

Киноны тухай танилцуулдаг нөхдийн бичлэгийг байнга амтархан уншдаг болохоор өөрөө ч гэсэн хааяа бичмээр санагдаад байдаг юм. Өнгөрсөн наран гаригт театрт "Прада өмссөн чөтгөр"-ийг үзэв. Үзсэн оройноо япон хэлээрх тэмдэглэлдээ бичтэл, найз нарын маань үлдээсэн сэтгэгдэл гэвэл "Энэ киног үзээд брэнд хувцас өмсч үзмээр санагдсан", "Гол дүрийн жүжигчин хүүхэн нь янзтай хөөрхөн" гэх мэт. Харин надад тэс өөр зүйлс санагдсан. Би тийм этгээд хүн юм болов уу?
Хүн үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Хэзээ ч би ийм хүн болохгүй гэж тангарагласан атлаа цаг хугацаа өнгөрөхөд түүнийхээ боол болж, өнөөх л "чөтгөр"-үүдийн нэг болсон байх нь олон. Та өөрийгөө аз жаргалтай байна гэж бодож байна уу? Энэ таны хүсч байсан зүйл мөн үү?...
Энди бол алдартай брэндийн хувцасны төлөө амиа өгөхөөс буцдаггүй улсуудыг ойлгодоггүй, найз залуу болон найз нартаа хайртай энгийн л нэг даруухан бүсгүй. Сэтгүүлч болох мөрөөдөлдөө хөтлөгдөн Стэнфордын их сургуулийг орхисон тэрээр "Runaway" хэмээх хувцас загварын сэтгүүлийн ерөнхий эрхлэгчийн туслахаар ажиллахаар болно. Энэ үедээ тэр "чөтгөр"-ийн дор ажиллах болж байгаагаа огт мэдсэнгүй. "Runaway"-н эрхлэгч Миранда бол ажилтнууддаа магтаалын үг огт хайрладаггүй, алдар нэрийн төлөө юугаа ч хайрлахаас буцахгүй адайр ааштай нэгэн. Гэхдээ л уг сэтгүүлд ажиллах нь мянга мянган бүсгүйн мөрөөдөл байдаг.Угийн хэрсүү Энди хэсэг хугацааны дараа "чөтгөр"-ийн итгэлийг хүлээх болно. Учир нь Энди өөрөө ч мэдэлгүйгээр түүнтэй адилхан болсон байлаа. Хайртай хүндээ цаг гаргахаа больж, амжилтын төлөө юугаа ч үл хайрлах болтлоо өөрчлөгдсөн өөрийгөө тэр Мирандад "Чи надтай яг адилхан" гэж хэлүүлэх хүртлээ огт анзаардаггүй.



