2009-02-27

Хямралын хачирхалтай нөлөө

1. Эмэгтэйчүүд урт юбка өмсөж эхэлнэ.
Эдийн засаг хямрахад хүмүүс консервативаар сэтгэж, аливаа юманд хаширлаж ханддаг болдог. Үүний илрэл нь эмэгтэйчүүдийн юбка. Мини юбка нүдний гэм болно.

2. Шилдэг боловсон хүчнүүд төрийн албанд орно.
Хувийн хэвшлийнхэн хэзээ ч цомхотголд өртөж болно. Харин төрийн албаны орон тоо харьцангуй тогтвортой байдаг тул боловсрол мэдлэгтэй залуус төрийн албыг сонирхож эхэлдэг.

3. Хүмүүс тэтгэвэртээ суухыг үл хүснэ.
Тэтгэвэрийн мөнгө нь амьдралд хүрэлцэхгүй гэж бодох тул тэтгэвэрийн насанд хүрсэн ч ажлаасаа гарахыг хүсэхгүй хүн олширно. Үүний үр дүнд ажлын байрны хомсдол улам нэмэгдэж, эдийн засаг чөтгөрийн тойрогт ордог.

4. Авлига ихэсдэг.
Пүүс компаниудын хүлээж авах ажлын захиалга багасдаг учраас улсын төсвийн мөнгөөр хийх ажлуудыг ямар ч үнээр хамаагүй авч хийхийг хүснэ.

5. Цэргийн алба хаах хүсэлтэй залуус олширно.
Эдийн засаг хямарч байх хооронд цэргийн алба хаагаад авбал ганц хоёр жил хоол ундандаа санаа зовохгүй амар хялбар амьдарч болох нь ойлгомжтой.

6. Хүлэмжийн хийн ялгарал багасч, цэлмэг өдрийн тоо нэмэгдэнэ.
Бараа бүтээгдэхүүнүүдийн борлуулалт муудсанаас үйлдвэрүүд хэсэг хугацаанд үйлдвэрлэлээ зогсоож буй.

7. Шашин шүтэгсдийн тоо нэмэгдэнэ.
Тогтворгүй байдал зэрэг нь далдын хүчинд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.

8. Хувийн сургуульд элсэгчдийн тоо буурна.
Болсон болоогүй хувийн сургуульд элсч байснаас ажил хийж орлого олон, гэр орондоо нэмэр болохыг эрмэлзэнэ.

9. Гадаадад суралцах, аялах хүний тоо буурна.
1-рт дурьдсанчлан хүмүүс консерватив хандлагатай болдог. Иймээс даяаршлыг үл таашаагчид олшрох бөгөөд энэ нь гадаадад суралцагч, жуулчдын тоог бууруулдаг.

2009-02-17

Японы сангийн сайдын "мансуурсан" хэвлэлийн бага хурал


Японы сангийн сайд Накагава Ромд болсон G7-гийн сангийн сайд нарын уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр хөгөө тарив.
Эх орондоо эргэж ирмэгц сөрөг хүчин түүнийг огцруулах шаардлага тавих нь тодорхой болмогц өөрөө огцрох бодолтой байгаагаа зарласан.
Уг нь бол мориноосоо унадаг монгол даргатай адилхан, ер нь бол идээний дээдийг шаггүй хүртчихдэг хүн гэгддэг боловч Ромд чухал ажилтай очсон болохоороо ханиадаа хүндрүүлэхгүйн тулд ханиадны эмийг давхарлаж уусан юм билээ. Үдийн зоогийн үеэр франц хоол идсэн тул вино байсан, гэхдээ хундага тулгаад, уруулаа л хүргэсэн гэх. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ханиадны эм бага зэрэг алкохолтой холилдоход л хүнийг ийм нойрмог, мансуурсан байдалтай болгох чадалтай юм байна.
Хэдий тийм байсан ч Японы нэр хүндийг нэлээд унагаж орхисон сайд эрүүл мэндээ хянаж чадаагүй, улс эх орондоо төвөг учрууллаа гэдэг шалтгаанаар огцрох болж байна.

Монголд харин дарга мориноос унаснаа "Бүх монголчууд мориноосоо унадаг учраас дарга ч унах эрхтэй" гэж цайруулсан бол Японд дарга "ханиад ч хүрч болдоггүй" гэдэг нь энэ буюу.

2009-02-03

Мориноосоо унадаг монгол дарга

Ерөнхий сайд С.Баяр мориноосоо унаж, нуруугаа бэртээн хэвтрийн дэглэмд орсон тухай мэдээ өнөөдөр нүдэнд өртөв.
Өмнө нь ЮүТүбээр ерөнхийлөгч Н.Энхбаярын мориноос унаж буйг харуулсан бичлэг үзэж байсан юм байна. Тэгэхээр чинь манай дарга нар морь унах, мориноос унах хоббитой юм уу даа гэж бодогдмоор...
Гэтэл үүнийг чинь гадаадын дарга нар ойлгохгүй л дээ. Яагаад гэвэл тэд нар мориноос унах нь битгий хэл машинаасаа унаж үзээгүй улс. Ижил мөрнөөр нутагтай, монгол цустай, Үлэмжийн удмын хүү Кирсан Монголд айлчилж байгаа тулдаа байдлыг ойлгож байгаа байх. Халимагаас өөр орны удирдагч манайд айлчилж ирсэн байхад манай ерөнхий сайд мориноосоо унасан гэсэн шалтгаанаар уулзалтаа "тасалбал", тайлбарлаж ойлгуулах гэж хөөрхөн зүдрэх л байсан байх.

Тэр морь нь ч гэж морь. Том даргын унаа байж, номхон зогсч байгаад унуулчихгүй. Аягүй л бол манай даргыг дөчин мянгатад төрж өссөн, морь малаас хол, хотын сэхээтэн айлын хүүхэд гэдгийг туслахууд нь урьдчилж тэр моринд хэлээгүй дээ.

Дарга минь бас даанч яав даа, Хандгайтад цанаар гулгаж яваад шууд өмссөн хувцастайгаа очоод морь (мориноос) уначих гэж... Ажлын албаныхан нь юу хийж байдаг улс вэ! Ерөнхий сайд чинь ганцхан өдөрт мааш олооон ажил амжуулж байдаг, тэр болгонд нь тохирсон хувцсыг нь бэлдэж өгөх үүрэгтэй баймаар, ядаж л манай ерөнхий сайд чинь "өрх толгойлсон ганц бие эр хүн" шүү дээ.

Эмээл нь ч гэж эмээл... Том дарга юм чинь том гуталтай байна гэж мэддэггүй юм байх даа, дөрөөнд нь хөөрхий гутал нь багтаагүй гэж байна шүү дээ.

За за дэмийрэх ч яахав, хүн шоолж байж өөрөө дэншанаасаа* унах вий...

* Дэнша - цахилгаан тэрэг гэсэн утга бүхий жийбэн үг.

Хэнд мэдээлэл байна, түүнд эрх мэдэл бий

Сонингоор ялаа, улс төрч хоёрыг алж болдог.

Тэртээ 19-р зуунд Натан Ротшильд өөрийн бий болгосон мэдээллийн сүлжээгээ ашиглан, Ватерлоогийн тулалдаанд Наполеоны арми ялагдсан болохыг бусдаас түрүүлж мэдмэгцээ өөрийн эзэмшиж байсан хувьцаагаа Лондонгийн хөрөнгийн биржээр зарж эхэлсэн гэдэг. Түүнийг өөрийн гэсэн сүлжээтэй гэдгийг мэдэх хүмүүс Наполеон ялснаас зайлахгүй хэмээн сэтгэж, дагалдан баясч хамаг хувьцаагаа зарж, үнэ нь навс унамагц хөрөнгийн бирж хаахаас өмнөхөн Натан буцаагаад бүгдийг нь худалдаад авчихсан. Ингээд тэр өөрийн хөрөнгөө ганцхан өдрийн дотор 2500 дахин өсгөж чадсан, үүнээс хойш зуу гаруй жилийн турш Ротшильдийн удмынхан Европын банк санхүүгийн салбарт ноёрхсон нь түүхэн үнэн билээ.

Өнгөрсөн зуунд компанийн баялаг нь хүн, мөнгө, эд зүйлс гэж хэлдэг байсан бол одоо дээрээс нь мэдээллийг оруулж хэлэх нь элбэг болсон байна.

Социалист нийгмийн үед ард түмний мэдээлэл олох эрх чөлөөг хаан боогдуулснаараа эрх баригчид эрх мэдлээ хадгалж үлддэг байсан.

Энэ бүхэн мэдээллийн хүч чадлыг илтгэж буй хэрэг. Ямар сайндаа л сонин хэвлэлийг "Дөрөв дэх засаглал" гэж нэрлэж байхав. Хамаг мэдээлэл тэнд цуглардаг учраас тэд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалтай эн зэрэгцэн улс орны амьдралд нөлөөлж чаддаг байлаа.

Харин интернэт хөгжсөнөөр мэдээллийг хэн хүссэн нь хялбархан олж авах боломжтой болоод буй хэдий ч үүнтэй холбоотой янз бүрийн асуудлууд ургаж гарсаар байна.

Нэгэн жишээ, Телевиз сонин хэвлэлүүд амархан худалдагдаж буй нь ард түмэнд муугаар нөлөөлж байна. Үнэхээр хийж бүтээе гэсэн сэтгэлтэй сайхан залуусыг мөнгөтэй луухгарууд архинд дуртай нэг сэтгүүлчийн дотрыг халаагаад л захиалгат нийтлэл бичүүлэн, "чигчий хуруугаараа няслан" унагана. Саяхны хэдэн өдрийн "Сүү" компанийн эсрэг чиглэсэн хурц үзүүртэй зүү ч үүний тод жишээ.

Нэгэн жишээ, Монголын сайтууд гишүүдийн бүртгэлээ компаниудад зараад байх шиг ээ. Уг нь хальт харахад хувийн нууцлалыг хамгаална энэ тэр гэсэн заалтууд байх шиг байгаан. Гэхдээ л "Хэн биднийг хэлэхэв" гэсэн шиг янз бүрийн компаниудад мэйл хаяг гэх мэт мэдээллийг нь зардаг, худалдаж авсан компаниуд нь "Мэйл маркетинг" гэдэг хээнцэр нэрээр халхавчлан ямар ч ёс суртахуунгүй зүйл хийж байна.
Угтаа мэйл маркетинг нь тухайн мэйлийг хүлээн авагч өөрөө нөхцлийг хүлээн зөвшөөрч, мэйл хаягаа өгсөн тохиолдолд л мэдээлэл илгээх байдлаар хэрэгждэг. Гэтэл миний мэйл хаягаар л гэхэд нэр бүхий хэдэн компаниас байнга л сурталчилгаа бүхий мэйл ирэх болов. Ядаж Гүүгл ах шиг миний юунд дуртайг мэдсэнийхээ дараа сурталчилгаа ирүүлэх хэрэгтэй ш д. Миний огт сонирхдоггүй сэдвээр, эсвэл намайг эмэгтэй гэж андуурсан гэмээр, эсвэл мөнгөө үрж ядсан баян хүн байгаа юм шиг мэйлнүүд л ирэх юм.

За за үг олдож, үхэр холдлоо. Хэт нуршаад байгаа тул энд хүрээд түр завсарлая.

2009-01-20

Санаж явахад илүүдэхгүй онлайн луйврууд

1. Фишинг буюу хувийн мэдээллийг хулгайлах
2. Вирус, тагнуулч өтнүүд
3. "Та ялагч боллоо", "Та азтан боллоо" гэж баярлуулах сурталчилгаанууд
4. "Гэртээ суугаад хийж болох ажил", "гэртээ сууж байгаад баяжих боломж" олгодог луйвар
5. Хуурамч вэб сайтууд: Та гүйлгээ хийсний дараа худалдан авсан бараагаа битгий хэл, худалдаа хийсэн вэб сайтаа эргэж олохгүй байх магадлалтай.
6. "Санхүүгийн асуудлыг тань шийдэж өгнө" гэж байгаад улам асуудалд оруулдаг арга
7. Классифайд ба реклам: Хуурамч пойнт, төлбөрийн картууд илгээн, түүгээрээ гүйлгээ хийлгэсний дараа сүрдүүлж мөнгө авах арга
8. "Хямдхан аялал"-д дургүй хэн байх билээ. Гэхдээ ийм төрлийн луйвар элбэг байдаг.
9. Хуурамч билетийг компьютерын цаанаас хуурамч гэдгийг нь мэдэх боломжгүй л дээ.
10. SNS сайт ашигласан луйвар. Хэрэглэгчдийн тоо олшрох тусам нөгөө хүнийхээ хэн болохыг мэдэх аргагүй болно. Тиймээс SNS сайтад найз болохыг хүссэн хүн болгоныг зөвшөөрөөд байх хэрэггүй л болов уу.
Нэмэлт: Монголын сайтууд хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг бусдад зарах нь элбэг байдаг тул гишүүн болж бүртгүүлэхдээ ямар мэйл хаягаар бүртгүүлсэн нь дээр вэ гэдгээ бодох хэрэгтэй. Ялангуяа варез төрлийн буюу хууль бус мэдээлэл хүргэдэг сайтууд тун аюултай.

2009-01-18

4 нас хүрсэн блог минь

Тоосонд дарагдаж мартагдах шахсан блог минь 4 нас хүрчээ. Хүүхдээр бол ид шулганаж, элдвийг шалгаадаг үе. Харамсалтай нь өнгөрсөн жилийн хавар их сургуулиа төгсч, эрдмийн ширээний ардаас холдсоноос хойш өдөр тутмын амьдралтайгаа зууралдсаар Наран ургах зүгт шар нар бор хоногийг өнгөрөөж байгаа эзэн нь эргэж тойрох нь багассан байх юм.

Худлаа хэлсэн хүнд монгол хэлээрх анхны блог чи шүү гэж хөөргөж эрхлүүлсээр байгаад ноднин "мартагдсан аялгуу" болохыг шахсан бол энэ жил хатаж өгөршсөн хавирганы яс болон хувирсан байх юм.
Дуудах нэр нь "Өнөөдөр" юм болохоор тулга тойрсон хов жив, ойр зуурын зүйл бичмээр аядахад болох л золиг юм байгаан. Гэхдээ Монголд маань блог гэдэг зүйл хөгжиж эхлээд, гольдролоо олоод эхэлж байгаа энэ цаг үед бичгийн эрдэмд төгс нэвтэрсэн, уран хурц хэлтнүүдэд зайгаа тавьж өгьюү гэсэн бодол ч төрөхгүй биш билээ.

Өөрийгөө амьд арзайж, мэнд мэлтийж явааг түмэн олон блогчиддоо хаа нэг дуулгаж явбал болох нь тэр ээ.

2009 ондоо та бүхэн аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байж, блог болгон бичлэгээр ундарч, сайт болгон блогоор бөөлжиж байхын ерөөл тавьсу.

2008-10-10

Хан-Уул дүүргийнхэн МАХН компанид ажилд орох нь

Орон нутгийн сонгууль удахгүй болох гэж байгаа. Хан-Уул дүүрэгт МАХН-аас нэр дэвшигчид "Өрх бүрт 30 сая" гэсэн уриатай оролцож байгаа. Түүнийг өрсөлдөгчид нь бүтэшгүй зүйл гэж үзэж буйгаа тайлбарласан. Харин МАХН-ынхан аль хармаанаасаа 30 саяыг гаргаж өгөхөө яаж тайлбарлах нь сонирхлыг минь татаж байтал өнөөдөр Ньюс.мн сайт дээр ашгүй гарчээ.

4 ам бүлтэй, эхнэр нөхөр хоёулаа ажил хийдэг дундаж айлын дундаж орлого сард 500 мянга байгаа юм байх. Тэгээд бодохоор жилд 6 саяын орлоготой. Дээрээс нь МАХН компанийг УИХ-ын сонгуульд ялуулсныхаа шанд хүн бүрийн орлого 4 жилийн дараа 4 дахин нэмэгдэх ёстой гэнэ. Тэгээд бодохоор 24 саятай болж байгаам байх. За тэгээд монгол хүн болж төрснийх, алтан дээр суусан гуйлгачин гэж дуудуулахаа болих ёстой болохоор "Эх орны хишиг" 1.5 сая төгрөгийг хүн бүр жил болгон авна гээд бодохоор 4 хүнтэй айлд 6 сая төгрөг нэмэгдэнэ.
Ингээд л "Өрх бүрт 30 сая" гэсэн хөтөлбөр биеллээ олно гэж байна цаана чинь...

Байз, бодоод үзсэн чинь бидний цалинг МАХН компаниас гаргадаг болж таараад байна уу даа? Тэгэхээр бид өөрсдийнхөө төлөө, улсынхаа төлөө биш МАХН-ын төлөө ажилладаг хүмүүс болчихсон юм болов уу? Тэд бидний цалинг өөрсдийнхөө арын халааснаас гаргадгаа битүүхэн сануулж, ИТХ-ын зөөлөн суудалд залж өгөхгүй бол цалинг маань тавьж өгөхөө болино гэж чимээгүйхэн сүрдүүлж буйгаас ялгаагүй эд байна энэ чинь.

Жич: Үүнийг биччихээд, ньюс.мн сайт дээрх холбогдох линкийг нь тавих гэсэн боловч хайгаад олсонгүй, бодвол интернэтээр аялагчид хялбархан тооцоо хийгээд зүгээр л молиго болохыг нь илрүүлээд байхаар, интернэт ухагчдыг хуурч чадахгүйгээ мэдээд, бантаад авчихав уу гэж таав...

2008-10-09

Согтуу жолооч нарыг цөөрүүлэх нь

Согтуугаар машин жолоодох явдал Монголд нэлээн байдаг шинжтэй. Нэг найз нь машин барьж байхад хажуудах хүмүүс нь шахсаар байгаад уулгачихна, жаахан юм чинь мэдэгдэхгүй энэ тэр гэж байгаад л... Тэгээд осол гаргана, хүний амь нас, эрүүл мэндийг хохирооно. Аав минь авто ослоор нас барсан нь надад хүнд туссан, тэр машиныг барьж явсан залуу ч хүн дайрчихъя гэж бодоогүй нь лавтай. Тийм болохоор хувь хүмүүс зөвхөн өөрсдөө гэлтгүй, хамт яваа, машин барьж буй найз нартаа анхааруулж байцгаая гэж уриалмаар байгаа юм.

Яагаад өнөөдөр ингэж бичих болов гэхээр... Яг жилийн өмнө Японы зам тээврийн тухай хуульд өөрчлөлт орж согтуугаар машин жолоодсон хүний ялыг өмнөхөөсөө 2 дахин хүндрүүлснээс (Согтуу бол 5 хүртэлх жилээр хорих, сая хүртэлх иенээр торгох, халамцуу бол 3 хүртэлх жилээр хорих, 500 мянга хүртэлх иенээр торгох) гадна хамт явалцсан, хамт уулцсан, уух архийг нь худалдсан, машинаа унуулсан бүх хүмүүсийг хам хэрэгтэн гэж үзэж шийтгэх болсон юм. Энэ хууль хэрэгжиж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрөхөд согтуугаар машин жолоодож яваад баригдсан тохиолдол урьд өмнөхөөсөө эрс буурчээ. Хууль өөрчлөгдөхөөс өмнөх нэг жилд Фүкүока аймагт 2246 хэрэг гарч байсан нь өөрчлөлтийн дараах 1 жилд 1044 болтлоо буурсан байна.
Үүнтэй холбоотойгоор орлого нь багасч магадгүй болсон уушийн газрууд согтсон үйлчлүүлэгчээ өөрийн машинаар хүргэж өгөх, эсвэл такси дуудаж өгөх гэх мэт үйлчилгээ хүртэл үзүүлэх болсон байна.

Хамгийн гол нь хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт орж эхэлсэн нь ажиглагдаж байгаа юм. Аз таарч осол гаргахгүй байлаа ч цагдаагийн хараанд өртвөл амьдралынхаа нэлээд хэдэн жилийг торны цаана өнгөрүүлэх болохоор тэр...

Ямар ч байсан хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж болох нь харагдаж байна. Монголчууд маань ч гэсэн машин барьж яваа нэгнээ архиар битгий шахаж байгаасай, дэлгүүрүүд нь орлогоо бодож машины жолоочид архи зарахаа болиосой.

2008-09-05

Аавын дурсамж

Би айлын бага, бага ахаасаа 9 дүү хэнз хүүхэд. Эрх шар гэдэг хочтой байв шүү дээ. Алтан шар үстэй байсан чинь даахийг маань үргээсний дараа гил хар үс ургасан юм гэдэг. Аав маань их эрхлүүлдэг, ээжээсээ бол айж, хийсэн хэргээ нуудаг байлаа.

Хэдэн настай байхад юм бол доо, 6-р сарын 1 гэхэд нэг л их хүйтэн өдөр байсан юм даг, аав маань намайг эрхлүүлж хүүхдийн парк дагуулж явах даалгавар ээжээс аваад, бид хоёр гарч одов оо. 13 аашаа гарган байж хэдэн шил интоорын ундаа авахуулаад л, даавуун торонд хийж аавдаа бариулчаал, тэрнээсээ нэгийг задлаад уухаар буцааж таглаж болохгүй болохоор нэг дор бүгдийг нь год год залгилчаал жорлон руу гүйгээл...
Сюрприз гээд нэг тоглоом байдаг байсан даа, түүнд сууна гэж зүтгээд, тортой ундаагаа манаачид нь захиж хадгалуулчаад хоёулаа суув аа. Би ч хөөрч баясаад, хорвоо дэлхий эргэлдээл бөөн баяр. Буугаад харсан, аав минь гуйвчихсан, хорвоог онож ядан гишгэлээд л, тэндээсээ шууд гараад алсыг харагчид суусийм. Тээр дээр гарсан чинь өвөл шиг хүйтэн, би даараад байна гэж аашлаад, аавын цамцыг нөмөрсөн. Тэгээд ундаагаа нэхсэн чинь манаачийн шовгорт мартчихаж. Ааш хөдлөв... Харих хүртлээ үүрүүлсэн юмдаг. Ингэж нэг парк явж билээ.

5 настай байхдаа бичиг үсэг сурчихсан догь эр нэг удаа ахтайгаа цуг хүнсний 20-р дэлгүүр лүү сүүнд явав. Тэр хүртэл явж сүү авдаг байсан гэхээр ховор бараа байсан юм даг уу.
Хүнсний 20-ын өмнөх троллейбусны буудлын ард Новости агентлагийн мэдээллийн самбар байдаг байлаа. Ололт амжилтаа "дүү нар"-таа гайхуулдаг байсан юм уу даа. Тэрийг нь уншиж гэгээрч байх хооронд троллейбус ирээд, ах маань сүүтэйгээ хамт суугаад явчиж. Эргээд л харсан, таньдаг хүн харагддаггүй, холыг саравчлан харсан чинь зүүн зүгт (гэр уг нь баруун зүгт л дээ) нээх л их нүүгэлтсэн их хүмүүс явж байна. Тэр олон хүмүүс дунд ах маань байгаа байх гээд хойноос нь гүйгээд л байсан, гүйгээд л байсан, Төв шуудан өнгөрөөд тэвчээр алдагдаж асгартал орилов... Нэг ах асууж байна, иргэн Зоригт төөрсөн, ...-р хорооллын ...-р байр ... тоот (гэрийн хаягаа мэддэг онц жаал)-од оршин суугч гэдгээ мэдүүлэв. Троллейбусанд суугаад явсан чинь таньдаг газар харагдаж байна, буугаад л гэр лүүгээ харайлгалаа. Нөгөө ах чинь хөөв, гүйцэгдэлгүй явсаар гэртээ орж иртэл аав уушиг нь сагсайчихсан, ахыг хөөж явуулчаад байж байлаа. Надтай байлдаж тоглож байтал нөгөө хүргэж ирсэн ах санаа нь зовоод гараад явчиж. Ээж орой ирээд нөхцөл байдалтай танилцсаны дараа аавыг зэмлэв "Хүүхдийг чинь хүргэж ирж байгаа хүнд баярлалаа гээд бага зэрэг юм өгөөд гаргахад яадаг байна аа". Ингээд миний паян биш, аавын паян болж дуусав.

Аав минь геологич хүн байсийм, тэр үед геологич мэргэжил стратегийн чухал ач холбогдолтой байсан бололтой, онц чухал мэргэжлийн улмаас цэргийн албанаас чөлөөлөгдсөн юм. Зунжингаа хөдөөгүүр тэнэнэ.
6 настай байхад аав Хөтөлд ажиллах болов. Эрх шараа мэдээж авч явна. Ээжээрээ баахан кекс хийлгэж аваад л гарч өгөв. Хөтөлд нэг байр түрээслэж байсан бололтой, аавынхаа өвөрт унтаад л, Хөтөлийн хүүхдүүдтэй нийлж орос охидыг чулуугаар нүүлгээд л...
Нэг өдөр хоол хийх гээд мах гаргаад тавьчихсан байж. Хонины бүтэн гуя. Би аавыг сатааруулж байх хооронд муур гэрт орж ирээд мах аваад зугтав... Аав цонхоор үсрээд, би ч дагаж үсрээд бөөн хөөцөлдөөн. Махаа эргүүлж авсан, хоолоо хийж идсэн, амттай байсан.

4-р анги төгссөн зун аавыг дагаж Хэнтий явсан. Мөрөн голд шумбаад л жаргаж байтал аав өдөржин ажил хийж зовж байгаа юм шиг санагдаад туслахаар шийдэв. Ажил хийх хүсэлтэй байгаагаа дуулгалаа. Даргадаа хэлж үзье гэж байна. Маргаашаас нь ажилчин ангийн эгнээнд Зоригт хүү шилжив ээ. Ачааны машины тэвшин дээр сууж явж байгаад эзгүй тал дээр хүрз, жоотуутай, газар ухах үүрэгтэй хаягдав. Ирээдүйн геологич болох нь гэж баярласан уу, муу аав минь надад 2 литр ундаа бэлэглэв. За тэгээд ганцаараа үлдээд л ухаж гарлаа. Ухаад л байсан, ухаад л байсан, хөлсөө гоожуулаад, ундаагаа залгилаад, ухаад л байв. Үдийн хоолны цаг болж, намайг авахаар хүмүүс ирлээ. Бусад ажилчид 3 метр гүн ухсан л гэнэ, гэтэл би 1 метр 20 сантиметр гэсэн амжилттай сүүл мушгив. Ирээдүйгүй геологич гэдэг нь танигдаж, аав ч, би ч урамгүй, үдээс хойш ажилгүй болов. Аавын шар гозойсон бололтой, орой нь 5 гар муушиг тоглоод мэргэжлийг нь өвлөсөн хүүхдүүдтэй өрсөлдөгчдөө ёстой будаа болгож өгсөн дөө... Гэхдээ анхны ажил, аавын минь зүтгэл надад 2000 төгрөгийн цалин авчирсан.

Энэ жилийн хавар их сургуулиа төгсөхдөө аав ээж хоёрыгоо урьж аваачсан юм. Далимд нь Тоокёо хавийг сонирхуулах санаатай. Жинхэнэ монгол эр хүн гэж аавыг маань л хэлдэг байх даа гэж хожим бодсон. Өөх мах алагласан гурилтай шөлөө идээд л, Монголдоо амьдрах нь түүний хувьд энэ хорвоогийн жаргал байсан юм болов уу, нутгийн хоолоо санаад бэтгэрэх шахаад ирсэн. Аав ээж хоёртой цуг Монголд ирсэн чинь ээж намайг тоохгүй Орос яваад өгөв, ингээд миний буцах өдөр аав маань онгоцны буудалд хүргэж өгсөн юм. Аавыгаа дахин эрүүл саруул байхад нь харах хувьгүй байж дээ. Эргэж ирээд аавыгаа эмнэлгийн орон дээр үхэлтэй тэмцэлдэн буйг харахад хэцүү байсан. Гэнэтийн явдал болоод ч тэр үү, үргэлж л эрүүл, сэргэлэн цовоо, чанга дуу нь гэрийн хаанаас ч сонсогддог байна гэж боддог байсных ч юм уу, эмч нар найдваргүй гэж хэлсэн ч бяцхан горьдлого тээсээр эмнэлгийн гадаа хонож байхдаа залбирсныг минь бурхан тэнгэр олж сонссонгүй ээ. Үхлийг хүн хэзээ ч ялж чадахгүй биз ээ.

Сайн төрлийг олох болтугай, баяртай аав минь.