2008-06-27

Анхны алхам

Блогтоо бичлэг нэмэлгүй зөндөө удчихжээ. Энэ хооронд оюутны ширээнээс холдсон, шинэ амьдралын гараагаа эхэлж, орчиндоо дасч ядан бүдчиж явна.

25 насныхаа босгон дээр дээд боловсролтой болов. Дипломоо гардах мөчийг хайртай хүмүүс маань хуваалцсан болохоор тун их аз жаргалтай байлаа. Аав ээжийгээ бага ч болов баярлуулж, Япон орныг, хязгааргүй уудам далай тэнгисийг үзүүллээ.

3 сарын сүүлчээр 7 хоногийн хугацаатай Монголдоо очиж амарсан юм байна. Уржнан зунаас хойш очоогүй байсан учир ажилд орохоосоо өмнө эрч хүчээ сэлбэе гэж бодсон юм. Монголдоо үлдсэн ангийн найзууд маань нийгэмд байр сууриа олоод эхэлчихжээ. Нэг бодлын атаархмаар ч юм шиг...

Оюутны ширээнээс холдож, анхны алхмаа хийх нь хүний амьдралын чухал мөчлөгүүдийн нэг байх. Өнгөрсөн намар сургуулийнхаа MBA курст элсэх элсэлтийн шалгалт өгөхөөсөө бүр өмнө тэнцэхгүй бол ажилд орно гэж бодож байсан. Хэр тааруу сургуулийн магистрын курст ороод, тэтгэлгээ үргэлжлүүлэн авах боломж, бололцоо надад байсан, голч оноо маань ч гайгүй байлаа. Гэхдээ ажиллаж үзэж байж юуг гүнзгийрүүлж сурахаа дахин бодъё гэсэн бодол үргэлж дотроос хатгаастай.

Японы их сургуулиуд хүнийг нийгэмд л бэлдэх үүрэгтэй юм шиг байгаан. Амьдрал дахь "зуны амралт" гэж хүртэл нэрлэгддэг, оюутнууд нь янз бүрийн дугуйлан, клубт явж, цагийн ажил хийж олсон мөнгөөрөө аялж зугаалан, наргиж цэнгэн 4 жилээ өнгөрөөнө. Ажилд ороход эзэмшсэн мэргэжил нэг их нөлөөлөхгүй. Компаниуд хүнээ сонгож аваад, эхний хэдэн жил сургаад авчих учраас тэр. Хамгийн гол нь юм сурах чадвартай, нийгэмд өөрийгөө зөв авч явах чадвартай, хүнтэй харьцах чадвартай, хүсэл тэмүүлэл нь компанийн зорилгод нийцэж байх зэргийг харгалзан үзнэ. Тийм болохоор миний Японд өнгөрөөсөн оюутан нас минь надад хүнээс гоц гойд зүйл өгсөнгүй гэж бодох болсон билээ. Нэгэнт Японд ирж суралцсан бол ажлын талбарт гарахаас нааш хүссэн мэдлэг, чадвараа олж авах боломжгүй юм гэсэн дүгнэлтэд хүрсэн нь Японд байх хугацаагаа сунгах шийдвэр гаргахад маань нөлөөлсөн.

Японд ажил олгогчдын өрсөлдөөн ширүүн. Сургуулиа жил хагасын дараа төгсөх, түүхийгээрээ байгаа оюутнуудад ажлын байр амлацгаана. Япон оюутнууд дунджаар 50 орчим компанийг сонгож, ажлын ярилцлага, шалгалтанд ордог. Өгөөд л байна, өгөөд л байна. Өгөх тусмаа туршлагажаад, асуултад нь юу гэж хариулбал ярилцагчийнхаа сэтгэлд хүрэх тухай эрдэмд нэвтэрнэ. Тэгээд нааштай хариу хэлсэн компаниудаас сонгож ордог, тэгээд л амьдрал нь бараг шийдэгдэнэ дээ. Би тэдэн шиг олон компанид очоогүй, өөрийн сонирхдог салбар болох мэдээллийн технологийн томоохон компаниудаас ганц хоёрыг нь сонгож, ноднин хавар ярилцлаганд орсон юм. Дахиад жаахан хичээсэн бол эндхийн том компанид нэг орон тоо бөглөөд сууж байх боломжтой л байлаа. Гэхдээ яагаад ч юм том компанид зүгээр нэг эрэг шураг болж байснаас жижгэвтэр компанид орох нь надад зохих юм шиг сэтгэгдэл төрж эхэлсэн. Монголтой минь холбоотой байвал бүүр сайхан хэрэг биш үү.

Ингээд байж байтал Японд төгссөн, мэдээллийн технологийн инженерүүд нийлээд өнгөрсөн зун шинэ компани байгуулав. Удаан бодсоны эцэст анхны алхмаа тэнд хийхээр шийдлээ.

За тэгээд Монгол явж ирснийхээ маргаашаас л нэг япон компанийн төсөлд оролцохоор томилогдож, орон тоо бөглөөд сууж байгаа нь энэ. Оюутан байхдаа том том яриад л явдаг байснаас яг ингээд суугаад программ бичнэ гэж бодож байсангүй. Эзэмшсэн мэргэжил маань ч огт өөр.
Ямар ч байсан өөрийнхөө мэдэхгүй шахуу программын хэлийг мэднэ гэж хэлээд төслийн багийн гишүүн болчихсон, эхэн үедээ ч цагтаа тараад сайхан л байв. Төслийн эхний шат дуусах дөхсөн чинь байдал бишдлээ. Өнөө Зоригт чинь түмэн алдаа гаргаж, бантанг нь хутгаад орхижээ. Өдөр болгон сүүлийн галт тэргээр харьж, хагас бүтэн сайнгүй ажил руугаа шогших хэрэгтэй болов. Унаж байж бөх болдогчлон алдаж байж л сурдаг аж. Маш их юм сурч байна.
  • Мэдээллийн технологийн ажил бол дэлгэц ширтэж суухын нэр биш, хамтрагчидтайгаа аль болох их ярилцаж, ойлголцох хэрэгтэй.
  • Хийсэн зүйлээ заавал дахин шалгаж бай.
  • Жижиг гэлтгүй залхууралгүй хийж байхгүй бол том алдааны үндэс болно.
  • Төслөө бүхлээр нь ойлгохгүй бол өөрийн хариуцсан хэсгээ зөв хийж чадахгүй.
  • Хийж буй зүйлсээ тэмдэглэж явах нь дараа дараагийн хүмүүст хэрэгтэй.
  • Хэдэн код бичээд л болчихдог эд биш байна, санах ойгоо зөв ашиглах, чадлынхаа хэрээр бүх боломжийг тооцоолох гэх мэт чадвар шаардагдаж байна
  • Цагаа зөв хуваарилах
  • Ойлгохгүй, мэдэхгүй, чадахгүй байгаа зүйлээ харж суухын оронд мэддэг чаддаг хүнээс нь зөвлөгөө авах
  • Ажлынхаа явцыг хувиар илэрхийлэх, дутуу байгаа зүйлсээ үнэлж чаддаг болох, хэдий хэр хугацаанд амжуулж чадах вэ гэдгээ тооцоолох
  • Хүмүүстэй харьцаж, өөрийнхөө санааг хэлэхдээ зөв ойлгосон эсэхийг нь магадлаж байх
  • Хамтрагсадтайгаа мэдээллээ хуваалцах
Арай гэж нэг юм төслийнхөө агуулгыг, яг юу хийх гээд хөлсөө урсгаад, хараагаа чилээгээд байгаагаа ойлгож эхэлж байгаа юмсан. Даанч нөгөө япон компани нь надад "ур чадвар муутай" гэсэн үнэлгээ өгчихсөн бололтой. Одоохондоо ч үүнтэй маргах аргагүй. Гэхдээ гарааны цэг хойно байх нь хамаагүй, ямар хурдтай, хаашаа гүйж байгаа нь чухал шүү дээ.

5 comments:

Anonymous said...

Amjilt husey! Germand "Übung macht den Meister" gedeg ug baidag. Oroldsoor baij l yumiig hiisen shig hiij chaddag boldog gej bi oilgodog.

Hundetgesen,

Erdenee

Erdenee said...

Uigagui hicheeseer zaaval chi amjiltad hurnee!

Г.Ганбат said...

Удахгүй зүгширээд ирэхээр аяндаа гарт орно доо. Юутай ч амжилт хүсье.

tuvko said...

Баяр хүргэе.
Өөртөө гаргасан дүгнэлтээс чинь өсөж дэвших үнэр сэнгэнэж байна.
"Танай хүн тааруу байна" мэтийн бла бла-г бол чихнийхээ хажуугаар эвтэйхэн өнгөрүүлчих хэрэгтэйг японд сурсан хүн эрх биш хэлүүлэхгүй биз ээ. Элдэвээр хэлүүлж дарамтлуулсаар байгаад мануухай болчихсон хүмүүс мэр сэр харагддаг шүү.
Миний хувийн туршлагаас гэвэл Би бас их алдаа гаргадаг. Харин алдаа гаргахаасаа айдаггүй юм. Алдаа гаргадаггүй хүн юу ч хийдэггүй юм чинь. хэхэ за АМЖИЛТ

Anonymous said...

kohai maani anhnii alhamaa hiih geed l budcheed yavaad baina uu.
sempai ni ch gesen anhnii alham deeree zondoo budchij yavj bailaa. odoo ch gesen budchin yavj baina. japanii niigem bol hatuu kapitalist niigem uchraas hen huchtei hen shurguuhen busadtaigaa niitsej chadaj baigaa ni yaldag niigem. sempai ni bie ovdood shyuushyoku hiij chadaagui. tiimees yalagdsan gej helj bolno. harin odoo oodoo devshin degjihiin toloo sanaagaa chigluulen yavj baina. bas l anhnii alham gehuu dee.
suuld ergetsuulen bodood baihad japanii niigem nadad yu ogov busad humuust yu ogov gej bodhoor ih l niigmees tasarsan yum shig sanagdaj bailaa. odoo harin niigemdee hol niiluulen alhaj surch baina. mongoliin niigem, japanii niigem gazar tenger 2 shig yalgaatai shuu dee.
mongoldoo ireed ajilahad ehleed mongol humuustei haritsahad ih hetsuu sanagdaj baisan, haritsaand hurtel oorchlolt oruulchihdag yum bainalee. harin odoo bol mongol humuusteigee ajillaj hamtarch surch baigaa.
chi bol amjilt ruu temuulj baigaadaa bayarlah heregtei. buuj ogohgui zutgeed baih heregtei. hamgiin gol ni eruul mendee bodoj baih ni zuitei. eruul baival hun yamar ch amjiltand hurch chadna.
amjilt husey.
hitotsubashid baisan negen sempaigaas ni.....