хариуцлагатай байдлыг зааж сургах нь сургууль тус бүрийн үүрэг биз ээ.

Гэтэл дайны дараах боловсролын систем нь өөрийгөө хянах чадвар, ёс суртахууны бэлтгэлийг заалгүйгээр Америкийн боловсролын чиглэлийг тэр чигээр нь хуулбарлаж, хувь хүний онцлог, идэвхтэй байдал зэргийг үнэлж, зааж сургахыг эрмэлзэж иржээ. Чөлөөтэй байдал гэдгийг буруугаар ойлгоод, "дураараа дургих" нь үнэт зүйл болон хувирсан байна.

Америкчуудад Христийн шашин хэмээх, өөрийгөө хянах ноён нуруу болох зүйл байдаг. Үүнтэй адилаар, дайны өмнөх Японд "Шүүшин" (1880-1945 онд Японы сургуулиудад эзэн хаандаа үнэнч байх, үүний тулд өтгөсийг ачлах, дуулгавартай байх, хичээнгүй байх зэргийг зааж сургадаг байсан хичээлийн нэр) хэмээх хичээл байсан нь сурагчдын тархинд өөрийгөө хянахыг суулгаж өгдөг байв. Гэтэл дайнд ялагдсанаар уг хичээлийн утга нь алдагдчихсан юм.

Боловсролын хамгийн гол үндэс нь сурагчдыг сэтгэлийн хөдлөлтэй болгох, өөрөөр хэлбэл "чулуу шиг биш" болгоход оршино. Гэтэл техникийн чанартай зүйлсийг л заахаас биш, үндсэн ноён нуруу гэж алга. Өдгөө боловсролын систем маань урсгалаараа л явж байна.

Ийм байдалтай байхад бага сургуулийн багш ч тэр, эцэг эхчүүд ч тэр, муу зүйлс хийхээс буцахгүй. Боловсролын доройтол хүүхдүүдийг нөмрөхөөс ч өөр аргагүй. Ажил хийдэггүй, хичээл сургуульд ч явдаггүй NEET гэж нэрлэгдэх залуус олширч байгаа нь ч ийм шалтгаантай гэж би боддог юм.

Би ерөнхий сайд байхдаа (1982-1987 он) ёс суртахуун, зарчмыг гол ноён нуруу болгон, боловсролын тухай хуулийг өөрчлөхөөр зэхэж байсан боловч чадаагүй. Өөрчлөлт шинэчлэлийг хамгийн ихээр эсэргүүцдэг нь төрийн албан тушаалтнууд байдаг. Тэд хэн нэгэн ахмад хүний ач тусаар дэвшиж гарч ирсэн байдаг болохоор эргээд тэднийгээ үгүйсгэж зүрхэлдэггүй. Боловсрол Соёлын Яам (өдгөөгийн Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам) өнгөн дээрээ улс төрчдийн хэлж буйг сонсч байгаа дүр эсгэн, үнэндээ юуг ч өөрчлөхийг хүсэхгүй байсан билээ. Тэр үед би "Боловсрол Соёлын Яамыг тараавал таарна" гэж хэлж ч байсан удаатай.

Гэхдээ улсын төмөр зам, цахилгаан холбооны компани зэргийн хувьчлал гэх мэт ажлуудад дарагдсаар, "За, одоо л..." гэж хэлэх мөчид миний ерөнхий сайдын сэнтийгээс буух цаг болсон байлаа. Боловсролын шинэчлэлийг хийж чадаагүйдээ одоо хүртэл харамсч явдаг юм.

Цаашид, нэн ялангуяа эхчүүдийг дахин боловсруулах хэрэгцээтэй биз ээ. Дайны дараа генерал Макартур ардчиллыг Японы эхчүүдэд зааж сургахын тулд "Эхчүүдийн дугуйлан" байгуулж байсан. Үүнтэй адилаар "Эхчүүдийн мэдлэгт" хэмээх нэвтрүүлэг телевизээр цацах хэрэгтэй гэж бодном. Энэ л үндэсний телевизийн үүрэг билээ.

Nikkei Business сэтгүүлийн 2005 оны 1-р сарын 10-ны дугаараас орчуулав.


Японы ерөнхий сайд байсан хүний боловсролын талаарх үзэл бодол ийм байна. Монголчуудад маань ч бас хэрэгтэй, санаа авууштай зүйлс олон байгаа учир орчуулахыг зориглон оролдлоо.

Тухайлбал, шашин гэдэг зүйл ард түмэнд жинхэнэ утгаараа хэрхэн хүрдэг тухай Христийн шашны жишээгээр тайлбарласан байна. Тэд 7 хоногийн Ням гариг болгон сүмд очиж, Библиэ уншиж, үйлдсэн нүглээ наминчлан, сэтгэл санаагаа ариусгадаг.
Харин Монголд маань ямар нэг зүйл болохгүй бол хэн нэгэнд даатгаад, мөнгө төлж ном уншуулах, засал хийлгүүлэх мэтээр аргалаад л болчихдог. Сэтгэл санаагаа ариусгаагүй байж, зөв шударга амьдрахын тухай санахын ч хэрэггүй. Өөрийн буруу үйлээ өөгшүүлсээр, үр хүүхэддээ буруу үлгэр дуурайл үзүүлж буйгаа ч анзаарахгүй юм даа, хөөрхий.
Өөрөөр хэлбэл, шашин бол мухар сүсэг биш, ариусал, гэгээрлйин зам мөрийг заагч байх ёстой гэсэн санаа гарч ирж байна. "Санаа сайн бол заяа сайн" гэсэн үгийг үлдээсэн ард түмний үр сад өнөөдөр ганц зоосны төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй нүгэлтнүүд болжээ.

Түүнчлэн, өгүүллийн төгсгөлд үндэсний телевизийн үүргийн талаар дурьдсан байна. Үнэхээр Монголд маань "Боловсролын суваг", мэдлэг, мэдээлэл, ариусал, хүний ноён нурууг зааж сургах, үргэлж үглэж байдаг "чалчаа" нэвтрүүлгүүд мах сүүнээс илүү хэрэгцээтэй байна.

Сэтгэл хоосон бол тархи хоосон, тархи хоосон бол ходоод хичнээн дүүрэн байгаад ч амьтнаас ялгагдах зүйлгүй болно.

Хүмүүс ээ, та бүхэн эргэн тойрноо ажиглаач! Таны хайр энэрэл, үлгэр дуурайл гэр бүлийнхэн, найз нөхөд, ойр дотныхонд тань дутагдаж байгаа юм биш биз?

Зарим хүмүүс ширээний ном гэж ярих дуртай байдаг. Би өмнө нь "нэг номыг ширээн дээрээ байнга байлгаж, дахин дахин унших ямар хэрэг байна аа, ямар мартамхай хүн байгаа биш" гэж боддог байлаа. Гэтэл хүн гэдэг мартамхай байдаг нь үнэн аж. Өнөөдөр нэг номыг сэтгэлээ ариустал, амьдрах эрч хүч төртөл уншлаа гэхэд 7 хоногийн дараа өнөөх л залхуу лазан байдал дийлж эхэлнэ. Ийм учраас би, та, бүгдээрээ ёс суртахуун, амьдралын философийн талаар өгүүлсэн номыг ширээний ном болгоцгооё. Ном уншицгаая. "Сэтгэлийн ноён нуруу"-гаа хөвчилцгөөе.

Агьнууд Х.Зоригт
2006.09.30

Саналаа өгнө үү

Passion - Аль дизайныг сонгох вэ?

2006-09-21

Окинава арлаар...

Аяны богцоо задлахуй



Японы хамгийн урд захын муж Окинава. Гол дөрвөн арлаасаа нэлээд зайтай тул байгаль цаг уур нь ч, хүн ардын соёл нь ч өвөрмөц юм. Хятад, Тайваньд ойрхон оршдог онцлогоосоо болоод Хятадын соёл хүчтэй нөлөө үзүүлсэн бололтой. Үндэсний хувцас нь ч нүд гялбам.

Ямар нэг зүйлийн тухай ярихын тулд түүхээс нь эхлэх нь зүйн хэрэг. Окинава нь 1872 оноос өмнө албан ёсоор Японы хэсэг биш, Рюүкюү хэмээх вант улс байжээ. Мэйжигийн шинэчлэлээр хөгжлийн замдаа орсон Япон улс Окинаваг 1872 онд өөрийн мэдэлд оруулахад Манж Чинь улс эсэргүүцэж байсан баримт байх юм. Дэлхийн хоёрдугаар дайны хөлд нэрвэгдэн, дайны дараа АНУ-ын мэдэлд ороод, 1972 онд буцааж авсан юм байна. Окинавад АНУ-ын Номхон далайн цэргийн бааз үлдсэн тул одоо ч Америкийн нөлөө их бололтой. Сүүлийн үед Orange Range, Нацүкава Рими зэрэг Окинавагийн хамтлаг, дуучид Япон даяар алдаршиж, дотоодын жуулчдын тоо өсөх хандлагатай байгаа гэсэн. Доорх бичлэгээс Окинава аялгууг мэдрээрэй.



Нахагийн нисэх буудалд буугаад, онгоцны цонхоор харахад Японы өөрийгөө хамгаалах хүчний байлдааны онгоцнууд зогсч байгаа нь тун ч сүрдэм байлаа.

Окинавагийн гол арал нь хойноос урагш сунасан хэлбэртэй бөгөөд, арлын өмнөд хэсэгт байдаг, засаг захиргааны төв Наха хотод л monorail байдаг учраас тээврийн гол хэрэгсэл нь автомашин бололтой. Бид ч суудлын тэрэг түрээслэн, арлын төв хэсэгт байх Дорнод Хятадын тэнгисийн эрэгт байрлах зочид буудлаа зүглэсэн. Замын баруун талд төмөр тор татсан хашаа харагдаад байдаг, гэтэл машины Navigator-ын газрын зураг дээр саарал юм л гараад гайхаж байтал удахгүй нөгөө Америкийн цэргийн бааз болох нь тодров. Сонирхолтой нь баазын дотор Америкийн хууль үйлчилдэг бөгөөд, тэр ч байтугай цагдаа дуудъя гэвэл 911 рүү залгадаг, Японы дугаар луу улс хоорондын эрхээр л ярьдаг юм байна. Ингээд Moon Beach хэмээх үзэсгэлэнт эрэг дээр байрлах зочид буудалдаа хүрэв.

Эхний өдрөө далайн усанд орж, эрэг дээр нь тоглож өнжлөө. Далайн хар шуурга ойртож байгаа сураг гарч, бяцхан сэтгэл түгшиж л байлаа. Азаар миний байсан Окинавагийн гол арлаас бага зэрэг зайтай өнгөрч, салхины хэмжээ ч ямар нэг хохирол учруулахааргүй байсан уг хар шуургаар Кюүшү аралд хүний амь эрсэдсэн байсан шүү.

2 дахь өдөр нь арлын хойд хэсэгт байрлах Чираүми аквариумд гүн цэнхэр ертөнцийн гайхамшгийг үзэж тольдов.

3 дахь өдөр нь Окаши готэн хэмээх бэлэг дурсгалын дэлгүүр бүхий том төвөөр орон бага зэрэг наймаа хийгээд, American Village-ийг зорив. Уг нь тэнд очигсод алсыг харагчид сууж, Окинаваг өндрөөс хардаг юм гэсэн. Гэвч яг тэр үед салхи нэлээн хүчтэй болж, аадар бороо орсон учраас олигтой зүйл үзэж чадсангүй буцсан билээ.

Сүүлийн өдөр олон зүйлийг амжууллаа. Өглөө эртлэн босоод ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Шүри цайз, дэлхийн 2-р дайны сургамжийг сануулах Химэюри цамхаг, Энхтайвны музей, Наха хотын гол гудамж болох Кокүсай доори, зах гээд л хэсч өглөө. Ер нь л жуулчдад зориулсан гарын авлагад байдаг, Окинавагийн сонирхолтой зүйлсээс нэлээдийг үзэж амжсан шүү.

Хамгийн сэтгэлд хоногшсон нь Химэюри. 1944 оны 4-р сард охидын ахлах сургуулийн дөнгөж 13-17 настай бяцхан сурагчдыг дайны тэргүүн фронт руу цэргүүдийн сувилагч, асрагчаар явуулж, дайнд ялагдах нь тодорхой болоод ирсэн 6-р сарын 18-нд тарах тушаал өгсөн аж. Мэдээж дайсан хэдхэн алхмын цаана байгаа, ухрах газар үлдээгүй тэр үед "Америкийн цэрэгт баригдвал тамлуулж үхэх" учир амиа хорлож үхсэн, мөн дайны суманд өртөж нас барсан сурагчдын тоо 200 гаруйд хүрчээ. Мэдээж амьд үлдэгсэд нь ч маш хүнд хэцүүг давсан юм. Аав ээждээ эрхэлж байх ёстой охид шархадсан цэргийн тасархай гар хөл, ялгадсыг зөөж, харанхуй нүхэнд амьдарч байсан нь юутай эмгэнэлтэй. (Зураг дээр: Himeyuri Monument. Амь үрэгдэгсдийн нэрийг дээр нь бичжээ)

"Муу хүн идсэн ууснаа" гэдэг ч Окинавагийн хоолноос сонирхуулахгүй байж чадахгүй нь. Ерөнхийдөө далайгаар хүрээлэгдсэн тул загас, далайн ургамал амьтанг түлхүү хэрэглэдэг бололтой. Далайн усан үзэм, гахайн шийр, гэдэс, мэлхийн гуя, янз бүрийн загас гээд л... Амттай ч юм билээ. (Зураг дээр: далайн усан үзэм)

Товчхон хэлэхэд энэ арлын соёл, байгаль нь их таалагдсан. Та ч бас боломж гарвал очиж үзээрэй.

2006-09-19

Зуны амралт

Амралт эхлэнгүүт Монгол яваад, блогоо бичсэнгүй нэлээд удчихсан байна шүү. Сар гаруй Монголдоо байсны эцэст Японд ирээд, маргааш нь л Окинава явж хэд хоноод өчигдөр гэртээ ирэв.

Монголдоо очоод эхний үед нэлээд завгүй байсан. 8-р сарын 13-нд "Тойрог" сан маань Монгол-Япон Төвд Японы "Онигири-таи" хэмээх байгууллагатай хамтран "Хоол ба эрүүл мэнд" сэдэвтэй сургалт зохион байгуулж, хүрэлцэн ирсэн монголчуудынхаа эрүүл мэндийн мэдлэгт дусал ч атугай нэмсэн байх гэж бодож байна. Хүмүүсийн өөхлөгийн үзүүлэлт зэргийг тусгай багажаар хэмжин, хоол ундандаа анхаарах хэрэгтэй болоод буйг нь тов тодорхой мэдрүүлсэн тул үр дүнтэй болсон гэж нэлээд найдаж байгаа. Ерөнхийдөө хүрэлцэн ирэгсдийн дундаж үзүүлэлтийг харахад монголчуудын дунд таргалалт элбэг байгаа нь харагдаж байлаа.

8-р сарын 17-нд "Найрамдал" зусланд мөн л "Тойрог" сангийн сургалт явагдаж, тэнд амарч байсан хүүхдүүдийг хамруулсан. Гишүүд маань Японы цайны ёслол, ресторанд хооллох соёлоос танилцуулж, Японд суралцах боломж, Японы боловсролын системийн талаар мэдээлэл өгч, хөгжилтэй тоглоомоор дамжуулан нийгмийн харилцаа, хүнтэй харьцах чадварыг дээшлүүлэх зэрэг арга хэмжээнүүд явуулсан. Оролцогч хүүхдүүдийн сэтгэгдлийг уншиж үзэхэд тэдэнд таалагдсан бололтой. Дараа нь өөрсдөө нэг хоног амарч, алжаалаа тайлсан минь миний Монголд байхдаа Улаанбаатараас гарч, цэнгэг агаарт амарсан бараг ганц тохиолдол болов. Уг нь харих болгондоо л хөдөө явах юмсан гэж боддог боловч амжихгүй байсаар буцаж ирдэг нь харамсалтай.

За тэгээд, 8 сарын сүүлчээс эхлээд ямааны ноолуур, тэмээний ноосон эдлэлийн "Гоёо" компанийн маркетингийн албанд дадлага хийдэг хүн болов оо. Даанч 2 долоо хоног хийхээр төлөвлөж байсан дадлагаа тодорхой шалтгааны улмаас хэдхэн хоногт дуусгав. Үр дүнгээ ч харж чадсангүй. Энэ нь намайг нийгмийн амьдралд бэлэн бус байгааг харуулсан том сургамж, хичээл болсон билээ.

Зуны амралтын хугацаанд Баабарын "Нүүдэл суудал"-ын 2 боть ном л унших шив. Баабар ч лут юм аа. Одоо харин амралтынхаа үлдсэн хугацаанд жаал ном унших санаатай байгаа.

Нээрээн ЭМОС клубын маань шинэ бүтээл удахгүй хэвлэгдэх байх. Тэр үед нь дэлгэрэнгүй танилцуулах болно. ЭМОС клуб гэснээс Монголд байгаа гишүүд 8 сарын 16-нд цуглаж уулзалдсан. Интернэтээр хоорондоо харилцдаг бидний хувьд ингэж уулзалдах нь тун ховор. Миний хувьд олон гишүүнийг анх удаа харж байгаа нь тэр. Гэтэл нэг гишүүн маань удахгүй хуримаа хийх гэж байгаа гээд, бидэнд урилгаа гардуулав. Анх удаа уулзаж байгаа хэдий ч хуриманд нь уригдана гэдэг хэдэн жилийн өмнө бол санаанд багтамгүй зүйл билээ. Ертөнц маань хувьсан өөрчлөгдөж, дэлхийн хаанаас ч хүнтэй танилцаж, нөхөрлөх боломжтой болжээ.

Гэснээс ЭМОС клуб маань намайг зохицуулагч болсноос хойш нэг л идэвх нь сулраад, заримдаа өөрийгөө буруутгах үе гарах юм. Миний лидершип хүрэлцэхгүй байх шиг... Гэхдээ удахгүй шинэ төсөл хэрэгжүүлж эхлэхээр байдал дээрдэх байх гэж найдаж байна.

Монголоос ирэхийн өмнөх өдөр "Шинэ Монгол" ахлах сургууль дээр очиж, хүүхдүүдтэй нь уулзалт хийв. Над шиг үг дуу цөөтэй, ярихдаа тааруу хүнд олон хүний өмнө ярих хэцүү байдаг ч сайхан хүлээн авч, халуун дотно яриа өрнүүлсэн. Ямар ч байсан олон нийтийн ажил хийхэд олж авах мөнгөөр хэмжигдэхгүй тэр үнэт зүйлсийг сурагчдын зарим нь ойлгож авсан байх гэж найдаж байгаа.

Эцэст нь, миний харьяалагддаг семинарынхан маань миний хувьд аялал болсон зуны сургалт Окинавад хийж, түүндээ яваад ирсэн. Японы их дээд сургуулийн төгсөх ангийн оюутнууд дипломын ажлаа зуны хугацаанд хэрхэн амжуулснаа тайлагнаж, түүнийг нь 3-р курсийнхэн нь сонсон, ирэх жил дипломын ажлаа хэрхэн бичих талаар судалдаг юм л даа. Энэ нь семинарын багш оюутнуудыг дотно болгоод зогсохгүй амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх нэг сайн арга юм. Окинавад болсон нь миний хувьд зардал өндөр гарч буй нь хүндрэлтэй хэдий ч хэзээ нэгэн цагт очиж үзэх юмсан гэж бодож байсан учраас тун баяртай байгаа. Аян замын тэмдэглэлийг удахгүй блогдоо бичих болно.

Зуны амралтын "тайлан"-г үүгээр өндөрлөе. Удахгүй уулзтал түр баяртай.

2006-08-03

Найзууд аа, ном солилцож уншицгаая

www.billmonk.com хэмээх сайтыг сая олж мэдлээ. Надад урилга явуулсан Дэрмээд баярлалаа.

Энэ сайтын тухай www.billmonk.com/about/tour хаягаар орж үзээрэй. Өөрт байгаа номнуудаа жагсаалтанд оруулчихад, найз нартаа зээлүүлсэн ном, тэднээс зээлж уншиж буй ном зэрэг мэдээллүүд харагддаг юм байна. Өөрөөр хэлбэл, хэний ямар ном хаана яваа нь найзуудад нь харагдах юм шиг байна.

Надтай ном солилцох боломжтой, ойр хавьд байдаг хүмүүс надад хэлбэл урилга явуулж болно шүү. Ялангуяа манай сургуулийнхан сурах бичгээ солилцож байхад хэрэгтэй юм байна гэж бодлоо.

Уг нь ч найз нар хоорондын мөнгөн өр зээлийн асуудлыг бас хялбараар шийдэх гэж оролдсон байгаа нь тун дажгүй ч одоохондоо номын хэсгийг нь ашиглая гэж бодож байна.